Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1954 онд анх нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан

Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх архтектор, хот төлөвлөгч Г.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Барилгын салбарыг зураг төсөл, хот төлөвлөлтгүйгээр төсөөлөх аргагүй. Суурин соёл иргэншилд монголчууд шилжсэнээр Улаанбаатар хотын төлөвлөлтийн зураг төслийг хэдэн удаа хийсэн байдаг юм бэ?
-Энэ жил Монгол улсад орчин үеийн барилгын салбар үүсч хөгжсөний, барилгын зураг төслийн байгууллага үүссэний 90 жил гээд түүхэн ойн баярууд давхцаж байна. Ер нь  эхлээд төлөвлөнө, дараа нь төлөвлөгөөгөө дагаад хөгжил явна гэдэг. Тэгэхээр зураг төсөлчид барилга байгууламжийг хаана, ямар төрхтэй, яаж буух гэж байгааг өөрсдийн мэдлэг, чадвар, зөн билэг гээд бүгдийг дайчлан төсөөлж, төлөвлөөд түүнийгээ зурган болон бичиглэн материалаар төлөвлөдөг юм. Үүнийг манай барилгачид газар дээр нь бодит болгон хэрэгжүүлдэг. Энэ хоёр бол харилцан уялдаатай зайлшгүй хамт явах ёстой салбар. Тиймээс бид түүхээ сөхөөд үзвэл хэдий нүүдэлчин соёлтой ч барилга барьж, хот байгуулсан баялаг арвин түүхтэй. Энэ 90 жилийн ой нь орчин үеийн Монголын  барилгын зураг төслийн түүх.
Улаанбаатар хотын түүхээс үзвэл урьд нь нүүдэлчдийн эсгий хот гэж байсан бол 1954 онд нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг анх боловсруулснаар орчин үеийн инженерийн шугам сүлжээ бүхий барилга, байгууламж баригдаж эхэлсэн. Тэр цагаас Улаанбаатар нь нийслэлийг хөгжүүлэх таван ерөнхий төлөвлөгөөг дамжин хөгжсөөр өнөөгийн дүр төрхөө олсон. Эхний дөрвөн ерөнхий төлөвлөгөөг хуучнаар Зөвлөлтийн зураг төслийн байгууллагууд хийж байсан. Харин зах зээлд шилжсэнээс хойш, 1990-ээд оны сүүлээс эхлэн Монголын мэргэжилтнүүд өөрсдөө 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад 2001 онд Засгийн газраар батлуулсан.
Монгол Улсын зах зээлд шилжих үйл явц маш хурдацтай, эрчимтэй байгааг тооцон үзээд Нийслэлийн зураг төслийн хүрээлэн нь 2010-2013 онд зургаа дахь ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад УИХ-аар батлуулсан. Ингэснээр 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг гаргасан гэж болно.

-Та нийслэлийн төлөвлөлтийн цаашдын төлөвийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Ер нь, түүхт ойн баяр гэдэг нь урьд нь бид ямар байсан өнөөг хүртэл ямар ололт амжилтанд хүрсэн, ямар алдаа дутагдал гаргасан тухайд хэлэлцэн ярилцахаас гадна хамгийн гол нь цаашдаа юу хийх гэж байгаа тухай хэтийн төлөвөө ярилцах ёстой байдаг. Ингээд ярилцахаар Улаанбаатар хотын хөгжил гэдэг нь зөвхөн нийслэлийн засаг захиргааны асуудал бус Монгол Улс хөгжлийн аль түвшинд яваад байгаа нь харагддаг. Үүнийг хооронд нь сайн уялдуулах шаардлагатай. Жишээлэхэд, Улаанбаатар хотын захиргаа нь Барилга, хот байгуулалтын яамтай яаж өөрийн бодлого төлөвлөлтийг уялдуулах вэ? Цаашилбал, хот гэдэг нь бүх салбарыг хамарч байгаа тул дан ганц Барилга хот байгуулалтын яамаар хязгаарлалгүйгээр бүх яам, харьяа газрууд, агентлагуудтай 2030 он хүртэл хөгжих төлөвлөгөөгөө нийцүүлж, төлөвлөлтөө нэг болгоод хөрөнгө хүч зэргийг нэгтгэн төвлөрүүлэх шаардлагатай юм.
Ингэхээр ирээдүйд Улаанбаатар нүүдэлчдийнхээ өвийг хадгалсан мөртлөө орчин үеийн, дэлхийд өрсөлдөх чадвартай, дээр нь оршин суугчдынхаа ая тухтай байдлыг хангасан хот болгон хөгжүүлэх зорилгын дагуу бүгд нягт уялдаа холбоотой ажиллах шаардлагатай болоод байна. Өөрөөр хэлбэл, хуучин социализмын үед төлөвлөдөг нь улс, хөрөнгө гаргадаг нь улс, барьдаг нь улс байсан бол одоо хот байгуулалт, барилгын үйл ажиллагаанд улс, хувийн компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчид гээд маш олон тал оролцдог болсон.
Энэ бүх талууд өөрсдийн хүсэл зорилгоо нэгтгэж хамтарч ажиллаж байгаасай гэж би хүсдэг. Ингэж чадвал бид илүү хөрөнгө зарахгүй, илүү цаг хугацаа үрэхгүйгээр хүссэн төлөвлөгөөндөө хүрч чадах нь гарцаагүй.

-Танай хүрээлэн боловсон хүчнээ бэлтгэх талаар ямар бодлого баримталдаг вэ?
-Монголд барилгын инженерүүдийг 1960-аад оноос бэлтгэж эхэлсэн бол архитекторуудыг 1973 оноос бэлтгэжээ. Нэлээд олон жил болсон, олон үе солигдсон тодорхой туршлагатай болсон гэсэн үг. Гэтэл яг одоо миний яриад байгаа хот төлөвлөгч гэсэн мэргэжлийн хүмүүсийг дөнгөж бэлтгэж эхэлж байна. Тодруулбал, 2010 оноос л Улсын их сургууль дээр хот төлөвлөлт, бүс нутгийн анги гэж нээгдсэн. Мөн манай ШУТИС дээр архитектурын танхим дотроо сонгон суралцах түвшинд л сургаж эхлээд байна.

Тэгэхээр өмнө нь яг хот төлөвлөлт гэдэг чиглэлийн мэргэжилтнүүдийг бүгдийг нь гадаадад бэлтгэдэг байсан. Социализмын үед Зөвлөлт ба бүх социалист орнуудын сургуульд сургаж байлаа. Харин зах зээлд орсноос хойш өндөр хөгжилтэй бүх улсад сурч, мэргэжил эзэмшсэн хүмүүс ирж ажиллаж байна. Жишээлэхэд, манайд хүрээлэнд гэхэд л Турк, Хятад, Солонгос, Японд төгссөн залуус ажилладаг. Манай хүрээлэн хот төлөвлөлтийнх болохоор би зөвхөн хот төлөвлөлт гэдэг талаас нь яриад байна гэдгийг онцольё. Түүнээс биш барилгын инженер, архитектор гэвэл олон. Хотыг хөгжүүлэхийн тулд эхлээд төлөвлөөд, түүнийхээ дагуу барилгаа барих учиртай. Иймд хот төлөвлөлт зөв тохиолдолд л хөгжил сайн байна. Манайд шинэ барилга, байгууламж баригдсаны дараа яагаад энд ч болохгүй, тэнд болохгүй зүйл ажиглагдаад байдаг вэ гэвэл эхний ерөнхий төлөвлөгөөгөө мөрддөггүй учраас тэр.

Хот яаж хөгжих чиглэлийг гаргасны дараагаар дүүрэг яаж хөгжих ёстойг тодорхойлно. Тэгээд хороолол нь яаж хөгжих вэ гэх мэт төлөвлөлт нь тодорхой үе шаттай байх ёстой юм.

Гэтэл ингэж дээрээс нь явахын оронд эсрэгээр нь доороос нь эхлээд ганц нэг байшин яаж барих вэ, түүнд хүрэх зам яаж тавих вэ, дараа нь байншингаа яаж зарах вэ гээд л яваад байна.

Энэ цогцоор хөгжүүлэх төлөвлөлтийг хэн хийх ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Хувь хүн, хувийн компаниар хийлгэх үү? Тэгнэ гэвэл хувийн тэд ашгаа бодсон төлөвлөгөө гаргана.Тэгэхээр энэ салбарын мэргэжлийн төрийн байгууллага, яам, агентлаг зохицуулалт хийх ёстой байдаг.

Нэг ёсондоо сүүлийн жилүүдэд энэ зохицуулалтын ажил нэлээд хоцрогдсон тул энэ хоцрогдлыг арилгахад бүх яамд, агентлагууд бүгд хамтраад уялдаа холбоотой ажиллах ёстой болоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан