Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ


Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг энэ сарын 11-нд 21 дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Сонгинохайрхан уулын бэл дэх Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд мөн хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

Улс төрийн хилс хэрэгт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэн гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, анхан шатны шүүхүүд өнөөг хүртэлх хугацаанд нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна. Одоогоор хууль хяналт, түүх архивын байгууллагуудын судалгаагаар шалгаж шийдвэрлээгүй улс төрийн 2375 хэрэг байгаа аж. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгожээ. Хуульд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ. Түүнчлэн төв, орон нутгийн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийн 14.328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан