Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар татвар нэмэх саналаа татаагүй гэдгээ сануулав

Б.БИЛГҮҮН

Засгийн газар татварын бодлогоо татсан нь эдийн засгийн онолтой холбоогүй, энэ нь цэвэр “улс төрийн шийдвэр байсан” гэдгийг Хэрэг эрхлэх газраас нь мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, нийгмийн шахалтаар хийгдсэн улс төрийн алхам нь Засгийн газартаа бодлогын ухралт болж очсон хэрэг. Тэгвэл үүнийг өчигдөр Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ бататгалаа. Тэрээр татвар нэмэх саналаа татсан нь эрх баригч бүлгийн шийдвэр байснаас Засгийн газрын бодлого биш гэсэн юм. Энэ нь Засгийн газар бизнес эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр нийгэмд шуугиан тарихгүйгээр татварын бодлогоо дэмжүүлэх, татвар нэмэх асуудлыг дахин судлах боломж эрэлхийлж байна гэсэн үг.

Гэхдээ монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг зангиддаг байгууллага болох МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүд Засгийн газрын татвар нэмэх бодлогыг цаашид ч дэмжихгүй бөгөөд татварын бааз суурийг боловсронгуй болгох чиглэлд анхаарах ёстой гэсэн байр сууриа хамгаалж байна. Учир нь, өнгөрсөн жилүүдэд татварын шинэчлэлүүд багагүй хийгдэж, бааз суурь нь бэхжих боломж нээгдсэн гэж тэд үзэж байгаа юм.

Жишээ нь, 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар 10 хүрэхгүй их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил гарна гэж байсан ч 33 мянган аж ахуйн нэгжийн 34.2 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ, хөрөнгө ил болсон байдаг. Мөн 2016 оны эхнээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээр татварын бааз суурийг 23 дахин нэмэгдүүлсэн байдаг.

Энэ эерэг хандлагын талаар МҮХАҮТ-ынхан “Эдийн засаг зогсонги байдалд орчихсон, эргэлт байхгүй ийм үед татварын орлого ийм дүнтэй биелнэ гэдэг нь цаад утгаараа бид зах зээлийнхээ 60 хувиас авч чаддаггүй байсан татвараа шинэ системийн үр дүнд авдаг болоод байгааг харуулж байна. Ийнхүү орлого олж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн бүгд татвараа төлөх нөхцөлийг бүрдүүлэн, татварын бааз суурийг өргөжүүлснээр татварын хувь хэмжээг нэмэхгүйгээр, татварын орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн тэд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан 55 зүйл заалтыг танхимын үйл ажиллагаа, зорилго чиглэлтэй уялдаж байгаа гэдгийг онцолж, мөнгөний бодлого, макро эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах долоон зүйл 55 заалт бүхий саналаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүлээлгэн өглөө.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж УИХ-ын чуулга­наар батлуулахдаа салбар бүрийн саналыг тусгахыг хичээсэн. Цаашид аливаа нэг шийдвэр гаргахын өмнө тухайн салбартаа мэргэшсэн хүмүүс, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй ярилцаж байх болно. Бизнес эрхлэгчид, Засгийн газрын үйл ажиллагаа харилцан уялдаатай, эрх ашиг нь ч нэг шугамд байх ёстой. Иймээс ойрын үед хамтарсан ажлын хэсэг байгуулна” гэлээ.
Түүний мөрийн хөтөл­бөрийг үзвэл эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд бизнес эрхлэх таатай орчинг бий болгоход чиглэсэн байна.   
Жишээ нь,
• “Итгэлийн зээл”-ийг олгож, жижиг, дунд үйлд­вэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ.
• Эрх бүхий байгуул­лагуудаас үндэсний аж ахуйн нэгжүүдэд тавигдсан татварын актын хүү, торгууль, алданги, үндсэн татварын нөхөн төлбөр төлөх хугацааг сунгах, хаалгасан дансыг нь нээх зэргээр бизнес эрхлэгчдээ дэмжинэ.
•    Таваас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, байнгын ажлын байр шинээр бий болгосон хөнгөн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ.
• Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1.5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулна зэргээр амлажээ.

Харин уулзалтад ирсэн бизнес эрхлэгчид дараах байдлаар өөрсдийн саналыг хэлсэн юм.

“Номин холдинг” группын Ерөнхийлөгч Ш.Баярсайхан
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг бүх аж ахуйн нэгжид жигд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг уян хатан болгох шаардлагатай. Учир нь, шатлал гэсэн хэрнээ шатлал шиг байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, гурван тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300 сая төгрөг дээр гурван тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулдаг. Энэ шатлал биш хана. Хэрвээ, энэ шатлалыг уян хатан болгочихвол татвараас зайлсхийж охин компанитай болдог, татвараа нуудаг зүйлс байхгүй болно.

“Жүр үр” компанийн Удирдлага, хүний нөөцийн газрын захирал Б.Мөнхзул
Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж өгөөч. Өнөөдөр мөрдөгдөж буй хуулиар бол жилийн орлого нь 1.5 тэрбум хүртэл, ажилчдын тоо 49-өөс дээшгүй байж жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тооцогдож байгаа. Гэтэл манай компани хэдийгээр томд тооцогддоггүй ч энэ босгыг давсан учир жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэсэн ангилалд хамаардаггүй. Үүнээс болж ямар нэгэн төсөл, хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Үүнээс болж жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ямар нэг төсөл хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар хөрөнгө худалдаж авч байгаа бол түүнийхээ нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохгүй өртөгт нь оруулж тооцдог заалт орж ирсэн. Үүнээс болж хөрөнгийн чанартай бараа бүтээгдэхүүн худалдаалдаг компаниуд тохиролцооны үнэд шилжих хандлагатай байна. Түүнчлэн бид шинэ үйлдвэр байгуулах тухай яриад явдаг ч хөгжөөд явж байгаа, мөн итгэл даагаад явж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого дутагдалтай байна гэж хардаг.

“Хатан сүлжээ” компанийн захирал Б.Бадамханд
Эдийн засгийн хүндрэлийн хажуугаар банкны зээлээ төлж чадахгүй маш хүнд байгаа. Би 23 жил бизнес эрхэлж байгаа ч сүүлийн хэдэн жил үзээгүй зүйлээ одоо үзэж байна. Учир нь, арилжааны банк бидэнтэй хямралын бус гэрээ хийчихсэн. Энэ гэрээ нь эргээд хямралын үед биднийг зовлонд унагаж байна. Ганцхан бид гэлтгүй, томоохон бизнестэй нь гадаадын хөрөнгө оруулагчдад, дундуур бизнес эрхлэгчид нь арилжааны банкинд, бага орлоготой иргэд нь банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй байна. Зарим иргэд ломбарданд ээмэг, бөгжөө тавьчихсан. Хүү нь маш өндөр. Тиймээс бүх түвшинд Засгийн газрын бодлогоор нэгдсэн хүүтэй болох хэрэгтэй.
Манай компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байгаагаас саяхан, манай нэг ажилчин арилжааны банкнаас зээл аваад, эргэн төлөлтөө удаасан. Гэтэл банкны ажилчид зурагтыг нь аваад явчихсан байсан. Үүн шиг аж ахуй нэгжүүд байр сав, тоног төхөөрөмжөө хураалгах дээрээ тулж байна. Бид жилийн 30 хувийн хүүтэй зээл аваад, ийм их хямралын үед үйл ажиллагаа явуулж, ашиг олж, ажилчдаа цалинжуулахад маш хэцүү болоод байна. Мөн бид Монгол банкинд муу зээлдэгч гэсэн нэртэй болсон. Тиймээс хямрал дуустал найдваргүй зээлдэгч гэдэг нэрийг арилгах боломж байгаа эсэхийг асуумаар байна.

“Сүү” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар гурван тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300 сая төгрөг дээр гурван тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулдаг. Үүнээс болж  компаниуд охин компани байгуулж задраад байгаа. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулж, 25 хувийн татварын босго болох гурван тэрбумын орлогыг нэмэгдүүлэх боломж бий юу. Хэрэв энэ босгыг өндөрсгөвөл компаниуд задрахгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчийн гар дээр очиж байгаа бүтээгдэхүүний үнэд ч нааштайгаар нөлөөлөх хандлагатай байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан