Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Чимэдцэрэн: Гадаадынхантай ойлголцох гэж хичээдэг шигээ бидэнд хандаасай

Б.ЦЭДЭВСҮРЭН

Олон улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн “Miss&Mister deaf world 2016” тэмцээн энэ сард Румын улсад болж Монгол Улсаа төлөөлж эмэгтэйчүүдийн төрөлд оролцсон Б.Чимэдцэрэн тэргүүн байр эзэлж, эрчүүдийн төрөлд оролцсон Б.Баярсайхан гуравдугаар байрт шалгарсан билээ.
 Тэд өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн.
Фэйсбүүкийн чатаар холбогдож ярилцлага авахаар цаг тохирсны дагуу тэд ажил дээр минь ирэв. Хэдийгээр бид 11:00 цагаас уулзахаар болсон ч дохионы орчуулагч олдохгүй байсан тул 15:00 цагаас дохионы хэлний хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийн тусламжтайгаар ярилцав. Сонсголгүй иргэдийн сэтгэлд итгэл нэмж, Монгол Улсынхаа нэрийг олон улсын хэмжээнд гаргаад ирсэн тэднийг энэ дугаарынхаа зочноор урьж ярилцсанаа хүргэж байна.


-Юуны өмнө олон улсын тэмцээнд амжилттай оролцож Монгол Улсынхаа нэрийг гаргаад ирсэнд баяр хүргэе. Оролцоод ирсэн тэмцээнийхээ талаар ярьж өгөөч, хэр өрсөлдөөнтэй болсон бэ?
Б.Б: -Баярлалаа. Танд болон танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулах нь зүйтэй болов уу. Намайг Болдсайханы Баярсайхан гэдэг. 23 настай. Энэ жил МУБИС-ийг Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн.
Одоо ажил хайж байгаа залуу байна. “Эхлэл” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан сонсголын бэрх­шээлтэй иргэдийн “Miss&mister” шалгаруулах тэмцээнд Монголдоо оролцож түрүүлээд олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болсон. Өнгөрсөн сарын 28-нд тэмцээн зохион байгуулагдсан Румын улсын Мамая хотод очиж тэмцээний бэлтгэл ажлаа хангасан. 24 орны 33 хүн өрсөлдсөн. 20 эмэгтэй 13 эрэгтэй байснаас гуравдугаар байрт шалгарсандаа маш их баярлаж байна. Бидний гаргасан амжилтыг Монгол Улсын Засгийн газраас үнэлж, дэмжээсэй гэж хүсч байна.
Б.Ч: -Сайн байна уу. Би танай сониноор дамжуулан уншигчидтай танилцаж байгаадаа баяртай байна. Би 20 настай. Хүнс технологийн коллежийн гуравдугаар курст сурдаг. Мөн л “Эхлэл” төрийн бус байгууллагаас зохион явуулсан тэмцээнд оролцож түрүүлээд гадаадын тэмцээнд явах эрхтэй болсон. Бидэнд топ модель Уранцэцэг загварын хичээл заасан. Олон улсын тэмцээнд амжилт гаргасан маань зааж сургасан зүйл, хичээл зүтгэлтэй холбоотой учраас танай сониноор дамжуулж түүнд баярласнаа хэлмээр байна. Мөн би “Gloria” моделийн агентлагт хичээллэж топ модель Уянга, шилдэг загвар өмсөгч Нармандах нараар тайзнаа алхаа, зураг авахуулах хичээл заалгасан. Тэд надад чин сэтгэлээсээ маш сайн заасан учраас энэ амжилтад хүрлээ. Тиймээс талархаж, баярлаж байгаагаа илэрхийлье. Олон улсын миссийн тэмцээнд загвар өмсөх, үндэсний хувцасны үзүүлбэр, чөлөөт хувцас, усны хувцас, гоёлын даашинз гэсэн таван төрлөөр өрсөлдсөн. Тэмцээнийг 10 шүүгч шүүсэн. Тав нь эрүүл, тав нь дүлийн хүн байсан. Бидний хөдөлмөрийг өндөөр үнэлж, үнэн шударгаар шүүлт явуулсанд маш их баярласан. Монгол Улсаас анх удаа дүлий иргэд олон улсын хэмжээнд загварын чиглэлээр өндөр амжилт үзүүлсэн нь энэ. Тэгэхээр биднийг холбогдох албан тушаалтнууд маань хүлээж аваасай гэж хүсч байна.

-Хамгийн анх загварын салбарт хэрхэн орсон бэ?
Б.Ч: -Миний хувьд телевизээр байнга загварын нэвтрүүлэг үзэж, алдартай моделиуд шиг болох юмсан гэж хүсдэг байсан. Мөрөөдөл минь биелж байгаад баяртай байгаа.
Б.Б: -Миний хувьд загварыг салбарт ороод таван жил болж байна. 2013 онд Азийн тэмцээнд орж, шилдгээр шалгарч байсан. Энэ удаагийн тэмцээн миний ч гэсэн мөрөөдөл байлаа.

-Тэмцээнд явахдаа амжилт гаргана гэж итгэж байсан байх. Гэхдээ нэгдүгээр байр, гуравдугаар байрт шалгарна гэж төсөөлж байв уу. Яг шагналаа гардах мөчийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
Б.Б: -Миний хувьд энэ хэмжээний том амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй. Олон улсын тэмцээнд Монгол Улс өдий хэрийн амжилт гаргана гэдэг хэцүү. Тиймээс шүүгчдийг шударга шүүсэнд баярлаж байгаа. Бидэнтэй хамт Ариунжаргал гэж эмэгтэй явсан. Хэрэв түүнийг хамт явж, бидэнд туслаагүй бол ийм мундаг амжилт үзүүлэхгүй байсан болов уу гэж бодож байна. Бидэнд тусалж, багшилж, дэмжсэн түүнд баярлалаа гэдгээ хэлье.

-24 орны 33 хүнтэй өрсөлдсөн гэж ярьсан. Тэднээс хамгийн нөхөрсөг нь аль орны оролцогч байв. Найз болж чадсан уу?
Б.Ч: -Орос, Украйн, Казахстаны оролцогч бүсгүй­чүүдтэй найзалсан. Үзүүлбэр бүрийн өмнө бие биедээ амжилт хүсээд их дотно байсан. Хамгийн гайхалтай нь бид дөрөв эхний байруудыг дарааллаад эзэлсэн.
Б.Б: -2013 онд Азийн мисс мистерийн тэмцээнд хамтдаа оролцож байсан Болгар, Молдав, БНСУ, Голланд, Испанийн оролцогчид энэ удаагийн тэмцээнд ч мөн ирж өрсөлдсөн. Өмнө нь таньдаг байсан учраас сайхан байсан. Бусад улсын оролцогчидтой ч танилцаж амжсан. Бид олон улсын дохионы хэлээр хоорондоо харилцаж байсан учраас ойлголцоход амар, хөгжилтэй байсан. Мөн оролцож байгаа баг бүрт нэг орчуулагч оноож өгсөн учраас бүх зүйл ойлгомжтой байлаа.
 
-Тэмцээний үеэр хэр сандарч байв?
Б.Ч: -Тэмцээний үеэр, мөн гараанд гарахын өмнө маш их сандарсан. Яг тайзан дээр гараад би чинь Монгол Улсаа төлөөлж байгаа хүн шүү дээ гэж бодоод өөрийгөө чөлөөтэй байлгаж, хамгийн сайхнаараа инээмсэглэж байсан. Энэ удаагийн тэм­цээнд 20-35 насны оролцогчид өрсөлдсөн. Ми­ний хувьд хамгийн залуухан нь байлаа.
Б.Б: -Миний хувьд 2013 онд тэмцээнд оролцож байхдаа биеэ барьж байсан ч энэ удаа харьцангуй туршлагатай байлаа. Өмнө нь гаргасан алдаа дутагдлаа үгүй хийж, өөрийгөө аль болох хүчтэйгээр илэрхийлж чадсан гэж бодож байна. Эрчүүдийн өрсөлдөөн маш хүчтэй байсан шүү.

-Олон улсын тэмцээнд түрүүлсэн талаарх сайхан мэдээтэй зэрэгцээд зардал мөнгөний тухай таагүй мэдээ гарсан. “Эхлэл” төрийн бус байгууллагаас зардал дааж явуулахаар болсон ч оролцогчид өөрсдөө гаргасан гээд л. Энэ талаар буруу ташаа мэдээлэл түгсэн бол манай сониноор дамжуулаад засч тайлбарлаж болно...
Б.Ч: -Монголын дүлий иргэдийн “Эхлэл” төвөөс зохион явуулсан “Мисс, мистер” тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлж гадаадын олон улсын мисс мистерийн тэмцээнд мөн адил тэргүүн байрт шалгарсанд сэтгэл өндөр байна. Энэхүү тэмцээнийг зохион бай­гуулж, өдий хэрийн амжил­тад хүргэсэн “Эхлэл” төвийн­хөндөө баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Зардлаа өөрөө гаргаад явсан ч нэгэнт амжилт үзүүлээд ирсэн учраас энэ талаар ярих хэрэггүй болов уу.
 
-Олон улсын тэмцээнд ам­жилттай оролцсоноор өөр ямар боломжууд нээгд­сэн бэ?
Б.Ч: -Ирэх жилийн тэмцээ­ний шүүгчээр оролцохоор болсон. Хоёр дахь жилээс нь загвар өмсөгчөөр дахин өрсөлдөх боломжтой.

-Энэ тэмцээнд амжилт­тай оролцоод өөрсдийнхөө төсөөлж ч байгаагүй амжилтыг гаргаснаар хувь хүний хувьд ямар өөрчлөлт гарч байна вэ?
Б.Ч: -Өмнө нь нийгэмд өөрийгөө таниулах, бусадтай харилцах тал дээр ичимхий байсан бол одоо өөртөө итгэлтэй болж байна. Миний амьдрал өдөр ирэх бүр өөрч­лөгдөж байгаа. Хүнийг ойл­гож, харилцахдаа ч өөр болсон.
Б.Б: -Уранцэцэг топ моде­лийн сургалт бидэнд их нөлөөлсөн. Ийм том амжилт үзүүлээд бусдаас хүндлэлийг авсны дараа бусадтай харил­цах харилцаа маань ч өөрч­лөгдсөн. Аль болох ухаа­лаг, хүнлэг байх гэж хичээх болсон.

-Та хоёрын хувьд хэзээнээс би бусдаас өөр юм байна гэдгээ мэдэрсэн бэ?
Б.Б: -Би багадаа өөрийгөө бусдын адил гэж бодож байсан ч 12 настайдаа л дүлий гэдгээ мэдэрсэн. Ер нь сонсголын бэрхшээлтэй иргэд өөрийгөө бусдаас өөр гэдгээ сүүлд мэдэрдэг. Тэгээд л дохионы хэл сурах хэрэгтэй гэдгээ ухаарсан.
Б.Ч: -Би хожуу ухаан орсон. 12, 13 настайдаа л гэнэт бүх зүйлийг ухаарч эхэлсэн. Тэгээд л аав, ээжээсээ би яагаад юу ч сонсохгүй байгаа юм бэ гэж асуух болсон. Аав, ээж хичээлээ сайн хий л гээд байдаг байснаас намайг бусадтай харилцаж сурах ёстой гэж боддоггүй байсан болов уу. Тэгээд л би ярьж сурах гэж хичээх болсон. Ингэснээр сонсохгүй ч гэсэн зарим ойр зуурын үгийг хэлж сурсан. Бид бусдаас илүү өөрийгөө дайчилж, хүчтэй байх хэрэгтэй болдог. Хэдий сонсохгүй байгаа ч харж байгаа учраас, гар маань бүтэн байгаа учраас бусадтай ойлголцож чадах юм байна гэж бодсон. Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ ер нь хожуу мэдэрсэн. Бага насандаа бусдын л адил тоглож наадаад өнгөрсөн.

-Та хоёрын хувьд нэг нь их сургуулиа төгссөн, нөгөө нь удахгүй төгсөх гэж байна. Өдий хэмжээнд өөрсдийгөө боловсруулж, боловсрол олж авахад ямар хүндрэл бэрхшээл саадтай тулгарч байв?
Б.Ч: -Миний хувьд огт сонсдоггүй ч гэсэн бага зэрэг амны хайрцгаар ярьж, ойлгодог. Гэсэн ч бусдыг төгс ойлгож, өөрийгөө ойлгуулж чадахгүй учраас байнга л хажуудаа нэг хүнтэй явдаг. Хэрэв би ойлгохгүй бол дахин дахин асуугаад л хичээлээ хийдэг. Ер нь надад гэр бүл, ойр дотныхон маань тусладаг. Одоо хүнсний ангид сурдаг учраас хараад бүх зүйлээ хийдэг. Дохионы орчуулагч зайлшгүй хэрэгтэй байдаг.
Б.Б: -Миний хувьд дөрвөн жил их сургуульд суралцахад маш хэцүү байсан. Яг манай энэ үеийн нийгэмд дүлий иргэд бусдын адил боловсрол олж авахад хамгийн чухал зүйл бол орчуулагч. Гэтэл орчуулагч байхгүй учраас багш нартайгаа бичгээр харилцдаг байсан. Дөрвөн жил их сургуульд сурсан ч бусдын адил мэргэжлээ төгс эзэмшиж чадаагүй. Энэ бол их харамсалтай. Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд үүнийг анхаарах хэрэгтэй. Би бусдын адил төлбөрөө төлөөд сурч байхад багш нар заасан хичээлээ надад хэр ойлгуулснаа эргээд нягтлахгүй, хэрэгцээнд тааруулж зааж чадахгүй л байна. Тэгэхээр би зүгээр л мөнгө төлөөд, цагаа бүртгүүлж явсаар их сургуулиа төгссөн болчихож байгаа юм. Би хэдийгээр өөрөө хичээгээд бичгээр харилцаад чадлынхаа хэрээр сурсан ч дөрвөн жил сурч мэдсэн зүйлдээ сэтгэл дундуур байна. Сургалтын төлбөр маань хайран санагддаг.

-Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх нь ч гэсэн эрүүл хүүхдээс өөрөөр харилцаж, аль болох гэртээ л байлгах гэдэг. Гэтэл хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй. Та хоёрын хувьд ерөнхий боловсролын сургуулиа хаана төгссөн бэ?
Б.Б: -Бид хоёр хоёулаа 29 дүгээр тусгай сургуулийг төгссөн. Нэгдүгээр ангиасаа эхлээд 11 дүгээр ангиа төгстлөө тэнд суралцсан. Багш нар хичээл заахдаа “Амны хөдөлгөөнийг хар” гээд шууд хэл яриагаар хичээлээ заадаг. Дохионы хэл дээр хичээл явуулдаггүй учраас хичээлээсээ их хоцорч байсан. Багш нар байнга л амаар яриулдаг байсан учраас өөр шигээ сонсголын бэрхшээлтэй найзуудтайгаа л амьдралын үүх түүхээ хуваалцдаг байсан даа. Нийгмийн харилцааг ерөнхий боловсролын сургуулиас олж авч чадаагүй. Гэхдээ би сургууль төгссөн. Аав, ээж, найз нар дохионы хэлээр харилцаж нийгэмд бие дааж амьдрах харилцааг зааж сургаж байсан. Таны хэлснээр сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд нь “Чи гэртээ бай, гадаа явж чадахгүй” гэж ханддаг. Миний хувьд аав, ээжээсээ зугтаж найзуудтайгаа гадаа тоглож, дохионы хэлээр өөрийгөө боловсруулж чадсан учраас өдий зэрэгтэй өөрийгөө бусдад ойлгуулаад явж байна. Бидэн шиг хүүхдүүдтэй айл байвал аав, ээж, ойр дотныхон нь дохионы хэлтэй байх нь маш чухал.
Б.Ч: -Би ч гэсэн 11 жил 29 дүгээр тусгай дунд сургуульд сурсан. Сургуулиа төгсөөд эмнэлэгт үзүүлэх, сургуульд бүртгүүлэхээс эхлээд нийгмийн харилцаанд орох үед маш хэцүү байсан. 29 дүгээр сургуульд сурч байхдаа нийгмийн амьдралын тухай огт төсөөлөлгүй байсан. Энгийн хүмүүс гадаад хэл мэдэхгүй мөртлөө гадаад хүмүүстэй ойлголцох гээд л дохио зангаа ашиглаад хичээдэг. Тэрэн шиг бидэнтэй ч гэсэн яагаад тэгээд ч болов ойлголцож болдоггүй юм. Миний хэлний бэрхшээл нийгмийн амьдрал гарч, хувь хүн болж хөгжихөд маш хүндрэлтэй байдаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил хөгжиж, боловсроход гэр бүлийн оролцоо чухал гэдгийг ярилаа. Та хоёрын хувьд гэр бүлийнхнээ танилцуулаач?
Б.Ч: -Би аав, ээж, эгч, дүүтэйгээ амьдардаг. Ээж, эгч хоёр маань надад байнга тусладаг. Миний орчуулагч юм шиг л байнга ээлжлээд л дагаад явдаг. Болох, болохгүй зүйлийг хэлж сургана.
Б.Б: -Эцэг эхийн оролцоо үнэхээр чухал. Гэтэл эцэг эхчүүд миний хүү энэ ийм гээд тайлбарлахын оронд “Чи хичээлээ л сайн хий” гэдэг. Эцэг, эхчүүд үүн дээр л алддаг. Тэр цэнхэр аягыг аваад өг гэж тайлбарлаж хэлэхийн оронд гараараа заагаад тэрийг аваад ир гэдэг. Хэрэв миний аав, ээж ч гэсэн ингэж тайлбарлаж өгдөг байсан бол би арай өөр түвшинд хөгжсөн байх байсан болов уу. Гэр бүлийнхэн маань мэргэжлийн орчуулагч биш учраас надтай харилцахдаа ярьж буй сэдвийнхээ ч юм уу жаахан хэлтэрхийг л тайлбарлаж өгдөг. Ингэснээр би тэднийг юу гээд байгаа юм бол доо гэж бодох хэрэг гарна. Харааны чадвараараа л таньж мэдэж, амьдралд өөрийгөө авч явж байна.
Би 17 настайгаасаа л спортын янз бүрийн тэмцээн уралдаанд оролцох болсон. Надад 15 медаль байгаа. Үүнийгээ би ойр дотныхондоо байнга үзүүлдэг. Ингэснээр “Би бусдын адил эрх тэгш, бусдын хийж чаддагийг хийдэг” гэдгээ харуулахыг л хүсдэг. Миний гаргаж буй амжилтыг хүн бүр л өөр өөрөөр хүлээж авдаг. Зарим нь “Хэрэв би чиний оронд байсан бол” гээд л уйлдаг. Зарим нь надаар бахархана, миний өмнөөс баярлана.

-Шинэ хүрээлэлд орохдоо ч юм уу, шинэ танилдаа ч юм уу “Би юм сонсдоггүй” гэдгээ хэрхэн ойлгуулдаг вэ?
Б.Б: Би эрүүл хүмүүсийн адил сагс тоглож, бүжиг бүжиглэж чаддаг. Хүмүүс энэ охинтой танилцмаар байна гээд ирдэг. Тэгэхээр нь урдаас нь “Сайн уу, сайн” гээд ярихаар их гайхдаг. Чи ярьж чаддаг мөртлөө яагаад сонсохгүй байгаа юм бэ гээд гайхна. Хүмүүс бидэнтэй ойр дотно байхыг хүсдэг ч ойлголцож чадахгүй гэж боддогоос ч юм уу нэг их дотносоод байх нь ховор.
Тиймээс тэдэнд би бусадтай адилхан гэдгээ ойлгуулахыг л хичээдэг дээ. Зүгээр гудамжинд явж байхад “Дугаараа өгөөч” гэхээр нь дохиогоор харьцахаар “Өө сонсдоггүй байсан юм уу” гээд эвгүй байдалд орчихдог.

-Та хоёрын хувьд олон улсын хэмжээний том амжилт үзүүлснээрээ сонсголгүй иргэдийн дуу хоолой болж чадлаа. Цаашид хийхээр төлөвлөж буй, хийхээр зорьж буй ажлынхаа талаар бодлоо хуваалцаач?
Б.Ч: -Баярлалаа. Маш олон хүн дүлий ч гэсэн загварын чиглэлээр ийм том амжилт гаргасан нь гайхалтай гээд хүлээн зөвшөөрч бай­гаа. Тиймээс цаашид үйл ажил­лагаагаа явуулж буй загварын агентлагуудтай хамтран ажил­­лаж сонсголгүй иргэдэд загва­рын сургалт явуулах юмсан гэж хүсч байна.
Б.Б: -Сонсголын бэрх­шээлтэй залуучуудын зөвлөлд хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ ажлаа өшөө илүү өргөжүүлээд тэднийхээ хөгжлийн төлөө илүү олон ажил хийхийг л хүсдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан