Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Юун Дулааны станцын өргөтгөл вэ, Ерөнхий сайд аа


Монгол Улсын Засгийн газар төдийгүй иргэд нь хэмнэлтийн горимоор амьдрахаас өөр аргагүй байдалд орсон шүү гэдгийг УИХ-ын эрхэм гишүүдээс эхлээд Засгийн газрын тэргүүн, сайд нар анхааруулан, төсвийн түрүүвчинд юу ч байхгүй шүү хэмээн толгой сэгсрэх болсон. Энгийн иргэдийн хувьд амьжиргаа ирэх жилүүдэд улам хүндрэх юм байна гэсэн ойлголтоор сэтгэл санааны бэлтгэл хангаж байна. УИХ-ын чуулганаар  2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын зүгээс эрхэм гишүүдийн асуултанд хариулахдаа шинээр гэдэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт аль ч тойрогт, аль ч салбарт байхгүй шүү гэдгийг тов тодорхой илэрхийлж байсан. Арга буюу нийгмийн халамжинд чиглэсэн олон хөтөлбөрийн хүрээг хумихаас аргагүй байдалд ороод байгаагаа Сангийн сайд түгдчин байж хэлж, учирлаж байгаа харагдсан.

Ийн бүтээн байгуулалтын талаар үг ч цухуйлгах хэрэггүй гэж байсан Засгийн газрын энэ сарын 24-ний хуралдаанаас Эрчим хүчний хангамжийн дутагдалд оросон бүс нутгийг эрчим хүчээр хангах, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлэх төслийг эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосон байх юм. Хэдийгээр бүсээ чангалах ёстой гээд бүх бүтээн байгуулалтыг таг зогсоох ёсгүй ч Дулааны станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь энэ Засгийн үед яаралтай хийх ажил мөн үү гэдэгт эргэлзээ төрж байгаа юм.

Учир нь Чингис бондын санхүүжилтээр өнгөрсөн дөрвөн жилд Дулааны станцуудад өргөтгөлийн томоохон төслүүд хэрэгжсэн.
2014 онд Чингис бондын санхүүжилтээр 70 сая ам.долларын өртөгтэйгээр ДЦС-4-ийг 100 МВт-аар буюу хамгийн өндөр ачааллаар ажиллахад 125 МВт хүрэх чадлаар өргөтгөсөн. Ингэснээр ДЦС-4 нь 703 МВт-ын хүчин чадалтай болоод байгаа.
120 МВт-аар өргөтгөснөөр 250 мянган өрхийг цахилгаанаар 15 мянган өрхийг дулаанаар хангах хүчин чадал  нэмэгдсэн гэж байсан.

Тус өргөтгөлийг ажлыг гүйцэтгэсэн төслийн багийнхны хэлснээр 1 МВт хүчин чадлыг ашиглалтанд оруулах зардал 570 мянган ам.доллар болсон нь олон улсын жишиг үнээс хэд дахин бага зардлаар хийсэн ажил юм гэж байсан. Мөн “ДЦС-3”-ыг 50 МВт-аар 2014 онд өргөтгөсөн. Энэ нь Чингис бондын санхүүжилтээр хийгдсэн ойролцоогоор 30 гаруй сая ам.долларын төсөл. Нийт 100-аад сая ам.доллар болсон эдгээр өргөтгөлийн санхүүжилтийг станцууд өөрийн орлогоор төлнө гэдэг худлаа. Улсын төсөвт л сууж, Чингис бондын үндсэн төлөлтийн нэг хэсэг болох ёстой. Өөрөөр хэлбэл улс төсөвтөө суулгаад төлж байгаа өр.

Тухайн үед Эрчим хүчний сайд эдгээр өргөтгөлийн ачаар ямар ч байсан ойрын хэдэн жилдээ цахилгаан дулааны доголдол гэж гомдоллохооргүй боллоо гэсэн санагдана.
Гэтэл өнөөдөр “ДЦС-3”-ыг ирэх жил гэхэд 250 МВт-өөр өргөтгөхийг Засгийн газар холбогдох сайд нарт даалгалаа.

“ДЦС-3”-ын Техникийн бодлогын хэлтсийн дарга Г.Амартүвшингийн хэлснээр Дунд даралтын станцаа буулгаж, суурин дээр нь дэд бүтцийг нь ашиглаад байгаль орчин сөрөг нөлөө багатай, орчин үеийн технологи бүхий 250 МВт-ын хүчин чадалтай станц барих төсөл, ТЭЗҮ нь батлагдчихсан бэлэн байгаа. Гэхдээ төслийн санхүүжилт 350-370 орчим сая доллар.  Төгрөгөөр тооцвол 700 гаруй тэрбум.  Ийм боломж Засгийн газарт харагдаж байгаа гэж үү.

Чойбалсангийн ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх 30 гаруй сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгөө нэмж тооцвол хамгийн багадаа эдгээр бүтээн байгуулалтад 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болж буй юм.

Хэрвээ эрчим хүчний салбараа хувьчлахгүй л юм бол Улсын төсөвт алдагдалтай ажилласаар байгаа эдгээр станцуудын өргөтгөлд гадны хөрөнгө оруулалт орж ирэх нь юу л бол...

Тэгээд ч дэлхий нийтээрээ нүүрсээр галладаг цахилгаан, дулааны станцуудын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхээс аль болох татгалзах болсныг манайхан юу эс андахав. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх технологийг хална хэмээн тусгасны дагуу 2013оноос АНУ-ын “ЭксИм” банк нүүрсээр галладаг цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхгүй гэж мэдэгдсэн бол 2014 онд Дэлхийн банк, мөн Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Норвегийн сан зэрэг санхүүгийн томоохон байгууллагууд ч энэ уриалгыг хүлээн авснаа илэрхийлчихсэн. Харамсалтай нь манайд юу л байна, нүүрс бий. Тиймээс манай улсын хувьд нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх технологийг ашиглахаас өөр хямд эрчим хүч үйлдвэрлэх боломж одоогоор харагдахгүй байгаа юм.  Гэвч бид өөрсдийн халааснаас эдгээр төслөө гаргаад санхүүжүүлэх боломж бий гэж үү. Лав л Ерөнхий сайдын хэлсэн, ярьсан үг бүрээс байхгүй гэж л ойлгогдоод байна.
Тэгэхээр дээрх өргөтгөлийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт гаднаас хийнэ гэдэгт нэг л итгэл төрөхгүй байгаа юм. Манай улс гэхэд өнгөрсөн жилүүдэд Тавантолгойн Цахилгаан станц гэх томоохон төслийг дэлхий нийтэд танилцуулж, хөрөнгө оруулах санал авахад хүсэлтээ илэрхийлчихээд замын голоос буцсан олон улсын корцорациуд бий.

Оюутолгойн уурхайд үйлдвэрлэсэн эрчим хүчээ бүрэн борлуулах боломжтой, хэрэглэгч нь тодорхой энхүү төсөлд яг одоогоор Япон Улсын Марубени корпораци, Монголын М-СИ-Эс компанитай хамтран хэрэгжүүлэхээр Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан. Өнгөрсөн зургадугаар сард болсон энэхүү үйл явдлаас хойш юу болсон, төсөл үргэлжлэх үү гэдэг нь тодорхойгүй л байна.

Одоогоор Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээ 1 гега орчим байгаа юм. Үүнийгээ  ДЦС-3, ДЦС-4 болон Салхитын 50 МВТ-ын станц бараг л үйлдвэрлэчихдэг.  ОХУ-аас тодорхой хэмжээний цахилгаан худалдаж авч байгаа.  Гэхдээ Тавантолгойн цахилгаан станц үнэхээр цааснаас хөрсөнд буучихвал ОХУ-аас цахилгаан авах шаардлагагүй болно. Өнөөдөр Оюутолгойн уурхайг эс тооцвол Монгол улсад эрчим хүчний асар өндөр хэрэглээтэй үйлдвэр аж ахуйн газар тун ховор байна. Засгийн газрын тооцоолсноор ойрын дөрвөн жилдээ лав томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хомс байх бололтой.

1 Сэтгэгдэл
Зөв асуудал хөнджээ. Төрөөс цахилгаан станц барина гэж гадагшаа баахан доллар гаргаж байхаар эн ЖДҮ, үйлдвэрлэл, экспортоо дэмжих бодлог явуулах хэрэгтэй. Тэгээд хувийн хэвшлийн станцын төслүүдийг үнэлгээ хийж байгаад сонгоод хэрэгжүүлэх хэрэгтэй.
Оргил ачааллыг л оросоос авдаг. Тавантолгой оросыг нөхнө гэж худлаа. Эгийн гол л оросыг нөхнө.
МАНгаруудын мангар бодлого
Нуурс тоног тохоормжоо машинаар зоох юм уу ?
Хамгийн их уншсан