Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монголд ”урья”

НҮБ-ын ногоон номин индрээс үг хэлж буй дэлхийн 106 орны төрийн тэргүүн, 49 орны Ерөнхий сайд нараас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэгч л хаалттай гэгдэх гурван улсад айлчлал хийсэн байх юм. Эдийн засгийн тогтвортой өсөлттэй, улс төрийн шийдвэр нь олон улсад хүчтэй нөлөөлдөг их гүрнүүдийн удирдагчдаас хэнбугай нь ч Социалист Бүгд Найрамдах засаглалтай Куба, Лалын Бүгд Найрамдах Иран болон Ардчилсан Солонгос Ард Улсад гурвууланд нь айлчлал хийсэн түүхгүй гэнэ. Мөн энэ Ерөнхийлөгч өөрийн эх орондоо Ази-Европын хамтын ажиллагааны хамгийн том яриа хэлэлцээр болох АСЕМ-ыг зохион байгуулж, олон улсын улс төрийн тавцанд нэр, нүүрээ таниулжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа нь ч түүний анх удаагийнх биш долоо дахь удаагийн буюу сүүлийн илтгэл нь юм байна. Учир нь, тэрээр улсынхаа Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, 2017 онд албан тушаалаасаа бууснаар 1980-аад оны сүүлээс эхлүүлсэн их улс төрийн амьдралдаа цэг тавих аж.

Түүний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс 15 хормын турш хэлсэн үгс нь дэлхий дахины энх тайван, дүрвэлт, хүчирхийлэл, ардчилал, терроризм зэрэг тугамдсан асуудлыг онцолсон бөгөөд монголчууд Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой, Ницце, Истанбул, Дака зэрэг хотууд түгших зүйлгүй, амар тайван байх ёстой гэж үздэг тухай ярилаа. Мөн өнгөрсөн жил НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг улсынхаа үндэсний стратегт суулгаж, ажиллаж байгаа гэнэ.

Тиймээс олон улсын хэмжээнд ярьж, улс орноо хүртэл “чирч” яваа энэ Ерөнхийлөгчийг Монгол Улсад албан ёсоор “айлчлахыг урьж” байна. Учир нь, түүний үйл хэрэг, улс төр, нийгмийн үзэл, туршлага нь манай улсад ус агаар мэт дутагдаж байгаа юм.

Жишээ нь, тэрээр,
•    Дүрвэгч хүүхэд багачууд далайн хүйтэн түрлэгээр эрэг рүү шидэгдэхгүй,
•    Утга учиргүй дайн дажин хүчирхийллээс болж хүүхэд өнчрөхгүй
•    Ницце, Истанбул, Дака зэрэг үзэсгэлэнт хотуудаар айж, түгших зүйлгүй амар тайван алхах өдөр ирнэ гэдэгт итгэдэг талаар өр өвдөм түүх сөхөн ярилаа.

Туркийн далайн эргээс олдсон гурван настай Сири хүүгийн усанд живж осолдсон түүх дахин давтагдах ёсгүй гэдэгтэй бүх хүн санал нэгдэж буй. Ер нь, утга учиргүй дайн дажин, хүчирхийллээс болж хүүхэд өнчрөх гэдэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлдгээр байж боломгүй зүйл. Хэн ч утга учиргүй зүйлээс болж өнчрөх ёсгүй. Ялангуяа, хүүхэд дайн дажинд нэрвэгдэн зовох ёсгүй. Гэтэл тайван замаар ардчилалд шилжсэн, дайн дажингүй, элдэв цунами, байгалийн гамшгаас хол манай Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллээс үүдэн сүүлийн зургаан жилд 90 хүн ойр дотны хүмүүсийнхээ гарт амь насаа алдаж, 2015 онд 24 хүн, он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар таван хүн амь насаа алджээ. Энэ тоо бүрийн цаана хүүхэд өнчирч, аль нэг асран хамгаалагч нь шоронд явж, өнчирсөн хүүхэд Сири шиг улсаас биш гэр, орноосоо дайжиж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл ингэж газар авах болсон нь өмнөх парламентын сонгуулиар сонгогдсон эмэгтэй гишүүдийн анхаарлыг татсан бөгөөд тэд дөрвөн жилийн турш энэ асуудлыг судалж, 12 жилийн дараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж чадсан. Гэвч, өнгөрсөн сонгуулиар сөрөг хүчин ялалт байгуулж, Эрүүгийн болон бусад хуультай хавсран хэрэгжих ёстой байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг эргүүлэн татсанаар Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэл оршсоор байх бодит нөхцлийг бий болгож байгаа юм. Энэ долоо хоногт гэхэд л, Баянгол дүүргийн харьяат Б гэх эмэгтэйг нөхөр нь зодож, эмнэлэгт хүргэгдтэл нь гэмтээжээ. Хохирогч эмэгтэй жирэмсэн байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Ард нь түүний дөрвөн хүүхэд өнчирч үлдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийлэл монголын нийгэмд гүн бат оршсоор байгаагийн илрэл юм.

Монгол Улсын Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байгуулагдсан цагаасаа хойш давхардаагүй тоогоор 19600 хүнд үйлчилж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойшх 12 жилийн туршлагатаа тулгуурлан хуулийг шинэчлэн баталсан нь хууль гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход чухал хэв нэмрээ оруулсан гэж удаа дараа мэдэгдсэн ч одоогийн эрх баригчид хуулийг буцааж, дахин өргөн барихдаа юуг нь өөрчлөхийг таашгүй байна.

Тиймээс утга учиргүй дайн дажин хүчирхийллээс болж хүүхэд өнчрөх ёсгүй гэх үзэлтэй эрхэм Ерөнхийлөгч та энх тайван Монгол Улсад саатаж, энэ асуудалд анхаарлаа хандуулж өгнө үү. Энэ бол НҮБ-ын индэр дээрээс хэлсэн 2000 гаруй үгсийн тань ердөө “хүүхэд, хүчирхийлэл” гэх хоёрхон үгэнд хамааралтай монголын нөхцөл байдлын багахан нь юм. 

Үүнээс цааш бас өмнө нь таны дэлхий дахинаа хандан хэлсэн үгсээс Монголд хамааралтай, анхаарвал зохих хур асуудал бий. Сирийн иргэний дайн эхэлж, үй түмэн бмөбөгдөлт, буудалцаан болж таван жил өнгөрөхөд 14 мянган хүүхэд амь насаа алдсан байхад манай улсад зөвхөн зам тээврийн осолд жилд дунджаар 1100 гаруй хүүхэд өртөж байна. Үүний цаана хүчирхийлэл, гэмт үйлдэл зэрэг шалтгаанаар нас барсан, далд айдастай яваа хүүхэд, эмэгтэйчүүд бас бий. Энэ бол өөрийнх нь тодотгон хэлдгээр НҮБ-ын номин ногоон индрээс бууж, чуулганы хойморт тусгайлан зассан засаг төрийн зандан ширээнд морилох асар их асуудлын ердөө л өчүүхэн шалтгаан нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан