Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын Засгийн газар ямар нэртэй бонд гаргах бол.......

МАН-ын сонгуулийн пиартаа өрсөлдөгчийнхөө эсрэг ашигласан гол зэвсэг нь гадаад өрийн сэдэв байлаа. “Чингис”, “Самурай” гэх мэт содон нэртэй бонд гаргах шаардлага байгаагүй, эдгээр бонд гаргаж олсон мөнгийг зарцуулах том төсөл ч байгаагүй гэсэн шүүмжлэл тасралтгүй явсан. Бодит байдал 2012 онд МАН ялсан ч бонд гаргах тухай тооцоо гаргасан байсан нь гарцаагүй. Улс орныг хөгжүүлэхэд шаардлагатай урсгал зардал болон том төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгийг хаанаас авах вэ гэсэн асуудалтай Засгийн газар болгон тулгардаг. Үүнд намын харъяалал огт хамаагүй.

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт том банкуудаас зээл авах уу? БНХАУ эсвэл ОХУ гэсэн хоёр аварга том хөршөөсөө зээл авах уу? Эсвэл бүр холоос Европ, Америк тивийн баян орнуудаас зээл авах уу? Эдгээр гурван сонголт нэг зүйлээр адил гэж болно. Тэр нь банктай эсвэл улстай нь Засгийн газар удаан хугацааны хэлэлцээр хийх шаардлагатай болно. Банкууд ч тэр улс орнууд ч тэр шаардлага тавина. Өгсөн мөнгөө найдвартай эргүүлж авах нөхцөл бүрдүүлэхийг шаарддаг. Жишээлэхэд, иргэдийн цахилгааны төлбөрийг нэмэгдүүл, шатахууны үнийг нэм гэх мэт янз бүрийн шаардлага тавьдаг. Зарим шаардлага нь эдийн засагтай холбоогүй, улс төрийн агуулгатай ч байдаг. Жишээлэхэд, аль нэг салбартаа чухал нөлөө бүхий улсын мэдлийн үйлдвэрүүдийг хувьчлах, хувьчлалд нь тухайн банк эсвэл улсыг давуу эрхтэйгээр оруулахыг шаардаж болно. Энэ мэт бэрхшээл олон тул ямар ч Засгийн газрын хувьд бонд гаргах нь хамгийн ашигтай хувилбар байдаг. Товчхон хэлэхэд бонд гаргах нь ямар ч улсын хувьд байдаг, байх ёстой зүйл.

2012 онд МАН ялсан бол мөн  ялгаагүй бонд гаргах байсан нь тодорхой гэж өмнө хэлсэн. Тэгвэл яагаад? гэж асуух биз. 2012 оны МАН –ын хөтөлбөрийг харахад л бонд гаргахаас өөр аргагүй байсан нь ойлгомжтой болно.
Жишээлбэл, МАН 2012 онд “Монгол орны үйлдвэржилтийн газрын зургийг шинэчилж, 10 мянган үйлдвэр шинээр барина” гэж амалж байсан байх юм. 10 мянган үйлдвэр барих мөнгийг хаанаас авах байсан юм бол? Намд ажилладаг судлаач, мэргэжилтнүүд нь нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ удахгүй унаж магадгүй тухай удирдлагадаа анхааруулсан л байж таараа. Өөрсдөө төр барьж байсан хүмүүс тул улс орны эдийн засгийн бодит боломж ба дэлхийн зах зээл дээрх байдал, хэтийн төлөв, гарч болох эрсдэл зэргийг гарцаагүй тооцож үзсэн байх ёстой. Тэгэхээр хаанаас мөнгө авна, олно гэж тооцоолоод 10 мянган үйлдвэр барихаар амласан байж болох вэ? Хариулт ойлгомжтой, бонд гаргана.

Цаашилбал, 2012 онд “Сум бүрт жижиг, дунд үйлдвэр, хоршоо, өрхийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийг бий болгоно” гэж амлаж байжээ. Ямар мөнгөөрөө? Ийм боломж бүрдүүлэх хэрэг вэ. Монгол улс 329 сумтай гээд бодвол ийм олон барилгыг барих мөнгийг хаанаас гаргахаар төлөвлөж байсан бэ? Бонд гаргах нь л хамгийн зөв зам, зөв арга байсан нь дамжиггүй. Бонд гаргах нь тодорхой ч чухам юунд хэрхэн зарцуулах вэ гэдгээрээ л хоёр нам ялгагдах байсан биз.

Ер нь дөрвөн жилийн өмнө буюу 2012 онд МАН-аас сонгуульд оролцохдоо ямар зүйл амлаж байсныг сонирхоцгооё. МАН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтуудаас:

 “Төрийн албан хаагчдын цалинг инфляцын өсөлтийг бүрэн нөхөх хэмжээнд жил бүр нэмэгдүүлнэ”, “2000 оноос өмнө тэтгэврийн шимтгэл төлөөгүй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэг удаагийн арга хэмжээ авна”, “Орлого багатай өрхөд ам бүлийн тоог үндэслэн нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлнэ”, “Нярай хүүхэд, өвчтөн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй  иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэж, эм, хэрэгсэл, асаргаа, сувилгааны зардалд олгох тусламжийг нэмэгдүүлнэ”, “Эрүүл мэндийн байгууллагуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр  эрүүл мэндийн даатгалын сангаас ижил тарифын дагуу санхүүжүүлнэ”, “Спортын материаллаг баазыг бэхжүүлж, олон улсын стандартад нийцсэн гүйлтийн зам бүхий 20-30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, хотхон байгуулна”, “Өвлийн спортын үндэсний цогцолбор, бүх дүүрэг, аймгийн төвүүдэд спорт чийрэгжүүлэлтийн төв, усан бассейн барьж ашиглалтад оруулна”, “Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын сургалтын тэтгэлгийг их, дээд сургуулийн оюутнуудад олгож буй үндэсний тэтгэлгийн хэмжээнд хүргэнэ”, “Нийслэлийн Багануур дүүрэгт “Их, дээд сургуулийн хотхон” байгуулах ажлыг эхлүүлж, бүтээн байгуулалтын ажлын 30-аас доошгүй хувийг гүйцэтгэнэ”, “Сансар судлалыг хөгжүүлж, үндэсний хиймэл дагуултай болно”, “Дэлхийн жишигт нийцэхүйц мэргэжлийн урлагийн театр, үндэсний номын сан, музейн барилга барина”  гээд тоочоод байвал их олон зүйл амлаж байсан байх юм. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд асар их мөнгө шаардлагатай болох нь ойлгомжтой байсан. Хаанаас энэ их мөнгийг гаргаж авахаар тооцож байсан бэ? Жил болгон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк эсвэл Орос, Хятадаас энэ мөнгийг зээлээд авсан даруйдаа цалин гэж тараагаад үргүй зарцуулаад байха уу? Бодитой боломж нь бонд байсан. Тэгэхээр 2012 онд МАН ялсан бол бонд гээч зүйлийг гарцаагүй гаргах байлаа. Гэхдээ ялагдсан. Ялсан АН өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгө босгох ажилтай тулгарахад л гарцаагүй л бонд гаргахыг хамгийн зөв гэж шийдсэн нь ойлгомжтой.

Энэ удаад МАН яллаа. Монгол Улсын гадаад өр утгаа алдлаа, одоо бид яанаа, та нар юу хийчив ээ гэх мэтээр халагласаар гарч ирсэн. 2012 онтой адилаар олон зүйл амласан. Жишээлбэл:

•    Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгодог болно л гэнэ.
•    Оюутны сургалтын төлбөрийг өрхийн орлогод нь үлдээж, ”Боловсролын сан” -гийн зээлээр төлбөрөө төлж, сургуулиа төгссөний дараа ажил эрхлэх явцдаа эргүүлэн төлөх боломж бүрдүүлнэ.
•    Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулна.
•    “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийнхээ тэтгэмжийг нэмэгдүүлнэ.
•    Дулаан,цахилгааны үнийг нэмэхгүй.
•    Улаанбаатарын V цахилгаан станц, Тавантолгой, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийговийн дулааны цахилгаан станцуудыг барина.
•    Ухаахудаг-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр зам барьж, ашиглалтанд оруулах
•    Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна гэх мэтээр тоочоод байвал цөөнгүй юм бий.

Уншигч та ч сонгуулиар тарааж байсан энэ мөрийн хөтөлбөртэй танилцаж, МАН юу амлаж байсныг уншсан тул бүгдийг нь тоочих нь илүүц байх. Энэ бүгд хэрэгжвэл сайн гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Наад зах нь малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна гэдэг тун таатай мэдээ. Энэ хэмжээгээр тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл эдийн засаг нь уул уурхайн салбараасаа огт хамааралгүй хөгжилтэй орнуудын төсөв тэтгэврийнхээ ачааллыг дааж дийлэхгүй болж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх тухай яриад, үүнийг нь ард иргэд нь эсэргүүцэн жагсаал цуглаан хийгээд байгаа. Харин манайд эсрэгээрээ тэтгэврийн насыг бүр багасгах, төсөвт ирэх тэтгэврийн ачааллыг улам нэмэхээр болж таарч байна.

Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ навс унасан, дээр нь нэгэнт л төр барьж байгаа хүчний хувьд өмнөх Засгийн газрын үед гаргасан бондын хүү, зээл, зээлийн хүү зэргийг төлөх хэрэгтэй болно. Энэ бүхнийг яаж төлөх вэ? Хариулт нь бонд.

Ер нь ажиглаад байхад бонд гаргасан улс нь өмнөх бондынхоо хүүг төлөх, эргэн худалдан авах зорилгоор залгуулаад бас ахиж бонд гарган тасралтгүй явдаг байх юм. Тэгэхээр бондын хүүг төлөх, өөрсдийн амлалтыг биелүүлэхийн тулд МАН бонд гаргахаас өөр аргагүй болж байна гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.
Харин тэр бонд нь хэдий хэмжээний хүүтэй, ямар нөхцөлтэй байхыг М. Энхболд, Ж.Эрдэнэтбат хоёр л мэдэх хэрэг болж.

АН бонд гаргасан болохоор бид хүү энэ тэрийг нь төлж чадахгүй гээд гүрийх боломжгүй, бондын хүүг төлөх боломжгүй болно гэдэг нь шууд Монгол улсын эдийн засаг дампуурсан хэрэг болох тул гарцаагүй байдалд орсон гэж болох байх.

Уг нь, АН бондын хүү, өөрсдийн амлалт гэх мэт зүйлсийг биелүүлэхийн тулд “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийг 100 хувь Монголынх болгох, 140 гаруй төрийн мэдлийн компаниудыг хувьчлах гээд янз бүрийн арга хэмжээ бэлдсэн байсан бололтой юм. Гэхдээ одоо АН нэгэнт ялагдаж, МАН ялсан тул бүх л ачааллыг тэд үүрэхээс өөр аргагүй боллоо.
Тиймээс МАН бонд гаргах уу, үгүй юу гэдэг нь асуудал биш харин гаргах бондоо юу гэж нэрлэх вэ гэдэг л “асуудал” болж хувирч байна.

Харж л байя......Ямар сүржин нэртэй, аймаар бонд гаргачихаад ард түмний өөдөөс юу юу гэж галлах бол........

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан