Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркийн ЭСЯ-наас мэдээлэл гаргав

БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас дараах хэвлэлийн мэдээлэл гаргажээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдээлэлд, "Долоодугаар сарын 15-ны өдрийн орой Туркийн Зэвсэгт хүчинд үүрлэсэн бүлэглэл Анкара, Истанбул гэх Туркийн зарим хотуудад төрийн эргэлт хийхээр завдлаа.

Тун удалгүй энэхүү оролдлого нь төрийн эсрэг тэрс үйл ажиллагаанаас илүүтэй зохион байгуулалттай террорист халдлага болох нь тодорхой болсон юм. Тэд өөрийн хүмүүс рүү гал нээж, удирдах албан тушаалтнуудынхаа ар нуруунд хутга зоож, Үндэсний Их Хурал болон Ерөнхийлөгчийн Тамгын Газарт бөмбөгдөв.

Туркийн Зэвсэгт хүчний дээд түвшний удирдлага тэргүүтэй нийт бие бүрэлдэхүүний дийлэнхи хэсэг энэхүү оролдлогыг эхнээс нь эсэргүүцэж байсан. Энэхүү халдлага нь агаарын хүчин, жендармер болон зарим анги нэгтгэлд үүрэлсэн зэвсэгт бүлэглэлийн хуйвалдаан байв. Цагдаа болон прокурорын байгууллагууд зохих арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлснээр тус оролдлогыг дарлаа.

Төрийн эргэлт хийх оролдлогыг Туркийн ард түмэн няцааж чадлаа. Тэд гудамжинд жагсаж шантралгүй эсэргүүцэж түүхэнд тэмдэглэгдэх эв нэгдлийг харуулав. Тэд дайрах танкуудын өмнө зориг гарган зогсож ардчилсан эрхээ хамгаалан авч үлдлээ.

Тэдгээр террористууд Туркийн радио, телевиз (ТРТ) болон хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхэндээ оруулж, өөрсдийн мэдээг дамжуулахаар оролдсон хэдий ч мэдээллийн сувгийг хяналтандаа байлгах гэсэн тэдний чармайлт удаан үргэлжилсэнгүй. Төрийн эргэлтийг дарахад Туркийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэсэн үүргийг зайлшгүй дурдах нь зүйтэй юм.

Бүх улс төрийн намууд болон Туркийн Үндэсний их хурлын гишүүд ард түмэнтэйгээ нэгдмэл байдлаа хадгалж тус үйл явдлыг эхнээс нь дуусах хүртэл ардчилал, ардчилсан улс төр, ардчилсан тогтолцоо болон Үндсэн хуулийн талд бат зогслоо. Үндэсний их хурал долоодугаар сарын 16-ны өдрийн байнгын бус хуралдаанаар ардчиллыг батлан хамгаалах “Хамтарсан тунхаглал”-ыг баталлаа.

Халдлагыг зохион байгуулсан террорист бүлэглэлийн эсрэг ажиллагаагаар 6038 цэрэг, 100 цагдаа, 755 шүүгч, прокурор болон 650 энгийн иргэн бүхий 7543 хүн баривчлагдсан бөгөөд төрийн эргэлт хийхээр завдагсдаас 24 нь алагдаж 50 нь шархадсан байна. Сөрөг ажиллагаа одоо ч үргэлжилж байна.

Халдлагын улмаас тус улсын 60 цагдаа, 3 цэрэг, 145 энгийн иргэн бүхий 208 хүн харамсалтайгаар амиа алдаж, ойролцоогоор 1491 хүн шархадсан байна. Төрийн байгууллагыг тус бүлэглэлээс ангижруулах ажиллагаа долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эрчимжив. Дотоод хэргийн яаманд харьяалагддаг цагдаа болон бусад хууль сахиулах албаны 8777 ажилтан, 2745 шүүгч болон прокурорууд баривчлагдсан байна. Төрийн эргэлт хийхээр завдсан 8 хүн нисдэг тэрэг хулгайлж Грек улс руу оргон зугтсан. Сэжигтнүүд болон нисдэг тэргийг буцаан авчрахаар шаардлагатай ажлыг хийж байна.

Төрийн эргэлт хийх оролдлогыг Фетхуллах Гүлэний Террорист Бүлэглэл (ФГТБ) зохион байгуулсан юм. Туркийн Засгийн газар энэхүү террорист бүлэглэл болон толгойлогч Фетхуллах Гүлэний далд санааг бүх холбоотон, түнш нартаа илчлэн харуулсаар ирсэн. Төрийн эргэлт хийх гэсэн энэхүү оролдлого нь ФТГБ-ын аюул заналыг харуулсан гэмт хэргийн шинж чанартай үйл явдал юм. Турк Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Туркийн Үндэсний их хурал болон Засгийн газар нь ард түмэнтэйгээ хамт төрийн эргэлтийг дарж, ардчилсан эрх зүйт төрийнхөө талд зогслоо. Террористуудад хуулийн дагуу зохих шийтгэлийг нь оногдуулах болно" гэжээ.

0 Сэтгэгдэл
turkt bga naishaa irj chadahgui mungu tugrugnii bolomjgui gatssan bga mongolchuudaa naisha tataj abchrah heregtei mongol uls
Хамгийн их уншсан