Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амжилт бэлгэдсэн “Цагаан хадаг”


Н.БАТСУУРЬ


Хэдэн жилийн тэртээ “Цагаан өмсгөлтэй, хар бүстэй хүмүүс нэг л дотно санагдсан” хэмээн ярьж жүдо бөхийн спортод дурласан бяцхан охин өнөөдөр дэлхийн тавцанд Монголын нэрийг гаргасан тамирчин болжээ. Тэрээр багшийнхаа хэлсэн  “Олимп бол тамирчин хүн болгонд олдоод байдаг боломж биш” гэсэн үгийг сэтгэлдээ тээсээр амьдралын хэцүү бүхнийг даван туулж. Ээж ааваасаа зөрөн, сонгосон замынхаа чулууг өөрөө түүж урагшилсан түүнд шантрах эрх байгаагүй гэнэ. Энэ их хүсэл тэмүүлэлийнхээ оргилд хүрч олимпын наадамд эх орныхоо далбааг мандуулж, баярын нулимстай мөнгөн медалиа зүүсэн тамирчин бол мэдээж гавьяат тамирчин Д.Сумъяа. Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, хичээл зүтгэл, амжилт дэлгэцнээ мөнхрөв. Эгэл боргил амьдралаас эх орныхоо нэрийг дуурсгасан түүний амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.


Т.Номуунзул: Д.Сумъяа багадаа их зөрүүд, өөрийнхөөрөө хүүхэд байсан

“Цагаан хадаг” киноны зохиолч Т.Номуунзултай уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.    

-Д.Сумъяаг сонгосон сонголтын тань талаар эхлээд асуух нь зүйтэй байх?
-Ер нь, спортын тухай кино хийе гэж олон жилийн өмнөөс бодсон. 2015 оны зун санамсаргүй байдлаар жүдо бөхийн шигшээ багийн бэлтгэлийн бичлэг хийх ажил гарсан юм. Энэ үед эмэгтэй хүн бөх барилдаж байгаа нь нүдэнд их содон буусан. Тэгээд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн талаар зохиолоо бичиж эхэлсэн.  Манай “Хүлэгү” пикчерсийн хамт олон маань ч энэ санал дээр нэгдээд, ямар тамирчин байх вэ гэдгийг ярилцаж эхэлсэн. Жүдо бөхийн холбооноос Ц.Мөнхзаяа, М.Уранцэцэг, Д.Сумъяа гээд ирээдүйд амжилт гаргах магадлал өндөртэй гурван эмэгтэй  тамирчныг санал болгосон юм. Жүдо бөхийн холбооноос ирсэн нэрний дагуу гурван тамирчныхаа амьдрал, бага насыг судлахад хамгийн сонирхол татам түүхтэй нь Сумъяа байсан хэрэг.

-“Цагаан хадаг” нэрний талаар...?
-Цагаан хадаг сайн сайхныг билэгддэг. Би Сумъяаг Риогийн олимпоос  медаль аваад ирэхэд цагаан хадаг бариад угтана гэж бодсон. Сайн сайхан амжилт бүтээлийг билэгддэг учир киногоо ийнхүү нэрлэсэн юм.

-Кинонд Д.Сумъяагийн бага наснаас нь өнөөдөр хүртэлх амьдралыг тусгасан гэж ойлгож байгаа?
-Хэдий Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн ч киног эхнээсээ дуустал Сумъяагийн амьдрал гэж ойлгож болохгүй. Уран сайхны кинонд тодорхой хэмжээний хэтрүүлэг ордог. Тамирчин  хүн тэр тусмаа олимпоос медаль авсан тамирчныг гаргаж ирэхийг зорьсон. Тамирчин хүний тэсвэр хатуужил,  зорилгоо урдаа тавьж ямар их золиос гаргадаг гэдгийг киногоороо гаргахыг хичээсэн.

-Киноны триллер дээр түүний бага насны тухай гардаг. Түүний бага насны амьдралаас хамгийн онцолж яримаар санагдсан зүйл юу вэ?
-Хүмүүс киногоо үзээд мэдэх байх. Энэ киноны 40 орчим хувь нь бага насных нь тухай байгаа. Багадаа их зөрүүд, өөрийнхөөрөө хүүхэд байсан юм билээ. Хэр баргийн бага насны хүүхдийн туулаад байдаггүй хэцүү бүхнийг давж гарсан байсан. Тиймээс тэсвэр хатуужлаас гадна монгол ахуйг гаргасан кино болсон гэж бодож байгаа.

-Анхныхаа зохиолыг дэлгэцийн бүтээл болголоо. Хү­мүүс хэрхэн хүлээж авах бол гэсэн догдлол бий байх?
-Зохиол маань кино болсонд маш их баяртай байна. Мэдээж жаахан айдастай л байна. Бодит хүний амьдралаас сэдэвлэснээс гадна Сумъяа сая маш том амжилт үзүүлээд ирлээ шүү дээ. Тиймдээ ч хүмүүс их хүлээлттэй байгаа болов уу. Аав, ээж нь болон хүмүүс яаж хүлээж авах бол гэхээс маш их санаа зовж байна. Мэдээж зохиолч хүний хувьд чадахаараа хичээсэн гэдгээ хэлэх хэрэгтэй байх.


Ж.Сэнгэдорж: Би их өрнөлтэй, хүний сэтгэлд хүрэхээр киног сонгож хийдэг

/Ерөнхий найруулагч/

-Таныг киноны зо­хиолд их өндөр шалгуур тавьдаг гэж сонссон. “Цагаан хадаг” кинонд найруулагчаар ажиллахад хүргэсэн зүйл нь юу байв?
-Номуунзул зохиолч их алсын хараатай зохиолоо бичсэн байсан л даа. Бодит хүний амьдралаар кино  хийнэ гэдэг их хэцүү. Аливаа өнцгийг нь буруу гаргаад, буруу хийгээд, хүний сэтгэлд сэв суулгачих вий гэсэн  үүднээс уран сайхныг их оруулж өгсөн байгаа. Бодит амьдралаас сэдэвлэсэн цэвэр уран сайхны кино юм шүү гэдгийг үзэгчид ойлгоорой.

Би спортоос их хөндий хүн л дээ. Тамирчны талаар кино хийхэд манай багийнхнаас нэлээд хичээл зүтгэл шаардсан. Уран бүтээлээ хийж байхдаа тамирчин хүн ямар их хүч хөдөлмөр, сэтгэлийн тэнхээ гаргаж байж амжилтад хүрдэг вэ гэдгийг ойлгосон. Монгол хүний дайчин эрэмгий зан нь энэ киноноос харагдана. Манай багийнхан тамирчин хүний дотоод сэтгэл зүйг алдахгүй гаргахыг хичээсэн. Би их өрнөлтэй, хүний сэтгэлд хүрэхээр киног сонгож хийдэг. Тийм ч учраас “Цагаан хадаг” киног санал болгоход огт эргэлзээгүй.
-Тэгвэл киноны  гол дүрийн жүжигчинд ямар шалгуур тавьсан бэ?
-Тамирчны багын дүртэй ойролцоо төрхтэй байх шалгуур тавьсан. Тамирчин хүний тэсвэр хатуужлыг гар­гаж чадах тийм хүнийг сонгосон.

Д.Сумъяа: Жинжмаад чадах чинээгээрээ тусалсан

/Монгол Улсын гавьяат тамирчин, РИО-2016 олим­пын мөнгөн медальт/

-Миний амьдралаас сэдэв­лэсэн  “Цагаан хадаг” уран сайхны кино тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. Би киногоо тэсэн ядан хүлээж байгаа. Найруулагч Номуунзул эгчтэйгээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уулзаж киноны талаар ярьсан. Эхэндээ жаахан дургүйцэж байгаад нээрээ яагаад болохгүй гэж бодоод зөвшөөрсөн. Олимп болох гэж байсан болохоор бэлтгэл сургуулилтдаа ач холбогдол өгч бас нэгэн түүхийг бүтээе гэж бодсон. Киноныхоо зураг авалтын  үеэр гол дүрийн жүжигчин болох Жинжмаад өөрийн барилдааны арга барил болон гаргадаг эмоцын талаар зааж хэлж чадах чинээгээрээ тусалсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан