Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН бэлдээд өгсөн зүйл гээд хаях уу, эсвэл...

Нарийн аргаар сонгуульд ялж, УИХ-д олонх болсон МАН нь Засгийн газраа байгуулан ажиллаж эхэлмэгцээ хуруугаа ч хөдөлгөлгүйгээр үр шимийг нь хүртэх боломжтой хэд хэдэн “бэлэн хоол” АН-аас авч байна. Энэ бэлэн хоол дээрээ буцалсан ус хийж болгоод хүртэх үгүйгээ зөвхөн тэд л мэдэх хэрэг болж. УИХ-д үнэмлэхүй олонхи болсон тул сөрөг хүчин эсэргүүцээд нэмэргүй, ард олны дийлэнх нь өөрсдөө дэмжсэн болохоор дуугүй суухаас өөр аргагүй.

АСЕМ

Наад захын жишээ татахад л АСЕМ байна. Сонгуулийн өмнө энэхүү арга хэмжээг янз бүрээр шүүмжилж, гоочилж байсан. Гэхдээ яаж ч шүүмжилсэн Шар луу, Цагаан баавгай хоёрын дунд хавчигдсан Бөрт Чоно-д гуравдагч түншүүд гарцаагүй хэрэгтэй гэдгийг МАН-ынхан сайн ойлгодог баймаар. Дэлхий нийтэд өөрийгөө таниулж, хоёр үлэмж биетээс бусад улстай олон төрлийн баталгаатай харилцаа холбоо тогтооход АСЕМ нэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Европын 30, Азийн 21 орнын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ явагддаг, олон улсын хоёр байгууллага оролцдог хоёр чухал арга хэмжээ гэхээр ашигт малтмалын үнэ буурсны улмаас эдийн засгийн хүндхэн байдалд ороод буй манай улсын хувьд хүндрэлээс гарах нэг гарц. АСЕМ-ийн үеэр МАН-ын Засгийн газар бүх л чухал уулзалтад оролцон хэлэлцээр хийх болохоор сонгуулиас өмнө амлаад байсан бүх л зүйлээ бодитоор хэрэгжүүлж чадах эсэх тов нь харагдана.
Агуулагдаж байгаа боломжийг ойлгомжтой болгохын тулд оролцогч орнуудын нэрийг дурдахад л хангалттай байх. АСЕМ-д Австрали, Австри, Бангладеш, Бельги, Бруней, Болгар, Камбож, Хятад, Кипр, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Энэтхэг, Индонез, Ирланд, Итали, Япон, Өмнөд Солонгос, Лаос, Латви, Литва, Люксембург, Малайз, Мальт, Монгол, Мьянмар, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Пакистан, Филиппин, Польш, Португали, Румын, Орос, Сингапур, Словак, Словен, Испани, Швед, Швейцарь, Тайланд, Англи, Вьетнам, Европын холбоо оролцоно гэхээр зөвхөн нэрийг нь уншихад л ямар их боломж агуулах нь ойлгомжтой болох байх.
АСЕМ-ийн хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд маш олон. Зах зухаас нь тоочиход Ази-Европын залуу удирдагчдын форум, Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн чуулган, Хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр, Мэдээллийн технологи харилцаа холбооны хөтөлбөр, Их дээд сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөр, ДОХ-ын эсрэг хамтын ажиллагааны хөтөлбөр, АСЕМ-ын орнуудын хүүхдийн наадам.  
Дан ганц уул уурхайгаас хамааралтай, өрөөсгөл эдийн засгаа өөрчлөх асуудал онцгой чухал болж байгаа үед АСЕМ чамлахааргүй өргөн боломж нээж өгч байна. Нээлттэй халгаар ороод ойлголцож, гар барин баталгаажуулах л үлдсэн.

“Эрдэнэт” үйлдвэр


Дараагийн том бэлэг нь  “Эрдэнэт”, “Монголросцветмет” компаниудад 100 хувь Монголынх болж байгаа явдал. Сонгуулийн өмнөхөн энэ мэдээг элдвээр мушгин гуйвуулж байсан. Жишээлбэл, энэ хоёр том компанийн 49 хувийн хувьцааг авсан “Монголын зэс” компанийг урд зүгийн угшилтай л гэнэ. Тэртээ тэргүй 51 хувийг нь эзэмшиж байж нэмж, 49 хувийг өөрийн болголоо гээд ямар ч ашиггүй, шал дэмий л гэнэ. Одоо бүгд манайх болохоор манай хэдэн шуналтууд идэж уугаад бүгдийг үрэн таран хийнэ, гадны хяналт байсан бол дээр л гэнэ.
Үнэн хэрэг дээрээ “Монголын зэс” компани нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай, тодруулбал ХХБ-ны нэгж гэдэг нь ил болсон. Урд зүгийн угшил энэ тэр огт хамаагүй болсон, дээр нь сонгуульд МАН үнэмлэхүй ялагч болсон тул элдэв цуурхал намжсан.
Эрдэнэт 100 хувь Монголын мэдлийнх болсон тухайд наад зах нь техник технологийн шинэчлэл явуулах, гадны хөрөнгө оруулалт авах гэх мэт цаг үеийн шаардлагатай асуудлыг шийдэх болгонд өөр улсын Засгийн газрын мэдлийн компанитай зөвшилөх, хэлэлцээр хийх шаардлагагүй болсон. Өөрийн субъекттэй тохиролцох нь хамаагүй амар болох нь гарцаагүй. Хоёрдугаарт, Оросын талын 49 хувьийн хувьцааны ногдол ашиг гэж жил болгон хил даван урсаж байсан 20 сая орчим ам.доллар Монголдоо үлдэнэ. Эдийн засгийн хувьд хүндхэн байдалд байгаа манай улсын хувьд 20 сая ам.доллар багадахгүй л байх.
Бас нэг боломж нь шинэ ажлын байр. “Ростех” бүх эрхээ “Монголын зэс” компанид шилжүүлсэн тул өөрийн мэргэжилтэн, ажилчин, албан хаагчдыг буцаан татна. Багцаагаар 500 орчим орос мэргэжилтэн, ажилтан, ажилчид нутаг буцахаар тэр бүх ажлын байранд монгол мэргэжилтэн, ажилчид ажиллах болно гэсэн үг. Эдийн засгийн хямралтай, амаргүй цаг үед 500 хүн чамлахааргүй цалинтай ажилд орно гэдэг бага зүйл биш байх.
Оростой уламжлалт найрсаг харилцаатай тул МАН эдгээр 500 орчим орос ажилтныг ганц өдрийн дотор халж, хоёр улсын харилцааг сэвтүүлэхгүй байхаа мэдэж байгаа нь гарцаагүй.

“Монголросцветмет” компани

Мэдээллийн хэрэгслүүд “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг голлоод “Монголросцветмет”-ийг онцлохгүй байгаа нь харагдаж байна. Гэтэл тус компани нь зөв бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдыг татаж чадвал “Эрдэнэт”-ээс дутахааргүй их ашгийг Монголд өгөх боломжтой гэдгийг ямар ч мэргэжилтэн хэлээд өгнө. Тус компанийн сайт дээрх танилцуулга үүний нэг жишээ. Оросын тал 49 хувийг нь эзэмшиж байсан үед тус компанийн сайт дээрх нүүр хуудсан дээр “Монголросцветмет ХХК нь Монгол Улсын хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх зэргийн компани бөгөөд дэлхийн түвшинд БНХАУ, Мексик, ӨАБНУ зэрэг орнын дараа 4 дүгээр байранд явдаг. Бид хүчлийн болон металлургийн зориулалтын хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэдэг. Компани нь үйлдвэрлэл, техникийн өндөр хүчин чадалтай бөгөөд энэ нь компанийн ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл болдог. Мөн түүнчлэн компани алт олборлохын зэрэгцээ төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. “Монголросцветмет” ХХК нь геологи хайгуулын ажлыг амжилттай явуулсны үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайгуул болон ашиглалт явуулах 36 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.” гэж бичсэн байсан нь ямаршуу том компани одоо 100 хувь Монголынх болсныг харуулж байгаа хэрэг.
Энэ бүх компаниудад эзэмшиж байсан 49 хувийн хувьцааны ногдол ашиг одоо “Эрдэнэт”-тэй адилаар Монголын нутагтаа үлдэх болсон нь бас л чамлаад байхаар зүйл биш байх.
Одоо тус компанийн мэдэлд байсан олон төслийг монголчууд харь улсын амыг харалгүйгээр бие даан хөгжүүлэх боломжтой болж байна гэсэн үг. Өргөн боломж нээгдэж байгааг зарим жишээгээр харуулж болно. Үүнд:
•    Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах “Өргөн”-ий хайлуур жоншны уурхайг өргөтгөх төсөл.
•    Увс аймгийн Наранбулаг сумын нутагт байрлах “Хяргас нуур” зэсийн ордны төсөл.
•    Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах “Асгат” мөнгө, холимог металлын ордыг ашиглах төсөл.

Асгатын мөнгөний орд

Эндээс “Асгат”-ын мөнгө, холимог металлын ордыг онцлох хэрэгтэй байх. Их Британи Европын холбооноос гарахаар болсон “Brexit” санал асуулгын дараагаас дэлхийн зах зээл дээр алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ огцом өссөн. Британийг Европоос гарах үйл явц ойролцоогоор 2 жил үргэлжилнэ гэж байгаа ч бодит байдал дээр хэдэн жил үргэлжлэх, үүнээс болоод худалдан авах чадвараар дэлхийд хамгийн томд орох зах зээлд эерэг, сөрөг ямар өөрчлөлт гарахыг хэн ч урьдчилан хэлж чадахгүй байгаа. Ямар ч байсан хоёроос олон жил үргэлжилнэ, үр дагавар нь тийм ч таагүй байна гэдэгтэй бүгд санал нийлж байна. Ийм жингүүдлийн, тодорхойгүй нөхцөл байдалтай үед хөрөнгө оруулагчид найдвартай зүйлд хөрөнгө оруулахыг хичээдэг. Энэхүү найдвартай хөрөнгө оруулалт нь алт, мөнгө зэрэг үнэт металл болж хувирдаг бичигдээгүй хуультай. Үүнийг дагаад алт, мөнгөний үнэ, эдгээр үнэт металлын уурхай, орд газруудын зах зээлийн ханш өссөн.
Асгатын мөнгөний орд газрын ач холбогдол ч нэмэгдэх нь гарцаагүй. Ийм үед энэ чухал орд газарт гадны хөрөнгө оруулагчдыг татах замаар эдийн засгийн эргэлтэд бодитоор оруулах боломж гарч ирнэ гэдэг маш том давуу тал.
Тэгээд ч Монголын тал Асгатын мөнгөний ордны газар зүйн онцлогоос шалтгаалаад тийш хүрэх зам заавал ОХУ-ын нутгаар дамжин өнгөрдөг байсан асуудлыг шийдэх арга хэмжээг авч 7,2 км зам, 72 метр гүүрийг байгуулаад Монголд ашигтай байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах эхний алхмуудыг хийсэн байгаа. Энэ тухайд УИХ-ын дарга З.Энхболд хоёр жилийн өмнө “Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд оруулах бодит ажил заавал хийгдэх ёстой. Үүний чухал хэсэг болж зам тавигдсан, зам дагаж тог цахилгаан эрчим хүчтэй болно. Ингэсний үндсэн дээр бусад ажлууд шат дараалан хийгдэх болно” гэж хэлсэн байдаг. Төрийн бодлогын тасралтгүй, залгамж чанарыг хадгална гэж мэдэгдсэн МАН бодит байдал дээр ямар алхам хийхийг харах л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан