Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дотоодын компаниудын үнийн өрсөлдөөн гадаад зах зээлд өөрийгөө дэгээдэж байна


Н.БАТ

Австралийн коксжих нүүрс тонн нь 120 ам.долларт хүрчээ. Сүүлийн хагас жилд коксжих нүүрсний үнэ 50 хувиар өслөө. Харин бид нүүрсээ тонныг нь 30 хүрэхгүй ам.доллараар борлуулж байна гэдэг мэдээ олон нийтэд цочрол өгөөд буй. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан, уул уурхайгаа хэтэрхий түшсэн манай эдийн засагт “үхлийн” цохилт боллоо гэдгийг дээр дооргүй мэдэж байгаа ч экспортын гол бүтээгдэхүүн болсон коксжих нүүрсний үнэ бага зэрэг нэмэгдсэн нь ёстой хонгилын үзүүрийн гэрэл гээч  сонсогдох болж. Харамсалтай нь энэ мэдээ бидэнд төдийлэн нөлөөтэй зүйл биш гэдгийг өчигдөр болсон “Дисковер Монголиа” чуулганы үеэр  энэ салбарт ажиллаж буй хүн бүр батлаад байх шиг санагдав.

“Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Азийн эдийн засгийн өсөлт, гангийн хэрэгцээ- Монголын коксжих нүүрс болон төмрийн хүдрийн экспортын боломж” сэдэвт илтгэлдээ “Гадаад зах зээлийн төлөө дотоодын компаниуд хэрхэн бие биенээ барьж иддэгийг манай эрдэс баялгийн экспорт нотолж байна. Дотоод  өрсөлдөөнд Эрдэнэс Тавантолгой ялж буй боловч үүнээс болж компаниуд нийтдээ, Монгол улс бүхэлдээ ялагдаж байна” хэмээн хатуухан үг чулуудсан нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бодлогыг бүхэлд нь эргэн харах шаардлага тулгараад буйг илтгэсэн. Хэдийгээр Уул уурхайн сайд  энэ салбарт ил тодын зарчмыг бий болгоно гэж байсан ч энэ удаад дотоодын компаниудын экспортын үнийн өрсөлдөөн илүүтэйгээр анхаарал татсан сэдэв болж байгаа нь илт.  


Энэ талаар яамны түшмэд, хувийн хэвшил болоод төрийн өмчийн компаниудын удирдлагуудын байр суурийг сонирхсон юм.

Уул уурхайн дэд сайд

Х.Бадамсүрэн: Давын өмнө үнийн нэгдсэн бодлогоо л шийдэх шаардлагатай

-Төрийн бодлогод нүүрсний экспортыг нэг цонхоор хийнэ гэж заасан ч өнөөдөр дотоодын компаниуд маань гадаад зах зээлд өөр хоорондоо өрсөлдөж байгааг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Юуны өмнө нүүрсний  экспортын асуудлыг шийдвэрлэх нь чухал байна. Нүүрсний экспортыг нэг цонхны бодлогоор явуулж, гадагш нэг үнээр гаргах боломж бүрдүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд үнийн бодлогоо нэгдсэн байдлаар явуулж чадаагүйн улмаас гадаадын худалдан авагчдад давуу тал олгосон ч  өөрсдийгөө сул тал руу түлхсэн, татаж унагах байдал энэ салбарт үүсчээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр яам тамгын газар болон уурхайнуудаас ч төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгууллаа. Эндээс үнийн нэгдсэн бодлого гаргаж, бүх үйл ажиллагаагаа цэгцтэй,  алсын хараатай явуулбал нүүрсний экспортын үнийг нэмэгдүүлэх боломж харагдаж байна.

-Экспортын үнийг цэгцлэхийн тулд түүхий эдийн бирж байгуулах тухай яригдаж байсан ч таг болчихлоо?
-Мэдээж түүхий эдийн бирж байгуулах асуудлыг өнөө маргаашгүй шийдчихгүй. Эхлээд зөв механизмыг бүрдүүлнэ. Давын өмнө үнийн нэгдсэн бодлогоо л шийдэх шаардлагатай байна.

-Нүүрс олборлогчдын экспортын үнийг Эрдэнэс Тавантолгой л дээш өсгөхгүй чагталж байна гэж хувийн хэвшлийнхэн хэлээд байна. Үүнийг шийдэх ямар боломж байна вэ. Төрийн өмчийн компани гэхээр л ашиггүй ажилладаг гэсэн ойлголт бий болчихлоо?
- Ажлын хэсгээс урд өмнө байгуулагдсан гэрээг нарийн нягталж, “Эрдэнэс Тавантолгой”-н нэг тонн нүүрсний өөрийн өртөг, борлуулж байгаа үнийн зөрүүг шинжилнэ, нэгэнт тавьсан өр төлбөрийг төлнө. Гэхдээ ашгийнхаа хэдэн хувийг өрөнд, хэдэн хувийг   төсөвт төвлөрүүлэх вэ, үйл ажиллагаагаа хэвийн жигд явуулахын  тулд хэдийг нь өөрийн орлого болгох вэ гэх зэргийг тооцоолж хөтөлбөр төлөвлөгөө гаргаад ажиллана.

Одоо тус компанийн хувьд тонн нүүрсээ 30 хүрэхгүй ам.доллараар борлуулж байна.  Өнөө маргаашгүй нэмэх боломжгүй учраас эхний ээлжинд 30-аас давуулах бодлого барина.  Ер нь төрийнх ч бай, хувийнх ч бай компанийн үйл ажиллагаа нь менежмэнтээс л шалтгаалдаг. Менежмэнт гэдэг хүний үйл ажиллагаанаас хамаардаг зүйл. Тийм учраас уул уурхайн үйлдвэрлэл гэх өвөрмөц онцлогтой энэ үйлдвэрлэлийг мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин удирдаад зөв чиглүүлээд явбал ялгаагүй үр ашигтай ажиллах учиртай.  

“Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал

Г.Батцэнгэл: Төр нэгэнт баталсан бодлогоо тууштай л хэрэгжүүлэх хэрэгтэй

-Дотоодынхоо өрсөлдөөнийг яаж зохицуулах боломжтой гэж үзэж байна вэ. Зохицуулалтын механизмыг хэрхэн буй болгох вэ?
-Хэрвээ бизнесийнхээ зарчмаар ажиллавал зах зээлийнхээ дагуу зохицуулалт нь хийгдэх байх. Колумбын 50 гаруй сая тонн нүүрс жилд олборлодог томоохон уурхай бол бидний хувьд том жишээ. Анх энэ орд дээр тусдаа гурван компани олборлолт хийж байгаад өрсөлдөөн, ашгаас үүдэн  нэгдсэн бодлого, нэгдсэн борлуулалттай компани болж ажилласнаар дэлхийд тэргүүлэх өрсөлдөгч болж чадсан. Манай улсын хувьд 2014 оны эхээр Төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо тодорхойлоод баталсан юм. Манай салбарынхан ч их эергээр хүлээж авсан. ”Мөн бодлогын том баримт бичигтэй боллоо. Үүнийгээ дагаад ажиллана гэсэн итгэлтэй болтол дандаа эсрэгээр нь ажиллаж эхэлсэн. Жишээ нь, боловсруулаагүй эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортыг бууруулна, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ  гэж бодлогын баримт бичигтээ тусгасан ч маргаашаас нь эсрэгээр хийж байсан гэж хэлж болно. Бидний хувьд төрийн бодлогодоо итгээд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гээд үйлдвэрүүдээ бариад, уурхайгаа эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулахаар хичээж ажиллаж байхад хажууд буй төрийн өмчит компани нь 180 градус эсрэг зүйл хийгээд байдаг. Тэгэхээр аль нь төрийн бодлого вэ гэдгийг ойлгохоо больчихож байгаа юм. Дотоодын өрсөлдөөнийг зохицуулах хамгийн зөв арга бол төр нэгэнт баталсан бодлогоо тууштай л хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурсийн уурхайгаас нэг тонн нүүрс олборлоход 50 мянган төгрөгийн зардал гардаг гэж байгаа. Гэтэл  маш муу техник муу нөхцөлд Багануурын уурхай нэг тонн нүүрсийг 27 мянгаар, Шивээ-Овоогийн уурхай 22 мянгаар, Тавантолгойн ордод байдаг орон нутгийн жижиг Тавантолгойн уурхай нэг тонн нүүрсээ 10 гаруй мянган төгрөгөөр гаргадаг гэсэн. Үнэндээ хамгийн хэцүү хүнд нөхцөлд гаргаж авсан нүүрсний өртгөөс хамгийн өндөр техникжсэн уурхайн нүүрс олборлох өртөг өндөр байгаа нь ямар учиртай юм бэ?
-Уурхай бүр өөрийн онцлогтой. Хөрс хуулалтын коэффицент, уулын ажлын нөхцөл гэх мэт олон зүйлээс шалтгаалж, нүүрс олборлох өртөг нь янз бүр гардаг. Жишээ нь, Энержи Ресурс сүүлийн жилийн дунджаар авч үзвэл хөрс хуулалтын коэффицент нь 5-6-тай гарч байна.  5-6 куб метр шороо зайлуулж байж нэг тонн нүүрс олборлодог гэсэн үг. Гэтэл орон нутгийн Тавантолгой хөрс хуулалтын хувьд биднээс 6 дахин бага ажилтай.  

“Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч

Ч.Отгочулуу: “Эрдэнэс Тавантолгой”  Чалькод 110 сая ам.долларын өр төлнө

-Нүүрс олборлогч дотоодын компаниудын үнийн өрсөлдөөн гадаад зах зээлд өөрсдийгөө дэгээдэж байгаа тухай энэ удаад онцгойлон ярилцаж байна. Хамгийн том дэгээ нь төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой болжээ?
-Манай улс бол хоёр том хөрштэй жижиг орон. Хоёр түншийн маань эдийн засгийн дэглэм нь  манайхтай харьцуулбал өөр. Төрийн өмчтэй компаниуд олонтой, тэд нь төрийн өмчит банкуудаараа дамжуулаад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авдаг. Ийм  учраас тэдний хувьд стратегийн ордууд дээрээ төр тодорхой  хэмжээний хяналт тавих нь буруу зүйл биш. Гол нь зөв удирдах хэрэгтэй.
Манай Тавантолгойн нүүрсний орд дээр өнөөдөр гурван компани үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж өрсөлдөөн бий. Гэхдээ Эрдэнэс Тавантолгойн хувьд яагаад нүүрсээ харьцангуй хямд үнээр урд хөршид нийлүүлээд байгаа вэ гэдэг учир шалтгааныг ойлгох хэрэгтэй. 2012 оны сонгуулийг угтаж хийсэн хатуу нөхцөлтэй гэрээний үр дагавар. Цаашдаа энэ алдаанаас сэргийлэхийн тулд л Монгол Улс төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Үүнд төрийнх ч бай, хувийн хэвшлийнх ч бай дотоодын компаниуд хоорондоо өрсөлдөхгүй нэг цонхоор гадаад зах зээлтэй харьцана.Бүтээгдэхүүнийхээ үнийг унагах нь буруу гэдгийг тодорхойлсон. Гэхдээ ямар ч бодлого,  хууль ухарч үйлчилдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Нэгэнт 2012 оны сонгуулийг угтаж, Чалькотой гэрээ хийсэн нь үнэн. Төлж дуусгах л ёстой. Гэрээний индекс нь өөрөө их түвэгтэй юм билээ.

-Яг өнөөдрийн байдлаар Чалькод хэдий хэмжээний өртэй байгаа юм бэ?
-Миний сонссоноор 110 сая ам.долларын өр бий. Үүнийгээ төлж дуусгаад тодорхой хугацааны дараа илүү сайжруулсан нөхцөлөөр гэрээ хийх боломжтой болно. Үүнийг уул уурхайн салбар болоод тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын буруу гэж хэлж болохгүй. Төрийн өмчит компанийг Хүний хөгжил сангийн тухай хуулиар удирдаж, тэр компанийн ТУЗ-д хэнийг томилох вэ, гүйцэтгэх захирлаар нь хэн ажиллах вэ, орлогыг нь яаж зарцуулах вэ гэдгийг тодорхойлж байсны уршиг. Орлогыг бүхэлд нь Хүний хөгжил санд төвлөрүүлж, тэр байтугай ирээдүйн орлогыг нь ч авдаг байсан. Өнөөдөр ашигт малтмалын үнэ өслөө ч бид гэрээ ёсоор нийлүүлэхээс аргагүй болсон. Энэ бол нэгэнт болсон үйл явдал учраас сургамж авч, алдаагаа давтахгүйн тулд энэ жил Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгой компаниуд маань хууль эрхзүйн нэлээн том шинэчлэл хийсэн. Цаашдаа энэ компаниуд Хүний хөгжл сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулахгүй ээ. Компани учраас Компанийн тухай хуулиар ашгийн төлөө ажиллана. Ер нь улс төрийн оролцоог бага байлгая гэдгээ шийдсэн. Өнөөдөр Тавантолгой дээр үүссэн нөхцөл байдлын буруутан нь Эрдэнэс Тавантолгойн гэж би үзэхгүй байгаа. Энэ бол тухайн үед гарсан улс төрийн шийдвэрийн нөлөө.

-Энэ өр хэзээ дуусах вэ. Гадаад зах зээлд коксжих нүүрс өнөөдөр 120 ам.доллар хүрч байхад бид өрөө төлчихвөл сайхан гэрээ хийнэ гээд итгээд суугаад байдаг. Үнийн өсөх буурах нь биднийг хүлээдэг үзэгдэл биш?
-Өр хэзээ дуусах нь үнээс л шалтгаална. Жишээ нь, энэ жил 10 сая тонн нүүрс олборлож, тонныг нь 30 ам.доллараар гаргалаа ч үүний тодорхой хувийг л өрөнд өгнө. Ер нь, үнээс, нүүрсний гарцаас шалтгаална. Экспортод хамгийн их саад болж байгаа зүйл бол  тээвэрлэлт. Гашуун сухайтын боомт дээр өнөөдөр 20-30 км үргэлжилсэн нүүрсний машины түгжээ үүсчихсэн байна. Энэ боомт бол орон нутгийн чанартай үйл ажиллагаа явуулдаг. Өдөрт цөөн цаг ажилладаг. Сард ажиллах өдөр нь цөөн. Хэрвээ олон улсын статустай Замын-Үүд шиг болчихвол 24 цагаар нүүрс гаргана. Элдэв хүнд суртал буурна. Манай Эрдэнэс Тавантолгой, Оюутолгойн хувьд тээврийн зардалд нийт өртгийнхөө бараг 50 хувийг зарцуулдаг. Яваандаа энэ боомт олон улсын болоод төмөр замтай болбол тээврийн зардлаа бууруулах боломжтой. Мөн эрчим хүчээ өөрсдийн эх үүсвэрээс хангах хэрэгтэй. Сая Оюутолгой дээр ярьж байна. Бүх зардлынхаа 30 гаруй хувийг Хятадаас цахилгаан авахад зарцуулж байна гэж.  Энэ бол бидэнд өөрсдөд маань хийх ажил байна гэдгийг илтгэх үзүүлэлт.

-Засаглалын хувьд зөв гольдролд хөгжиж чадахгүй байна гэж Эрдэнэс Тавантолгойг дүгнэсэн байсан санагдана?
-Хэдий уул уурхайн компани нөөцтэй ордтой байсан ч сайн засаглалтай байхгүй бол ашиг олохгүй. Цаашдаа Эрдэнэс Монгол бол улс төрөөс хараат бус, сайн засаглалтай, хүмүүс нь ур чадвартай компани байхын төлөө ажиллаж байгаа. Азийн хөгжлийн банкнаас 35 сая долларын техникийн туслалцааны зээл авч байгаа. Хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж эхэлсэн гээд хийж буй олон ажил бий.

Г.Батсүх: Оюутолгойн орлогын 40 хувь нь монголын банкуудаар дамждаг

Уул уурхайн салбарынхан чуулдаг “Дисковер Монголиа”-д   “шинэ хүн” цөөн байгаа нь илт мэдрэгдэж байлаа. Хайгуулын цөөн хэдэн компани, одоогоор шинээр олборлолт хийх эсэх нь тодорхойгүй байгаа төслүүд, төрийн өмчит газрууд, банкууд, салбарын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ удаагийн үзэсгэлэнгийн танхимд нь тухалжээ.  Харин хуралдааны танхимд аль хэдийнэ галт тэрэг нь хөдөлчихсөн томоохон төслүүдийн удирдлагууд  тайзнаа сууж, үйл ажиллагаагаа танилцуулж асуултанд хариулна.
Мэдээж тэднээс хамгийн ихээр сонирхол татах төсөл бол Оюутолгой. Далд уурхайн бүтээн байгуулалтад ирэх таван жилд сая гаруй тонн цемент ашиглана, эрчим хүчээ урд хөршөөс импортлоход жилд 200 гаруй сая ам.доллар зарцуулдаг гэх зэргээр энэ төслийн талаарх мэдээлэл сонсогдоно. Хурлын тайзнаа суусан “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхээс танхимд оролцогчид зарим асуултанд хариу хүссэнийг сонирхуулья.

-Оюутолгойн борлуулж байгаа бүтээгдэхүүний төлбөр Монголын банкаар дамжихгүй байгаа нь ямар учиртай юм бэ.
- Оюутолгойн экспортын орлого хаачдаг юм бэ. Монголд орж ирэх боломжгүй гэж үү хэмээн асууж байна. Хамгийн түрүүнд Оюутолгойн экспортын орлогын 40 гаруй хувь нь Монголын банкаар дамжин тооцоо хийгддэг. Үлдсэн нь олон улсын банкуудаар хийгддэг. Цаашдаа  Монгол улсын арилжааны банкуудын систем тогтвортой, итгэл найдвартай, олон улсын стандартад хүрсэн үйлчилгээтэй болбол экспортын орлогын хувь хэмжээ нэмэгдэнэ гэж үздэг. Нэгэнт олон улсын зах зээлд нийлүүлж байгаа, олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас олон улсын банк санхүүгийн байгууллагаар орлого нь ил явагддаг.
Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд Оюутолгой компанид банк санхүүгийн байгууллагуудтай холбоотойгоор эрсдэл үүсч байсныг хэлье. Учир нь үл ойлгогдох шалтгаанаар Оюутолгой компанийн дансуудыг манай банкууд хаасан удаатай.  Тэгэхээр манай лиценз эзэмшигчдийн хувьд Монголын банкны системд итгэх итгэлд нь эргэлзээтэй байдал үүссэн.  Нэгэнт алдсан итгэлийг олж авахад цаг хугацаа хэрэгтэй.

-Эрдэнэтийн ордыг ашиглахын тулд 100 мянган хүн амтай хот байгуулсан. Оюутолгой гэх Эрдэнэтээс хэд дахин том ордыг ашиглахад үүнээс ч том хот суурин газар байгуулж болдоггүй юм уу?
- Оюутолгойг түшиглээд хот байгуулах уу гэдэг байнга яригддаг асуудал. 2008 онд Ханбогд нь жижигхэн сум байсан бол өнөөдөр ямар болсныг та бүхэн очиж үзээрэй.  Цаашдаа Ханбогд сумын дэд бүтэц болоод тэнд амьдарч байгаа иргэдийн суурьшлыг сайжруулах талаар томоохон ажлууд хийнэ. Оюутолгой компани орон нутагтай байгуулсан гэрээний дагуу жил бүр 5 сая ам.долларын  бүтээн байгуулалтын ажил хийж байна. Ирэх аравдугаар сараас сумын цэвэр усны асуудлыг шийднэ.  Одоогийн Ханбогдын иргэдийн хэрэглэж байгаа ундны усанд хүний биед элдэв нөлөөтэй бодисууд илэрсэн. Усны ариутгал, түгээлтийн системийг сайжруулснаар 100 хувь унданд тохирсон ус хэрэглэж эхэлнэ.
Цахилгаан, эрчим хүч, замтай болсон.  Цэцэрлэг сургууль, амралтын хүрээлэн байгуулагдсан. Ханбогдод буй болсон энэ бааз сууриа ашиглаад органик байдлаар өргөжүүлж, зөвхөн тус сумын гэлтгүй ойр орчмын нутгийн иргэдийн суурин оршин суух хэрэгцээг хангана гэсэн бодлогоор ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Чалкогийн өр 2012 онд л 110 сая доллар гэж байсан яасан ахидаггүй юм бэ????2012 онд Чалкотой 70 $ -аар хийсэн гэрээг цуцлах талаар АН-аас сонгогдсон Эрдэнэбат гишүүн маш их хүчин чармайлт гаргаж өдөр бүр ИАН-ыг хараан зүхдэг байсныг санаж байна. ТВ-үүдэд бичлэг нь байгаа даа...???Ард түмэнд дахин нэг харуулж юу хийснийг нь сануулаад даравгар амыг нь таглах юмсан
Хамгийн их уншсан