Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Цэвэлмаа: Хүн бүхэн хайрыг мартаад, нийгэм мөстчихөж

Ю.НЯМГЭРЭЛ

“Муу муухай бүхэн хаа сайгүй л байна. Харин би уран бүтээлээрээ сайн сайхныг л харуулахыг зорьдог” хэмээн ярих бүсгүй бол зураач Н.Цэвэлмаа. Тэрээр Италийн Пэрүжа хотын дүрслэх урлагийн сургуульд суралцаж байгаа бөгөөд дөрөвдэх бие даасан үзэсгэлэнгээ монголдоо гаргаад байгаа юм. Түүний “Portrait of heart” үзэсгэлэнг хүн бүхэн үзээсэй гэж уриалмаар. Хайр бол хамгийн энгийн бүхэн гэдгийг харуулсан түүний үзэсгэлэнгийн нээлтийн дараа ярилцсанаа хүргэж байна.

-Энэ удаа бие даасан дөрөв дэх үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Таны бие даасан анхны үзэсгэлэн УДБЭТ-т гарч байсан байх аа. Тухайн үедээ шинэлэг санаа байж чадсан. Өнгөрсөн дурсамжуудаас тань яриагаа эхэлье.
-Хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 2010 онд УДБЭТ-т “Сонгодог” нэртэйгээр гаргаж байсан. УДБЭТ-т яагаад гаргах болсон гэхээр балетчин эмэгтэйчүүдийн тэр гоё форм, бие галбирыг хараад л дурласан хэрэг. Үзэсгэлэн гаргах санаа ч төрсөн. Үзэгчид балетаа үзчихээд балетын үзэсгэлэнг маань үзээсэй гэж бодсон. Харин хоёр дахь үзэсгэлэнгээ 2014 онд “Маршил” арт галерейд “Сэтгэлийн эгшиг” нэртэйгээр гарсан. Энэ үзэс­гэлэндээ ихэвчлэн хөрөг болон хүний мэдрэмжийн тухай өгүүл­сэн зургаа дэлгэсэн. Дөр­вөн жилийн хугацаанд зур­сан бүтээлүүдээ дэлгэсэн. Мөн үзэсгэлэн үзэхээр ирсэн хүмүү­сийг бодит байдлаар нь зурсан.
Харин гуравдахь үзэсгэлэн­гээ сая Монголд ирэхээсээ өмнө Италийн Перүжа хотын “Open Space” галерейд “Тайлбайгүй холбоос” нэртэйгээр гаргасан. Дан хөрөг дагнасан зургуудаа тавьсан. Энэ үзэсгэлэнгээ гаргахдаа тоог чухалчлаагүй зүгээр л зураад байсан. Яг үзэсгэлэн гаргах цаг болоход 33 хөрөг зурагдсан байсан. Миний гол санаа бол хүмүүсийг бодитоор нь зурах. Ингэж зурахдаа хүмүүсийн гадаад дүрээс гадна дотоод сэтгэлийг нь ч  гэсэн цаасан дээр буулгахыг хүссэн. Хүмүүс урлагаас жаахан холдчихсон юм шиг санагддаг. Орчин үеийн урлаг нь их гүнзгий санаа агуулдаг болчихсон учраас хэр баргийн хүн тэндээс ямар нэг юм олж харж, урлагийн мэдрэмж авах нь ховор болчихсон. Тэд  хэтэрхий хол байгаа учраас урлагийг хүссэн ч хажууд нь байдаггүй. Эсвэл түрүүлээд явчихсан байдаг. Харин тэр хүмүүсийн амьдрал сонирхолтой санагдсан учраас зурсан. Хүмүүс өнгөрсөн амьдралаа ярихад амьд ном уншиж байгаа юм шиг л санагдаж байсан. Хөргийг нь зурсан хүмүүсээсээ сэтгэгдлийг нь дуут мессэжээр аваад зо­хиомжлоод үзэсгэлэнгийн үеэр сонсгосон. Энэ үзэсгэлэн маань харах, сонсох хослосон боло­хоор өвөрмөц байж чадсан.

-Уран бүтээлчид өөрс­дийн дотоод байдал болон зургийнхаа төрлөөс шалт­гаалж үзэсгэлэндээ их өвөр­мөц содон нэр өгдөг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэр болох “Portrait of heart” –ийн талаар тайлбарлаж өгөөч?
-Энэ удаа би монголдоо амрах гэж ирсэн. Үзэсгэлэн гаргая гэсэн бодол огт байгаагүй. Зургийн хэрэгслээ ч авч ирээгүй. Хэрэв авч ирсэн бол зургаа зураад байдаг учраас тэр л дээ. Монголд ирээд сувилалд хэвтэж байхдаа зүгээр суухаар гээд эмчийнхээ хөргийг зурж өгсөн юм. Гэхдээ миний бүтээлийг нэг их тоохгүй болов уу гэж бодсон ч эерэгээр хүлээж авсан. Би жаазлаад тавина аа гээд л. Бичгийн цаасан дээр балаар зурсан зураг шүү дээ. Ингээд зүгээр суухаар гээд зуруулъя гэсэн хүн бүрийн хөргийг зурж өгч байсан. Нэг өглөө сэрэхдээ л үзэсгэлэн гаргах санаа төрсөн дөө. Монголд ирээд хүмүүсээс юм асуухад хүртэл нэг л тийм ихэмсэг байгааг анзаарсан. Хүн болгон хайр гэдэг зүйлийг мартчихсан байгааг олж харсан.  Тариа өндөр бо­лох тусмаа бөхийдөг гэдэг алдартай үг байдаг. Үүн шиг хүн юм мэдэж сурах тусам илүү тайван, хүлээцтэй, хүнд тусалж зааж өгөх юмсан л гэж боддог болчихдог. Гэтэл энд надад ингэж мэдрэгдээгүй. Хүмүүсээс их л хүйтэн хөндий, ганган хиймэл дүр төрх ажиглагдсан. Италид хүмүүс их чөлөөтэй байдаг. Хувцас халтар байна уу, цэвэрхэн байна уу хамаагүй тэр хүн өөрөө л гоё байвал болдог. Гэтэл энд нийгэм мөстчихсөн. Заавал гоё байх ёстой, ийм байхгүй бол болохгүй гээд бодчихсон. Өөрийн дотроо байгаа гоё зүйлийг үхүүлчихсэн. Тиймээс энэ бүхнийг сэргээж сануулах ёстой юм байна гэж бодсон. Тиймээс хаана ч хамаагүй очоод хүмүүсийг зурж эхэлсэн. Мөн тэднээс “Хайр бол таныхаар юу вэ” гэдэг асуултыг асууж бичлэг хийж үзэсгэлэндээ үзүүлж байгаа. Энэ асуултыг асуухаар хүн бүр бодоод эхэлдэг. Би бусдын төлөө энэ ажлыг хийж байгаа мэт боловч өөртөө хайрын тухай шинэ үзэл бодлыг нээсэн.
19 настай нэг залуу хайрыг “хүүхэд шиг” гэж хэлсэн. Энэ нь надад хайр гэж агуу сэдвийг дахин шинээр харах нөхцөлийг бий болгож өгсөн. Хөрөг бүрийн дор тухайн хүний хэлсэн үгийг бичсэн. Хүмүүс үзэсгэлэн үзээд, тэдний хэлсэн үгийг  уншаад өөр сайхан зүйлийг сэтгэлдээ нээгээсэй гэж л хүссэн. Тиймээс энэ нэрийг өгсөн.

-“Portrait of heart” үзэсгэ­­лэн өмнөх гурван үзэсгэ­лэнгээс юугаараа онцлог вэ?
-Би үзэсгэлэнд маань за­ларсан хөргүүдийг эзнээс нь өөрөөр зурчихсан байж бол­но шүү дээ. Худлаа зураа­гүй гэдгээ харуулахын тулд видео ашигласан. Энэ видеонд ту­хайн хүний хэлсэн үг сэтгэл хөдлөлийг харуулдаг. Үзэсгэ­лэн­­гийн онцлог нь гэвэл харж, сонсож, үзэж буйгаараа л ялгарч байгаа.

-Үзэсгэлэнд хичнээн хөрөг дэлгэгдсэн бэ?
-Тоо чухалчиж зураагүй. Харин бодит тоо нь 111 байсан.

-Уран бүтээлч хүний бүтээл бүхэн хүүхэд шиг нь л байдаг. Таны хувьд хичнээн уран бүтээл төрүүлсэн бэ. Барагцаагаар тоо бий юу. Мөн хамгийн хайртай бүтээлийнхээ талаар ярьж өгөөч?
-Тоолж үзээгүй. Зураач хүн бүрт алддаг алдаа байдаг. Бүх зураачид хэлдэг. Зургийнхаа фотог сайн авч байгаарай гэж оюутан байхаас л багш нар захидаг юм. Миний хувьд ч тэр оюутан байхдаа хэнэггүй байж алдсан. Зурсан зургуудаа бэлгэнд өгөхийг нь өгч, зарим нь яасан нь мэдэхгүй алга болсон. Ер нь зураач хүнд тодорхой тоо байдаггүй байхаа. Харин энэ мэргэжлийн сонгосноос хойш тууштай 20 жил болж байна. Энэ хугацаанд хийсэн зүйлүүд бий.
Хамгийн хайртай гэхээсээ илүү би өөрийнхөө бүтээл бүх­нийг өөрийнхөө хүүхэд гэж боддог. Хэн нэгэнд хүрсэн хүрэх­­гүй хамаагүй надад л нан­дин. Харин сэтгэлзүйн хөд­лөл­тэй үед зурсан бүтээлүүд илүү хурц, мессэж сайтай байдаг.

-Анхны бүхэн давтаг­дашгүй, мартагдашгүй бай­даг. Хамгийн анх ямар зураг зурж байсан бэ?
-Миний дээд талын ах маань надаас араваар ах. Ах, эгч нар маань намайг хараад хайрлаж, өхөөрддөг болохоос хамт тоглодоггүй. Чи жаахан учраас тэгнэ, ингэнэ гээд л. Ах, эгч нар маань хоорондоо их гоё тоглоно. Тиймээс би их ганцаарддаг байсан. Би хэн нэгэнтэй тоглохыг ихээр хүсдэг байсан учраас байнга л хүн, хүүхэлдэй зурдаг байсан. Том болоод хөрөг зурдаг болсон. Надад хүн зурах л сонирхолтой санагддаг.

-Та тэгэхээр тосон будгаар зурдаг байх нь ээ...
-Монголд сурдаг байхдаа тосон будгаар ихэвчлэн зурдаг байсан. Тосон будгийн бийрнүүд намайг зурагт улам дурлуулсан.

-Хамгийн чадварлаг хийдэг ажил дунд ч хийхэд хэцүү зүйл бий. Танд хамгийн их хүч хөдөлмөр шингээж зурсан ямар бүтээл байдаг бэ. Эсвэл хамгийн урт хугацаа зарцуулсан ч юм уу?
-Зураг зурахад тийм л хугацаа орно гэж хэлэхэд хэцүү. Тосон будгаар зурахад  хугацаа их шаарддаг. Харин намайг хамгийн их зовоосон зураг бол Италид байхад найзынхаа эгчийн хүүхдийг зурсан. Тэр үед үнэхээр үгээ хэлсэн. Бараг л жил болсон. Гэхдээ би зурахгүй байгаагүй зураад л байсан. Хүүхэд зурах хэцүү юм билээ. Жаахан дижитал нэмэхэд л өөр болчихдог.  Харин хөгшин хүн зурах гайгүй. Төрхөө олчихсон бай­даг. Тэгж тэгж балетчин охин тайзны өмнө ичэнгүйрээд зогсож байгаа зохиомжтой зурсан.

-Уран бүтээлч хүнд онгод гэж байдаг. Таны хувьд хэзээ зураг зурах дуртай вэ?
-Толгой ажиллаж байж хүнийг удирддаг. Оюун ухаанаа яг гоё ашиглаж чадаж байгаа үедээ зурдаг. Үүнийг онгод гэж боддог. Заримдаа үнэхээр амархан царай байсан ч би тэр хүнийг зурж чадахгүй үе байна. Оролдоод л байдаг. Нэг өдөр найз маань “Өнөөдөр чиний зураг зурдаггүй өдөр юм биш үү” гэсэн. Зөрөөд зурсан, болоогүй. Бидний амьдралд асар олон сэдэв байгаа. Миний голчилж зурдаг сэдэв бол хүн. Би хүнд л зориулж, хүн л зурдаг. Ер нь өөрийнхөө дотроос л сэдвээ олдог. Заримдаа аянга цахиж байгаа мэт онцгой онцгой мессэж ирдэг. Тэрийг л барьж авах нь чухал. Хийе гэж бодсон юмаа л хийдэг. Дараа нь харамсахгүйн тулд хийдэг.

-Жинхэнэ уран бүтээлч хүн өөрийн хүссэнээ хийж байж л тэр нь уран бүтээл болж амилдаг юм шиг. Гэхдээ л чадвараа ашиглаж амьдрах ёстой. Та захиалгаар зураг зурж байсан уу?
-Чиний хэлсэн зөв л дөө. Хүн бүхэн өөрийн мэргэж­лээрээ, чаддаг зүйлээрээ мөнгө олох ёстой гэдгийг хожуу ойлгосон. Их сургуульд сурч байхад дээд ангийн ах нар маань мөнгөний зураач болчихов гэж захидаг байсныг нь нэг хэсэг их дагадаг байлаа. Гэхдээ одоо бол захиалгаар зураг зурдаг. Ихэвчлэн хөрөг зурна. Харин байгалийн захиалгат зураг ганц хүнд л зурж өгсөн. Танил маань чамаар л зуруулна гэсэн учраас нэг уул зурж үзсэн. Мөн тайзны ажил ч хийж байсан. Ер нь гараар хийж болох бүхнийг л хийсэн. Зургийн хэрэгсэл их үнэтэй байдаг. Зураг зураад мөнгө олохгүй мөртлөө зургийн хэрэгсэл авна гэдэг асар том хямрал. Энэ мэргэжлийг сонгосноос хойш хүссэн үедээ биш шаардлага гарсан үедээ л хувцас хунар авдаг болсон. Бусад үед дандаа л зургийн хэрэгсэл авдаг.

-Нууц биш бол та нэг хөрөг хэдээр зурдаг вэ. Мөн хамгийн өндөр үнэлүүлсэн бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Тогтсон үнэ байхгүй ээ. Нэг хөргөө гурван саяар зарсан маань л хамгийн үнэтэй болж байна. “Ноён” гэдэг зураг байсан. 2014 онд “Маршил” арт галерейд гарсан үзэсгэлэн үеэр “Нью жуулчин” тур компани захирал Нэргүйг зурж байсан. Тэр хүн зураг цуглуулдаг, зураг авах дуртай хүн л дээ.

-Хүн бүхэнд өөрийн гэсэн чадвар хязгааргүй төрдөг юм шиг. Зурахаас өөр авьяас бий юү?
-Дүрслэх урлагийн дээд сургуульд сурч байхад крами­кийн хичээл ордог байсан. Би хичээлийнхээ хүрээнд атгачихсан гар хийж байсан. Багш хараад их сонин баримал болсон байна гэж байсан. Тухайн үед шалгалтаа давж л байвал боллоо гэж бодож байсан. Харин Италид очоод дахиад крамикийн анги сонгочихсон. Итали шавар үнэхээр гоё барихад л миний гар бүжиглээд байгаа юм уу гэмээр болдог. Уян зөөлөн ширхэгтэй. Тэгээд л крамик урлагт дурлаж эхэлсэн. Юу ч бодохгүй хийгээд байсан чинь монгол бүсгүйн төрх гараад ирсэн. Манай ангийн хүүдүүд ч их гайхсан. Чи өмнө нь баримал хийдэг байсан юм уу гэж асуусан. Харин намайг хүмүүст таниулсан баримал бол алдартай яруу найрагчийн 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд оролцуулсан бүтээл байсан. Энэ хүн ижил хүйстэн байсан юм билээ. Би анхандаа мэдээгүй учраас эрэгтэй, эмэгтэй хүний гар хийх гэж байсан. Ядам хуруугаараа нийлчихсэн байдлаар. Гэтэл энэ санаа маань ч бүтэлгүйтсэн. Мөн яруу найрагч маань ижил хүйстэн байсныг номноос уншаад мэдсэн л дээ. Үзэсгэлэнгийн логон дээр миний нэр гарчихсан байсан учраас заавал оролцохоос өөр аргагүй болсон. Бодож бодож нэг санаа төрсөн. Хоёр эрэгтэй хүн эрхтэн орооцолдсноор харагдсан. Тэгээд хоёр хүнийг эрхтэн хэлбэрт оруулаад тэврэлдэж буйгаар хийсэн. Энэ л илүү намайг таниулж өгсөн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан