Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Оюунгэрэл: АН бол ааштай ч, ажилтай ч нам. Гэхдээ ард түмнээ дээрэлхдэггүй



Л.НОМИН


УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Та ойрын үед юу хийж амжуулж байгаа вэ?
-Гэртээ суугаад “Ногоон нүдэн лам” номынхоо хоёрдугаар дэвтрийг бичиж байгаа.

-Сонгуулийн үр дүн олон хүнийг шоконд оруулсан. Таны бодож, төсөөлж байснаас хэдэн хувиар зөрөв?
-Мэдээж, сонгуульд ялахын төлөө оролцдог. Ялагдсан хүний хувьд тодорхой хэмжээгээр санаанд хүрээгүй үр дүн гарсан. Хүнд тойрогт өрсөлдсөн ч өөртөө нэлээн итгэлтэй байлаа. Найман жил сонгогдож өөрийн болгосон тойргийн улстөрчтэй очиж өрсөлдөхөд мэдээж давуу байдал нөгөө талд байсан. Тэр давуу байдлыг арилгахын төлөө 17 хоног зүтгэсэн. Гэхдээ 17 хоног хаанаа ч хүрэлцээгүй л дээ.

-Эмэгтэй нэр дэвшигчид тэр дундаа АН-ын эмэгтэйчүүд “үхлийн тойрог” буюу сонгогдох магадлалгүй шахуу тойрогт өрсөлддөг нь энэ удаагийн сонгуульд илүүтэй тохиолдлоо л доо.
-Ер нь л хүнд. Нэг үгээр шууд хариулахад хэцүү. Тэр нь зөв, энэ нь буруу гээд хэлчихээд түвэгтэй л дээ. Тэгэхдээ ер нь ялах магадлалтай улстөрчөө ялуулахын төлөө ажилладаг тактик намд хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиар эмэгтэй болоод ч тэгсэн үү, хувь улстөрчийнхөө талаас болсон уу ялах магадлалтай тойрогт хуваарилагдаагүй.

-Сонгуулийн дараа танай намын эмэгтэйчүүд алдаа оноогоо дүгнэн ярилцах боломж гарав уу. Ер нь уулзсан уу?
-Тийм цаг зав гарсангүй. Би бол сонгуулийн маргаашаас л номоо бичээд эхэлсэн. Одоо 270-аад хуудас бичээд явж байна. Яг үнэндээ номон дээрээ ажиллаж байгаа болохоор олон нийтийн цугларалт, хуралд бага оролцож байгаа. Хуучин парламентын эмэгтэй гишүүдтэйгээ уулзах боломж ч гарсангүй. Нэг л удаа намынхаа эмэгтэйчүүдийн арга хэмжээнд очсон. 

-Эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулж өнгөрсөн хугацаанд нэлээд ажил амжуулснаа ярилцахаас эхлээд уулзалдвал цаашдаа хийх олон ажил гарах байх. Та бүхний удаан хугацаанд ажиллаж батлуулсан хуулиудыг буцааж, хүчингүй болгоод байдаг. Жишээ нь, эндээс та нарын уулзах нэг шалтгаан бий болох нь мэдээж. Наад зах нь, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль ухарчихлаа шүү дээ?
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг буцаах эхний оролдлого хийж эхэлснээс л би хувьдаа эсэргүүцлээ илэрхийлсэн. Олон нийтийн сүлжээний хувийн хаягаараа байр сууриа илэрхийлж, УИХ-ын алхам буруу, Засгийн газраас нь Хууль зүй дотоод хэргийн сайдаас нь хар тогтоол өргөн барьж байна гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэр хуулийг буцаасны үр дагавар нь өнөөдөр хүний амиар төлөгдөж байна. УИХ энэ буруу шийдвэрээ маш хурдан цогцоор нь засч залруулах хэрэгтэй. Таван хуулийг буцаан татчихаад ганцхан хуулийн төсөл өргөн барилаа гээд энэ алдаа нь засагдахгүй шүү дээ.

-Хуулийг буцаан татахдаа хэрэгжих боломжгүй заалтууд олон  байсан гэж тайлбарласан. Энэ хуулийг боловсруулахаар ажиллаж, батлалцсаны хувьд та бүхэн хэрэгжих боломжгүй заалт оруулсан болж таараад байна. Үнэхээр хэрэгжих боломжгүй заалтуудтай хууль байсан юм уу?
-Ер нь хуучин Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгждэггүй байсан юм. Хэрэгждэггүй болохоор гэр бүлийн хүчирхийллийг хэн ч зогсоож чаддаггүй байсан. Тэгэхээр бид хүний амь насыг хамгаалахын төлөө хэрэгжиж болдог ялын бодлогыг оруулахын тулд бүхэл бүтэн цогц өөрчлөлтүүд хийсэн юм. Жишээ нь, хуучин хуульд гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг мөн гэдэг заалт байгаагүйг бид оруулж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг цагдаа мэдэх юм бол яах ёстойг аль ч хуульд заагаагүй байсан. Буцаагдсан Хууль сахиулах тухай хуулиар хууль сахиулагч хүн гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, хохирогчийг хамгаалах байранд аваачина. Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх юм бол аюулгүй газарт аваачина гэж үйлдлүүдийг нь маш тодорхой заагаад өгсөн. Зөрчлийн тухай хуульд хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад мэдээлээгүй иргэн торгууль төлнө. Төрийн албан хаагч хүн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй бол мөн л торгууль төлнө гээд алхам тутамд нь баримтжуулах, мэдээлэх, аврах, хохирогчийг хамгаалах бүх заалт орсон байсан.

-Хуулийг хэрэгжүүлэхэд чухал оролцоотой байсан Тахарын албыг татан буулгачихсан.
-Тахарын алба хохирогчийг хамгаалж, хүргэж өгнө гэж заасан. Гэтэл Ардын нам гарч ирээд бүтцийн өөрчлөлт хийхдээ хамгийн түрүүнд Тахарын албыг татан буулгасан. Үнэндээ хохирогчийг хамгаалах институц, байргүй болгож байна. Хүчирхийллийг таслан зогсоох бүх хуулийг хүчингүй болголоо. Өөрсдийнхөө хийсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийллийг зогсоох боломжгүй болгож байгаа. Тэгээд хулгайч хүн хулгайчийг бариарай гэдэг шиг яг тийм зүйл ярьж байна л даа. Энэ бол МАН-ын сонгогчдоо хуураад сурчихсан ПиАр л яваад байгаагийн нэг нь.

-Шинээр өргөн барьсан төслөө намрын чуулганаар хэлэлцэхээр хойш тавьсан. Тэгэхээр энэ хугацаанд нөгөө гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй хууль үйлчилж байгаа гэсэн үг биз дээ?
-Одоо хуучин Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хэрэгжиж байгаа. Хэн ч гар, хөлөө хөдөлгөдөггүй, хэн ч утас авч энд хүчирхийлэл болж байна шүү гэж мэдээлдэггүй, нүдээ аниад дуугүй өнгөрдөг тэр хууль эрх зүйн орчин нь хэвээр үлдсэн. Тийм учраас л хэдэн цагаар нэгнийгээ зодож гэр бүлийн хүчирхийлэл болж байхад хэн ч мэдээлэхгүй, хуулийн байгууллагынхан ирээд ямар ч арга хэмжээ авахгүй байсаар хүний амь нас үрэгдэж байна. Энэ бол үнэхээр харамсалтай.

-Өмнө нь эсэргүүцлийн цуглаан, зул өргөх гээд арга хэмжээ зохиож байсан. Энэ удаад та бүхэн яаж эсэргүүцлээ илэрхийлэх вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьж байна. Гэхдээ шийдэх цорын ганц эрх мэдэл УИХ-д бий. УИХ-д байгаа эмэгтэй гишүүд, МАН-ын бүлэг ойлготол нь бид ярих хэрэгтэй. Тэд ойлгоод кнопоо дартал нь бид ярих хэрэгтэй. Бид кнопыг нь хүчээр очиж даруулж чадахгүйгээс хойш боломжоо л ашиглая. Эрх биш энэ олон хүний дуу хоолойг сонсох байх гэж найдаж байна.

-Хуулиудыг ёсчлон батлаагүй байсан учраас буцаах боломжтой гээд үндсэндээ өмнөх парламент ажлаа дутуу хийсэн гэдэг шалтаг л хэлээд байгаа?
-Ёсчлоход угаасаа МАН ирц бүрдүүлээгүй юм. Түрүүчийн парламентад МАХН, МҮАН, бие даагчид ИЗНН, АН бүгд нийлж байж олонхийг арай гэж бүрдүүлж, ирц бүрддэг байсан шүү дээ. Болорчулуун, Даваасүрэн гэж хоёр бие даагч гишүүн МАН-д орсон. МАХН-аас Улаан, Тэрбишдагва нар МАН-д орсон гэхээр ирц бүрдүүлэхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Яг тэр үед нь хуулиудыг ёсчлох хурлын ирц бүрдээгүй юм. Чуулганы сүүлийн хэдэн хоногт МАН-ынхан танхимд орж ирээгүй учир ирц бүрдээгүй.

-Нийгмийн шинжтэй хуулиудыг хүчингүй болгох шийдвэр ар араасаа гарч байгааг үндсэндээ өшөө авалт гэж харахаас өөрцгүй болчихлоо?
-МАН-ын үнэндээ яагаад байгааг ойлгохгүй байна. Ард түмэндээ өс санасан юм шиг шийдвэр гаргаж байгаа. Хүчирхийллийн эсрэг байх, хүний эрхийг, ахмадуудыгаа хайрлаж хамгаалах ёстой. Гэтэл хүчирхийллийн төлөө, хүний эрхийн эсрэг зогсоод, ахмадуудаа хохироож байгаа юм шиг. Иргэд нь ажилтай орлоготой байж, боловсролтой болох ёстой байтал Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын цалинг хасчихсан. Бид урьд нь яаж ч хямрал болж байсан иргэдийнхээ халаас руу ордоггүй байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд дандаа л хямрал дундуур явсан. Тэгэхдээ яаж ийгээд иргэдийнхээ халаас руу орчихгүй юмсан. Оюутны тэтгэлэг, МСҮТ-ийн тэтгэлэг, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг хасахгүйгээр эдийн засгаа босгох юмсан гэж өөр гарцууд хайдаг байсан. Одоо МАН гарц хайхын оронд зүгээр л дээрэмчин шиг загнаж байна. Хасч болох бүгдийг хасна гэлээ. Өнөөдөр хасаад байгаа зүйлүүдэд хүрэхийн тулд хэчнээн олон хүний тэмцэл болж, хэчнээн олон хүн төрд зовлон, шаналлаа ярьж байж шийдсэнийг ор тас мартчихаж байгаа юм. Нэг харахад АН-ын хийсэн ажлыг баллуурдаж байгаа юм шиг үйлдэл боловч нөгөө талаас бусдынхаа 20 жилийн тэмцлийг арчиж буй хэрэг. Ганцхан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гэхэд хүчирхийлэлд өртсөн мянган мянган хүний зовлон, нулимс, цусаар бичигдэн уламжлагдаж байж төрийнхний чихэнд арай гэж хүрээд батлагдахад сая нураалаа. Тэгэхээр энэ бол үнэхээр харгис шийдвэр. Дарангуйллын нийгэм тогтоох гээд байгаа юм уу, коммунизм руугаа буцах гээд байгаа юм уу, ард түмэн өөрсдөд нь хэрэггүй болоод өөр юм бодож яваа юм уу ойлгохгүй байна.

-Улс төрийн намуудын урьд өмнөх парламент, Засгийн газрын хийснийг үгүйсгэдэг ч нэг л буруу эргүүлэгт л орчихлоо.
-Зарим намууд өмнөх намуудын гаргасан шийдвэрийг няцаадаг байсан нь үнэн. Тэгэхдээ хэзээ ч ард түмэн рүүгээ нулимж байгаагүй. Ард түмэнд хамаатай зүйл рүү дайрч орж байсангүй. Жишээ нь, Засгийн газрын хуучин бүтцийг өөрчилж, шинээр бүрдүүлдэг л байсан. Түүнээс биш нэгнийхнээ баталсан тэтгэврийн тухай хуулийг нөгөө нь хүчингүй болгож ахмадуудаараа тоглож байсан түүх аль ч нам, засагт байгаагүй. Төрийн хүний уламжлалт эрхэм чанар гэж бий. Тэр чанар үе үеийн Засгийн газарт хадгалагддаг. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг юугаар хязгаарлагддаг вэ гэхээр урьд өмнөхөө үгүйсгэлээ гэхэд энэ хүрээд л зогсоно гэдгээ мэддэгт байдаг юм. Энэ ёс жудаг нь одоогийн парламент, Засгийн газрын үед бүрэн алдагдлаа. Иргэдийнхээ эрх, аюулгүй байдал, амь насанд аюул учруулж болохуйц харгис эрсдэлтэй алхам хийлээ. Иргэдийнхээ халаас руу эрээ цээргүй орлоо л доо.

-Аливаа парламентад эмэгтэй гишүүд олон байх тусам нийгэмд чиглэсэн бодлого боловсруулж, хууль баталдаг. Та бүхний ажиллаж байсан бүрэн эрхийн хугацаанд 11 эмэгтэй гишүүнтэй байсан бол энэ удаад илүү олон болсон. Одоо суугаа 13 гишүүндээ хандаад нийгмийн эрх ашгийн төлөөх шийдвэрт бат зогсч, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байгаач гэж хандсан уу?
-Хандсан. Жишээлбэл, Сарангэрэл гишүүнтэй тааралдаад маш сайн хэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль дээр Бямбацогтын оруулж ирж байгаа тогтоолыг эсэргүүцэж өгөөч гэж гуйсан. Өмнөх парламентад байсан гишүүний хувьд бусад эмэгтэйчүүддээ уриалаад нөлөөлж өгөөрэй гэж аминчилж гуйсан. Олон эмэгтэй гишүүн байгаа юм чинь гэж нэлээн өөдрөг төсөөлж хүлээсэн. МАН-ын дотоод соёл нь манай эмэгтэй гишүүдийг хүүхэлдэй болгож байна. Буруу соёлд нь дарамтлагдсан бүсгүйчүүд маань буруу кноп дараад сууж байна шүү дээ. Нарантуяа бол өөрийнхөө бодлоор кнопоо дарна. Бусад 12 эмэгтэй гишүүнийг битгий ингэж олон дахин байр сууринаасаа ухраач гэж хэлмээр байна. Та нар минь сэрээч ээ. Эмэгтэйчүүдийг төлөөлж гарч ирснээ санаач ээ. Эмэгтэйчүүдийг төлөөлж гарч ирээд тэднийхээ эрхийн төлөө дуугарч чадахгүй, кнопоо дарж чадахгүй, байр сууриа илэрхийлж чадахгүй юм бол дараагийн сонгуулиар эмэгтэйчүүдэд хэн ч итгэхгүй. 2012-2016 оны парламентад таван намаас бүрдсэн 11 эмэгтэй нийлж суухаараа эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан хууль дээр намын даргынхаа дарамтанд оров, бүлгийн дарамтад оров гэдэг байсан. Эмэгтэй хүнийхээ байр сууринаас кнопоо дараарай гэж ярьдаг байсан. Тэгээд ямар ч эрх ашгийн дарамтад орохгүйгээр, ямар ч улстөржилтгүйгээр хүүхэд, эмэгтэйчүүд, аюулгүй байдлын асуудалд эрчүүддээ хүчтэй нөлөөлж чаддаг байсан л даа.

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцүүлсэнгүй гэж эмэгтэй гишүүд чуулганаа хаяж гарч байсныг санаж байна.
-Тэр туршлага байна шүү дээ. Түүнийг л МАН-ын эмэгтэйчүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүх эмэгтэй улстөрчийг одоогийн гишүүдээр төсөөлж ойлгох гээд байна. Эхний хэдэн хууль дээр туршлагагүйтлээ гэж бодоход энэ алдаагаа маш хурдан засах хэрэгтэй. Эмэгтэй хүмүүсийг сонгож оруулсны үр дүнг ард түмэндээ харуулах хэрэгтэй байна. Би хувьдаа хэрэгтэй хуулийг нь л батлуулах юмсан гэж боддог байв. Эмэгтэй хүнийг сонгоод оруулж ирсэн сонгогчдоо бодоод Хог хаягдлын хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн ажлын хэсгийг ахлаад тэмцэж байгаад батлуулсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн хуулиудад Хуульзүйн байнгын хороонд эмэгтэй гишүүн байгааг мэдэртэл идэвхтэй ажиллаж ирсэн. Тэрийг л энэ эмэгтэй гишүүдээс хүсч байгаа юм. Төрийн ажил хийж байгаа эмэгтэй хүн шаардлагатай зүйл дээр намаа мартаад ард түмнээ бодох ёстой. Ард түмнээ эхлээд бодно гэж тангараг өргөдөг. Нам гэдэг чинь ард түмэн юу хүсч байгааг бүтцээрээ, хамт олноороо ажил болгодог том институц шүү дээ. Нам дотроо гишүүнийхээ хувьд зоригтой хэлдэг байж эргэж намдаа нөлөөлнө. Тийм хэмжээний нөлөөллийг хэн ч хэрэгжүүлж чадна шүү дээ.

-Үнэхээр намын бодлого гэдэг нэрээр эрчүүддээ баригдчихдаг. Энэ парламентын эмэгтэйчүүд маань нэг намынх учраас чанга хэлж, нөлөөлж чадах болов уу?
-Эмэгтэй гишүүд маань микро­фоноо асаагаад хэлэхэд хэнд ч нөлөөлж чадна. Жишээлбэл, яруу найрагч Мөнхцэцэгт үг дутна гэж байхгүй. Ганцхан сэтгэл нь дутаж байгаа. Зориг нь дутав л гэж. Яруу найрагч хүн зоригтой байдаг. Тэгэхээр зориг нь, үг нь байна тэр хүнд. Одоо сэтгэлийг нь асаах хэрэгтэй. Тэр хүмүү­сийн эх хүний, эмэгтэй хүний сэтгэлийг нь асаах хэрэгтэй байна. Тэгэх юм бол эмэгтэй гишүүд нь энэ МАН-ыг арай хүн шиг шийдвэр гаргадаг нам болгоно гэж найдаж байна.

-Улс төрийн өнцгөөс тайлбар­лах­­даа өнгөрсөн дөрвөн жилд АН-ыг сайн муу гээд янз бүрээр дүгнэдэг. Таныхаар АН ямар ажилласан бэ?
-Маш их ажилласан гэж дүгнэдэг. Бүх хүн тал талд яралзтал бүтээлч ажилласан. Ажлынхаа яралзсан хэмнэлээс одоо ч гарч чадаагүй явна. Амралтын өдөргүй ажилласан шүү дээ. ЗГХЭГ-ынхан, яам, тамгын газрын ажилтнууд хэлдэг л юм. АН-ыг гараад ирэхээр амрах завгүй ажилладаг хэцүү гэж. Одоо болохоор илүү ачаалалгүй, амралтын өдрүүддээ амарч байна гэсэн. Тэгэхээр МАН бол удаан хэмнэлтэй, хойрго ажилладаг арга барилтай. Манай нам бол бүгд өөр өөрийн үзэл бодол, уран санаа, бүтээлч санаачилгатай гэдгээрээ онцлогтой. Биднийг харахдаа зөвхөн дотооддоо маргаан, зөрчилтэй гээд сөрөг талыг нь яриад байдаг. Сайн талаас нь харах юм бол ажлыг яралзтал хийдэг. Айлд нэг ааштай ч, ажилтай ч хүн байдаг даа. Тэрэн шиг манайх ааштай ч, ажилтай ч нам. Гэхдээ бидний ааш бол ард түмнийгээ дээрэлхэхэд зориулагдаагүй.

-АН-ын дараа­гийн дарга ямар хүн байгаасай гэж та бодож байна вэ?
-Ардчилал, хүний эрх гээд үнэт зүйлдээ тууштай удирдлагын менежментийг хэрэгжүүлдэг хүн дарга болоосой. Хэдийгээр их ажил хийсэн, бүтээлч байсан ч гэсэн иргэд биднийг үзэл бодолдоо, үнэт зүйлдээ үнэнч байгаач ээ гэж шүүмжилдэг. Өөрсдийн үнэт зүйлдээ хийж байгаа ажлаа нийцүүлж хий гэсэн шаардлага хэлдэг. Нам дотроо хүний эрхийн талд дээр алдаа гаргасан удирдлагууд гарч ирсэн. Засгийн газрын гишүүн байж өөрийнхөө багт байсан Засгийн газрын гишүүний эсрэг шуугиан дэгдээж байлаа шүү дээ, би. Жирийн иргэн үгээ хэлсний төлөө сайдынхаа албан бланк дээр өргөдөл гаргаад байхаар нь дуугарахаас өөр аргагүй байдалд орж байсан. АН-ын дарга гэдэг эрх чөлөөтэй, ардчилсан үзэлтэй гишүүдийг удирдах дарга байх ёстой. Тэрнээс биш хэн нэг хүнийг эрх чөлөөгүй байлгаж, торонд хашиж байгаад “Бос, суу” гэж командалдаг байж болохгүй. Манай намд дарангуйллын соёл хэзээ ч зохидоггүй. Дарангуйллын соёлыг хэвшүүлж, манай намыг тийм бүтэц болгох гэсэн дарга нар хэзээ ч амжилтад хүрээгүй. Тийм учраас эрх чөлөөтэй хүмүүсийг тэр хэвээр нь удирдаж чаддаг шинэ үеийн удирдлагын соёл хэвших ёстой. Ард түмнээ эрх чөлөөтэй байлгах төрийн боловсон хүчнийг бэлтгэдэг нам байх ёстой.

-Шинэчлэлийн тухайд ямар бодолтой байгаа вэ?
-Залуу хүмүүст бол ярианд нь жижиг сажиг өө байлгүй яахав. Би ч гэсэн залуу байхдаа юу ярихаа сайн мэддэггүй л байсан. Тийм болохоор өөг нь түрүүлж харъя гэж бодохгүй байгаа. АН-ын тухай яриа өрнүүлж чадаж байгаад нь тэр залуучуудад талархдаг. АН-д энэ үнэхээр дутагдаж байсан зүйл. Энэ дутагдаж байсан орон зайг нөхөж залуучууд гарч ирж, өөрсдийгөө ч, намаа ч шинэчлэе гэж зоригтой ярьж байгаа нь таалагдсан юм. Өөрсдийхөө ярианд өсч том улстөрчид болоосой гэж бодож байна.

-АН ойрын үедээ шинэчлэгдэж чадах уу?
-Чадалгүй яахав. АН бол маш их потенциальтай нам. Эрх чөлөөтэй гишүүдээс бүрдсэн нам гэж хэлэх дуртай. Эрх чөлөөтэй хүмүүс шинэчлэгдэхээс хэзээ ч айдаггүй юм. Манай намд асар их нөөц, бололцоо бий.       

0 Сэтгэгдэл
Ene zural Oyungerel gui mon uuu
сонин гар шүү
Хамгийн их уншсан