Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэсийн үнэ буурч алтных нэмэгдэв


Т.ЭРДМАА

Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур уул уурхай хэвээр байна. Ирэх 20 жилд энэ байдал ч өөрчлөгдөхгүй гэж эдийн засагчид хэлдэг. Нийт экспортын 85 хувийг өнөөдөр уул уурхайн салбарынхан бүрдүүлж буй юм. Гэхдээ жилээс жилд экспортын орлого буурсаар байгаа нь эдийн засагт нөлөөлсөн. Өнгөрсөн онд манай улсын экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого нь 1.1 сая ам.доллараар буурсан. Үүнд хоёр шалтгаан бий. Эхнийх нь дэлхийн зах зээл дээр зэс, алт, төмрийн хүдрийн үнийн уналт үргэлжилж байна. Хоёрдугаарт уурхайнуудын үйлдвэрлэлийн зардал өндөр. Ингээд экспортын гол түүхий эдийн үнэ ханш, зах зээлийн байдлын талаар дор өгүүлье.

Лондонгийн металын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ энэ долоо хоногт 4550 ам.доллар байна. Энэ нь сүүлийн гурван сарын хамгийн доод үнэ. Үүнийг судлаачид дэлхийд голлох эдийн засагтай улс орнуудын үзүүлэлт тааруу байгаатай холбон тайлбарладаг. Мөн зэсийн үйлдвэрлэл их, эрэлт буурсан нь үнэ унахад нөлөөлжээ. Тухайлбал, түүхий эдийн үнэ ханшийн хөдөлгөөнд үнэлэлт дүгнэлт өгдөг томоохон банкуудын нэг “Goldman Sachs” оны сүүлчээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 4000 ам.доллар болж, буурах төлөв гаргасан. Тэгэхдээ дэлхийн зэсийн хэрэглээний 60 хувийг хангадаг Индонезийн “Грасберг”,  Чилийн “Эскондида” зэрэг 20 том уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд үндэслэн дээрх таамаглалыг гаргажээ. Учир нь, тэдний үйлдвэрлэл ирэх гурван сард 15 хувиар өсөх төлөв бий аж. 

Манай улс өнгөрсөн онд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолсон. Энэ жил ч хэмжээгээ бууруулаагүй. Харин ч “Эрдэнэт” үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлсэн.Үүнээс гадна “Оюутолгой”-н баяжуулах үйлдвэр хэвийн ажиллаж буй. Тус  ордын  гүний уурхай бүрэн ашиглалтад орвол зэсийн баяжмал үйлдвэрлэл хоёр дахин өсөх тооцоо байдаг. “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж буй бөгөөд таван жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдгийг “Оюутолгой” компаниас мэдэгдсэн.

Энэ оны хоёрдугаар улиралд 435 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Хямрал нүүрлээд буй сүүлчийн гурван жилд “Эрдэнэт” үйлдвэр зардлаа бууруулах бүхий л талын арга хэмжээ авч буй. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн зардлаа 30 гаруй хувиар бууруулжээ. Ингэснээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 6000-4000 ам.доллар болж буурахад ашигтай ажиллах боломжтой болсон гэдэг. Гэвч үнэ буурах тусам манай улсад орох орлого багасах нь тодорхой. “Эрдэнэт” үйлдвэрийн агуулга багатай хүдрийг ашиглаж цэвэр зэс ялган авч буй хоёр үйлдвэр бий. Гурав дахь нь шинэ оны өмнө ашиглалтад орох төлөвтэй. “Эрдмин” үйлдвэр жилд 2000 тонн цэвэр зэс ялган авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэвч тус үйлдвэрийн цахилгааны залгуур, зэс утас зэрэг бүтээгдэхүүн нь дотоодын хэрэгцээг бүрэн хангадаггүй. “Ачит Ихт” компанийн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадал нь жилд 10 мянган тонн юм. 

Нэг тонн төмрийн хүдрийн үнэ өчигдрийн байдлаар 390 ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1.3 хувиар буурсан үзүүлэлт. Дэлхийн ган үйлдвэрлэл 0.4 хувиар өсөх тооцоог судлаачид хийгээд байна. Хятад Улс дэлхийд ган үйлдвэрлэл, хэрэглээгээр тэргүүлдэг. Тус улсыг үйлдвэрлэлээ бууруулж эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хадгалахыг АНУ, Япон зэрэг ган үйлдвэрлэгч орон хүссэн гэдэг. Иймд тус улс гангийн үйлдвэрлэлээ бууруулах арга хэмжээ авах байх гэсэн. Тэгвэл ган үйлдвэрлэгч томоохон компаниуд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх байр суурьтай байна. Учир нь Энэтхэгийн гангийн хэрэглээ өссөөр байна. Үүнээс гадна Зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнууд ирэх жилээс гангийн гол хэрэглэгч болох төлөвтэй. Тэгэхээр төмрийн хүдэр, коксжих нүүрс, зэсийн үнэ тогтворжиж нэмэгдэх чиглэлд заах төсөөлөл ч бий.  Эндээс төмрийн хүдрийн үнэ өснө гэсэн хүлээлт байгаа юм. Манай улс өнгөрсөн онд таван сая тонн төмрийн хүдэр экспортолжээ.
Алтны хувьд хямралын шуурганд хамгийн бага өртсөн. Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа үед уг металыг хөрөнгө оруулагчид илүүд үздэг. Мөн улс орнуудын төв банк алт худалдан авах ажлаа ч эрчимжүүлсэн. Лондонгийн металын бирж дээр нэг унци алтны үнэ өчигдрийн байдлаар 1319 ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 25 хувиар нэмэгдсэнийг илтгэнэ. Монголбанк өнгөрсөн онд 14 тонн алт худалдан авсан. Харин энэ жил 15 тонн болох хүлээлт бий. Манай улсын хувьд цаашдаа алт олборлолт нэмэгдэх төлөвтэй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн саяхан болж өнгөрсөн “Дисковер Монголиа” хурал дээр “Гацууртын ордыг ашиглаж эхлэнэ. Энэ талаар судалгаа яриа хэлцэл хийж байгаа. Баяжуулах үйлдвэрээ богино хугацаанд барьж, 2018 он гэхэд ажиллаж эхлэх учиртай” хэмээн мэдэгдсэн.

Ашигт малтмалын үнийн уналт нь манай улсын экспортын орлогод шууд нөлөөлөөд зогсохгүй гадаад зах зээлд гаргасан Засгийн газрын бондуудад ч сөргөөр нөлөөлсөн гэж Монголбанкны энэ оны хоёрдугаар улирлын тоймд дурдсан байсан юм.  Уг тоймоос харвал Засгийн газрын таван жилийн хугацаатай бондын үнэ 7.4, арван жилийн хугацаатай гаргасан бондын үнэ 16.2 хувиар тус тус унажээ. Харин өнгөрсөн наймдугаар сард дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөх хандлага ажиглагдсан тул дээрх бондын үнэ бага зэрэг өссөн. Тухайлбал, таван жилийн хугацаатай бондынх 3.9, арван жилийн хугацаатай бондынх 6.3 хувиар тус тус нэмэгдсэн байна. Тэгэхээр түүхий эдийн зах зээл дээр болж буй үнийн шуурга манай эдийн засагт шууд нөлөөлдөг болсныг энэ бүгд тод харуулж буй юм. 

Судлаачдын ихэнх нь түүхий эд үнийн доод цэгтээ хүрээд сэргэх төлөв орлоо гэсэн. Гэвч энэ удаагийн эдийн засгийн хямрал дэлхийн түүхий эдийн зах зээлийг тэгнэ, ингэнэ гэж төсөөлөхөд тун бэрх нөхцөл байдал үүсгэж байгааг дурдсан юм. Манай экспортын бүтээгдэхүүний гол худалдан авагч бол Хятад. Тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд төдийлөн сайнгүй байв. Харин өнгөрсөн сард тус улсын эдийн засагт сэргэлт ажиглагдсаныг шинжээчид хэллээ. Хятадын эдийн засагт аж үйлдвэрийн гарц голлох үзүүлэлт болдог аж. Тэгвэл аж үйлдвэрийн гарц өнгөрсөн оныхоос 6.3 хувиар өссөн дүн гарчээ. Үүнийг нь задлаад харвал ган болон эрчим хүчний салбар нь өндөр өсөлт үзүүлэв. Иймд Хятадын эдийн засгийн өсөлт сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ хэмээн шинжээчид үзэж байна.  Энэ бүгдээс үзвэл манай улсын түүхий эдийн экспортын орлого нэмэгдэх боломж байгаа юм. Түүхий эдийн үнийн сэргэлт түр зуурынх бус байгаасай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан