Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Морин хуурын чуулгынхан А зэрэглэлийн тэмцээнд оролцоно


Морин хуурын чуулгын уран бүтээлчид хамгийн сүүлд “Шөнийн сүм музей”-д зочилж, хорвоогийн хамаг аялгууг хоёрхон чавхдаст багтаан эгшиглүүлсэн билээ. Харин энэ сарын 22-нд тус чуулгынхан БНСУ-ын Гуанжү хотын үндэсний найрал хөгжмийн оркестртой хамтарсан тоглолт хийх гэж байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Морин хуурын чуулга БНСУ-ын Гуанжү хотод хамтарсан тоглолтоо хийж байсан бол энэ жил манай оронд концертоо толилуулах гэж буй нь энэ ажээ.
Хамтарсан тоглолтын дараагаар Морин хуурын чуулгын уран бүтээлчдийг олон улсын мэргэжлийн хөгжимчдийн “А” зэрэглэлийн фестиваль хүлээж байна. Ирэх сарын 6-11-нд Макаод болох фестивальд оролцох бэлтгэлээ эртнээс базааж байгааг уран бүтээлчид дуулгасан юм. Тус фестивалийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд Морин хуурын чуулга анх удаа уг фестивальд оролцох гэж байна. Энэ фестивальд Берлиний утсан хөгжмийн дөрвөл, Гергиев, Марийнский театрын симфони оркестр зэрэг дэлхийд алдартай уран бүтээлчид оролцсоор иржээ. Морин хуурын чуулга тус фестивальд бүтэн концертын хөтөлбөртэйгээр оролцохдоо үндэсний сор болсон монгол уран бүтээлүүдээсээ толилуулах гэнэ. Үүнд, Төрийн шагналт З.Хангалын морин хуурын концерт, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Бурхан халдуны дуулал” хэмээх хөөмийн уран бүтээл, “Жингийн цуваа”, “Алтайн магтаал”, ятгын тавал, дөрвөл зэрэг сор зохиолуудыг дээжлэн хүргэхээс гадна уртын дуучин Б.Мөнхбаатар, хөөмийч Н.Ашид ая эгшгээ өргөх юм байна. Сонирхуулахад, Монгол Улсын өргөмжлөлт консул Сато Норикогийн урилгаар тус чуулгынхан арваннэгдүгээр сар хүртэл Япон улсад тоглолт хийх урилга хүлээн авчээ. Морин хуурын чуулгын уран бүтээлчид маань хэдийгээр гадаадын орнуудаар аялан тоглолт хийх, тэмцээн уралдаанд оролцох завсаргүй хуваарьтай ч  төлөвлөгөөт тоглолтоо хуваарийн дагуу толилуулсаар байна гэсэн шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан