Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ

Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдрийн хуралдаанаас П.Сэргэлэн, Г.Мөнхбаяр, А.Цогцэцэг, П.Ганхүү нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилсноор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрдлээ. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн, сайд нар өнөөдөр яамны тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

МАН-ын мөрийн хөтөлбөрт хөдөө, аж ахуйн салбар Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн гол салбар байна. Энэ салбар өсөлттэй ажилласнаар Монголчуудын ахуй амьдрал дээшилнэ гэдэг бодлогыг түлхүү тусгасан. Удахгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдана. Мөрийн хөтөлбөрт хөдөө аж ахуйтай холбоотой олон заалт оруулж, энэ салбарын хөгжлийг өөд өргөж явна гэж танд итгэж, Монголын төр танд өндөр хариуцлага хүлээлгэлээ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамга гардуулахдаа хэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн салбарынхаа мэргэжилтэн, эрдэмтэд, ахмадууд, удирдлагуудтай уулзалт хийхээс ажлаа эхлүүлнэ гээд энэ салбарт бодлого, үйл ажиллагааны эрс шинэчлэл хийнэ гэдгээ илэрхийлэв.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр;

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын яамны тамгыг Засгийн газрын гишүүн Г.Мөнхбаярт гардуулж өглөө.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамга хүлээлгэн өгөхдөө Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт хандан барилгын салбарт гарсан гажуудлыг засч, барилгын салбарын хөгжлийг түргэтгэх олон ажил, арга хэмжээ хийж хэрэглүүлж, энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ажиллахыг хүсэв.

Ажил хүлээлцэхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ болон тус яамны газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг;

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаагаас яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг гуравдугаар шатлалын эмнэлгийн тэргүүн магнайд ажиллаж байсны хувьд энэ салбарыг маш сайн удирдаж чадах хүн гэж тодорхойлоод түүнд ажлын амжилт хүсэв.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа, эрүүл мэндийн салбарын бүтэц, үйл ажиллагаа, амжилт бүтээл, алдаа оноог гадарлахын хувьд үүрэгт ажлаа шуурхай эхлэх нь хамгийн чухал байна гээд зөвхөн эрүүл мэндийн салбарынхны бус гурван сая хүний сайд боллоо гэж өөртөө маш том хариуцлага хүлээлгэж байгаагаа илэрхийлээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажил хүлээлцэхэд байлцаж, тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Эрчим хүчний сайд П.Ганхүү;

Эрчим хүчний сайд П.Ганхүүд Эрчим хүчний сайд асан Д.Зоригт яамны тамгаа хүлээлгэн өглөө.

Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат байлцав. Тэрээр Эрчим хүчний сайд П.Ганхүү нь их сургуулиа төгсөөд энэ салбарын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн. Салбарын яаманд хэлтсийн дарга, газрын дарга, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байсан туршлагатай, салбарын хүн сайдаар томилогдон ирж байгааг тодотгоод Монгол Улсын хөгжлийн нэг тулах цэг нь эрчим хүч. Тиймээс энэ салбарыг ажлаа мэддэг сайд удирдахаар болсон учраас эрчим хүчний салбарт ажил цалгардах асуудал гарахгүй гэдгийг онцолсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан