Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Есөн алтан медаль авч, багаараа нэгдүгээр байр эзэллээ


"Буянт Ухаа" спорт цогцолборт жүдо бөхийн олон улсын “Чингисхаан” гранпри тэмцээн гурван өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө.

 Дэлхийн 180 оронд шууд дамжуулсан энэ удаагийн тэмцээнд 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 тамирчин 56 багц медалийн төлөө өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн. Тэмцээн зохион байгуулагчийн давуу хувиар манай улсаас нэг жинд дөрөв, нийт 56 тамирчин оролцсон бол БНХАУ 23, БНСУ зургаа, ОХУ14, Азербайжен ес, Чех хоёр, Япон долоо, Казахстан дөрөв, Люксембург нэг, Хорват, Куба, Кыргызстан, Словен улсаас тус бүр гурван тамирчин оролцов. Тэмцээний шагналын сан 100 мянган ам.доллар байсан бөгөөд жин тус бүртээ түрүүлсэн тамирчид 2400 ам.доллар, түүний багш 600 ам.долларын шагнал хүртсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон Олон улсын жүдо бөхийн холбооны  "Чингисхаан" гранпри Улаанбаатар тэмцээнийг нээсэн. 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ын хэсгийн барилдаанууд болсон. Энэ өдөр Монгол Улсын гавьяат тамирчин, 2013 оны дэлхийн аварга М.Уранцэцэг цагаан талаас, хөх талаас Казахстан улсын нэр дээрээс барилдаж байгаа 2016 оны Ази тивийн шинэхэн аварга Г.Отгонцэцэг -48кг-ын жингийн Финалд дахин таарсан. Тэд өмнө нь таван удаа олон улсын тавцанд таарч 2:3 харьцаагаар Г.Отгонцэцэг илүүрхэж байсан юм. Сүүлийн гурван том тэмцээнд дараалан ялагдаад байсан М.Уранцэцэг Улаанбаатарын гранприд энэхүү ялагдлын цувралаа зогсоож чадсан билээ. Мөн энэ өдрийн бас нэг тод од нь 17 настай Л.Энхрийлэн бай.. Тэрээр тэмцээний -57 кг-ын аварга болсон. Финалд 1988 оны 27 настай Японы хашир туршлагатай Megumi Ishikawa-г вазари үнэлгээгээр ялсан юм. Түүний өрсөлдөгчийн хувьд 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд манай Д.Сумъяаг ялж улмаар финалд Солонгосын Ким Жан Диг ялж Азийн аварга болж байсан нэгэн. Харин энэ удаад хэний ч таамаглаагүй 17-хон настай охин 57 кг-ын жинд аваргалсан нь олон хүний талархлыг хүлээж чадлаа. Үзэгчдийг догдлуулж чадсан бас нэг жингийн барилдаан нь яах аргагүй -60 кг байв. Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин гурав дахь удаагаа аваргалсан. Тэрээр 2012 онд хуучнаар дэлхийн цом одоогоор бол гран при тэмцээнд түрүүлснээс гадна 2015, 2016 онд аваргалсан нь энэ. Тус жингийн хоёрдугаар байрт Н.Сэр-Од, гуравт Д.Баярмагнай, М.Давуд(Азeрбайжан) нар орлоо.

Харин 52 кг-ын жинд Ч.Аззаяа анхны гран при ангиллын медалиа гардсан бол ОУХМ Б.Бат-Эрдэнэ ээлжит хүрэл медалиа гардав.
Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүч үзсэн Азийн аварга Д.Алтансүх анх удаагаа эх орондоо аваргалсан гээд тэмцээний эхний өдөр тамирчид маань өнгөтэй сайхан барилдаж үзэгч олныг баясгасан.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг-ын барилдаанууд явагдсан. Энэ өдөр 81 кг-ын жинд 2016 оны шинэхэн Ази тивийн аварга Н.Дагвасүрэн аваргын алтан медаль хүртсэн бол ОУХМ Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жинд аваргалсан юм. Хоёр дахь өдрийн байдлаар манай тамирчид зургаан алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар, мөн багийн дүнгээр тэргүүлсэн.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэй -78 кг, +78 кг-ын хэсгийн, медалийн төлөөх барилдаанууд болсон. Энэ өдөр -90 кг-ын жинд Дэлхийн аварга 2012 оны Лондонгийн олимпын мөнгөн медальт Кубын Аслэй Гонзалэс,

-100 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын Жоус Арментерос,
+78 кг-д олимп, дэлхийн аварга Идиалис Ортиз нар барилдсан.

Ямартай ч тэмцээний эцсийн дүнгээр манай улс есөн алт, арван мөнгө, арван хүрэл медаль хүртсэн амжилтаараа энэ удаагийн тэмцээнийг тэргүүлэв. Харин удаахь байрт Япон улсын тамирчид орсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан