Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлчүүдийг витаминжүүлсэн “Намрын ногоон өдрүүд”


Б.МЯГМАРЖАВ


Жил бүрийн есдүгээр сард нийслэлд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн  худалдаа зохион байгуулдаг уламжлал тогтсон. Хавар, зунжин борви бохисхийлгүй ажилласан тариаланчид маань ч энэ үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцдог болжээ. 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдааг УИХ-ын дарга М.Энхболд нээж “Малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид маань нийслэлийнхээ иргэдэд хөдөлмөрийнхөө үр шимээр эх орныхоо хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоо борлуулж, иргэдээ экологийн  цэвэр хүнсээр хангаж байна. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа зөвхөн ногооны худалдаа  биш  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан  чуулдаг үйл ажиллагаа. Ингэхдээ шинэ сортыг иргэддээ таниулж, дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангахаар ажиллаж байгаад талархаж байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэх чухал шийдвэр гаргасан.  Экспортын татварыг тэглэсэн” гэдгийг онцолсон юм.

Харин Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн “Монгол орны малын тоо толгой нэмэгдэж  57,5 саяд хүрч, түүхэндээ анх удаа 19 сая гаруй төл мал хүлээн авсан гээд  газар тариалангийн салбарт ч  амжилттай үзүүлэлтүүд гарч байгааг дурдлаа.  Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд”-ийн онцлог нь  Хүнс  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, малын түүхий эдээр хийсэн бараа бүтээгдэхүүнийг нийслэлийн хэрэглэгчдэд шууд  худалдах зорилго тавьсныг дуулгав.

Харин тариаланчдын хувьд хавар, зунжин борви бохисхийлгүй ажилласан хөдөлмөр маань үнэгүйдэж байгаад харамсч буйгаа илэрхийлж байсан юм. Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариаланч Х.Алтанцэцэг “Энэ жил ногооны үнэ харьцангуй хямд байна. Өмнөх жилүүдэд үнэ нь буурсан ч килограмм нь 250 төгрөгт хүрч байгаагүй. Дээр нь иргэдийн худалдан авах чадвар сул байна. Арга ядахдаа бид өөрсдөө нийслэлд ирж борлуулж байна. Ер нь, тариаланчдад төмс хүнсний ногооны борлуулалт жил бүр л асуудал болсоор ирсэн. Ингээд үнэ нь буураад байвал ногоо тарих хүн ч цөөрөх байх. Орон нутгийн иргэд бидний хувьд ногоо тарих, мал аж ахуй эрхлэхээс өөр ажил олддоггүй. Залуучууд нь ажил хийхээс залхуурч хот бараадаж байна. Ногооны талбайд настай хүмүүс л ажиллаж байна” хэмээн ярьсан юм.

Энэ жилийн үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" уриан дор  зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд худалдаанд үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж, 14 аймгийн 13 сум, нийслэлийн таван  дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо оролцож байгаа аж. Тухайлбал, Үндэсний манлай үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү”, “Батбайгаль” зэрэг томоохон аж ахуйн нэгж арав дахь жилдээ оролцож байна. Харин орон нутгийн үйлдвэрлэгчид Ховдын ааруул, тарвас, Өмнөговийн ингэний сүүтэй зайрмаг,  Увсын чацаргана, Хөвсгөлийн цагаан загас, жимс зэрэг нутгийн брэнд болсон бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьжээ.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн  худалдаа “Мишээл экспо” төвөөс гадна нийслэлийн  зургаан дүүргийн 43 байршилд  хүнсний ногоо борлуулах 434 цэгийг сарын турш ажиллуулах юм байна.

Энэ үеэр зарим тариаланчидтай уулзаж ярилцсан юм.

О.Мөнхтуяа: Талбайн түрээсгүй учир харьцангуй хямдаар ногоогоо борлуулж байна

/Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин/

-Энэ жил ургац арвин хураав уу. Үзэсгэлэн худалдаанд хэдэн төрлийн ногоотой ирэв?
-Манайх таван га-д арав гаруй төрлийн хүнсний ногоо тарьдаг. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд бүх төрлийн ногоогоо авчирлаа. Энэ жил цаг агаар тогтуун сайхан байж бороо хур элбэг орсон болохоор арвин ургац авсан. Хураалтаа хийгээд эхэлсэн. Га-гаас 30-40 тонн ногоо авч байна. Өмнөх жилүүдэд га-гаас 25 орчим тонныг авдаг байлаа. Би 1982 оноос эхэлж ногоон тарьсан хүн. Ногоон талбай дээр ажиллаж эхлээд 34 жилийг үдэж байна.

-Ногоо тарьж байгаа иргэдэд тулгарч байгаа бэрхшээл нь борлуулалт болоод байна гэх юм. Таны хувьд ямар бэрхшээл байна?
-Өнөөдөр ногоочдод тулгарч байгаа хамгийн хүнд асуудал бол борлуулалт. Хавраас эхлэн  өнөөг хүртэл хөлс хөдөлмөрөө зориулж ургуулсан ногоо маань шуудай нь арван мянган төгрөг байна. Ингээд бодохоор төмс килограмм нь 250 төгрөг болоод байгаа юм. Дээр нь орон нутгаасаа тээвэрлэж ирэх тээврийн зардал гээд тооцохоор их хэмжээгээр л зөөхгүй бол ямар ч ашиггүй болдог.

-Борлуулалтын энэ асуудлыг шийдэхийн тулд ямар зохицуулалт хийх ёстой гэж харж байна вэ?
-Нийслэлд зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцоход  “Барс” зах дээр 250 төгрөгт өгч байснаас хамаагүй дээр байдаг. Манайх “Мишээл” экспо төвийн үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцдог. Харин зарим үзэсгэлэн худалдаа зохион байгуулагчид түрээсийн мөнгө авдаг. Иймээс ногооныхоо үнийг нэмэхээс өөр арга байдаггүй. Харин энд зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаа талбайн түрээс гэхгүй болохоор харьцангуй хямд үнээр борлуулагдаж байгаа.

-Төмс, хүнсний ногоо­ны үнэ одоо хямд бай­гаа ч өвөл нэмэгддэг. Тариа­ланчид зоориндоо хадгалах боломж алга уу?
-Манай сумын айлууд тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн зоорьтой байдаг. Тэндээ ногоогоо хадгалдаг. Намар хүүхдүүдийн хичээл сургууль орж мөнгөний шаардлага гардаг. Гэтэл ногоогоо зарж мөнгө олохоос өөр боломжгүй бидний хувьд борлуулах зайлшгүй шаардлага гардаг. Зарим нь хавар эрт ногоогоо тариагүйгээс, намар орой хурааж авах болдог. Ингээд ирэхээр цаг агаарын байдал цас, бороо гээд нөгөө зунжин хамгаалж ургуулсан ногоог сүйтгэх талтай. Мөн ургацын хэмжээ багасдаг.

П.Сэргэлэн: Өвөлжилтийн бэлтгэл 40 гаруй хувьтай байна

Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.  

-Ургац хураалтын ид үе эхэлж байна.  Ургац хураалт хэдэн хувьтай явж байна вэ?
-Ойрын өдрүүдэд орж байгаа түр зуурын борооноос болж ургац хураалт хүлээлтийн байдалд байна. Нэг хэсэг цаг агаар сайхан байсан. ТЭДС-гийн агуулахуудад одоогоор 370 мянган тонн будаа буусан. Энэ жил 480 гаруй мянган тонн буудай авах ёстой. 387 мянган тонн буудайгаа гурил үйлдвэрлэхэд зориулах юм. Хэрэв цаг агаар тогтуун сайхан байж, тариаланчид ургацаа цаг хугацаанд нь хураах юм бол 100 гаруй мянган тонн буудайны нөөц үлдэх төлөвлөгөөтэй байна. Тариаланчид одоо техник, технологийн хувьд бэлтгэлээ сайн хангасан. Харин борлуулалтын асуудал дээр Засгийн газраас анхаарч 64 тэрбум төгрөгийн  санхүүжилт шийдсэн. Ургац хураалт хадлан тэжээлийн бэлтгэлд зориулж 50 хувийн урьдчилгаатай шатахуун олгоод байгаа. Ургац хураалтын гол замуудыг засч дууссан. Одоо цас бороо багасвал ургацаа 15-20 хоногт багтаан хурааж авах бололцоотой гэж харж байгаа.

-Ургац хураалтын үед шатахуун чухал байдаг. Гэтэл орон нутагт шатахууны үнэ нэмэгдэх сөрөг тал бий. Одоогоор хэдэн компани шатахууны үнийн хөнгөлөлтөд хамрагдаад байгаа вэ?
-Хадлан бэлтгэж, тариа тарьж байгаа 960 гаруй аж ахуйн нэгж бий. Энэ аж ахуйн нэгжүүддээ жигд хүртээмжтэйгээр шатахуун хуваарилж байна. Хөнгөлөлттэй үнээр шатахуун олгож байгаа нь шатахууны үнэ хиймлээр нэмэгдэхээс тодорхой  хэмжээгээр хамгаалж байна.

-Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа бол?
-Хадлан тэжээлийн бэлтгэл 30 гаруй хувь, дарш, гар тэжээл бэлтгэх ажил 20 хувьтай явж байна. Энэ жил цаг агаар сайхан байсан учир тариалангийн бүс нутгуудад өвөлжилтийн бэлтгэл сайн хангагдаж байгаа. Гурав хоногийн өмнө 21 аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж хурал хийсэн. Эндээс өвөлжилтийн бэлтгэл ажил 40 гаруй хувьтай байна гэсэн дүн гарсан. Хөрөнгө санхүүгийн хүндрэлээс үүдсэн бага зэрэг асуудал бий. Үүнийг шийдэж өгнө.

-Тухайлбал ямар асуудал байна вэ?
-Засаг даргын нөөц хөрөнгө дууссан учир мөнгө хөрөнгө гаргаж өвс тэжээлээ бэлтгэхэд хүндрэлтэй байгаа гэсэн. Яамны зүгээс тариланчдаас ирсэн дөрвөн хүсэлтийг шийдсэн. Үүнд, Хөгжлийн банкнаас тариалан эрхлэлтийг тогтворжуулах чиглэлээр зээл олгохоо зогсоосон. Үүнийг шийдэж өгсөн. Мөн ургац хураалт дууссаны дараа буудайнд зориулж 64 тэрбум төгрөгийг шийднэ.

-Малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байна гэсэн шүүмжлэл явж байна. Хонины нэхий ширхэг нь 200-500 төгрөгт хүрсэн. Үүнд салбарын яамны зүгээс авах арга хэмжээ байна уу?
-Хамгийн эхний алхам бол 2013 онд гаргасан Засгийн газрын 330 дугаар тогтоолыг түр түтгэлзүүлсэн. Энэ хугацаанд хонины нэхийг түүхийгээр нь экспортлох боломж олгож өгсөн.  Үүний үр дүнд малын гаралтай түүхий эд тодорхой хэмжээнд үнэд хүрэх байх. Мөнг ченж буюу дундын худалдан авалт, борлуулалтыг зогсоохын тулд бид олон ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь өнөөдөр /өчигдөр/ зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаа. Махны хувьд эдийн засгийн хямралтай холбоотой. Мөн тээврийн асуудал байгаа. Үүнийг яам анхааралдаа авна. Бид ажлаа аваад дөнгөж сар болж байгаа учраас эхнээс нь төлөвлөөд ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан