Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэрэв би Монголд төрөөгүй бол

Б.ЦЭДЭВСҮРЭН

Сонсголгүй охины фэйсбүүкийг үзэж суух нь ээ 29 дүгээр тусгай сургуульд хамт сурч байсан ангийнхныхаа зургийг тавиад “Намайг багадаа ямар хүүхэд байсныг, хэрхэн өсч том болж, өөрчлөгдөж байгааг эд нараас өөр хэн ч мэдэхгүй. Хуурамч зан гаргаж байна уу, өөрийнхөөрөө байна уу гэдгийг ч эд нар л хэлж чадна. Магадгүй хүнд хэцүү үед эд нараас минь өөр хэн ч намайг тайвшруулж чадахгүй” хэмээн бичснийг хараад сэтгэл зурагдах шиг болов. Хүн өөрт тохиолдож байж л бусдын зовлонг ойлгодог муухай ч гэмээр зантай аж. Дүү минь сонсголгүй төрөөгүй бол би ингээд бичээд суухгүй байсан ч байж мэдэх...

Зургаан жилийн өмнө манай гэр бүл нэгэн хөөрхөн охин дүүгээр бүл нэмсэн юм. Төрсөн ахын минь охин л доо. Ээжийн минь хоёр дахь ач. Эхээс төрсөн гурван хүүхдийг отголж төрсөн би тухайн үед оюутан болчихсон байсан учраас гэр бүлд минь хүүхдийн инээд хөөр, дуу шуу тасарчихсан байсан. Тэр л үед дөнгөж төрсөн дүү минь энэ бүхнийг сэргээсэн юм.

Хөхөө хөхчихөөд л инээмсэглэн хэвтэж байгаад унтчихдаг огтхон ч уйлдаггүй дүүг маань хүн бүр л “буянтай хүүхэд” гэх болов. Энэ янзаараа хоёр жилийн нүүр үзлээ. Гэтэл нэг өдөр тэр хөөрхөн дүү маань сонсголгүй төрсөн болж бүр шинжилгээгээр батлагдав. Манай гэр бүлийн хэн ч энэ мэдээнд үнэмшихийг хүсээгүй. Тэр жаахан амьтан аав, ээж, эмээ, эгч, ахынхаа өхөөрдөн дуудаж байгааг, шувуудын чимээ, голын хоржигноон тэр бүү хэл машины сигналыг ч сонсохгүй гэж бодоход ч хэцүү байсан.

Гэхдээ л гэр бүлийнхэн маань үнэнд гүйцэгдсэн. Тиймээс сонсгол оруулж болох арга чарга хайж, цорын ганц арга болох дунгийн суулгацыг сонгосон юм. Монголчууд охин хүүхдийн даахийг дөрөв, хүүгийн үсийг гуравтайд нь авдаг. Гэтэл бид дүүдээ дунгийн суулгац тавиулахын тулд түүний даахийг хоёр настайд нь авч хагалгаанд оруулав. Хагалгааны төлбөр 40 гаруй сая төгрөг болсон учраас аав, ээж нь хөдөө ажлаа хийж төлнө. Дүү харин эмнэлэгт байнга хяналтад байх шаардлагатай учраас хотод үлдэж эмээгийн охин болсон юм.

Аппаратны тусламжтай­гаар өрөөсөн чихээрээ сонсдог болсон дүү маань өнөө жил зургаан нас хүрэв. Хэдийгээр аппаратны тусламжтайгаар өрөөсөн чихээрээ сонсч байгаа ч хараахан ярьж сураагүй байгаа учраас манай гэр бүлд “Түүнийг сургуульд оруулна, оруулахгүй, энгийн сургуульд явуулах уу, цэцэрлэгт явуулах уу, тусгай сургуульд явуулах уу” гээд асуудал өрнөлөө. Эцэстээ 29 дүгээр тусгай сургуульд хандаж сонсдог мөртлөө ярьж чаддаггүй хүүхдүүдийн 1-ийн “г” ангид оруулчихлаа. Анги нь есөн сурагчтай ч миний дүү шиг аппаратаар сонсдог хүүхэд байхгүй. Хэл яриа нь дутуу хөгжсөн, сонсголын бууралттай хүүхдүүд.

Тусгай сургалттай 29 дүгээр сургууль ихэнх хүүхдээ дотуур байрандаа авчихдаг ч дунгийн суулгацтай хүүхдүүдийг ямар ч тохиолдолд авдаггүй аж. Учир нь өндөр өртөг бүхий  аппарат нь гэмтвэл сургууль хариуцах боломжгүй гэж үздэг байна. Тиймээс эмээ нь сургуульд нь зөөж, дүү маань өдөр бүр шинэ зүйл сурсаар...
Гэхдээ сүүлийн үед дүү маань хэрэв амьдралд итгэлээ алдчихвал, “Хэрэв би Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж төрөөгүй бол” гэж боддог болчих вий гэж бодох болов. Учир нь, саяхан олон улсын мисс, мистерийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн залуу, бүсгүй хоёроос ярилцлага авахаар цагаа тохироод уулзахад орчуулж өгөх хүн олдохгүй байв. Судалж үзэх нь ээ угаасаа Монголд мэргэжлийн дохионы хэлний орчуулагч цөөн аж. Дохионы хэл үндэсний болон олон улсын гэсэн хоёр төрөл байдаг байна. Мэргэжлийн дохионы орчуулагч цөөн байдгаас хүмүүс энэ хоёрыг холиод сурчихдаг гэнэ. Энэ бол дүлий иргэдийн хамгийн эхний асуудал.

Ярилцлага эхлэхэд тэр хоёр хэлэх гэж их бэлдсэн бололтой зүйлээ хамгийн түрүүнд ярьж эхлэв. Тэр бол “Дэлхийн хэмжээний ийм том амжилт гаргачихаад байхад биднийг харьяа төрийн байгууллагаас хүлээж авахгүй байна” гэдэг өгүүлбэр. Аав, ээжийнхээ халааснаас зардлаа гаргаад бөмбөрцгийн нөгөө талд очиж тэмцээнд оролцоод дэлхийн 24 орны өрсөлдөгчөө ялчихаад ирж байхад тэднийг хэн ч тоохгүй байгаад юм. Гэтэл тэнд сонсголгүй иргэддээ зориулаад олон улсын тэмцээн зохиож буй улс байдаг юм байна. Харин манай оролцогчдод хамгийн сайхан санагдсан зүйл нь тэр орны хөгжил цэцэглэлт ч биш дэлхийн 24 улсаас ирсэн баг бүрт олон улсын дохионы хэлээр ярьдаг орчуулагч томилж өгсөн л хамгийн их таалагдсан гэсэн. Хаана ч явсан жирийн иргэдэд өөрсдийгөө хялбар ойлгуулж чадаж байсан учраас тэр.

Ингээд ярилцлага цааш үргэлжлэхэд их сургуульд суралцаж төгссөн талаараа ярив. Их сургуульд дөрвөн жил аав, ээжийнхээ мөнгийг дэмий өгчихсөн талаараа харамсан ярьсан. Суралцсан мэргэжлээ эзэмшиж чадаагүй, сонсохгүй учраас юу ч сураагүй талаараа ярихдаа тэд Монголын боловсролын тогтолцоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хэтэрхий хатуу “зохион бүтээгдчихсэн” нийгмийг шүүмжилж байв. Хэрэв Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж төрөөгүй бол хэмээн боддог тухайгаа ярьсан юм...

Яагаад тэд ингэж бодох болов. Тэдний өмнөөс төсөөлж үзье л дээ. Тэргэнцэртэй хүмүүс хүссэн газраа орж чадахгүй, цагаан таягтнууд, сонсголгүй иргэд гудамжаар тааваараа алхаж чадахгүй, дотор эрхтний хүнд эмгэгтэй хүмүүс нь нийслэлдээ амьдрахад агаарын чанар, тоосжилтоос эхлээд амьдрах нөхцөл хүнд. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах талаар мэдээлэл дутмаг учраас тэднийг ялгаварлаж ханддаг. Чадлынхаа хэрээр өөрийгөө хөгжүүлээд бусдын адил явж байхад нь хэн ч анхаарал халамж тавьж урам хайрладаггүй.

Хамгийн энгийн жишээ татъя. Олимпын аварга маань эх орондоо ирээд “Баттулга ерөнхийлөгч маань намайг аваргын төлөөх барилдаанд гарахын өмнө “алт авбал амьдралдаа санаа зовох хэрэггүй болно” гэсэн утгатай үг хэлсэн гэдгийг тэрээр хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр олон л удаа ярьсан. Хүн урмаар тэнхээ ордгийн жишээ энэ. Гэтэл паралимпын тамирчид маань хоёр хүрэл медаль хүртээд ирчихсэн мөртлөө “Байртай болох нь байтугай бэлтгэлээ хийгээд ар гэрээ авч явах хэцүү” хэмээн ярьж суух. Хэчнээн олимпын алтан медаль хөрөнгө мөнгөний гачаалаас болж замаасаа ухарсан бол гэж бодоход хайран.

Хэдхэн секундэд гаргасан сэтгэл хөдлөлийнхөө балгаар олимпын медалиасаа мултарсан тамирчиндаа алтаар хийсэн “дотоод” медалийг хэчнээн хурдан гардуулж байлаа. Гэтэл эрүүл хүнээс ч гарахгүй тэсвэр тэвчээрийнхээ хүчээр олимпын медаль хүртчихээд ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тоох хүн ховор. Тоож байгаа нэг нь тохуурхаж байгаа юм шиг аашлах.

Үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд л нэгэндээ тохиолдсон бэрхшээл, туулсан саадыг нь мэдрэхээс өөр хэн ч тэднийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа гэлтэй. Бид адил тэгш нийгэмд эрхээ эдэлж, үүргээ ухамсарлаж амьдрах ёстой. Энэ боломжийг төр засаг хангах учиртай. Өөр хэн ч биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн “хэрэв би Монголд төрөөгүй бол” гэж ярих нь байтугай бодох нь ч тусгаар улс болж оршин байгаагийн хувьд гутамшиг баймаар. Гэтэл золбин нохойн асуудалд хүртэл гар дүрдэг мэдрэмтгий төр минь үүнийг яагаад анзаарахгүй байна вэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан