Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дэлгэрсайхан: Төвбанк валютын ханш суларна, чангарна гэх нь зохисгүй




Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхантай валютын ханшийн талаар ярилцлаа.

 -Энэ он талдаа орчихлоо. Валютын зах зээлийн төлөв байдал ямар байв?
-Гадаад худалдаа, урсгал тэнцлийн алдагдал огцом өслөө. Мөн улирлын нөлөөллөөс шалтгаалж, валютын захад богино хугацааны эрэлт бий болов.  Нефтийн бүтээгдэхүүний үнэ дотоодын зах зээлд огцом нэмэгдсэн байна. Оны эхний нэгдүгээр сард цэвэр дүнгээр 138 сая ам.доллартай тэнцэх хэмжээний валют манай эдийн засгаас гадагшилсан зэрэг шалтгаанаар өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхэн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч байсныг санаж байгаа байх.
Гэхдээ Монголбанкнаас хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохицуулалт мөн валютын захын эрэлт нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлаас шалтгаалж валютын захад үүссэн буруу хүлээлт, гажилт түргэн хугацаанд арилсан юм. Ингээд валютын захын тогтвортой байдал үндсэндээ хангагдсан билээ. Ер нь, өнгөрсөн хугацаанд валютын зах дахь эрэлт, нийлүүлэлт маш тэнцвэртэй, зах өөрөө тогтвортой байсан. Эдийн засагт орсон болон гарсан валютын нийт урсгалын эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар өслөө. Тэр дундаа валютын орох урсгал 22, гарах нь 26 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа.

-Валютын орох урсгал өссөн гэлээ. Энэ нь төгрөгийн ханшийг бусад гадаад валютын эсрэг чангаруулахад нөлөөлөх үү. Бас манайхаас гадагшлах урсгал нь ч өндөр байна?
-Шууд утгаар нь тэгж ойлгож болохгүй. Орж ирэх валютын урсгал нэмэгдэх нь манай улсын эдийн засаг өсөлт тэлэлттэй, бизнесийн үйл ажиллагаа идэвхтэй, гадаад эдийн засгийн орчин огцом муудаагүй зэргээс шалтгаалж байгаа юм. Гэхдээ валютын гадагшлах урсгал 26 хувийн өсөлттэй буюу орж ирэх валютын урсгалын өсөлтөөс өндөр байгааг түрүүн хэлсэн. Энэ нь, бид гаднаас авах барааны импорт, үйлчилгээний төлбөрт их хэмжээний валют төлдөгтэй холбоотой.
Ер нь, эдийн засагт орсон болон гарсан валютын урсгалын цэвэр зөрүү ямар байх, орж ирсэн валютын хэчнээн нь төгрөг рүү хөрвөх, захад оролцогчдын хүлээлт ямар байх зэрэг нь валютын зах болон төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг юм.

-Валютын нөөц хэд болсон бэ?
-Монгол Улсын гадаад валютын цэвэр албан нөөц одоогоор хоёр тэрбум 627 сая ам.долларт хүрч өсөөд байна.

-Төгрөгийн ханш оны эхнээс яаж хэлбэлзсэн бэ? Ханшид гэнэтийн огцом өөрчлөлтүүд гарсан уу?
-Оны эхнээс төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкнаас зарласан ханш 69 төгрөгөөр буюу 4.4 хувиар чангарсан. Мөн хугацаанд ханшийн нэг өдөрт ногдох дундаж хэлбэлзэл ердөө 0.1 хувь байгаа нь валютын зах маш тогтвортой бөгөөд ханшид огцом хэлбэлзэл үүсээгүй болохыг илэрхийлж буй юм.
Мэдээж, валютын захад түр хугацааны илүүдэл эсвэл дутагдал эрэлт, нийлүүлэлт үүсч, тэр нь төгрөгийн ханшийг огцом хэлбэлзүүлэхээр байгаа нөхцөлд Монголбанкнаас интервенц хийж зохицуулдаг.

-Валютын захын цаашдын төлвийг Монголбанк хэрхэн харж байна вэ?
-Оны эхнээс зургаадугаар сарын 19-ний өдрийг хүртэл банкны системээр орсон бас гарсан валютын цэвэр урсгалын хэмжээ 107 сая ам.долларын эерэг үлдэгдэлтэй байсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 47 хувиар буурсан үзүүлэлт боловч үүнээс ам.долларын цэвэр урсгал 426 сая ам.доллар буюу жилийн 15 хувийн өсөлттэй гарч байгаа юм.

Ханш бол богино хугацаанд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээсээ хамаарч чөлөөтэй хэлбэлзэж байдаг зүйл. Өөрөөр хэлбэл, суларч ч байдаг, чангарч ч байдаг үзүүлэлт. Харин сүүлийн өдрүүдэд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан нь богино хугацааны үзэгдэл.
Яагаад гэвэл, түлш шатахуун, тоног төхөөрөмж, зээлийн буцаан төлөлт зэрэг өндөр дүнтэй гүйлгээнүүд гадагшаа ойрхон шилжсэн нь нөлөөлсөн хэрэг. Ер нь, манайх шиг түүхий эдийн экспортоос валютын орлого нь шууд хамаарсан, хэрэглээгээ импортоор хангадаг улсын хувьд төгрөгийн ханш хагас сарын хугацаанд 10, 20 төгрөгөөр дээш, доош хөдлөх нь хэвийн л үзэгдэл.

Иймээс энэ түр зуурын өөрчлөлтийг дагаж, зөвхөн ашиг олох зорилгоор валютын арилжаа хийх нь өөрийн хөрөнгөө илүү их эрсдэлд оруулж болзошгүй байдгийг энэ дашрамд дурдмаар байна.

-Тэгвэл төгрөгийн ханш цаашид хаашаа эргэх вэ. Ханшинд ойрын хугацаанд огцом өөрчлөлт гарах болов уу?
-Ойрын хугацаанд огцом савлагаа гарах үндэслэл байхгүй гэж хэлье. Учир нь, дээр тайлбарласан, оны эхний зургаан сарын хугацааг бүхэлд нь авч үзэхэд валютын захын эрэлт, нийлүүлэлт харьцангуй тэнцвэртэй, тогтвортой байгаа. Гадаад эдийн засгийн орчин ноцтой муудаагүй, эдийн засгийн өсөлт саараагүй, эдийн засагт итгэх итгэл хэвээр байна. Ийм нөхцөлд хямралын үе шиг төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом хэлбэлзэх шалтгаан, үндэслэл байхгүй гэдэг нь тодорхой юм. Цаашид ханш суларна, чангарна гэж хэлэх нь Төвбанкны хувьд туйлын зохисгүй зүйл. Харин зайлшгүй чухал анхаарах зүйл нь юу вэ гэвэл зах зээлд оролцогчид бодитой мэдээлэлд үндэслээд зөв  хүлээлттэй байх хэрэгтэй.

-Тэгвэл валютын ханшийн талаар иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөх талаар танай газраас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Иргэдийн зөв хүлээлтэд эерэгээр нөлөөлөх, бодитой мэдээлэл өгөх зорилгоор Монголбанк гадаад секторын статистик байнга гаргадаг. Тухайлбал, гадаад худалдааны сарын тойм, төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл зэрэг мэдээг илүү сайжруулан чанаржуулж сар бүр олон нийтэд мэдээлсээр байгаа.

Түүнчлэн, валютын захтай холбоотой мэдээллийг бид цаг тухайд нь цахим хуудсаараа дамжуулан нийтэд хүргэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан