Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чингис” бонд буюу Айлгах төлөвлөгөө-1



Л.НОМИН


“Чингис” бондын санхүүжилтээр тавьсан Уньт-Мөрөн чиглэлийн 253 км авто зам ашиглалтад орсон жил Хөвсгөл аймагт зөвхөн дотоодын жуулчид 70 мянгад хүрч байлаа. Түүнээс өмнө жилдээ 40 орчим мянган дотоодын жуулчин очдог байсан гэхээр хатуу хучилттай авто замын үр өгөөж тов тодорхой харагдана. Харин энэ замыг өөрийнхөө хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан гэж нутгийн олноо төөрөгдүүлж суух УИХ-ын эрхэм гишүүд байх.

“Чингис” бонд бол хамгийн муу муухай гэж сурталчлах гишүүн нь бас л Хөвсгөлөөс сонгогдсон байдаг. Түүгээр ч барахгүй тэрээр өмнөх парламентын үед Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийг ахалж Хөгжлийн банкинд шалгалт хийгээд дүгнэлтээ хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаад парламентын бүрэн эрхийн хугацааг дуусгасан. Бондын санхүүжилт хаачив гэж сөрөг хүчин байхдаа ч улстөрждөг байсан эрхмүүд өдгөө эрх баригчид болсон.

Тэр үед ч гэсэн УИХ-ын гишүүдийн хувь, хувьцаа эзэмшдэг компаниуд “Чингис” бондоос санхүүжилт авсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр хангалттай гарч байв. Бонд авч иргэдэд бэлэн мөнгө болгож тараалгүй аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсөлд санхүүжилт олгосон шүү гэдгийг тайлбарлаад ч яаж ийгээд мушгин гуйвуулсаар л байсан. Одоо ч гэсэн улстөржилтийн гол сэдэв “Чингис” бонд хэвээрээ байна.

Өдөр алгасалгүй л шалгаж байна, хорьж саатууллаа гэдэг мэдээ гаргах боллоо. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг саатуулжээ гэсэн мэдээ гарсан бол удалгүй саатуулаагүй, шалгаж байгаа нь үнэн гэдэг тайлбар явсан. Тэгтэл Эдийн засаг хөгжлийн яамыг тэргүүлж “Чингис” бондыг босгох ажлыг хийж, зарцуулах хуваарилалтыг хариуцаж байсан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг мөн л баривчиллаа гэх дуулиан гарсан. Шалгаж байгаа ч баривчлаагүй гэх. Долоо хоногийн сүүлчээр Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийг саатуулан шалгаж байгаа мэдээлэл хэвлэлүүдэд нийтлэгджээ. Түүнийг III цахилгаан станцын өргөтгөлийн ажилд “Чингис” бондын санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэв. “Чингис” бондын санхүүжилттэй холбоотойгоор дахиад ч хүмүүсийг шалгах нь тодорхой болоод явчихлаа. Яагаад гэвэл сүүлийн хэд хэдэн сонгуулийн өмнө дэгдээдэг улс төрийн кампанит ажлын энэ удаагийн гол сөрөг мессэж нь бондтой холбогдуулан муулах.

2012 оны сонгуулийн өмнө баахан гэмт хэрэгтнүүд нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа мэт ойлголт нийгэмд төрүүлж байсан. Гурван сарын өмнө болсон УИХ, НИТХ-ын сонгуулийн үеэр ч гэсэн гэмтнүүдээр төр удирдуулах нь гэсэн мессэж олонд өгөх ПиАр нэлээд хавтгайрсан. Тэгвэл энэ удаагийн “Чингис” бондын эргэн тойрны хар бараан мэдээлэл сонгуулийн өмнө л гэнэт дуулиантайгаар илрэх болсон нь зүгээр нэг тохиолдлын зүйл биш. Төр засгийн өмнөх удирдлагуудын хийснийг ухаж төнхөж, тэр ч тийм буруутай байх, энийг ч шалгах хэрэгтэй гэж шударга дүр төрхийг бүрдүүлэхээр маш их хичээж байна.

Хэрэв үнэхээр шударга юм бол улс төрийн намын харьяалал харгалзахгүй шударга хандах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан нам дангаараа засгийн эрх бариагүй. МАН-ынхан Засгийн газарт хагас жил гаруй ажилласан, МАХН-аас МАН-д орсон хоёр ч сайд хамтарсан Засгийн газарт цөөнгүй хугацаанд алба хашсан. 2012-2016 оны хооронд хоёр Ерөнхий сайд гурван өөр бүтэц бүрдүүлэхдээ Сангийн сайдаар МАН-ын хоёр гишүүнийг засагтаа ажиллуулсан. Нэг нь өдгөө Ерөнхий сайд болж, нөгөө нь сул гишүүн ч тэд өнгөрсөн жилүүдийн төсөв, санхүүгийн бодлогыг шүүмжилж суугаа нь хэр зохимжтой үйлдэл бол. Энэ бол нөгөө Монгол төрийн ой санамжийн тухай ойлголтын хамгийн энгийн жишээ.

Ой санамжийг арчих сонирхол эрх баригчдад бий бололтой. Хөгжлийн банкны жилийн өмнөх мэдээлэл одоо өөрчлөгчөж эхэлж буй сонирхолтой мэдээлэл дуулдав. 2015 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар төслийн нэрийг, гүйцэтгэгч компани, мөнгөн дүнтэй нь ил бичдэг байсан юм. Харин одоо төслийн нэр байгаа ч гүйцэтгэгчээр нь ямар нэг аж ахуйн нэгжийг биш санхүүжилт авсан банк, харьяа яамаар нь гаргаж тавьжээ. Тэгэхээр эндээс ямар компани хэдэн төгрөгийн төсөл авсан нь харагдахаа больсон гэсэн үг. Ингэж нууж, мэдээллийг далдлах болсон нь нөгөө хамгийн муу муухай нэрийг зүүх болсон “Чингис” бондыг зөвхөн хар, муугаар харуулахад зорилго оршиж байхыг хэн байг гэхэв.

Үнэндээ томоохон төсөл, өндөр дүнтэй санхүүжилтийг хэн авсан бэ гэж шүүрдээд үзвэл сонирхолтой зүйл харагддаг. Жишээ нь, “Чингис” бондоос “Монцемент” төсөлд 122 тэрбум 633,6 сая төгрөг “Монполимент” ХХК, “Сэнж Сани” ХХК, “Хөх цавын цемент” төсөлд 109 тэрбум 642,9 сая төгрөг МАК цемент ХХК, АСЕМ Вилла цогцолбор хотхон 60 тэрбум төгрөг “Скай Резорт” ХХК, дэд станц, зураг төсөл, барилга угсралтын төсөлд 10 тэрбум 342,9 сая төгрөг “Нью прогресс” ХХК, сүлжмэл, ноос ноолуурын төсөлд 10 тэрбум төгрөг “Говь” ХК авчээ. Тодруулахад “Монполимент” ХХК УИХ-ын гишүүн Ц.Гарамжавынх, МАК УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын гэр бүлийн компани бол “Скай Резорт” ХХК-ийн толгой компани “Эм Си Эс Монгол” ХХК-д УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Нью прогресс” ХХК-д УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, “Говь” ХК-д УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд хувьцаа эзэмшдэг. Тэд ч гэсэн “Чингис” бондоос хувь хүртсэн гэдэг нь Хөгжлийн банкны тайланд тусгагджээ. Тэгвэл бондын санхүүжилтээс хувь эзэмшдэг компаниараа дамжуулан дээрх улстөрчид, эрх баригчид холбогдож байгаа болохоор тэд ч ялгаагүй муу муухай болж харагдах ёстой баймаар. Түүнээс гадна “Чингис” бондоос санхүүжилт авч үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөтгөсөн олон аж ахуйн нэгж, компанийг давхар харлуулж, муухай харагдуулаад байгаагаа харамсалтай нь мартаж орхиж. 

Чингис хааны нэрээр олон улсаас бонд босгож 1,5 тэрбум ам.доллар оруулж, аймгийн төвүүдийг авто замаар нийслэлтэй холбох, нийслэлийн 33 уулзвар, замыг өргөтгөх, Боинг-767 онгоц авах, нийслэлийн инженерийн дэд бүтцийг сайжруулах, ноос, ноолуур, сүү, оёмол бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн төслүүд, “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны төсөл, дотоодын барилгын материалын үйлдвэрийн төслүүд гээд тоочвол олон ажил хийж гүйцэтгэсэн. Энэ бүхэнд дотоодын аж ахуйн нэгжүүд оролцож, түүний үр өгөөжийг олон хүн хүртсэн гэдгийг умартсаар төслийг хэрэгжүүлэхдээ эрх мэдэлтнүүд нь авлига, хээл хахууль авсан гэж зарлаж, мэдээллээр бөмбөгдөж байгаа нь сонгууль бүрийн өмнө явдаг танил тактик болох нь харагдаад буй. Орон нутгийн сонгууль болтол “Чингис” бондоос болж дахиад өмнөх эрх баригчид, шийдвэр гаргах түвшний хүмүүсийг хэрэгт татаж, шалгасан тухай мэдээлэл хөврөх нь бололтой. Шүүхийн эцсийн шатны шийдвэрээр гэмт хэрэгтэн хэмээн тогтоогдоогүй байхад буруутан мэтээр ойлгуулж, олон нийтийн өмнө чичилдэг сонгуулийн хар ПиАр явуулахгүй бол МАН-ын рейтинг өдрөөс өдөрт уруудаж байгаа. Гэхдээ гол мессэжээр “Чингис” бондыг сонгож авсан нь хэр оновчтой байсан юм бол доо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан