Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар хэрхэн бүрэлдэх талаархи таавар эхэлчихлээ

Удахгүй МАН-ын Засгийн газар ажлаа өгч, АН-ын Засаг томилогдоно. Ерөнхийлөгчийн сонгууль айсуй тул шинэ Засгийн газраа хурдан бүрдүүлэх гэж бүх шатандаа яарч байна. Тэдэнд удаан дунших зав ч алга. Харин хэн Ерөнхий сайд болох вэ гэсэн таамаг эхэлж, хэдийнэ жиг жуг яриа гарчихаж. АН мэдээж 39-өөс дээш санал аваагүй учраас эвслийн Засгийн газар байгуулагдах нь тодорхой болчихлоо. Гэхдээ хэнтэй эвсэх вэ гэдэг сонин. АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, дээрээс нь бие даагчид гэсэн хувилбар гаргаж болох юм. Ингэвэл МАН жинхэнэ утгаараа цөөнх болон хувирах юм.
Хэрвээ дээрх хувилбараар эвсвэл МАХН-д “өргүүлсэн” Ч.Улаан Сангийн сайдаар, Д.Тэрбишдагва ХХААХҮ-ийн сайд, ИЗНН-ын дарга С.Оюун Гадаад хэргийн сайд гэх мэт хувилбар цуврах байх. Гэхдээ АН-ын С.Баярцогт Сангийн яамны суудлыг хэн нэгэнд өгөх дургүй л байх болов уу. Бие даагч С.Ганбаатар магадгүй БСШУЯ-нд томилогдож магадгүй юм. Өнгөрсөн жил ажил хаялт зохион байгуулснаасаа хойш багш, соёл урлагийн ажилтнуудын дунд нэр хүнд нь оргилдоо хүрээд байгаа шүү дээ. Энэ мэт олон хувилбар дэвшүүлж болох юм.   
Харин АН өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлснээ дуусганаа гээд МАН-тай эвсвэл яах бол. Энэ сонголт АН-ын ирээдүйг жаахан сүүдэртүүлэх аюултай. Гэхдээ бас огт орхиж болохгүй хувилбар шүү дээ. Хэрэв АН-ынхан МАН-тай нэгдвэл хуучин Засгийн газарт төдийлэн салхи орохгүй л болов уу. Өнгөрсөн дөрвөн жилд хийж байснаа үргэлжлүүлээд л...

Гэхдээ АН-аас хэн хэн нь сайдын суудалд томилогдох бол гэсэн зарим таамаглалыг эргэн харъя. Тэтгэврийн зөрүүг арилгая гэж олон жил зүтгэсэн, тэгээд ч өмнө нь Нийгмийн халамжийн газрын даргын албан тушаалыг хашиж явсан зэргээс нь үзвэл С.Эрдэнэ эргэлзэх юмгүй НХХ-ийн сайд. Хатагтай Т.Ганди тэгэхээр С.Эрдэнэд ажлаа хүлээлгэж өгөөд Унгар руу Элчин сайдаар явах юм болов уу. Магадгүй АН-ын генсек Д.Эрдэнэбат Шадар сайд болох биз. Ингээд ЗТБХБ-ын сайдаар Ш.Түвдэндорж яагаад байж болохгүй гэж. Цаашилбал, Эрүүл мэндийн сайдаар эрхэм С.Ламбаа, Батлан хамгаалахын сайдаар Л.Болд нар эргэн ирэх таамаг, бор шувууны жиргээ сонсдох. Улсын сан хөмрөг, төсвийн мөнгийг атгадаг Сангийн сайдын тушаалд С.Баярцогттой Р.Амаржаргал, Лу.Гантөмөр нар өрсөлдөхийг ч үгүйсгэхгүй. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн дундаас хамгийн нөлөөтэй нь гэгддэг АЭХ-ны ерөнхийлөгч Ц.Оюунгэрэл ч бас зайлшгүй сайдын суудалд залрах биз. Эзэмшсэн боловсролоороо хүлээн зөвшөөрөгдөж чадсан хүн болохоор БСШУЯ-нд очвол монголчууд баярлах байх шүү. Энэ бас л байж болох хувилбар. Энэ мэтээр олон янзын таамаг цааш хөвөрнө.

Хамгийн ихээр сонирхол татаж буй таавар мэдээж Ерөнхий сайдын суудлыг онилох нь тодорхой. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог гэсэн ойлголтыг үгүй хийж АН-аас З.Энхболд, Х.Баттулга нарын нэр яригдаж эхлэв. Гэвч АН-ын дарга Н.Алтанхуяг зүгээр суухгүй л болов уу. Тэр дотроо дараагийн нүүдлээ бодож суугаа байх. Ирэх дөрвөн жил Засаг толгойлох хүний нэр дээрх гурван хүнээр хязгаарлагдаж буйгаас харвал дэвшүүлсэн таамаг хол тэнэхгүй л      болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан