Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бар, цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллахыг хориглоогүй


Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шөнийн цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш ажиллахыг хориглох тухай мэдээлэл үндэслэлгүй гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа мэдээллээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шөнийн цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай мэдээлэл гарсан. Одоогоор Нийслэлийн Засаг дарга энэ талаар ямар нэгэн захирамж гаргаагүй бөгөөд шөнийн цэнгээний газрууд хуучин цагийн хуваариар буюу 04:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа аж. Шөнийн цэнгээний газруудтай ойр байрлаж буй иргэдийн тав тухыг алдагдуулдаг талаар олон нийтээс гомдол ирдэг байна. Тиймээс шөнийн цэнгээний газрууд болон иргэдийн тав тухыг алдагдуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг судлахыг Нийслэлийн засаг дарга С.Батболд, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болгожээ. Өнөөдрийн байплаар нийслэлийн хэмжээнд 1500 гаруй шөнийн цэнгээний газар, караоке үйл ажиллагаа явуулж байгаа ба эдгээр газрууд шөнийн 04:00 цаг хүртэл ажилладаг болсноор ахуйн хүрээнд архидан согтуурах болон гэмт хэргийн гаралт буурсан хэмээн албаныхан мэдээллэж байна.

Одоогоор Нийслэлийн ЗАА-наас ажлын хэсэг байгуулагдаад судалгааны шатанд явж байгаа бөгөөд иргэдээс санал асуулгыг цахим хэлбэрээр авч байгаа гэнэ. Судалгаанд хамрагдсан иргэдийн санал 50:50 хувьтай байгаа аж.

Түүнчлэн нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа “Нийслэлийн Засаг даргын гаргаж байгаа томилгоо болон ЗАА-наас гарч байгаа журам www.ulaanbaatar.mn гэсэн хаягт албан ёсоор тавина. Цаашид нийслэлтэй холбоотой мэдээ мэдээлэл гарвал энэ сайт руу орж үзэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд албан ёсны мэдээлэл дамжуулаарай” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан