Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Мөнгөнсувд: Жижиг аяга, спорт пүүз таныг эрүүлээр жингээ хасахад хөтөлнө


Детокс цайны нэгдлүүд нь биед хураагдсан химийн хорт бодисуудыг гаргах үйлчилгээтэй

ХБНГУ-д өөрийн жороор цай үйлдвэрлэж, Монголдоо төдийгүй дэлхийн зах зээл дээр гаргахаар ажиллаж буй Монгол бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Мөнгөнсувд Зандер гэдэг. Германы Эрүүл Мэндийн Академийг хоол хүнс судлаач, диет зөвлөгчөөр төгссөн тэрээр сошиал ертөнцөөр олон бүсгүйчүүдийг илүүдэл жинтэйгээ тэмцэхэд нь тусалж, зөвлөгөө өгч ажилладаг байна.


-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Доржийн Мөнгөнсувд гэдэг. Зандер гэдэг нь нөхрөөрөө овоглосон миний албан ёсны паспортны нэр гэж ойлгож болно. Герман улсад ирээд арваад жилийг үдсэн байна. Өнгөрсөн жил Германы Эрүүл Мэндийн Академийг хоол хүнс судлаач, диет зөвлөгчөөр төгсөн эндээ /Германд/ нөхөр хүүхдийн хамт ажиллаж амьдарч байна.

-Яагаад заавал энэ мэргэжлээр сурах болов? Германд хэр нэр хүндтэй мэргэжлийн тоонд ордог вэ?
-Германд анх 2002 онд хуулийн чиглэлээр суралцахаар ирж байсан ч амьдралын шаардлагаар цалгардан сурч чадаагүй. Харин хоол хүнс судлаач мэргэжлийг дөрвөн жилийн өмнө эндэхийн нэгэн ресторанд ажиллаж байхдаа хүмүүсийн хандлага, хооллолт, таргалалтыг хараад сонгохоор шийдсэн юм. Орчин үеийн хүмүүсийн идэх хоол өргөн сонголттой болсон ч идэж байгаа хүнс нь өөрт нь хэр ашигтай эсвэл эсрэгээрээ ямар муу үр дагавартай, найрлаганд нь юу орсон талаар мэдэх мэдлэг дутмаг юм шиг санагддаг. Үүнээс болоод таргалалт ч улам залуужиж, олон өвчний суурь болж байна. Энэ бүхнийг хараад сэтгэл шулуудан Германы Эрүүл мэндийн академид шалгалт өгч тэнцсэнээр хоол хүнс судлаач, диет зөвлөгч мэргэжлийг өөрийн болгож авсан. Германд таргалалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төрөөс анхаарал хандуулж арга хэмжээ авдаг учир мэргэжлийг маань их дэмждэг.

-Герман хүмүүсийн хооллолт, хэв маяг манай орныхоос хэр ялгаатай талаар яриач?
Герман улс нь үндэсний хоолоороо манайхнаас дутахгүй хүнд хоолтой орнуудын тоонд багтдаг учир таргалалт ч дутахгүй их байна. Өдөр бүр нийтээрээ зөв хооллож, салат идэж, дасгал хийдэг ард түмэн бол биш юм. Гэхдээ хүнд хоолны хор уршиг таргалалт, өвчлөл нэмэгдэхээс өгсүүлээд их учир төрөөс анхаарал сайн тавьдаг. Үүний нэг жишээ бол калорь ихтэй, нуугдмал сахар, хадгалалт уртасгах олон бодис орсон байдаг Америк хүнсийг хилээр оруулахыг хориглодог. Жимс жимсгэнээ ихэвчлэн Польш, Испани, Италиас оруулж ирдэг учир өвөлдөө үнэ нь нэмэгддэггүй. Мэргэжлийн хүний нүдээр харахад Германчууд эрүүл мэнддээ их анхаардаг болсныг дурдах ёстой болов уу. Фитнесс төвүүд ихээр нээгдэж тэр хэмжээгээр охид, залуучууд хошуурах болсон байна. Төрөөс олон нийтийн хэрэгслээр таргалалттай тэмцэх зар сурталчилгаа, тэмцээн уралдаан зэргийг ихээр явуулж хэт таргалалттай хүмүүсээ үнэгүй фитнессжүүлэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, бага ангийн боловсролын хичээлд нь зөв хооллох, эрүүл байх хичээл ордог  зэрэг арга хэмжээ авч байгаа нь харагддаг.

-Бага ангиас нь зөв хооллох боловсрол олгож байгаа нь сонирхолтой, шинэлэг санагдлаа...
Манай охин 6-р ангийн сурагч. Германд 4-6-р ангид нь зөв хооллох эрүүл мэндийн хичээлүүд ордог л доо. Мөн сургуулиас нь аав ээжид нь өдөр идэх ундыг нь бэлдэж өгч явуулахыг үүрэг болгодог нь зөв хооллох хэвшилд бага багаар сургадаг юм шиг санагддаг. Өдрийн хоолонд нь чипс, чихэр, шоколад, түргэн хоол, чихэрлэг ундаа өгч явуулахыг хатуу хориглодог. Харин олон үрт будаагаар хийсэн талх, жимс, ногоог бэлдэхийг зааварлаж өгсөн байдаг юм. Заавал мөрдөхийг үүрэг даалгавар болгодог учир эцэг эхчүүд ч зөрчиж байгаа харагддаггүй. Тэр жижигхэн унднаас эцэг эхчүүдэд үр хүүхдээ эрүүл өсгөх, хооллох чиглэл өгч байгаа нь анзаарагддаг.

-Дипломын ажилдаа зориулж бичсэн Zander`s tea detox цайныхаа талаар товч дурдахгүй юу?
-Миний хувьд ч бусад хүүхнүүдийн адил хүүхэд гаргаад илүүдэл жин, таргалалт, өтгөн хаталт гэсэн асуудлуудтай өөрийн биеэр нүүр тулж үзэж байлаа. Эрүүл хэрнээ энэ асуудлуудыг маань эмчлэх олон бүтээгдэхүүн, цайнуудыг судлаад олон улсад борлуулалтаараа тэргүүлдэг нэгэн детокс цайг хэрэглэж үр дүнд нь сэтгэл хангалуун байсан ч санхүүгийн хувьд хэтэрхий үнэтэй тусч байсан юм. Тэгээд л би өөрөө диет зөвлөгч хүн байж яагаад үнийн хувьд боломжийн хэрнээ, дэлхийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц ийм цай хийж болохгүй гэж бодон багшдаа өөрийн сэдвээ танилцуулахад харамсалтай нь дэмжээгүй. Сургууль маань ч дэмжээгүй. Зориг мохолгүй шууд л Эрүүл мэндийн академийн хүрээлэнд өөрийн хүсэлтээ тавьж саналыг минь хүлээн авч, лабориторт нь цайныхаа орц найрлагыг шинжлүүлж үйлдвэрлэх болсон. Цайны маань үр дүн ч санаснаас өндөр гарч, дипломоо амжилттай хамгаалж чадсан. Хэрэглэгчид маань ч ам сайтай байгаа нь надад маш урам зоригийг өгсөөр байгаа.

-Сүүлийн үед Детокс цай гэж ярих болжээ. Ногоон цайнаас юугаараа ялгаатай вэ?
-Ногоон цай нь хүний биед хаван хөөх, цусан дахь холестринийг бууруулах, кофеины агууламжтай учир сэргээх үйлчилгээтэй байдаг. Ихэнх детокс буюу цэвэрлэх цайны найрлагад ногоон цай багтсан байдаг нь нууц биш юм. Гэхдээ ногоон цайтай адил үйлчилгээтэй гэж ойлгож болохгүй. Детокс цай нь найрлагын хувьд янз бүр байдаг. Жишээ нь Зандер`с цайны хувьд үндсэн 8 нэр төрлийн ургамлууд дээр цайны тааламжит үнэр амт нэмэхийн тулд анар, лемон, цагаан гаа, гааны навч зэрэг байгалийн гаралтай жимсүүдийг найрлаганд нь нэмсэн байдаг. Тиймээс байгалийн гаралтай эмийн ургамал, жимсний нэгдэл гэж ойлгож болно. Мөн олон төрлийн эрдэс минералууд орсон нь биеэс хорт нэгдлийг гадагшлуулан жин хасахад нөлөө үзүүлдэг. Ялангуяа гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар бүдүүн шулуун гэдэсний өвчин, хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой. Өнөөгийн амьдралд бид өдөр бүр хоол хүнс, орчин ахуй, амьсгалж буй агаараасаа хүртэл хордож байна. Детокс цайны нэгдлүүд нь муу өөх тос, алкохол, никотин зэрэг бидний өдөр тутамдаа биедээ хурааж буй химийн хорт бодисуудыг биеэс гаргах үйлчилгээтэй байдаг. Өөрөөр хэлбэл элэг, бөөр зэрэг шүүх эрхтэнгийн үйл ажиллагааг дэмжиж өгдгөөрөө ногоон цайнаас онцлог, давуу талтай юм.

-Охид бүсгүйчүүдийн дунд таргалалт, илүүдэл жин гэдэг “толгойны өвчин” мэт шаналгах болсныг та ажигладаг байх. Мэргэжилтэн хүний хувьд турж жингээ хасахын тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?
-Сошиал ертөнц идэвхжсэн сүүлийн жилүүдэд турж, жингээ хасна гэдэг Монгол охидын хамгийн эрэлттэй асуулт, асуудал болсоор ирсэн нь харагддаг л даа. Тэгэхээр би хамгийн түрүүнд та өөртөө зориулаад нэг жижиг аяга, спортын пүүз худалдаж ав гэж хэлэх байна. Ингэснээр та жин хасах хамгийн зөв алхмаа хийлээ гэж өөрийгөө дүгнэж болно. Өөрөөр хэлбэл жижиг аяга тань бага хэрнээ эрүүл хооллоход, пүүз тань дасгал хөдөлгөөн эрчимтэй хийхэд хөтөлж байгаа юм.

-Охид бүсгүйчүүд ямарваа нэгэн баяр ёслол, тэмдэглэлт баяр дөхөхөөр хурдан хугацаанд тураах дэглэмүүдэд “хошуурч” эхлэх нь анзаарагддаг л даа. Энэ олон дэглэмүүд үнэхээр үр дүнтэй байдаг уу?
-Богино хугацаанд тураах, нэг хүнсийг дагнан хэрэглэх, шингэний зэрэг хатуу дэглэмүүдээс дэлхий нийтээр татгалзаж байна. Учир нь бидний бие бодисын солилцоог идэвхтэй, алдагдалгүй явуулахын тулд хатуу дэглэмийн үед биед орж ирсэн бүхнийг өөх болгон нөөцөлсөөр байдаг. Эдгээр дэглэмүүдийг бариад хүмүүс турсан гэж хэлдэг л дээ, гэхдээ өөхөө шатааж биш хуримтлуулж, биедээ байсан булчингаа алдаж турахаар их жин хаясан мэт санагддаг. Харин биедээ хураасан өөхөн дээрээ нэмээд эргэн хэвийн хооллохоор 2 кг турсан бол 4 кг нэмдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан үр дүнгүй, сөрөг нөлөө ихтэй дэглэмүүд гэж ойлгож болно.

-Тэгвэл манай уншигчдад эргэн жин нэмэлгүйгээр эрүүл турах аргаас хуваалцаач.
Үүнд ямар ч ид шид байхгүй. Та эрүүл зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, нойрыг амьдралынхаа хэвшил болговол илүүдэл жин таныг “дарлахгүй”. Бидний идэх дуртай бууз, хуушуур, цуйванд цагаан гурил, мах, тос зэрэг нь их хэмжээгээр ордог нь ходоод гэдсэнд шингэлт удаан, цавуулаг ихтэй байдаг болохоор махаа аль болох  нарийн ногоотой, салаттай хэрэглэвэл илүү шингэцтэй. Эрүүлээр жингээ хасахад хөдөлгөөн маш чухал. Манайхан дасгал хийх дургүй, ял мэт хүлээж авдаг сэтгэхүйгээсээ ангижран эрүүлжих, эрүүл байх талаас нь олж харж хооллолттойгоо зохицуулбал охид бүсгүйчүүдийн хүсээд байдаг эргэн жин нэмэхдээ удаан туралт болж өгдөг. Өлсөхгүйгээр олон удаа, ойрхон хооллох нь бидний бодисын солилцоог алдагдалгүй явуулж, өтгөн хаталтаас мөн энэ хэв маягаар сэргийлж болно.

-Амаржсан болон хөхүүл эмэгтэйчүүд илүүтэйгээр таргалалтанд өртөж, түүнээсээ болоод сэтгэл санаагаар унах нь ажиглагддаг. Эдгээр ээж болсон эмэгтэйчүүд хэрхэн хооллох ёстой талаар зөвлөхгүй юу?
-Төрөөд амаржсан орчин үеийн бүсгүй та л ганцаараа илүү жин нэмж таргалчихлаа гэж битгий сэтгэлээр унаарай. Миний үе, миний ээжийн үе, түүнээс дээшээ адилхан л жин нэмж төрцгөөдөг шүү дээ. Харин манай Монголчуудын дунд цагаан гурилан бүтээгдэхүүн, боов, талх ихээр идэх нь сүү оруулдаг гэж ташаа ойлгодог. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь сүү оруулахаасаа илүү маш их цавуулаг учир хүний биеийг хөөлгөж, бүдүүн шулуун гэдэсний үйл ажиллагааг удаашруулснаар өтгөн хаталт үүсгэдэг. Үүний оронд шар будаа, гурвалжин будаатай, үхрийн гүзээний шөл, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, ногоог ахиу сонгон хэрэглэж, усаа сайн ууж, нойроо сайн авч чадвал сүү сайтай эрүүл ээж байх юм. Хүүхдээ бор хоолонд оруулсны дараа 2-3 цагийн зайтай багаар эрүүл хооллож жингээ хасах боломжтой. Жингээ хасах гэж яарах зүйл огт байхгүй, мэдээж хүүхэд эрүүл байх нь чухал юм.

-Уншигчдад маань эрүүл зохистой хооллолтоор хэрхэн жингээ амжилттай хасах талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Ярилцсан И.Сувд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан