Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багамын оффшор буюу дахиад л Сү.Батболд


Б.ТОГТОХ


Германы “Süddeutsche Zeitung” сонин, Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум “ICIJ”-аас Багамын арлууд дахь оффшорт хөрөнгө мөнгөө нуусан байж болзошгүй улстөрчдийн талаарх мэдээлэл олж авснаа олон нийтэд ил болгосон явдал олон нийтийн анхаарлыг маш ихээр татлаа. Панамын оффшор бүсэд бүртгэлтэй компаниудын эздийн жинхэнэ нэр тодроход өөрсдийгөө өөгүй цэвэр, ард иргэдээсээ хөрөнгө мөнгөө нуудаггүй гэж явсан олон орны сайд, дарга, парламентын гишүүд булайгаа дэлгэн тушаалаасаа бууж байсан.
Монголын 49 иргэн Панамын оффшорын дуулианд ил болсон дотор УИХ-ын гишүүд, сайд нар байсан ч хэн нэгэн нь албан тушаалаасаа татгалзаж буугаагүй тэгсгээд мартагдсан.

Энэ удаагийн дуулианаар хаанахын хэн гээч худалч улстөрч илчдэгдэж, албан тушаалаасаа буух бол гэдэг нь олны анхаарлыг татаж буй. Олон нийтэд ил болсон мэдээлэл нь Багамын арлуудад 1990-2016 онд бүртгэгдсэн 175 888 хуурамч компани, тэдгээрийн захирал, ерөнхийлөгч, дарга нарын тухай мэдээллийг агуулжээ.

Тус мэдээллийг дурын хүн “Багамын арлуудын улсын бүртгэлийн сан”-гийн сайтаас ил тод авах боломжтой гэдгээрээ Панамын оффшоруудын талаар ил болсон материалаас онцлог гэдгийг “Süddeutsche Zeitung” сонин мэдээлж байна. Гэхдээ тус сайтаас зөвхөн компанийн нэрээр хайх боломжтой. Ингээд зогсохгүй компанийнх нь нэрээр хайх гэхээр нэг нэр хайхад олдсон олдоогүй хамаагүй 10 ам.доллар төлөх ёстой тул шударга үнэнийг хайсан хүмүүс ганц нэгээрээ яваад бодит мэдээлэл олох бараг боломжгүй гэсэн үг.

Ийм учраас л Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын 200 гаруй сэтгүүлч, “Süddeutsche Zeitung” болон бусад сонин хэвлэлүүд хамтран ажилласны хүчинд энэ мэдээллийг олж авч олонд дэлгэж байгаа нь энэ.
Багамын бүртгэлийн сангийн мэдээллийг ил болохтой зэрэгцээд олон орны шударга бус улстөрчид “гэрэлд цохиулж” эхэлсэн нь ойлгомжтой. Жишээлбэл, Европын холбооны комиссарын албыг хашиж байсан Нелли Крус, Колумбын уул уурхайн сайд асан Карлос Кабальеро Аркез, Канадын сангийн сайд асан Уильям Фрэнсис Монро, Анголын дэд Ерөнхийлөгч Мануэль Висенте гээд нэр явж байна. Тэдний дотор Монгол Улсын Ерөнхий сайд асныг “Ex-Premier Batbold Sukhbaatar” гэж ирээд нэр заан дурджээ. Бусад олон мянган нэр байгаа ч тэдгээрийн дотроос улс орондоо, том байгууллагуудад өндөр албан тушаал сахиж байсан хүмүүсийн нэрсийг онцгойлон гаргасан юм байна.

Хэдийгээр оффшор бүсэд компани байгуулах нь хууль дүрмийг зөрчсөн хэрэг биш ч гэлээ нэр гарсан цөөнгүй улстөрчид ашиг сонирхлын зөрчилтэй байж болох нь илэрсэн явдал ийнхүү анхаарал татаж буй. Нелли Крусын жишээн дээр авч үзэхэд л 2000-2009 онд хамаарагдах бүртгэлээс нэр нь гарч ирсэн. Гэтэл тэрээр энэ үед буюу 2004-2010 онд Европын холбооны өрсөлдөөн хариуцсан комиссарын албыг хашиж байсан. Энэ мэт жишээ олон.

Улстөрчид Панам, Виргинийн арлууд гэхээс илүүтэйгээр Багамын арлууд дахь оффшорт компани бүртгүүлэн хөрөнгө, мөнгөө нууцлах хэд хэдэн шалтгаан байж. Юуны өмнө Багамын арлууд нь татвар нь 0 хувь байдаг. Тэнд ашиг орлогын, хөрөнгийн, өв залгамжилсан хөрөнгийн татвар зэрэг байхгүй. Компани бүртгүүлсэн хүмүүсийн хувийн нууцыг маш өндөр зэрэглэлтэй хадгалах баталгаа гаргаж өгдөг үүнийгээ ч чанд сахиж чаддаг. Оффшор компаниудын талаар мэдээл автомтаар солилцох тухай олон улсын гэрээг батал­гаажуулсан байдаг ч нэлээд дарамт шахалт үзүүлсний дараа цөөн хэдэн улсад бага багаар өгдөг тул орон орны улстөрчдөд ихэд таалагддаг бололтой. Парламентын сонгуулийн үеэр “ICIJ”–ийнхэн Панама дахь оффшор бүст мөнгөө нуусан улстөрчдийн нэрсийг ил болгож дэлхий нийтийг хамарсан дуулиан дэгдээхэд Монголын цөөнгүй хүний нэр гарч байсан. Гэтэл Багамын арлууд дээрх оффшор хөрөнгөтэй гэх улстөрчдийн нэрс дотор Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр гарч ирсэн тул цочирдохоос өөр аргагүй. Нөгөө ямар ч дансгүй гэж цээжээ балбаад байсан нөхдийн нэр ахиад гараад ирж байгаа болохоор ямар тайлбар хэлэхийг хүлээх л үлдлээ. Өмнө нь сонгуулийн дүнд нөлөөлөх гээд байсан болохоор тайлбар хийсэн байх. Харин одоо нэгэнт халдашгүй бүрэн эрхтэй болсон хүн заавал өөрийгөө өмгөөлөх гэж зүтгэх болов уу. Гэтэл үүнтэй нь зэрэгцээд Засгийн газраас оффшороо илчилбэл өршөөнө гээд хууль боловсруулж эхэлсэн. Гурван сарын “тэнсэнтэй” хууль нь УИХ-д орж ирээд яаж ч өөрчлөгдөж мэднэ. Оффшорыг монголчуудад танилцуулсан С.Баярцогт бол ширэн нүүрлэсээр мартсан гэх нэг сая ам.доллараа ч хамгаалж үлдсэн. Тэгвэл Сү.Батболдын оффшорт хэдэн ам.доллар байгаа нь тодорхой бус болохоор засаг нь хураалга гэвэл ганцхан ам.доллар ч гаргаад ирэхийг үгүйсгэх аргагүй. Панамын оффшорт хамаарах данс нь 2003-2005 оны үйл явдал гэхээр тэр үед Сү.Батболд 2000-2004 онд Гадаад хэргийн дэд сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Үйлдвэр худалдааны сайд, 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Түүнхээс хойш УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн гээд төрийн өндөр алба хашсан.    
Багамын арлууд ба Панам дахь оффшорт бүрт­гэл­тэй хүмүүсийн талаарх мэ­дээллийг https://offshoreleaks.icij.org/ хаягаар орж авч болно.


Сү.Батболд: Миний нэр дээр оффшор
данс байхгүй


Сү.Батболд “Монгол Улсад бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг “Бату майниг” компанид би нууцаар хөрөнгө оруулаагүй. Улстөрчид хувьцаа эзэмшиж болно гэсэн хуулийн хүрээнд орсон. 2003 онд “Бату Майнинг” компанийн 11,9 хувийг нь худалдаж авсан. 18 мянга 771 ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаа худалдаж авсан нь тухайн үеийн ханшаар 21 сая төгрөг. Капитрон банкны хувийн данснаас мөнгө авч худалдаж авсан юм. 2005 онд “Бату Майнинг” компанийн үйл ажиллагаа ойлгомжгүй учир хувьцаагаа өртгөөр нь зарсан. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгах шаардлага байгаагүй. Оффшор компани, оффшор данс миний нэр дээр байхгүйг албан ёсоор хэлье. Хууль хүчний байгууллагад хандаж шалгуулна” гэж 2016 оны тавдугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн.


Оффшорын мөнгийг Монголд авч ирвэл хариуцлага хүлээлгэхгүй болох уу

Засгийн газрын энэ сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох тухай шийдвэр гаргасан. Холбогдох хуульд энэ талаар тусгаж боловсруулахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад даалгав. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгө байрлуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох юм байна. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Төсөлд хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг 39460 албан хаагч оффшорт бүртгэлтэй компанийн хувь эзэмших, данстай байхыг хориглоно. Бизнесийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудад энэ хамаарахгүй гэнэ. Засгийн газраас уг хуулийн төслийг аравдугаар сарын 1-нд эхлэх намрын ээлжит чуулганд өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Хууль батлагдвал гурван сарын хугацаа олгох юм байна. Тодруулбал, хэрэв оффшор бүсэд данстай, мөнгө байршуулсан, хуулийн этгээд байгуулсан өндөр албан тушаалтан байвал гурван сарын дотор мэдэгдэж, татгалзах ёстой. Дансанд байсан мөнгөө Монгол Улсад оруулж ирвэл ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэх мэт зохицуулалт оруулж байгаагаа Хуульзүй дотоод хэргийн дэд сайд ярьжээ.


Багамын арлуудын талаар тодруулга

1973 он тусгаар тогтнолоо олсон Багамын арлууд нэртэй энэ улс нь 700 гаруй том жижиг арлаас бүрддэг, тэдгээрээс 30 орчим нь хүн амьдардаг жижиг. 350 мянга орчим хүн амтайгаас 156 мянга нь хөдөлмөрийн чадвартайгаас 9 хувь нь ажилгүй. Хөдөлмөрийн чадвартай хүн амынх нь 10 хувь нь аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт, 60 хувь нь аялал жуучлал, банкны салбарт ажилладаг. Ашигт малтмал, өндөр хөжгсөн аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гэхээр зүйл огт байхгүй 120 мянга гаруй хүн ажилладаг улсад 175 мянга 888 компани, олон сая ам.долларын хөрөнгө мөнгөтэй компани бүртгүүлээд үйл ажиллагаа явуулна гэхээр дийлэнх нь бүртгэлээс цаашгүй хуурамч компани болохыг гэрчилнэ. Энэ улсыг хоёр төрлийн хүн зорьдог. Нэг нь байгаль сонирхсон жуулчид. Нөгөөх нь бохир бизнесменүүд, хар тамхи ба зэвсгийн наймаачид, улстөрчид. Тэд Багамын аралууд дээр том банкуудын салбараар үйлчлүүлэн нуусан мөнгөө авах гэж очдог. Оффшор компани ба аялал жуучлалынхаа ачаар ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 24 мянган ам.доллар байдаг нь тун муугүй үзүүлэлт.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан