Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Сумъяабазар: Энгийн загвартай монгол дээл энэ наадмын гоёл

Монголчуудын уламжлалт наадам хаяанд иржээ. Сүүлийн жилүүдэд хүмүүс үндэсний дээлээрээ гоёхыг илүүд үзэх болсон. Энэ жилийн наадмын дээл ямар загвартай байх талаар "Монгол костюмс" төвийн дизайнер Н.Сумъяабазартай ярилцлаа.

-Энэ жилийн наадмын дээлний загвар өмнөх жилийнхээс өөрчлөгдсөн болов уу. Хүмүүс ямар загвартай дээлийг илүү сонирхож байх юм?
-Үндэснийхээ загвар хийцийг түлхүү барих болж. Өөрөөр хэлбэл, түрүү жил мөөрөлжин энгэртэй, нарийн ханцуйтай дээл зонхилж байсан бол энэ удаа манжийн үеэс гаралтай гэгдэх захтай монгол дээл моодонд орж байна. Харин материалын хувьд нэлээд өөрчлөлт орсон шүү. Ерөнхийдөө хятад торго халаагаа өгч вьетнам торго, сариг илүүд үзэж байна. Энэ материалууд нь хөнгөн, биед эвтэйхэн байдаг юм.

-Тэгвэл өнгөний тухайд?
-Зуны гоёл гэдэг утгаар нь тод өнгө илүү сонгож байна. Вьетнам торгоны хувьд хээ нь зуны шинж чанарыг тодотгож дэгжин харагдуулдаг байгаа. Сари ч ялгаагүй өнгөний хувьд өргөн сонголттой, завсрын өнгө их байдаг. Ерөнхийдөө өнөө жил хул шар буюу улбар шар өнгө моодонд орж байна. Гэхдээ бид тухайн хүнийхээ арьс, үс, нүдний өнгийг харж байгаад тэр хүнд ямар өнгө зохих вэ, бие галбир нь ямар байна түүнд нь зохицуулж сонгож өгдөг. Үндэсний баяр гэдэг утгаараа үндэсний өнгүүдийг ч нэлээд сонгож байна.

-Эрэгтэйчүүд вьетнам торгоор дээл хийлгэж байх юм уу. Эрчүүдийн хувьд ямар материал сонговол моодноос хоцрохгүй байх вэ?
-Эрчүүд энэтхэг түүхий торгыг илүүтэй сонгодог. Энэ нь цулгай хээгүй материалтай, өнгөний өргөн сонголттойн дээр зарим нь хамелион маягийн солигддог өнгөтэй байдаг. Мөн гэр бүлийн хос даавуун дээлээр ижилсэх сонирхолтой болжээ. Дээлний загвар энгийн болсон учраас бид эмжээрт нь нэлээд өөрчлөлт оруулж өгсөн. Дундаа өргөн, хоёр захаараа нарийн хавчуургатай эмжиж өгч байгаа нь энэ зуны дээлний нэг шийдэл нь юм.

-Дуучин Д.Болдын дэлгэрүүлсэн гэх загвартай дээлийг эрчүүд нэлээд сонирхож байх шиг?
-Тийм загварын дээлийг эрчүүд нэг хэсэг их сонирхсон. Өнгөрсөн Цагаан сарын үеэр хүчээ авсан гэхэд болно. Одоо орж ирж байгаа захиалгууд бол дээр хэлсэнчлэн илүү дутуу юмгүй уламжлалт захтай монгол дээл зонхилж байна. Ийм дээлний эсгүүр үргэлжээрээ шууд эсгэгддэг учраас хуниас нугалаа үүсдэг. Ялангуяа эмэгтэйчүүдийн бие галбирыг тодотгож чаддаггүй жаахан дутагдалтай. Тиймээс манайх европ эсгүүрээр мөрөнд танаас хийж урлаж байна. Энэ нь бүсгүйчүүдийн маань биеийн галбирыг илүү тодотгож дэгжин харагдуулна.

-Загвар материалаасаа шалтгаалаад танай дээл нэлээд өртөг өндөртэй гардаг. Нэг дээлийг ямар үнээр оёдог вэ?
-Оёдол загвар, материал гээд бүх зүйл үнийн дүнд багтдаг. Эмэгтэй дээл 250-350 мянган төгрөг, эрэгтэй нь 300-450 мянган төгрөгийн хооронд үнэлэгддэг. Вьетнам торго өөрөө үнэтэй учраас ийм материалаар хийсэн дээл илүү үнэтэй болчихдог юм.

-Бүсгүйчүүдийн хувьд монгол дээлний загварыг шингээсэн гоёлын даашинзуудыг өмсөх болсон?
-Тийм даашинзуудыг сүүлийн үед аль болох авсаархан, нүсэр бишээр хийлгэх болсон. Гэхдээ наадмын үеэр тийм даашинзны захиалга цөөн ирдэг. Харин хонхны баярын үеэр бол их ийм захиалга ирсэн шүү.

0 Сэтгэгдэл
Hulhi meterialaar Deel hiideg gazar
Хамгийн их уншсан