Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексик гаралтай хүмүүс Трампыг үзэн ядаж байна


Европын хувьд Ойрхи Дорнод, Хойд Африкийн хууль бус цагаачид хамгийн том асуудал байдаг бол Америкийн хувьд хил залгаа Мексикийн хууль бус цагаачид толгойн өвчин болоод удаж байна. Ямар сайндаа л Мексиктэй залгаа хилийн дагуу
3145 километр үргэлжилсэн бетонон хашаа байгуулсан. Америк руу хууль бусаар нэвтрэх оролдлого хамгийн олон хийгддэг хэсгүүдэд 2-3 давхар бетон хашаа байгуулсан байдаг.

Мексикийн хууль бус цагаачдын асуудал 90-ээд оноос хойш болсон Ерөнхийлөгчийн сонгууль болгонд нэн эмзэг бөгөөд чухал сэдэв болж хувирсан. Энэ удаагийн сонгууль ч ялгаагүй.

Намуудын сунгаанд оролцож байгаа гол хоёр төлөөлөгч болох Хиллари Клинтон, Дональд Трамп хоёрын энэ сэдвээр хийсэн мэдэгдэл Америктаа №1 мэдээлэл болж байна. Хамгийн сүүлд гэхэд л Нью-Йорк дахь мексик зоогийн газар Дональд Трампыг дэмжигчдэд үйлчлэхээс татгалзаж, хөөж гаргасан тухай мэдээ Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн топ мэдээ боллоо. Трампын “Америкийг ахин агуу болгоно” гэсэн уриа бүхий цамц өмссөн эмэгтэйг мексик хоолны газраас хөөж гаргасан юм байна. Энэ үйл явдалтай холбоотойгоор тус зоогийн газраас тайлбар хийхдээ Трампыг дэмжигч эмэгтэй нь халамцуу найз залуугийн хамт орж ирэхдээ зоогийн газар ажиллаж байгаа мексик гаралтай ажилтнуудыг өдөөн хатгасан зохисгүй авир гаргаж байсан тул хөөхөөс байгаагүй гэжээ. Харин хэргийн эзэн бүсгүй болохоор мексик зоогийн газрын эзэн түүнийг үгийн зөрөөгүй харааж зүхэн, ямар ч тайлбар тавилгүйгээр хөөж гаргасан гэж мэдэгдсэн байна.

Трамп  нь “Мексик манай улс руу хар тамхи, хүчирхийлэгчид, гэмт хэрэгтнүүдийг явуулж байна. Би өмнөд хил дээрээ агуу хана байгуулж, хана байгуулсан төлбөрийг Мексикийн Засгийн газраас гаргуулна. АНУ нь Мексикийн хогийн цэг болж хувираад байна” гэж мэдэгдэж байсан юм. Америкт амьдарч байгаа Мексик гаралтай хүн болгоныг хог шаар, хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн гэж нэрлэсэн болохоор уурлаж, үзэн ядахаас ч өөр аргагүй биз.

Сүүлийн үед Америкийн Ерөнхиийлөгчийн сонгуулийн ажиллагаа урьд хожид байгаагүй их дуулиан шуугиантай болдог боллоо. Найман жилийн өмнө хамгийн анхны хар арьст Ерөнхийлөгч гарах боломжийг тойрсон дуулиан шуугиан нүсэр байсан. Обамаг хоёр дахь удаагаа сонгогдоход мөн л адил их дуулиантай болж өнгөрч байсан. Харин энэ удаад төлөөлөн нэр дэвшиж байгаа намын удирдлагадаа үл тоосон байдлаар харилцдаг,  ямар ч рейтингийг үл тоон хурц, санаанд оромгүй мэдэгдэл хийдэг хүн Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх боломжтой болж байгаагаараа Америкийн төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг маш ихээр татаж байна.

Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын үзэн яддаг Владимир Путинтэй уулзаж ярилцан бүх асуудлыг шийднэ гэсэн, Путин хариуд нь Трампыг их хурц, өвөрмөц хүн гэж магтсан явдал Америкийн улс төрийн элитийг ихэд айлган түгшээж байгаа юм. Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал Клинтоноос эхлээд өдий хүртэл явж ирсэн Оросын талаарх бодлого алдагдаж, улмаар Америк нь дэлхийн манлайлагч улс гэсэн байр сууриа алдана гэж тэд эмээж байгаа аж.

Хамгийн сүүлд явуулсан судалгаанаас үзвэл америкчуудын 32,9 хувь нь Трампыг дэмжинэ гэсэн бол түүний өрсөлдөгч Хиллари Клинтоныг 45,5 хувь нь дэмжинэ гэж мэдэгджээ. Гэхдээ санал асуулгад оролцсон хүмүүсийн 21,6 хувь нь энэ хоёр нэр дэвшигчийн хэнийг нь ч дэмжихгүй гэж хэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан