Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Энхболд: Хууль сахиулах байгууллагууд нэгдсэн бодлогод зангидагдаж чаддаг болсон

Ж.ЖАМУХА

Хууль сахиулахын их сургууль (ХСИС), ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран 2012 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Хууль сахиулах үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хууль сахиулах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн олон улсын эрдэмтэн, судлаачдыг хамруулдаг эл хурлаас гаргасан санал, зөвлөмжүүд Монгол Улсын хууль сахиулах байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд эхнээсээ нэвтэрсэн нь цөөнгүй. Энэ тухай ХСИС-ийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Энхболдтой ярилцлаа.

-Юуны өмнө өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээний хурлаас гаргасан зөвлөмжүүд практикт хэрхэн биеллээ олсон, үр дүн нь ямар байгааг сонирхвол?
-2011 оноос хойшхи таван удаагийн хурлаас гарсан санал, зөвлөмжүүд өдгөө практикийн байгууллагад хэрэгжиж эхлээд байгаа нь хурлын үр дүнг илтгэж байгаа юм. Тухайлбал, өмнөх хурлуудын үр дүнд Хууль сахиулахын их сургууль дээр инновацийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн, хууль сахиулах ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ санаануудаас патьентийн эх авсан бүтээлүүд бий болсон. Тэгэхээр хурлын цаашдын үр дүнд практик байгууллагын үйл ажиллагаанд нэвтэрч ороход хурлын зорилго чиглэл оршиж байна. Хуралд гадны нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид ирнэ. Уг хурлаар ХБНГУ-ын эрүүгийн болон олон улсын судалгааны төв болох “Макс Планк” гэгч институтийн захирал Альберт гэдэг хүн эрүүгийн болон ялын бодлого гэх сэдвээр хүндэтгэлийн лекц уншиж өдгөө манай оронд тулгамдаад буй эрүүгийн болон эрүүгийн салбарт холбогдох бусад хууль тогтоомжид зөвлөмж өгөх арга хэмжээ болно. Энэ бол тэр бүр олдоод байдаггүй боломж. Таван хурлаас нийт 35 зөвлөмж гарсан байдаг. Бидний зүгээс зургаа дахь удаагийн хурлын урьтал болгож эдгээр зөвлөмжийн үр дүнг нэгтгэж үзсэн л дээ. Ерөнхийдөө 75 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд эл үр дүнг нарийвчлан задалж, хуралд оролцогчдод тайлан хэлбэрээр танилцуулах юм. Энгийн жишээ татахад хууль сахиулах байгууллагад шинэчлэгдэж буй багц хууль тогтоомжуудад хурлаас гарсан санал зөвлөмжүүд тодорхой хэмжээнд тусгагдаж өгсөн. Хоёрдугаарт, хууль сахиулах байгууллагын инновацийг хөгжүүлэх дэд бүтцийн хөтөлбөр батлагдаж хэрэгжиж эхэлсэн байна. Гуравдугаарт, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, хууль сахиулах үйл ажиллагаанд нэгдсэн нэг бодлого дор зангидагдаж чаддаг болсон. Энэ бол маш том дэвшил. Мөн хурлын төгсгөлд олон улсын 90 гаруй эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны материалыг нь эмхэтгэн хэвлүүлж, хууль сахиулахын алба хаагчид хийгээд ард иргэдэд тараах юм.

-Анзаараад байхад ХСИС 2012 онд шинэчлэн байгуулагдсан цагаас хойш судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний ажилд чухал ач холбогдол өгдөг болсон санагддаг. Эл эрдэм шинжилгээний хурал ч үүний нэг илрэл байх?
-ХСИС эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон судалгааны цахим их сургууль болох, сургалтын хөтөлбөр, агуулгыг олон улсын жишигт нийцүүлэх, сургалтын орчин, дэд бүтцийг цогцолбор хотхон хэлбэрээр хөгжүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилтыг үе шаттайгаар амжилттай зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Манайх 2012 онд байгуулагдсан цагаасаа эхлэн УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Хуульзүй, дотоод хэргийн яам, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран жил бүр тодорхой сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсаар ирсэн.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал”, ”Хилийн аюулгүй байдал ба хамтын ажиллагаа”, “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” зэрэг сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж дээрх хурлуудаас гарсан санал, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын гадаад, дотоод хамтын ажиллагаа сайжирч, хууль сахиулах үйл ажиллагааны онол, практикийн тулгамдсан зарим асуудлыг судалгаа шинжилгээний ажлын дүнд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх хандлага төлөвшиж байна.
Тухайлбал, хууль сахиулах салбарын инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн, жилд дунджаар 20 гаруй суурь болон хэрэглээний судалгааны ажил гүйцэтгэж практик байгууллагад зөвлөмж өгсөн байна. Мөн оюуны бүтээлийн хамгаалалт хийгдсэн ашигтай загварын таван гэрчилгээ авч, инновацийн шинэ бүтээгдэхүүн туршилтын журмаар үйлдвэрлэж эхэлжээ. Улмаар гарааны компани байгуулах журам боловсруулагдсан, БСШУСЯ-аас энэ онд зарлагдсан сонгон шалгаруулалтад ХСИС-ийн багийн төсөл шалгаран Шинжлэх ухаан, технологийн сангаас анх удаа санхүүжилт авч, төсөл хэрэгжүүлж байна.

-Энэ жилийн хурлын тухайд?
-Энэ сарын 29, 30-ны өдрүүдэд  болох хуралд 10 гаруй орны, 30 гаруй эрдэмтэн судлаач, энэ чиглэлийн мэргэжилтнүүд оролцохоос гадна манай орны эрдэмтэн судлаач, хууль сахиулах байгууллагын алба хаагчдаас бүрдсэн 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдана. Зургаа дахь удаагийн хурлын маань ач холбогдол бол хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, тухайн асуудалд ямар гарц гаргалгаа байгааг эрдэмтэн судлаачид, практикийн байгууллагууд шинжлэн тогтоож улмаар хууль сахиулах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилготой. Ер нь, жил жилийн хурал хууль сахиулах үйл ажиллагаа ямар төвшинд байгааг тодорхойлдгоороо өндөр ач холбогдолтой. Энэ жилийн хувьд үндсэн хуралдаанаас гадна дөрвөн салбар хуралдаантайгаар явагдана.
Хууль сахиулах ажиллагаа, хууль сахиулах салбарын сургалт, инноваци, гэмт хэрэгтэй тэмцэх асуудал зэрэг чиглэлээр салбар хуралдаанууд маань явагдаж, хурлын хүрээнд нийт 30 гаруй илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Ер нь тэгээд хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг бид дотроо ярих нэг өөр. Гадны эрдэмтэн судлаачдын үгийг сонсох нэг өөр. Дээр хэлсэнчлэн 10 гаруй орны, 30 гаруй эрдэмтэн ирнэ гэхээр ач холбогдол талаасаа маш өндөр байх юм.

-Гол зургаан илтгэлийг аль улсын эрдэмтэд тавих вэ?
-Монгол улсын хууль сахиулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд гэх үндсэн илтгэлийг Хууль сахиулахын их сургуулиас тавина. Мөн сэдвээр ХБНГУ, ОХУ болон манай улсаас Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулах их сургуулийн эрдэм шинжилгээний байгууллагууд илтгэл хэлэлцүүлнэ.

-Энхийг сахиулах ажиллагаатай адил манай хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүн, алба хаагчид олон улсын хууль сахиулах ажиллагаа, хамтарсан бэлтгэл сургуулилтад хэрхэн хамрагддаг вэ?
-Олон улсын төвшний хууль сахиулах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас оролцох нь олон улсын гэрээ конвенциор зохицуулагдаж байдаг. Монгол Улсаас энхийг сахиулах ажиллагаанд Батлан хамгаалах яамнаас тодорхой цэргийн бие бүрэлдэхүүн оролцож байгаа. Үүнтэй адил хурлын үр дүнд үндэслэж энэ жилээс эхлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны тухайн бүс нутгуудад хууль сахиулах чиглэлийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн байгаа.
Өнөөдрийн байдлаар манай цагдаагийн алба хаагчид Өмнөд Судан улсад хууль сахиулах үйл ажиллагааны чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Цаашид энэ ажиллагаа өргөжинө. Судан руу явсан бие бүрэлдэхүүн чиглэл чиглэлээрээ явдаг. Цэргийнхэн үндсэн үүрэг чиглэлийнхээ дагуу үүрэг гүйцэтгэдэг бол цагдаагийнхан хууль сахиулах, гэмт сэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн орон нутгийн ард иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг. Дан ганц цагдаа гэлтгүй хил хамгаалах байгууллагын төлөөлөл ч энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Цаашид шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын чиглэлээр үйл ажиллагаа нь өргөжин оролцох боломжтой.

-Хил дамнасан гэмт хэрэг болон бусад зөрчилтэй холбоотой асуудал хэрхэн зохицуулагдаж байдаг вэ?
-Улс хооронд үүссэн хилийн маргаантай асуудлаар манай хил хамгаалах байгууллага судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай санал зөвлөмж өгч байна. Энэ удаагийн хуралд БНХАУ-ын их сургуулийн төлөөлөгч, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи, Санктпетрбург хотын Хуульзүйн сургуулийн төлөөлөл ирж байгаа нь дээрх асуудлуудыг ярилцах, харилцан санал солилцох боломж олгож байгаа юм.
Цаашлаад тухайн улс орны холбогдох байгууллагад уламжлах боломжтой. Өнгөрсөн таван удаагийн хурлаас харахад гадны хууль, хүчний байгууллагууд хэд хэдэн чиглэлээр манайхаас  суралцах зүйл байгааг хэлж байсан. Жишээ нь, манай Хууль сахиулах их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг сонирхож судлах нь их байдаг. Яагаад гэвэл манайд хууль сахиулах үндсэн найман чиг үүргийг хэрэгжүүлдэг тусдаа сургуулиуд байдаг. Цагдаа, гэмт хэрэг, онцгой байдал, ахлагчийн сургууль гэхчлэн нэг дор төвлөрч үйл ажиллагаа явуулдаг нь хууль сахиулах үйл ажиллагааны нэгдсэн бодлогыг системтэйгээр төлөвлөж хэрэгжүүлэхэд ач холбогдолтойг гадныхан сайшаадаг. Ер нь тэгээд хурлыг санаачлан зохион байгуулагчдын хувьд цаашид гадны улс орны сайн туршлагуудыг нэвтрүүлэх, нутагшуулахыг эрмэлзэж байна.

-Хууль сахиулах их сургуулиас хуульзүйн шинэчлэлийн хүрээнд гар бие оролцож ажиллах нь хэр байдаг юм бол?
-Байнгын ажиллагаатай оролцдог. Хуульзүйн яамнаас тодорхой хуулийн төслүүдийг санаачлан нэгтгэж, УИХ, Хуульзүйн байнгын хороонд танилцуулдаг. Тэгэхээр Хуульзүй, дотоод хэргийн яам Хууль сахиулах их сургуулийн судалгааны ажилд үндэслэж хуулийн төсөлд оруулах санал санаачлагын талаар байнга хамтарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд тодорхой мэргэжлийн мэргэшсэн судлаачид хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт тогтмол оролцож ирсэн.
Нэг жишээ дурдахад сүүлийн үед батлагдаад буй Эрүүгийн хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль зэрэг багц хуулиуд дээр манай сургуулийн эрдэмтэн судлаачид, хийсэн судалгааныхаа үр дүн, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудаас гаргасан зөвлөмжүүдийг байнга тусгаж хууль тогтоомжийг боловсруулдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан