Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэд тэгш боломжийг хүсч байна


Л.НОМИН


2016 оны УИХ-ын сонгуульд урьд хожид байгаагүй олон эмэгтэй нэр дэвшин өрсөлдсөн. 498 хүн нэр дэвшсэнээс 129 нь эмэгтэй. Тэднээс зургааг нь сонгуульд нэр дэвших, кампанит ажил өрнүүлж өрсөлдөх явцад баримтат кино бүтээжээ. Ардчил­сан намын гишүүн Ц.Оюу­н­гэрэл, Монгол Ардын намын гишүүн Б.Саранчимэг, Мон­гол Ардын хувьсгалт на­мын гишүүн Л.Сэлэнгэ, Иргэ­ний зориг, ногоон намын гишүүн Д.Бадамханд, бие даан нэр дэвшигч М.Нарантуяа, Хөдөл­­­­­­­­­мөрийн үндэсний намын гишүүн Б.Мөнхсоёл нар гол дүр байлаа.
Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Канад улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Тэгш боломж” баримтат киног бүтээсэн нь энэ. Улс төр гэлтгүй нийгмийн бүхий л салбарт эрэгтэй, эмэгтэй гэхгүй тэгш оролцоотой байх нь чухал. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд хамгийн тэгш бус байдаг эмэгтэйчүүдийн оролцоог уг баримтат үйл явдал тов тодорхой өгүүлжээ. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөс эхлээд нэр дэвших, өрсөлдөх, санал хураалт болох шат бүрт эмэгтэйчүүдэд ямар саад бэрхшээл учирч, түүнийг хэрхэн даван туулж, дараа нь ямар сургамжтай үлдсэнээ тэд ярьж байлаа. Зөвхөн зургаан эмэгтэйн кампанит ажлыг харуулсан боловч тэдний туулах олон саад бэрхшээл 129 нэр дэвшигчээс яагаад 13 нь л сонгогчдын олонхийн санал авч парламентад 26 хувийн төлөөлөл болсноор тайлбарлагдана.
Баримтат киноны нээлтийн үеэр гол дүр болох Ц.Оюунгэрэл, Л.Сэлэнгэ, Б.Мөнхсоёл, Д.Бадамханд нар хүрэлцэн ирж эмэгтэйчүүдтэй өнгөрсөн сонгуулийн туршлагаасаа хуваалцаж, асуултад хариулсан юм.

-Сонгуульд өрсөлдөхөд хэч­нээн төгрөгийн зардал гарсан бэ?
Ц.Оюунгэрэл: Нэлээн хүнд тойрогт нэр дэвшсэн. Өөрсдийн гарах магадлал өндөр сумдаа сонгож тойрог хуваарилсан. Тэгтэл өрсөлдөгч намын рейтинг 90 хувь, сонгогдох магадлал өндөртэй нэр дэвшигчтэй нэг тойрогт би таарсан. Сонгуулийн сурталчилгааны 17 хоног дэндүү богино, ажлаа амжуулахад хүнд байсан. Хэрэв сурталчилгааны хугацаа 20 хоног байсан бол магадгүй 50 хувийн санал авах байсан болов уу гэж боддог. Миний нэр дэвшсэн тойрогт зарцуулах дээд хэмжээг 142 сая төгрөг гэж  тогтоосон. Сонгуулийн хандивын ихэнхийг Улаанбаатараас босгосон. Хөвсгөлөөс хандив авах гэхээр санал унах гээд эрсдэл маш их байсан. Ер нь, бүх хүнээс өөрөө утасдаж хандив аваад сүүлдээ ярих ч хүнгүй болсон.

Б.Мөнхсоёл: Хуу­лийн дагуу өрсөлдөж, санхүү­жилтийн тай­лангаа хугацаанд нь өгсөн. Суртал­чилгааны мате­риалаа тарааж, самбар зэргээ байршуулж ажилласан. Ер нь зардал өндөр байдаг. Иргэдийн сонгуулийн зардлын талаархи мэдлэг сул юм билээ. Зардлынхаа тодорхой хэмжээг хандиваар бүр­дүүлсэн. Улс төрд олон жил явсан ахимаг насны зарим хүнээс болоод хандивын талаар маш буруу ойлголт суусан харагдсан. Улс төрд орохын тулд яагаад заавал хандив өгөх ёстой юм бэ гэх байдлаар хандаж байсан. Хандив бол маш бага өгсөн.

Л.Сэлэнгэ: Санхүү мэдээж чухал ч хандив авах гэхээр эргээд барьцаанд орчих вий гэсэн болгоомжлол байсан. Тиймээс хамаатан садан, ойр дотныхноосоо л хандив авсан. Хамгийн их мөнгө зарцуулдаг нь ухуулагч нар байдаг юм байна. Гэтэл олон улсын жишиг, судалгаанаас харахад ухуулагч нарын авч ирдэг санал ердөө 1 хувь байдаг. Тэгэхээр манай сонгуулийн кампанит ажил буруу яваад байна гэсэн үг. Үүнийг хуульдаа тусгаж өөрчилж өгмөөр юм билээ. Хамгийн чухал нь өөрийгөө таниулах, олон нийтэд хүргэхийн тулд их ажиллах ёстой юм байна. Сонгуулийн дараа зарцуулсан мөнгөө тооцож үзээд маш их харамссан.

Д.Бадамханд: Сэтгүүлч, иргэний нийгмийн байгуул­лагад ажилласан, хэд хэдэн дууны шүлэг бичсэн гээд би өөрийгөө тодорхой хэмжээнд танигдсан гэж бодсон. Гэтэл тийм биш байсан. Би нийгэмд өрөвдүүлэх гэж нэр дэвшээгүй. Жирийн хүмүүстэй адил гэж бодож нэр дэвшихээр болсон. Хамгийн чухал нь нийгэмд маш сайн танигдсан байж өрсөлдөх хэрэгтэйг ойлгосон.

-Дараагийн УИХ-ын сон­гуульд нэр дэвшин өрсөлдөх үү?
Л.Сэлэнгэ: Судалгаа харахад улс төрийн намуудад ялангуяа МАН, АН-д иргэд дургүй байгаа нь харагдсан. Гэтэл бодит байдал дээр сонгуулийн дараа маш их савласан байсан шүү дээ. Миний хувьд ураныг булшлахын эсрэг тэмцдэг. Иргэдийн 98 хувь нь миний энэ байр суурийг дэмждэг. Тэгэ­хээр нэр дэвшигчид өөрсдийн хөн­дөж ярьдаг, тэмцдэг сэдэвтэй байх хэрэгтэй. Санал хураалтын дүнг гараар тоолдог болсны дараа сон­гуульд өрсөлдөх ёстой гэж ойлгож байгаа.

Ц.Оюунгэрэл: Эмэгтэйчүүд стратегийн байр сууриа эзэлж чадахгүй, түүнийгээ алдаж болохгүй гэж ойлгож авсан. 2015 оны сүүлчээр би номоо бичнэ, сонгуульд өрсөлдөхгүй гээд жиргэчихсэн. Гэтэл 3-4 сарын дараа миний сонгогдсон Хан-Уул дүүргийн бүх тойргийг аль хэдийнэ эрчүүд хуваагаад авчихсан надад орон зай байгаагүй. Тойрог жижиг болоход намайг аль нэг аймагт хуваарилчих гэсэн. Энэ бол маш том алдаа болсон гэж боддог. Стратегийн байр сууриа алдсан учраас хамгийн хэцүү тойрогт таарсан. Тиймээс хэзээ ч битгийн энэ байр сууриа алдаж, өрсөлдөхгүй гэж зарла. Тэгэхээр би дараагийн сонгуулиар өрсөлдөнө, хүссэн тойргоо авч нэр дэвшинэ.

Б.Мөнхсоёл: Сонгуулийн өмнө ХҮН намыг бүртгэж аваагүй ч гэсэн бие даан нэр дэвшин өрсөлдсөн. Хамгийн чухал нь багаа маш сайн бүрдүүлэх ёстой гээд маш ихийг ойлгож авсан болохоор дараагийн сонгуулиар нэр дэвшинэ.
Д.Бадамханд: Өрсөлдөнө. Хөгж­лийн бэрхшээлтэй иргэ­дийн өмнөөс нэрийг нь барьж маш их төсөл, хөтөлбөр авдаг яв­­дал бий. Тийм уч­раас би хөгжлийн бэрхшээлтэй иргэ­­дийнхээ дуу хоолой болж ажиллах болно.

-Сонгогчдын боловсролд юу хийж, өөрчлөх ёстой вэ?
Д.Бадамханд: Сонгуу­лийн хуу­лийг маш олон сонгогч ойлгоогүй. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид ч ойлгоогүй нь их анзаарагдсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар ч сонгогчид ойлголт муу байгаа болохоор Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага өгсөн. 2012 оны сонгуулиар баррель үсгээр мэдээлэл өгч байсан бол сая тэр нь байсангүй. Хараа­ны бэрхшээлтэй иргэ­дийн асран хамгаалагч шудар­гаар саналыг нь өгсөн үү гэдэг эргэлзээтэй асуудал. Тий­мээс хөгжлийн бэрх­шээлтэй сонгог­­­­­­чийн боловсролыг дээш­лүү­лэхэд анхаарах хэрэгтэй.

Ц.Оюунгэрэл: Төсвийн та­­лаар ямар ч ойлголтгүй иргэд байна. Хөвсгөлд гэхэд асрамжийн газрын иргэд улсаас өгдөг халамжийн мөнгийг Ц.Даваасүрэн гишүүн өгдөг гэж ойлгодгоо ярьсан. Хөвсгөлийн замыг ч гэсэн Ц.Даваасүрэн хувийнхаа мөнгөөр тавьсан л гэж иргэд ойлгосон байна билээ. Тэгсэн мөртлөө тэр замыг санхүүжүүлсэн “Чингис” бонд бол муу л гээд муулаад. Тэгэхээр нэг тойрогт олон жил сонгогдсон гишүүд хувийнхаа мөнгөөр л бүх ажлыг хийдэг мэтээр ойлгуулдаг юм байна. Олон жил тойрог өмчилж аваад хаан, ван шиг суучихаж. Энэ мэтчлэн иргэд, сонгогчдын боловсрол муу байгаа нь харагдсан.

Б.Мөнхсоёл: Иргэдийн идэвх маш чухал. Сонгогчид нэр дэвшигч­дээс амлалт нэхдэг. УИХ-ын гишүүн болно гэдэг хүссэн бүхнийг нь биелүүлдэг ид шидтэн биш шүү дээ. Иргэд, сонгогдсон гишүүд хамтдаа зүтгэж байж үр дүнд хүрнэ гэдгийг л ойлгомоор байна.
Эмэгтэйчүүд улс төрд тэгш өрсөлдөх боломжийг нийгэм, иргэ­дийн уламжлалт сэтгэхүй, санхүүгийн боломж, улс төрийн намуудын соёл гээд маш олон хүчин зүйл хааж, боодог. Үүнийгээ ч тэд илэн далангуй хэлж, эмэгтэйчүүддээ туршлагаасаа хуваалцаж, зөв­лө­гөө өгсөн юм. Ялангуяа сон­гуу­­лийн жижиг мажоритар тогтол­­цоо эмэгтэйчүүдийн тэгш боломжийг үгүй хийсэн. Тий­мээс пропорциональ тогтоцоог боловсронгуй болгон нэвтрүүлж, нэр дэвшүүлэхээс эхлээд тодорхой хувь тогтоож, дэмжих олон улсад шарлгарсан аргыг хэрэглэх нь чухал гэдгийг судлаачид хэлж байлаа. Улс орнуудын парламент, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дунджаар 21,9 хувь байдаг. Харин манай улсынх 14,5 хувь буюу дунджаас доогуур түвшинд яваа аж.

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн Канад улсын Гадаад хэргийн яамны сан­хүү­жилтээр “Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог дэм­­жих” хөтөлбөрийг 2015 оны арванхоёрдугаар сараас хэрэг­жүүлж байгаа аж. Эмэгтэй нэр дэвшигчид, улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтарч улс төр дэх оролцоог дэмжих чиглэ­лээр ажиллаж байгаагийн нэг ажил нь энэхүү “Тэгш боломж” баримтат кино юм.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан