Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаа хаанаа сүржигнэх ч, эмзэглэх ч шаардлагагүй


Н.БАТ


Цаг үеийн асуудлаар МоАХ-ны Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Эрдэнэцогттой ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд МоАХ цахим хуудсаараа АН-ын хаалттай хуралдааны бичлэг цацсан гэсэн шуугиан тарж байна?
-МоАХ динамик вэб хуудастай л даа. Гэхдээ тэр бичлэгийг МоАХ-ны Удирдах Зөвлөл ч, Хэрэг Эрхлэх Газар ч өөрийн цахим хуудсандаа албан ёсоор тавиагүй. Дотроосоо алдсан, бас тодорхой зорилгоор цацсан зүйлийн төлөө МоАХ хариуцлага хүлээхгүй, бид тавиагүй гээд сүржигнэж хөөцөлдөхгүй. Цахим орчин дахь мэдээллийн эх сурвалж, хурд, түгээх технологи хязгааргүй шүү дээ. Энэ бол МоАХ-ны манлайлсан ардчилсан хувьсгалын гол ололтын нэг.
Энэ ололт мөн чанараараа ёс зүйтэй нийгмийн эрүүл сэтгэлгээг төлөвшүүлэх бодитой хүчин зүйл болж чадах ёстой. Монгол улсын Засгийн газрын 2013 оны 1 сарын 5-ны IP хаяг мэтийг тойрсон тогтоолоос илүүтэй цахим орчны өнөө, ирээдүйг бүхэлд нь үндэсний аюулгүй байдлын үүднээс дүгнэх цаг болсон.

-Бичлэгийг албан ёсоор цацаагүй ч Ардчилсан намын хувь заяа МоАХ-той холбоогүй гэж үү?
-МоАХ-ны Анхдугаар Их хурлаас батласан дүрэмд “МоАХ-ны гишүүнчлэл МоАН-д давхар үйлчилнэ” гэсэн утгатай заалт байдаг. Энэ утгаараа ч, мөн Их хурлын индрээс МоАН-ыг тунхагласныхаа хувьд ч, АН-ыг 2000 онд эвцэлдүүлсэн томоохон нэгдлийнхээ хувьд ч МоАХ-ны гишүүд төрүүлж бойжуулсан үрийнхээ хувь заяанд санаа зовох хэнээс ч асуухгүй эрх, үүрэгтэй.
АН-ыг зөвхөн нам гэдэг ойлголтоор биш тусгаар тогтнол,  нийгэм улс төр, эдийн засаг, экологи, соёл иргэншил гээд үндэсний язгуур ашиг сонирхлын баталгаа гэдэг үүднээс өргөн цараар харах ёстой. Нэг хэсэг нь шинэчлэгдэхгүй гээд тоормос татаад нөгөө хэсэг нь шинэчлэхээр бужигнаж тэмцэлдээд байгаа ч юм шиг дүр төрх бол үнэндээ түр зуурынх. АН үзэл баримтлалдаа тууш­тай, хариуцлагатай, цэвэр агаартай байсан бол ийм болхи төвшинд хүрээч үү. МоАХ-ны үе үеийн байр суурь АН-ыг нээлттэй, бодит эв нэгдэлтэй, зоригтой байхыг шаардаж ирсэн. Ийм үнэнийг хэлэхээр л МоАХ-г, гишүүдийг, удирдагчийг нь “эв нэгдэл бусниуллаа, хагаллаа” гээд шат шатанд шахах, гутаах, хууль хүчний байгууллагаар дарамтлуулах гаж барил сүүлийн үед идэвхжсэн. Эв нэгдэл гэдэг хоосон тунхаглалаар бус үнэнээр баталгааждаг эд. АН гишүүдээсээ, үүрээсээ гээд дээш эрүүлжих ёстой.
Яагаад жирийн гишүүдээс эхлэх гэж. Бичлэгээр л жишээлээд үзье. Үүнд эмзэглэх хэрэггүй, харалган удирдагчдын нүүр царай илчлэгдлээ. Сонгогчдын бодит саналыг баталгаажуулдаг тогтолцооноос ухарсан шийдвэрийг яаран сандран хуульчилж, АН-ыг ялагдуулсан өнөөх л богино зайны улстөрч Ш.Түвдэндорж, “боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь Монголын ирээдүйг хорлосон хэрэг” гэж намжирддаг Ц.Оюунгэрэл мэтийн үл бүтэх мөлжүүргүй этгээдүүдийг жирийн гишүүд харалганаар өөгшүүлээд л, дээш залаад л байдаг. Тэд нь залагдангуут хаалга хаачихдаг, хаалттай хаалганы цаана санаснаараа самарч эхэлдэг.

-Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэ­жигтнээр татсан үед МоАХ яагаад дуугарахгүй байна?
-МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагч алагдсан өдрөөс хойш л МоАХ аймшигт хэргийг улс төржилгүй илрүүлэхийн төлөө ямагт зогссон, байр сууриа ч олонтаа илэрхийлсээр ирсэн. Гэтэл МАН хэн ч харамсмаар энэ хэргийг байнга хөзөр болгон ашиглаж, тоймгүй гүжирдсэн гүтгэсэн, хуурсан, мөр балласан, гэм зэмгүй олон аавын хүү охины цус, нулимс, бүр амь насаар нь тоглож ирсэн. Уг нь ой санамжтай ард түмэн, төр засаг байсан бол “хурандаа” нь “харандаа” болсон Мөрөнгөөс өгсүүлээд МАН-ыг хуугаар нь хуулийн хариуцлагад татах ёстой шүү дээ. Ийм тохиолдолд Э.Бат-Үүлийг ч бай жирийн иргэнийг ч бай МоАХ-ны мэдэгдэл гэж цаастай цаасгүй, хэвлэлийн бага хуралтай хуралгүй хуулийн хүрээнд хамгаалдагаа хамгаална.

-МоАХ-ны удирдагчдын нэг, Ардчилсан Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж үнэхээр хонгилын эзэн мөн эсэхэд нийгэм ялангуяа ардчи­лагчид гайхах боллоо?
-Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдохоор л Ардчилсан Ерөнхийлөгч болчихгүй. Хувь хүн цаг хугацааны эрхээр зүс царай, биеийн жин, эрүүл мэнд, эд хөрөнгө, эрдэм туршлага гээд өөрчлөлт гардаг л даа. Энэ үүднээс нь биш, арга барилаар нь, ёс суртахуунаар нь дүгнээд үнэн царайг нь илчлэхэд Эби маань 1990 оны Элбэгдорж биш болж өөрчлөгдсөн шүү гэдгийг журмын нөхөддөө хэлмээр байна. Хувь заяатайгаа эвлэрэхгүй тачаалдаад яваа урт шар дээлт гуравдагчаас ч, хаан мэтээр өөрийгөө төсөөлөн нөхдөө хорлож буй богино хүзүүт дөрөвдөгчөөс ч Монголын нийгэм жийрхэх нь өлзийтэй биз ээ.

0 Сэтгэгдэл
Яг л оноод хэлчихсэн байна ш дээ. Нам гэж мам болсныг, Урт шар дээлт 3-дагчаас ч, Богино хүзүүт 4-дөгчөөс ч жиирхэх хэрэгтэй гэж. Ер нь дарга, төр, засаг болж олон жил тоглосон 2 намын луйварчдаас, ардчилалын өвгөчүүдээс салах цаг нь болсон. үүнийг Залуус л нам байгуулж хийж чадна гэж бодож байна.
Хамгийн их уншсан