Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намрын чуулган “Гэнэтийн бэлгүүдтэй” эхлэх нь

Л.НОМИН

УИХ-ын даргын захирам­жаар чуулганы нэгдсэн хуралдааны цагийн хуваарийг өөрчилжээ. 2012-2016 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд хуралдааныг 9:00 цагт эхлүүлж, 14:00 цагт үргэлжлүүлэн хуралдуулах шийдвэр гарган даган мөрдөж байсан. Тэгвэл ца­гийг 2012 оноос өмнөх үед мөрдөж байсан буюу 10:00 цагт эхлүүлэн 15:00 цагт үргэлж­лүүлэхээр болж өөр­чил­жээ. УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх ёстой ч бямба гараг таарч байгаа учир 3-ны өдөр нээх юм байна.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тус захирамжинд хавсаргасан юм. Чуулганы эхэнд 2017 оны төсвийн төслийг хэлэлцэхээр хуваарьт багтаажээ. Төсөвтэй холбоотой Хүний хөгжил сангийн, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийг хамт хэлэлцээд явна. Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2017 оны үндсэн чиглэлийг мөн хэлэлцэнэ. Ирэх оны төсвийг Засгийн газраас хараахан өргөн бариагүй. Төсөв батлах хуулийн хугацаа арваннэгдүгээр сарын 15-наар тогтоосон учир намрын чуулган хамгийн түрүүнд дараа оны төсвөө баталдаг болсон. Засгийн газраас 2017 оны төсвийн төслөө энэ долоо хоногийн ээлжит хуралдааны дараа өргөн барьж магадгүй юм.

УИХ-ын ээлжит бус чуулганаар буцаан татсан Эрүүгийн болон Зөрчлийн, Хууль сахиулах тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслүүдийг дараалалд оруулсан байна. Эдгээрээс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг ээлжит бус чуулганы үеэр өргөн барьж, хэлэлцэх эсэхийг шийдсэн. Харин бусдыг нь өргөн барьсан тухай албан мэдээ гараагүй.

Мөн намрын анхны чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Уг нь сонгуулийн санал хураалт явуулахаас зургаан сарын өмнө багтааж хуульд өөрчлөлт оруулдаг жишиг бий. Хугацааны хувьд ийм эрт хуулийн өөрчлөлт хийхээр болсон нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж мэднэ. Сонгуулийн тухай хуульд УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль гээд бүгдийг нэгтгэж баталсан. Гэхдээ УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгууль болохоос 54 хоногийн өмнө өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог жижиг мажоритар болгосон билээ. Үндсэн хуулийн цэц 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, үйлчлэл зогссон. Харин энэ дүгнэлтийг нь УИХ хүлээн авснаар санал хураалт болохоос хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө хуульд өөрчлөлт оруулсан. Сонгуулийн тухай хуульд санал хураалт явуулах өдрөөс зургаан сарын өмнө өөрчлөлт оруулахыг хориглох заалт байхгүй, “гээгдсэн” хэвээрээ байгаа. Тэгэхээр намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр он дамнуулан, бүр намрынхаас хаврын чуулган хүртэл дамжуулан хэлэлцэх ч боломжтой гэсэн үг. Хуваарьт оруулсан ч гэсэн Сонгуулийн тухай хуулийн төсөлд чухам ямар заалт тусгасныг мэдэх боломжгүй. Яагаад гэвэл уг хуулийн төслийг мөн л өргөн бариагүй байгаа юм. Зарим эх сурвалж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай заалтад өөрчлөлт оруулж магадгүй хэмээн үзэж байгаа.
Өргөн бариагүй ч хэлэлцэхээр дараалалд багтаасан өөр хуулиуд бас бий. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ач санах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн талаар ямар ч мэдээлэл алга. Урьд нь өргөн барьсан хуулийн төслүүдийг УИХ-ын цахим хуудсаас авч болдог байсан. Харин эдгээр хуулийн төслийг өргөн бариагүй учраас харах боломжгүй байлаа. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ихэнхдээ өргөн бариагүй хуулийн төслүүдийг эхлээд хэлэлцэхээр болсоныг бодоход ойрын үед УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөсөн бололтой.

Ач санах тухай хуулийн төслийг 2015 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр УИХ-ын гишүүн О.Содбилэг, Н.Номтойбаяр нар санаачилснаа мэдэгдэж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Тэд “Хүн ам, орон сууцны тооллогын 2010 оны мэдээгээр 60-аас дээш насны 151.2 мянган  ахмад байсан бол 2013 онд 170 мянга болж нэмэгдсэн байна. Үндэсний статистикийн хорооны гаргасан хэтийн төлвөөр 15 жилийн дараагаас Монголын хүн ам насжих, 20 жилийн дараагаас насжилт эрчимжих төлөвтэй байгаа. Ахмад  настны тоо нэмэгдэхийн хэрээр тэдний нийгмийн хам­гааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх  шаардлагын үүд­нээс хуулийн төсөл боловс­руул­­лаа” гэж мэдэгдэж байсан.

Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, тэтгэврийн харилцааг боловсронгуй болгох, орон сууцаар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сувилал амралтад хамруулах зэргийг тусгасан гэж байсан юм. МАН-ын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ач санах хуулийг батлуулахаар тусгасан. Гэхдээ чухам яаж ач санах вэ гэдэг илүү тодорхой мэдээлэл харамсалтай нь байхгүй. Нөгөө талаас энэ бол Хамтын тэтгэврийн тухай хуулийн нэрийг нь өөрчилж, агуулга, санааг нь тусгах нэг арга ч гэж тайлбарлах нь бий. АН-ын санаачилж батлуулсан хуулиудыг нэг бүрчлэн буцааж, хүчингүй болгож эхэлсэнд олон нийт маш их шүүмжлэл өрнүүлсэн. Үүний бас нэг жишээ нь “Сайн” тодотголтой хөтөлбөрүүдийг зогсоож, оронд нь МАН-ын дэвшүүлсэн адил төстэй бодлогоо батлуулах. Намрын чуулганаар Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр жагсаалтад оруулсан нь үүнийг тайлбарлахад илүүц болгож байгаа юм. Бусад хуулиуд шиг энэ талын ямар ч мэдээлэл одоогоор алга. Өргөн барьсан эсэх, ямар агуулгатай байх зэрэг нь ч тодорхойгүй. Ямар ч байсан МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт ийм хууль батлуулахаа тусгасан тойм мэдээлэл л бий. УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын санаачилж, боловсруулсан хөтөлбөрүүдийг зогсоох гэлтгүй нэрийг нь өөрчлөөд явах боломжтой гээд “Сайн” гэдэг нэрнээс татгалзаад МАНай болгоод ч болов хэрэгжүүлээч гэж байсан. Тэгвэл иргэдийн дунд хүлээлт үүссэн тэтгэвэр тэтгэмж, оюутны тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шийдэх гарц нь дээрх шинэ хуулиуд байхыг үгүйсгэх аргагүй юм. Ер нь чуулганы хуралдааны дараалалд оруулсан ихэнх хуулийн төслийг энэ долоо хоногт “бөөндөж” өргөн мэдүүлж магадгүй. Өргөн бариад танилцаж амжаагүй байхад шууд хэлэлцээд эхлэх нь гишүүдээс ялангуяа сөрөг хүчнийхнээс нэлээд шүүмжлэл сонсч таарна. Мордохын хазгай гэгчээр цагийн хуваариа өөрчилж, өргөн бариагүй хуулиудаар хэлэлцэх асуудлын дарааллаа тогтоосон намрын чуулган хэрүүл, маргаантайгаар эхэлбэл гайхах хэрэггүй нь.
АН-ын олонхи байсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж эхлүүлснээс буцаж ухрах ажиллагаа дуусах болоогүй аж. Чуулганы хуралдааны цагийн хуваарийг хуучнаар нь болгох, хуулийн төслүүдийн талаархи мэдээл­лийг хаалттай, тодорхойгүй байлгах зэргээр ид үргэлжилж байна. УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцээд “гэнэтийн бэлгүүд” ар араасаа хөвөрсөөр байх бололтой.

0 Сэтгэгдэл
Amerik mongoliig kapitalist argaar boolchloh n tsagdaa min
Хамгийн их уншсан