Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Даваажав: Үзэгчдийн сэтгэлд аавынхаа улаан хамбан дээлтэй хоногшиж үлдэхийг хүсдэг



Б.ЦЭДЭВСҮРЭН


Жүжигчин Б.Даваажав гэхээр хүмүүс хэсэгтээ л “Хэн билээ, ямар жүжигчин” хэмээн царайг нь санах гэж хичээх байх. Тэгвэл “Рашаантын 18” уран сайхны кинон дээр “Танайх нүүрс түлдэг, манайх попрышка түлдэг...”  гэж хэлдэг гэхээр шууд л “аан...” гэх болов уу. Архичин, хулигиан, хулгайч гээд л үргэлж болж бүтэхгүй эсрэг талын туслах дүрээр олонд танигдсан түүнтэй ярилцахдаа олны нүдэнд танигдаагүй Б.Даваажав гэдэг дүрийг л тодотгохыг хүссэн.

“Аав минь бурхан болсноос хойш би өнчрөл гэдгийг дэндүү их мэдэрсэн. Хүн ааваараа их дутдаг юм билээ” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярих тэрээр айлын бага, эрх нэгэн. Гэхдээ “Аавынхаа нэрийг сайнаар гаргаж мундаг хүн болохыг зорьсон учраас жүжигчин болсон” хэмээн ярихдаа хатуужилтай нэгэн гэмээр. Дөнгөж сургуулиа төгсөөд “Эрхэм элч” нэгдэлд жүжигчин болчихоод хүмүүс түүнийг таньчихна хэмээн Амгалангаас МҮЭСТ хүртэл алхаж явснаа ярихдаа цайлган, гэгээлэг нэгэн болчих...

-Тун удахгүй таны оролцсон шинэ уран бүтээлийн нээлт болох гэж байгаа юм билээ. Уран бүтээлийн талаар яриагаа эхлэе гэж бодлоо. Та ямар дүрд тоглосон бэ?
-Миний бие “Шүүдэр” продакшн, “Хас урлан” студийн хамтран бүтээсэн “Галзуу зугаалга” гэж кинонд эсрэг талын дүр болох Шөвөг гэж хүний дүрд тоглосон. Энэ кино маань маргааш нээлтээ хийнэ. Догдлоод л хүлээж байна. Нэг ангийн хүүхдүүд зугаалгаар зэлүүд газар очоод шоронгоос оргосон хүнд гэмт хэрэгтэн дөрвөн хулгайчтай таарч байгаа тухай гарна. Би нэг хулгайч нь л даа. Анд нөхөрлөлийн тухай, нөхөрлөлийн үнэ цэнэ ямар үед гардаг юм бэ гэдгийг л энэ киноноос үзэж болно. Хүн хэцүү үед яаж хувирч болдгийг харуулна. Миний хувьд энэ удаагийн кинонд хоёр загвар өмсөгчтэй хамтран тоглож, америк оператортой ажиллаж үзсэнээрээ онцлог болсон. “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцсон загвар өмсөгч Энхболд, Сарнай нар болон залуу уран бүтээлчид тоглосон.

-Нөхөрлөлийн үнэ цэнэ гэж ярьснаас таны хамгийн дотны найзын тухай асууя гэж бодлоо. Урлагийнхан тэр дундаа хошин шогийнхны нөхөрлөл их хөгжилтэй, адал явдалтай түүхээр баялаг байдаг л даа. Хамгийн дотны найзаараа хэнийг нэрлэх вэ?
-Надад маш олон найз бий. Урлагийн тэр дундаа хошин урлагийнх болохоор хэнтэй ч хамаагүй найзалчихдаг. Гудамжаар явж байхад зөрөөд өнгөрсөн нэгэн хүртэл инээмсэглээд өнгөрдөг учраас маш том хүрээлэл дунд байдаг. Үүнээс хамгийн сайн найз гэвэл Сүхбаатарын Батзориг гэж олонд Ишчүү гэдэг нэрээрээ танигдсан “Микроны босс” уран сайхны кинонд тоглодог залуу байна. Би 1999 онд СУИС-д элсч орсон. Манай Ишчүү 2000 онд СУИС-д элсч орсон. Дээд, доод курсийн хоёр л доо. Тэр үеэс эхлээд л нэг нэрээр дуудагдаж эхэлсэн. Ишчүү, Байлаа. Байлаа, Ишчүү гээд л. Сүүлийн үед тус тусдаа амьдралтай болсон учраас байнга уулзаж чадахгүй л байна. Хамт сурч байхдаа бол байнга л сургууль дээрээ хонож, өнжөөд л сургуулилтаа давтдаг байсан.

-Адилхан амьдралыг туулж өнгөрүүлсэн эсвэл адилхан зан араншинтай хүмүүсийн нөхөрлөл дотно, урт хугацаанд үргэлжилдэг юм шиг. Та хоёрын хувьд адил төстэй зүйл хэр олон бэ?
-Бий бий. Манай Ишчүү бол драмын жүжигт тоглох байх л даа. Гэхдээ Ромеод тоглоод явж байна гэхээр төсөөлөгдөхгүй. Би ч мөн адил Ромеод тоглоод явж байна гэвэл хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Би өмнө нь ярьж л байсан. МҮОНРТ-ээс над руу ярьж байна. “Байлаа гуай мөн үү” гэнэ. “Байлаа мөн байна. Гуай болох арай ч болоогүй байна л даа” гээд хэллээ. Өөрийгөө залуу хүн гэж бодоод л тэр. “Манайхаас “Огцом эргэлт” олон ангит кино хийж байгаа юм аа. Хоёр гурван сценд оруулах гэсэн юм” гэж байна. “За болно, болно. Би завтай байна. Гэхдээ ах нь ямар дүрд тоглох юм бол” гэсэн чинь “Өмгөөлөгч” гэж байна. Би өөрөө ч гайхаад “Миний дүү, ах нь нөгөө Байлаа байна. Рашаантын 18-д попрышка түлдэг. Дандаа л хулгайч, архичин, алуурчны дүрд тоглодог. Өмгөөлөгчид тоглож болох юм болов уу” гэсэн чинь “Тийм ээ ах аа. Найруулагчтай ярьсан. Хулхи, луйварчин өмгөөлөгчийн дүр” гэхээр нь тийм байлгүй дээ гэж бодсон. Өөрөө хүртэл ингээд хүлээн зөвшөөрчихсөн. Бид хоёр энэ талаараа адилхан л даа.

Амьдрал маань ч төстэй. Би багадаа аав, ээжийгээ алдсан. Дороо нэг дүүтэй байсан ч алдаад би айлын бага болчихсон. Хоёр ах, нэг эгчтэй. Өөрийн хэмжээнд хэцүүг туулсан. Гутал тослоод, сонин зараад, савхи будаад, ундаа зараад л явж байлаа. Тухайн үеийн нийгэм нь л тийм байсан. Сургуулиа хүртэл хаяад хуулиас гадуур юм ч хийж байлаа. Хийгээгүй ч хүн байхгүй биз. Тухайн үед “Рояал” гэж спирт хүртэл найруулаад зарж л байсан. Цагаанхуаранд хар гудамжинд өссөн. Өнгөрүүлсэн амьдралаасаа ч ичиж зовоод байдаггүй. Ишчүү маань Дорнодод өссөн. Аав, ээж нь бий. Тухайн үеийн нийгмийн амьдралыг туулаад ирсэн болохоор бид нэгнээ сайн ойлгодог. Ижил төстэй талууд их л дээ. Бид хоёр сургуульд сурч байхаасаа л оюутнуудыг баригадаар их авч явдаг байсан. Алдармаа, Туяа, Мөрөөдлийн театрын Шагай нараас эхлээд одоо жүжигчнээр ажиллаж байгаа залуучуудыг аваад хөдөөгүүр их явдаг байсан. Ингэж явахаар хүн их задардаг. Бригадаар явж байсан залуучууд дундаас урлагаас өөр салбарт байгаа, ажилгүй залуу байхгүй дээ. Ингэж явж байхдаа бид илүү дотно найзууд болж чадсан.

-Нэг л алхвал буруу замаар орчих тийм амьдралын эрмэг дээр явж байсан хүн одоо жүжигчин болчихсон явж байгаад хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл юу байв?
-Хүмүүс надаас асуудаг юм. Байлаа чи хэрэв жүжигчин болоогүй бол хэн болох байсан бэ гээд. Би хулгайч л байх даа л гэдэг. Өөр надад буух юм байхгүй. Би 21 дүгээр сургуульд сурч байгаад дөрөвдүгээр ангиасаа сургуулиа хаячихсан. Тухайн үеийн хүүхдүүд автобусанд суугаад тэнээд явдаг байлаа. Гэхдээ би тэнэж байгаагүй. Урт цагаан дээр савхи будах, дөрвөн зам дээр гутал тослох зэрэг ажил хийдэг байсан. Одоогийн хип хоп хамтлагийнхан тэр чигээрээ л миний адил тэнд байлаа. Эрэмбээрээ сууж гутал тослоно. Намайг тухайн үед “гоймон” Даваажав гэдэг байсан учраас дунд хавиар л суудаг байсан. Миний аав тээврийн жолооч хийж байгаад хотын түргэнд их олон жил ажилласан. Би аавыгаа дагаад машин засдаг. 15 настай байхдаа машины мотор боож чаддаг байсан учраас жолооч болно гэж боддог байсан ч жолооч мэргэжил биш хэрэглээ болчихсон. 10 жилийн хүүхэд хүртэл хичээлдээ машин унаад ирж байна шүү дээ.

Уг нь, манайх боломжийн амьдралтай айл байлаа. Аав хувьдаа машинаа авчихсан. Манайх комби Ладатай, шар өнгийн ГАЗ 53 машин хашаандаа зогсоочихсон. “Алтан залаа хоёр” гээд хувиараа эрхлэх аж ахуйтай, 500 гаруй тахиатай. Тохиролцооны дэлгүүр ажиллуулдаг айл байсан. Гэтэл аав хэдэн найзтайгаа нийлээд Паркаас зээл авч наймаанд явж байхдаа бие нь муудаад удалгүй бурхан болоод бүх зүйл орвонгоороо эргэсэн. Найз, дүү гээд л олон хүн байсан ч нүүрээ буруулсан. Паркаас авсан зээлийн өрөнд машиныг нь чирээд явчихсан. Хүүхэд байхаасаа л тэр машиныг засч, бүх зүйлийг нь хийж өссөн учраас дасчихсан байлаа. Их л нулимстай үлдэж байсан. Тэгээд л хүн ийм байдаг юм байна гэж мэдэрч эхэлсэн. Хүн чадлаараа л амьдрахгүй бол чадал муутай нэгийг нь ниргэсэн шиг ниргэдэг юм байна гэж ойлгож авсан.

Тиймээс аавынхаа нэрийг гаргасан мундаг хүн болъё гэж хичээсэн. Тухайн үед сургуулиас завсардчихсан байсан учраас эдийн засагч, хуульч болох ч бололцоо байгаагүй. Цагаанхуаранд гитартай дуулж сурсан учраас дуучин болъё гэж шийдсэн. Сургууль завсардсан хэдий ч савхи будаж, гутал тослоод мөнгө олчихдог өөрийн гэсэн ертөнцтэй болчихсон байсан учраас оройн сургууль хөөцөлдсөн. Ажилчин залуусын ээлжийн оройн хоёрдугаар сургууль гэж байдаг. Энд аравдугаар ангиа төгсөөд СУИС-д бүртгүүлсэн. Урлагийн ямар ч ойлголтгүй байсан. Тэгсэн мөртлөө л дуучин болно гээд бодчихсон. Яаж сургуульд элсэхээ ч мэдэхгүй. Цагаанхуарангийн найзуудаасаа конкурс эхэлж байгаа гэдгийг дуулаад л СУИС дээр яваад очтол дуулаачийн ангийн элсэлт дуусчихсан байв. Тэгээд л кино драмын ангид бүртгүүлээд орсон.  Нэг юм хийвэл эцсийг нь үзэх гээд л улайрчихдаг.

-Их сургуульд элсч орж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач. Бас л амьдралын нэгэн том босгоор алхаж орж байгаа учраас юм бүхэн л өнгөтэй, гэгээтэй санагддаг үе...
-Манай ангид “ТВ коктейль”-ийн Цоомоо, Энхбаяр, “Маск”-ийн Жавхаа гээд л өмнө нь телевизэд ажиллаад, кинонд дуу оруулчихсан мундаг хүүхдүүд байсан. Тэд гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ ирчихсэн байсныг хараад дотроо уйлж байлаа. Аав минь байсан бол гээд л. Ааваараа их дутдаг. Одоо ч тэр. Хүн хүүхдээ үнсч байгааг харахаар уйлах гээд байдаг. Одоо ч тэр аавын тухай ярихаар уйлчих гээд байна. Гэхдээ яах вэ амьдрал гоё. 2016 он надад их зүйлийг өглөө. 37-ны жил орж байна. Аав, ээжийнхээ гэгээн дурсгалд зориулаад буриадын “Эжы мин” гээд сайхан дууг дуулж, дүрсжүүлсэн. Тэд маань надаар бахархаж байгаа байх.

-Би үзсэн. Таныг гитар бариад дуулж байгааг харахаар инээд хүрээд байна билээ. Жүжигчин болох, хошин урлагт орох тэгээд царайг тань хараад л инээд нь хүрдэг болох зэрэг нь яалт ч үгүй багштай чинь холбоотой болов уу?
-Харин тийм ээ. 1999 онд би СУИС-д орчихоод 2000 онд шууд “Эрхэм элч” нэгдэлд Лхагваа ахынхаа гар дээр очиж байсан. Сургуульд бол Сумъяагийн Сугар миний багш байлаа. Аавтай минь ч төстэй царайтай болохоор их сайхан санагддаг байсан. Би ч хайртай шавь нарынх нь нэг. Надтай уулзахаараа байнга инээгээд л угтдаг. Надаас доод үеийнхэнд багш дандаа надаар жишээ татдаг байсан талаар одоо дүү нараасаа сонсоход сайхан байдаг. Багшийг бурхан болоход би Увсад тоглолтоор явж байсан учраас дэргэд нь байж чадаагүй. Гэсэн хэдий ч Увсад хийсэн хоёр өдрийн тоглолтын тасалбар бүртээ иштэй чихэр, шоколад тараасан. Багшдаа тэгж буян хийсэн болохоор сэтгэл их өег байдаг.

-Та жүжигчин Лхагвасүрэнтэй их төстэй санагддаг. Адилхан хүмүүсийн хувь заяа “Эрхэм элч” нэгдэл дээр нийлэх тавилантай байжээ...
-2000 онд “Эрхэм элч” нэгдэл байгуулж, захирлаар жүжигчин Батзаяа ах, дэд захирлаар нь жүжигчин Лхагвасүрэн ах ажиллах болсон. Тухайн үед сургуульдаа алиа хошин юм хийдэг, яригддаг нь л Ишчүү бид хоёр байсан учраас Лхагваа ах биднийг сонгож авч байсан. “Нүдэн” Батаа маань, Навчаа эгч гээд л хүчтэй хамтлаг бүрэлдсэн. Лхагваа ах их мундаг, нямбай. Бид номероос номерын хооронд чих нь шуугьчихсан гүйж ирээд өмсч байгаа хувцсаа тайлж шидээд дараагийнхыг нь өмсөөд гардаг. Гэтэл Лхагваа ах яаж ч яарч сандарч байсан тайлсан хувцсаа эвхэж тавиад, оймсоо солиод гараад байдаг. Одноо эгч Лхагваа ахыг ярихдаа багын л эмх цэгцтэй хүүхэд байсан, одоо ч хэвээрээ гэдэг. Лхагваа ах ээжтэйгээ амьдардаг айлын ганц хүү байсан юм билээ. Багшийн дээдийн Кино драмын ангид сурч байхдаа гэрээсээ цүнхэндээ уутанд дөрвөн боорцог, аягаа авч ирээд буцалсан ус авч уучихаад аягаа арчиж цүнхлээд явдаг байсан гэсэн. Одоо ч тэр хүний уусан аяганд уудаггүй, нямбай. Лхагваа ахын хажууд есөн жил ажиллахдаа маш их зүйлийг сурсан.
“Шилдэг өнгө” продакшнд гурван жил ажилласан. Өлзий эгч л “Чи Лхагваа ахын пародия хийгээч. Үнэхээр адилхан юм аа” гэдэг байсан. 2000 онд анх “Эрхэм элч” нэгдэлд анх орж байхад сонин хэвлэлээр “Лхагваа өөрийн байгуулсан хамтлагтаа нууц хүүгээ авлаа”, “Лхагваагийн дүү жүжигчин Даваажав” гэх зэргээр бичсэн. Тухайн үед хошин урлаг эрэлттэй байсан учраас бүхний анхаарал бидэн дээр тусдаг байсан л даа.

-Багш хичээл заахаас сургахаас гадна хүн өөрөө өөрийгөө амьдралд сургадаг. Та өнгөрсөн амьдралаас хамгийн ихээр сурч мэдсэн зүйлээсээ хуваалцаач?
-Залуус юм хийхээсээ өмнө үр дүнг нь мэдэх гээд байдаг болчихсон. Нэг юм хий гэхээр л цалин өгөх юм уу, хэдэн төгрөг өгөх юм, од болох уу гэдэг ч юм уу. Миний туулж ирснээр бол залуу хүн огт зүгээр сууж болохгүй. Хөдөлмөрлөөд л байх хэрэгтэй. Энэ жил Архангай аймгийн Хангай суманд тоглолтоор очоод 13 хүний амь аварсан. Сая чамтай уулзахаар ирэхээсээ өмнө дүүргийнхээ ИТХ-аас өргөмжлөлөөр шагнуулчихаад явж байна. Энэ бүхэн чинь хөдөлмөрлөөд л байвал өөрөө ирээд байдаг. Хошин урлагт 16 жил ажилласан байна.

-16 жилийн хөдөлмөрийн үр шим тань одоо байгуулаад буй “Комеди” театр гэж болох нь ээ?
-Яахав залуу хүмүүст ажил олгох, өөрийнхөө хэмжээнд хийж чадахаа хийх гээд байгуулсан. Энэ жил нээлтээ хийгээд албан ёсоор эхлэх гэсэн боловч тодорхой шалтгаан гарсан учраас хойшилсон. Ирэх жил албан ёсоор энэ ажлаа эхлүүлэхээр зорьж байна.
2013 онд “Шилдэг өнгө” продакшнд ажиллаж байхдаа Соёлын тэргүүний ажилтан болсон. Хошин урлагийн нэгдсэн тоглолтын үеэр Оюунгэрэл сайдаас цол, тэмдгээ гардсан. Тэр тоглолтын гол гэнэтийн бэлэг гэж зарлаад ганцхан намайг шагнасан. Улаанбаатар паласын концертын их танхим дүүрэн хүмүүс алга нижигнүүлэн ташаад баяр хүргэж байлаа. Энэ бүхнээс зорьсон зүйлээ хүртэх гэж чармайж явна даа гэдгээ мэдэрдэг. Учиргүй зорьсноо хүртэж байна гэж боддоггүй. Гэхдээ зорьсон зүйл маань хол байна даа ч гэж боддоггүй. Зорилгогүй амьдарч болохгүй. Тиймээс маш том комеди театртай болохыг хүсдэг.

-Таны ярьснаар од болох гэдэг ч юм уу, түр зуурын сагсуурал насны онцлог юм шиг. Танд бас сагсуурч явсан үе бий л байх?
-Их сургуульд ороод дараа жил нь “Эрхэм элч” нэгдлийн жүжигчин болоод үнэмлэхээ авлаа. Нэг л том хүн. Хаа явсан газраа үнэмлэхээ үзүүлээд “Би жүжигчин байна” гээд л явдаг байсан. Хоол идээд сууж байхад хажууд хүн хошин урлагийнхан гээд ярихаар л үнэмлэхээ барьж очоод “Би хошин урлагийн хүн байна. Та ингэж ярьж болохгүй” гээд л. Одоо бодохоор нүүрний арьс хуурах нь. Яах вэ, хүүхэд байсан. Гэнэн л байхгүй юу.
Анхны тоглолтод орчихоод гудамжаар явж байсан ч хүмүүс намайг харна гээд л хогоо хүртэл хогийн саванд хийдэг болсон. Гудамжинд хүмүүс хоорондоо ярилцаад инээсэн ч намайг хараад инээж байна гэж бодоод бүх л контролыг өөр дээрээ тусгаж авдаг байлаа. Бүр солиороод Амгалангаас МҮЭСТО хүртэл алхаад явдаг байсан. Тэр үед аав, ээж өнгөрчихсөн байсан учраас эгчийндээ Амгаланд амьдардаг байсан. Автобусанд суучихвал хүмүүс таниад хамтлагийн нэр уначихна гэж тэр л дээ. Олон алхахаар хөл өвдөнө. Тэгээд автобусанд суухаар хөөрхий согтуу, хөлчүү хүн таниад хамт зургаа авхуулъя гэвэл бөөн баяр болно. Нэг ийм үе хүн бүрт байдаг л даа.

-Нэг удаа яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар гуай хэлж байсан. Хүн өөрийнхөө хүүхдээс өөрийгөө л хайдаг. Харин нас тогтоод ирэхээр хүүхдийнхээ хүүхдээс ээж, аавыгаа хайдаг юм байна лээ гэж. Та аав болоод удаагүй байгаа. Үеийнхнээсээ бол оройтож аав болж байна. Хүүгээ хэрхэн хүлээж авсан бэ?
-Дээр жил орж байгаа гэж хэлсэн. Ирэх жил 38-тай болох нь. Чойном гуайн шүлэг шиг бараг л 38-тай аав боллоо. Энэ жилийн миний хамгийн том бэлэг байлаа. Танай сонин намайг урьж ярилцлага хийж байгаа болохоор нэг нууцыг хуваалцъя гэж бодлоо. Манай гэр бүлийнхэн бүгд бич жилтэй. Хүү маань аавынхаа 37, ээжийнхээ 25-ны жил дээр төрсөн. Айлд хар муу бүхнээс хамгаалж нүд, чих, амаа дарсан сармагчин байх ёстой гэдэг. Гэтэл манайд тэр гурав амьдаараа байгаа биз.
Миний эхнэр Б.Ган-Эрдэнэ гэж эмэгтэй байгаа. Хүү минь ээжтэйгээ их төстэй. Харин аавыгаа дууриасан нүүрний баясгалантай. Эмч нар вакцин хийхдээ “Ийм хөөрхөн нүүрийн баясгалантай хүүг яаж тарих юм” гээд байгаа. Киноны натур дээр эхнэр хүү хоёр маань очсон чинь жүжигчид “Байлаа ахаас ийм хүүхэд гардаг аа” гээд байсан. Томроод хэнтэй адилхан болох нь мэдэгдэх байх. Би гэхдээ ийм царай муутай байгаагүй юм шүү. Охидоос захиа их авдаг байлаа.

-Урлагийнхан маш их хүрээлэл дунд оршдог. Гэтэл ганцаардах, уйтгарлах үе гарч л таарна. Та хэзээ хамгийн ихээр ганцаардаж байсан бэ?
-Аавыгаа алдаад л асар их ганцаардал, өнчрөл үзсэн. Аавыгаа алдчихаад хаашаа ч хамаагүй гүйчихмээр, хамт явчихмаар, муухайгаар хэлэхэд амиа хорломоор санагдах үе байсан. Халдвартын эмнэлгийн хашаанд ийм зүйл бодоод уйлаад сууж байхдаа ээж, эгч, хоёр ахыгаа л бодсон. Дүүг минь алдаад, аав үгүй болчихоод байхад би нэмж хагацал үзүүлээд яахав дээ гэж л бодсон. Дахиж тийм хагацал зовлонг яасан ч үзэхийг хүсэхгүй. Надад ааваас минь үлдсэн бугуйн цаг, улаан хамбан дээл хоёр байдаг. Охин хүүхэд хөл хучина, хүү үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж ярьдаг. Түүн шиг аавынхаа үргэлжлэл байхыг боддог. Тиймээс цагийг нь байнга зүүж, дээлийг нь тайзан дээр өмсч гарах дуртай байдаг. Намайг үзэгчид төсөөлөхдөө тэр улаан хамбан дээлтэй төсөөлдөг болчихвол үнэхээр сайхан. Тэр дээл гараагүй тайз цөөхөн.
Аав биднийг зүйр цэцэн үгээр их хүмүүжүүлдэг байсан. Ааваас хойш намайг бие хүн болоход зүйр цэцэн үг нь их нөлөөлсөн. Хүн зовлонг дагаж биш сөрөх л ёстой юм байна гэж бодсон. Би боддог юм. Ер нь хүн төрөхдөө л өртэй төрдөг юм байна гэж. Тэр өрөө өөрийнхөө хүүхдийг сайн хүн болгож өсгөж л хариулах ёстой юм болов уу. Миний хүүхэд ч гэсэн өрөө өөрийн хүүхдийг сайн хүн болгож өсгөж хариулах байх.

1 Сэтгэгдэл
Сайхан эр хүн дээ
Хамгийн их уншсан