Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Ганбаатар: Газраа чөлөөлсөн 1500 өрх орон гэргүй байна

- ТОДРУУЛГА -

Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой иргэдийн гомдол нэмэгдсээр байгаа аж. Иймээс шинэчлэн зохион байгуулагдсан Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар дахин төлөвлөлтөд хамрагдаад байрандаа орж чадаагүй иргэдтэй уулзсан юм. Хотын шинэ удирдлагуудын зүгээс дахин төлөвлөлтийг цааш үргэлжлүүлнэ гэж байгаа ч эхний ээлжинд хохирсон иргэдийн асуудлыг шийдэхээр зэхэж буй аж. Энэ талаар гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Одоогоор газраа чөлөөлөөд байрандаа орж чадаагүй хэдэн өрх байна вэ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 400 айл гэж яригдаж байсан. Хэд хоногийн өмнө Монгол-Ньюс мэдээллийн танхимд хэдэн иргэн хэвлэлийн хурал хийхдээ энэ тоог 4000 гэж байсан?
-Манайх шинэчлэн зохион байгуулагдсан өдрөөсөө эхлэн иргэдийн гомдол, са­налд дарагдсан. Гомдлын дагуу эхнээс нь иргэдтэй уул­заж байна. Эхний ээлжинд газраа чөлөөлсөн 1500 өрхийн асуудал яригдана. Уг асуудалтай холбогдуулан хотын дарга С.Батболд ажлын хэсэг байгуулсан. Нийслэлийн Засаг даргын Гэр хороолол дэд бүтцийн асуудал  хариуцсан орлогч П.Баярхүү даргаар ахлуулсан ажлыг хэсэг бай­гуул­­сан. Ажлын хэсгийн зүгээс хүйтний улирал эхэлж бай­гаатай холбогдуулан энэ асуу­далд илүү ач холбогдол өгч яаравчлан шийдэхээр ажиллж байна. 

-Ер нь, дахин төлөвлөл­тийн компаниуд хэр үр ашигтай ажиллаж байна вэ. Сүү­лийн үед дахин төлөв­лөлтөд хамрагдаж, орон гэргүй болсон гэх иргэн нэмэг­дэх хандлагатай бай­­на. Төлөвлөлтөд хам­рагд­сан хэрнээ ажлаа эхлүү­лээ­гүй иргэдийг хохи­­роосон  хэ­­­дэн компани байгаа юм бэ?
-Дахин төлөвлөлтийн хү­рээнд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж иргэдтэй хийсэн гэрээнийхээ дагуу ажиллаж байгаа компаниуд бий. Гэхдээ үүнд үйл ажиллагаа нь зогсоод иргэдийг хохироосон компаниуд ч байна. Одоогоор бид 18 компанийн нэрийг гаргаж ирээд байна.

-Энэ компаниудад ямар арга хэмжээ авах вэ?
-Эхний ээлжинд газар дээр нь очиж нөхцөл байдлыг нь үнэлээд иргэд, компанийн төлөөлөлтэй уулзаж ярилцаж байна. Компаниудын хувьд ямар бэрхшээл асуудал гараад байгаа талаар ярилцана. Тэгээд энэ сарын 28-ны дотор хотын даргад танилцуулна. Үнэн бодит байдлыг тогтоо­хын тулд бид газар дээр очиж ажиллаж байгаа. Учир нь, иргэдтэй уулзахаар иргэд нэг юм ярьдаг. Компанийн төлөө­лөлтэй уулзахаар нэг өөр зүйл ярьдаг. Ингээд ойлголцдоггүй.  Ажлын хэсгээр энэ асуудлыг шуурхай хэлэлцээд нэг шийд гаргана. Компаниудын  зүгээс түрээ­сийн мөнгөө өгч байгаа гэдэг. Гэтэл иргэд түрээсийн мөнгө авах нь гол зорилго биш. Газраа орон сууцаар солино гэж гэрээ хийсэн шүү дээ. Мөн нэг асуудал байгаа нь компаниуд ажлаа эхлүүлээд дөнгөж сууриа цутгаад л ажил нь зогсчихсон байна. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон барилга олон байгаа юм. Үүнийг шийдэж иргэдийг байранд нь оруулах ажлыг зохион байгуулна. Дахин төлөвлөлтийн компа­ниуд иргэдтэй газрыг нь орон сууцаар солино гэж гэрээ хий­сэн болохоос ямар нэг хөрөнгө мөнгөний асуудал гарвал ажлаа зогсооно гэж гэрээлээгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан