Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Аригуун: Нохойд уруулсан тохиолдлын 90 орчим хувь нь тэжээвэр нохой байдаг

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, хог хаягдлын менежментийн хэлтсээс нийслэлийн хороон дарга нартай уулзалт хийж, нохой, муур устгалын журамд өөрчлөлт оруулах тухай санал солилцлоо. Хурлын үеэр олон нийтийн сүлжээнд түгээд буй спей хийх мэс ажилбар буюу нохой, муурны үржлийг хязгаарлах талаар мэдээлэл өгсөн. Энэ тухай болон бусад холбогдох асуудлаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, хог хаягдлын менежментийн хэлтсийн менежер С.Аригуунтай ярилцлаа.

-Олон нийтийн сүлжээнд нохой, муурны үржлийг хязгаарлахад таван тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл тараад байгаа. Юун түрүүнд энэ мэдээлэл үнэн бодитой эсэх талаар тодруулах нь зөв байх?
-Энэ тухайд тайлбар өгөхөд золбин нохойд спираль тавих асуудал огт яригдаагүй. Юуны өмнө нэр томъёоны асуудлаа цэгцлэх хэрэгтэй байна. Угтаа спираль биш спей юм. Спей гэдэг нь охин нохойны өндгөвчийг савтай нь авах мэс ажилбар бөгөөд бид журамдаа “Үржлийг нь хязгаарлах” гэсэн нэр томъёогоор оруулсан байгаа. Түүнчлэн, золбин нохойд спей хийхгүй. Харин эзэнтэй нохдод хийх нь зөв гэж журмын төсөлд тусгасан. Гэхдээ эцсийн шийдвэр гаргаагүй байна. Мөн нэг нохойд 130 мянган төгрөгөөр мэс ажилбар хийнэ гэдэг мэдээлэл худлаа болохыг анхааруулъя.

-Зардал мөнгөний тухай журамд хэрхэн тусгах бол?
-Яг одоо энэ тухай тусгагдсан зүйл байхгүй. Нэг нохойд спей хийх буюу үржлийг нь хязгаарлах ажилд тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөгдөх нь мэдээж гэхдээ 130 мянган төгрөг байна гэдэг мэдээлэл гараагүй. Манай мал эмнэлгүүд энэ чиглэлийн мэс ажилбарын талаар судалж байна. Цаашид журам батлагдаж, үржлийг нь хязгаарладаг болох юм бол үнэ өртөг нь тодорхой болно. Түүнээс хотоос тэдэн төгрөг байна гэж зааж тогтоох, нөлөөлөх боломжгүй. Мэс ажилбарын зардлыг ч нийслэл, орон нутгийн төсвөөс гаргана гэсэн тооцоо хийгээгүй.

-Нохой буудаж усгтгах зардал ямар байдаг юм бол. Үржлийг нь хязгаарлах ажил буудаж устгахаас үнийн хувьд хэр зөрүүтэй байх бол?
-Нэг нохойг буудаж устгах зардал НИТХ-ын тогтоолоор 12 мянга 500 төгрөг байгаа. Энэ оны наймдугаар сарын байдлаар нохой устгалд нийт 700 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Нэмж хэлэхэд одоо хэрэглэж буй золбин нохой буудаж устгах ажил үргэлжилнэ. Гэхдээ арай энэрэнгүй аргаар устгах талаар судалж байна. Учир нь, жил бүр нохой устгах үеэр гудамжинд цус нөж асгарах, шархтай нохой зугтах, иргэдэд айдас хүйдэс төрүүлэх зэрэг хүндрэл гардаг байсан.

-Хурлаар хэлэлцсэн бусад асуудлыг сонирхвол?
-Өнөөдрийн хурлаар золбин нохой, муур устгалтай холбогдуулж тоо толгойг нь бууруулах чиглэлээр хэрхэн ажиллах тухай танилцуулга өглөө. Мөн устгалын үйл ажиллагаанд хороодын засаг дарга нар дэмжлэг үзүүлэх, иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн. Нөгөөтэйгүүр золбин нохой, муурнаас хүнд халдах өвчний хор уршгийн талаар иргэдэд сургалт, сурталчилгаа явуулах тухай мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах, зохион байгуулалтад оруулахад дэмжлэг үзүүлж ажиллаач гэж байгаа юм.
Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн чиглэлийн эрдэмтэд Эрдэнэт хотод золбин нохойтой тэмцэх төсөл хэрэгжүүлж энэ ажлын хүрээнд 14 мянган нохойг бүртгэлжүүлж, эзнийх нь хүсэлтээр үржил хязгаарлах мэс ажилбар буюу спей хийдэг болсон байна. Эрдэнэт хотын засаг захиргаанаас золбин нохдын тоо буурсан, иргэдэд зөв хандлага бий болсон талаар мэдээлсэн. Ер нь, золбин нохойны тоо олшрох шалтгаан эзэнтэй ноход гөлөглөж, гөлгийг нь гудамжинд төөрүүлдгээс болдог. Нэг эм нохой жилд хоёр удаа, 6-8 гөлөг гаргадаг гэж үзвэл золбин нохдын тоо хурдацтайгаар өсдөг.

-Ер нь, золбин нохой, муур устгал гэхээр аль ч Засгийн газар, хотын удирдлагууд тохиромжтой арга олоогүй санагддаг?
-Бидний зүгээс хамгийн үр ашигтай арга бол эрхзүйн зохицуулалт гэж харж байна. 2002 онд НИТХ-ын тэргүүлэгчдээс нохой, муур устгалтай холбоотой журам баталсан байдаг. Энэ журмыг сайжруулах хэрэгтэй юм байна гэж үзэж зарим нэг өөрчлөлт оруулж байгаа юм. Цаг үе, нийгэмдээ тохирсон, иргэдийг хариуцлагатай болгохын тулд энэ журмаа шинэчлэх, нарийвчлалтай болгох шаардлага үүссэн. Эрхзүйн орчин нь бүрдээд ирмэгц нохой, муураа бүртгэлжүүлэх хэрэгтэй. Гэрийн тэжээмэл, бүртгэлтэй нохой, муур харьцангуй цөөн байна. Цаашид үүнийг нийтээр дагаж мөрддөг жишиг болгож чадвал энэ нь золбин нохой, муурны тоо толгой буурахад их нөлөөтэй. Түүнчлэн, эзэнтэй нохой муурны үржлийг хязгаарлах боломж байдаг юм байна. Хамгийн ойрын жишээ бол Эрдэнэт хотод ийм арга замаар нохой, муурныхаа хяналтгүй үржлийг хязгаарлаж, тоо толгойг нь бууруулсан сайн жишээ бий. Үнэхээр үр дүнтэй ажил байсан учир бид энэ сайн туршлагыг нэвтрүүлэх нь зөв гэж үзсэн. Цаашид зохицуулалт хийгдэж, журам батлагдаад явбал энэ ажил урьд урьдын арга барилаас илүү үр дүнтэй байх болов уу гэж найдаж байна.

-Гэрийн тэжээвэр болон золбин нохой, муурны тоо толгойг нарийн тогтооход бэрх санагддаг. Үүнийгээ дагаад үржил, селекц, генийн асуудал нь ч хөсөр хаягддаг?
-Тийм. Энэ асуудал угаасаа хаягдчихсан. Иргэд ч тэр анхаарахаа байсан, холбогдох байгууллагууд нь ч ялгаагүй судалж шинжилдэг зүйлгүй. Зүгээр л буудаж устгах арга барилаар үзээд байдаг. Яахав, гудамжны золбин нохдыг тоолох тал дээр Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодорхой ажил хийгддэг. Энэ судалгаагаар хотын хэмжээнд 300-320 мянган золбин нохой бий гэсэн тоо гаргасан байдаг. Харин тэжээвэр нохойны хувьд Нийслэлийн статистикийн газар бүртгэгдсэн тоогоор 68 мянга гэгдэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн тоологдсон нохойн тоо. Цаана нь тоо бүртгэлд ороогүй хэчнээн нохой байгааг хэлж мэдэхгүй шүү дээ. Бидний энэ удаад авч хэрэгжүүлэхээр зэхэж буй ажил бүх тэжээвэр нохой, муурыг бүртгэлтэй, регистерийн дугаартай, өөрийн гэсэн пасспорттой болгоё гэж байгаа юм. Ингэснээр тухайн нохой, муурны пасспортод бүртгэлд хамрагдсан эсэх, өвчин эмгэг тусч байсан намтар түүх, туулга, вакцинжуулалтад хамрагдсан тухай цаашлаад хил гаалиар гарахад хүчин төгөлдөр байхаар хийгдэх ёстой юм. Улмаар энэ бүх мэдээлэл нэгдсэн бүртгэлийн санд орно. Ингэснээр эзэнтэй нохой, муурны бүртгэл илүү бодитой болно.

-Татварын асуудлыг хэрхэн шийдэх нь сонин байна. Орон сууц, гэр хо­рооллын нохой, муур гэхч­лэн ялгавартай байх уу?
-Ялгавартай тогтоох эсэх тухай хэлэлцэж тогтоосон юм байхгүй. Ямартай ч, Татварын тухай хуульд заасны дагуу нохой, муурны албан татварыг авах ёстой юм байна гэсэн чиг үүрэг барьж байгаа. Цаашлаад хэмжээг нь хэрхэн тогтоох юм, ялгавартай байх уу үгүй юу гэдэг талаар мэргэжлийн байгууллагаас санал, дүгнэлт авч байж тодорхойлох байх.

-Угтаа хүн амын тооллогтой хамт тэжээвэр нохой, муур, мал амьтныг тоолдог байсан. Таны хэлсэн 68 мянга гэдэг хэзээний тоо вэ?
-2015 оны Улаанбаатар хотын хэмжээн дэх статистик тоо. Ерөнхийдөө жил бүрийн арванхоёрдугаар сард тэжээвэр амьтан, мал амьтны тоог гаргадаг.

-Журам шинэчлэгдэн батлагдвал тэжээвэр нохой, муураа бүртгэлжүүлэх цаашлаад үржлийг нь хязгаарлахад тодорхой хэмжээний хөрөнгө санхүү шаардагдана. Гэтэл бид зарим үед устгалын хөрөнгөө ч хүчрэхгүй байгаа шүү дээ. Үүнийг татвараар зохицуулах боломж хэр байгаа бол?
-Мэдээж татвар нийт төсвийн эх үүсвэр болох учиртай. Эргээд татвараа нохой эзэмшигч, тэжээгч эзэн болоод нохойд нь зориулах замаар бүртгэлжүүлэх болон үржлийг нь хязгаарлах ажилд зарцуулагдах ёстой.

-Хил гаалиар орж ирж буй нохдод хэрхэн хяналт тавьдаг юм бол. Цэвэр цусны үүлдэр гэдэг атлаа галзуу өвчтэй, хүн хазах цаашлаад амь насанд нь аюул учруулах тохиолдол ч гарсан шүү дээ?
-Хил, гаалиар нохой, муур зэрэг тэжээвэр амьтан нэвтрүүлэх тухай тусгай журам байдаг юм билээ. Мэдээж туулга, вакцинд хамрагдсан эсэх, элдэв өвчин эмгэгтэй эсэхийг тогтоож, арга хэмжээ авдаг. Гэхдээ хэрэгжилт нь ямар байдаг тухай холбогдох байгууллагууд нь хяналт тавьдаг. Энэ асуудал хоттой төдийлэн хамааралгүй.

-Ер нь, нохой, муурнаас хүнд халдварласан галзуу өвчний тохиолдол хэр их байдаг юм бол?
-Энэ тухай Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс нарийн тоо авч болно. Ер нь, тэднийхээс авсан мэдээллээр бол нийт нохойд хазуулж уруулсан тохиолдлын 90 орчим хувь нь эзэнтэй нохой байдаг гэсэн тоо бий. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Цаана нь нохойд хазуулчихаад эмнэлгийн байгууллагад хандаагүй, тэмдэглүүлээгүй, вакцинд хамрагдаагүй иргэд зөндөө бий. Хэдийгээр тухайн нохой, муур маань туулга, вакцинд хамрагдсан ч гэсэн зэрлэг араатан амьтан гэдэг утгаараа шүлсэнд нь галзуу өвчний пермэнт агуулагдаж байдаг. Тиймээс золбин, тэжээврийн ялгаагүй бүх л нохой, муурнаас өвчин үүсэх боломжтой гэж ойлгох хэрэгтэй.

-Иргэдээс золбин но­хой, муурны тоо толгойг бууруулах талаар багагүй санал санаачилга гаргах болж. Жишээ нь, нохой, муур устгалын газар нэг нохой авчирч тодорхой үнээр өгдөг болвол илүү үр дүнтэй, зардал багатай байна гэх нь ч бий. Энэ мэт иргэдтэй санал солилцах тал дээр яаж ажиллаж байна?
-Яахав, өөрийн чинь татсан жишээ зардал багатай, илүү үр дүнтэй байж болох ч сөрөг тал нь их. Гудамжинд яваа нохой, муурыг устгалын байгууллагад аваачиж өгөөд оронд нь мөнгө авах гэж яваад өөрөө хазуулбал яах вэ. Өвчин эмгэг тусвал яах вэ. Үүнийг эрхзүйн зохицуулалт хийж дэмжинэ гэдэг бол харин ч эсрэгээрээ иргэнийхээ эрүүл мэндэд аюул учруулж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр үүнээс үүдэж зохиомол үржил бий болгох магадлалтай. Нэг нохойг таван мянган төгрөгөөр ч юм уу үнэлчихвэл хашаандаа нохой тэжээх замаар тоо толгойг нь өсгөөд байж болно. Тиймээс энэ саналыг дэмжих боломжгүй. Гэхдээ бид иргэдийг арай өөр байдлаар энэ ажилд оролцуулахаар зорьж байна. Энэ нь юу вэ гэвэл иргэд тэжээвэр нохой, муураа бүртгэлжүүлэх ажилд идэвх санаачилгатай оролцохын зэрэгцээ татварыг нь цаг тухайд нь төлөх юм. “Манай нохой гадаа, хашаанд байдаг юм, гаргадаггүй юм ямар л өвчин халдав гэж” гэх хандаж ер болохгүй. Нохой тэжээж, хамт нэг орчинд байгаа л бол өвчин үүсэх бүрэн боломжтой. Энэ бол эрсдэлт нөхцөл байдал юм. Тиймээс гадаа, гэрт байна уу хамаагүй нохой, муур болон бусад амьтан эзэмшигч, тэжээгч нар тэднийгээ цаг тухайд нь туулга, вакцинд хамруулах ёстой.

-Бид нохой, нохой гэсээр муурны тоо толгойг орхигдуулаад байдаг санагддаг. Золбин муурны хувьд нохойг бодвол гудамж талбай, олны хөлийн газар явах нь цөөн. Гэтэл адилхан л өвчин үүсгэгч гэж тооцогддог?
-Муур устгалын ажил нохойтойгоо зэрэг хийгддэг. Одоо энэ чиглэлээр гурван байгууллага ажиллаж байна. Муурны хувьд нохойтой харь­цуулахад баригдах магад­лал муу байдаг ч аль боломжоороо устгалд оруул­даг. Тоо толгойн хувьд но­хой­той харьцуулахад цөөн байдаг.

-Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо туулга, вакцинд хамруулна гээд мал эмнэлэг рүү аваад явах нь бараг үгүй. Түүнчлэн, үржлийг нь хязгаарлана гээд явах нь ч төвөгтэй асуудал. Тиймээс журам батлагдвал энэ ажлыг явуулын байдлаар шийдэх байх. Гагцхүү хэн хийж гүйцэтгэх нь сонин байна?
-Мэдээж хүн бүр нохойгоо мал эмнэлэг рүү хөтлөөд явна гэж байхгүй. Дээр хэлсэнчлэн Эрдэнэт хотод хэрэгжүүлсэн үржил хязгаарлах ажил ч явуулын байдлаар хийгдсэн. Улаанбаатар хотын хэмжээнд ч ингэж л хийгдэнэ. Эрдэнэт хотын иргэдийн хувьд энэ ажилд үнэхээр ам сайтай байсан. Иргэдээс ч нохой, муурныхаа үржлийг хязгаарлуулъя гэх хүсэлт ирдэг болсон. Ер нь тэгээд асуудлыг зөв л ойлгуулж, хамтарч ажиллаж байж шийднэ шүү дээ. Нэг нь хийх гээд нөгөөдөх нь мушгин гуйвуулаад байж болохгүй. Журам шинэчлэгдэн батлагдвал энэ ажлыг мал эмнэлгийн байгууллагууд явуулын байдлаар хийж гүйцэтгэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан