Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад оронд монголчууд ингэж наадах нь


Монгол хүн байгаа газар бүрт Монгол наадмын урь оржээ


Гадаадад байгаа монголчууд эх орныхоо эрхэм сайхныг, үнэ цэнийг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн, итгэл үнэмшлээрээ үгүйлсэн, унасан газар, угаасан усаа гэсэн, монгол хүн болж төрсөн бахархлаа улам сэргээсэн, илүү их эх оронч болдог, байдаг нь нууц биш юм. Тиймдээ ч тэд дэлхийн хаана ч очсон Монгол наадмаа үгүйлдэг биз ээ. Монголчууд бидний жил тойрон хүлээдэг үндэсний бахархалт улсын баяр наадмын хүрээнд гадаадад ажиллаж амьдардаг монголчууд маань баяр наадмаа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа талаар сонирхуулъя. Лондонд байгаа монголчууд маань ирэх сарын 3-нд наадмаа хийхээр төлөвлөсөн бол Шведийн Вант улсад ажиллаж, амьдарч буй хөх толбот монголчууд маань “Монгол наадам”-аа ирэх сарын 9-нд хийхээр тов тогтжээ.

Бэй Аэриагийн монголчууд ирэх сарын 9-нд наадах нь

Америкийн баруун эрэг Бэй Аэриад суугаа монголчууд үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Наадмын цар хүрээ нь ч жилээс жилд өргөжин тэлж өнгө жавхаа нэмэн, өв соёлоо сурталчлан таниулдаг томоохон арга хэмжээнд тооцогдох болсон. Үүний илрэл нь ч өнгөрсөн жил Гадаад харилцааны яамнаас зарласан "Миний монгол наадам" уралдаанд олон улс оронд тэмдэглэсэн 19 наадмаас тэргүүн байрт шалгарч, "Шилдэг наадам"-аар шалгарсан явдал юм. Тэгвэл энэ жил Бэй Аэриагийн монголчуудын холбоо ирэх сарын 9-нд Голден Гэйт Паркт буюу сүүлийн зургаан жил наадмаа тэмдэглэж заншсан цэлгэр ногоон дэнж дээр баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тэд жил бүрийн наадмаа угтан монгол хүүхэд багачуудын дунд "Монголын сайхан орон", "Монгол НААДАМ" болон чөлөөт сэдвээр гар зургийн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлал нь ч энэ жил хэвээр байх нь.

Бельгид амьдардаг монголчууд долоо дахь жилдээ наадна

Бельги улсын Антверпен хотод жил бүр уламжлал болон явагддаг “Монгол наадам” энэ жил долоо дахь удаагаа болно. Тэд энэ жилийн наадмаа ирэх сарын 16-нд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Бельги дэх монголчуудын “Эв нэгдэл” холбоо Антверпен хотын захиргаатай хамтран Бельги улсад суугаа Монголын ЭСЯ, Монголын соёлын өргөмжлөлт консулын дэмжлэгтэйгээр баяр наадмаа амжилттай зохион явуулж иржээ. Энэ хугацаанд баяр наадам нь Бельгичүүдийн дунд танигдаж, сонирхон хүлээдэг баяруудын тоонд зүй ёсоор багтаж чадсан байна. Монголынхоо ахуй соёл, зан заншлыг сурталчлан таниулдаг монголчуудын маань тухай Бельгийн "Gazet van Antwerpen" сонин дээр хүртэл гарч байжээ.

Чикаго хотын зэргэлдээх мужид амьдардаг монголчууд хамтдаа баярлана


Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс тунхагласны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Их баяр наадмын халуун мэндийг дэвшүүлсэн Чикаго хот, Иллинойс муж болон зэргэлдээх мужуудын монголчуудын Үндэсний их баяр наадам ирэх сарын 9-нд болох нь. 16 дахь жилдээ уламжлал болгон баяр наадмаа тэмдэглэж ирсэн тэд наадмын үйл ажиллагааны зардалд зориулан насанд хүрсэн хүн бүрээс таван ам.долларын хандивын хураамж авч байгаа аж. Жил бүр наадмын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад гар бие оролцдог олон байгууллага, хувь хүмүүс нь ч энэ удаад хамтарчээ.

Германд амьдардаг монголчууд түрүү бөхөө тийзээр байлах нь
 
ХБНГУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны ивээл дор Герман, Монголын ТББ-ууд хамтран энэ жилийн баяр наадмаа тэмдэглэхээр болжээ. Идэр чийрэг бөхчүүд нь зодог шуудагтайгаа, цэц магнай харваачид нь нум сумтайгаа, наадамчин олон нь дээл бүсэн гоёлтойгоо ирж хотлоороо сайхан наадахаар бэлтгэл ажлаа базаажээ. Түрүүлсэн бөхийг МИАТ-ийн БЕРЛИН-УЛААНБААТАР-БЕРЛИН нислэгийн тийзээр байлахаар болсон байна. Зохион байгуулагчдын ажлыг хүндэтгэх үүднээс хувийн хоол хүнс, уух зүйлс авчрахгүй соёлтой баярлахыг хүсчээ. Тэд ирэх сарын 9-нд наадмаа хийхээр товоо тогтжээ.

ГХЯ-наас “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаан зарлажээ

Монголын түүх, соёлын өвийг, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас хоёр дахь жилдээ “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтаа хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллагуудын дунд зарлажээ.

Өнгөрсөн онд зохион байгуулсан анхдугаар “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтад нийт 19 холбоо оролцсоноос тэргүүн байрт АНУ-ын Сан-Франциско дахь Бэй-Аэриагийн монголчуудын холбоо, дэд байрт Швед дэх монголчуудын үндэсний холбоо тус тус шалгарч байсан удаатай.

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Наадмыг олон улсад сурталчлах, гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн санал санаачилга, хамтын ажиллагааг хангахад чиглэгдсэн тус арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан аж. Энэхүү уралдаант шалгаруулалтад оролцохыг хүсэгчид ирэх сарын 1 гэхэд бүртгүүлсэн байх ёстой гэнэ. Харин нэгдсэн тайланг ирэх сарын 20-ны дотор Гадаад хэргийн яамны цахим хаяг руу илгээсэн байх шаардлагатай аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан