Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг “Өнөөдөр” хоёр маргааштай тэнцэнэ

Н.БАТСУУРЬ

Өдий хүртэл үндсэн хэв шинжээ хадгалсаар ирсэн сэтгүүлзүйн анхдагч хэлбэр болох хэвлэмэл сонин үнэ цэнэ, үнэлэмжийн хувьд бусад мэдээллийн хэрэгслийн тэргүүнд бичигдсээр ирснийг дөрвөн зууны түүх гэрчилнэ. И.Гутенбергийн нээлт, анхны гар бичмэл сонинуудаас авахуулаад сансрын телевиз, цахим сэтгүүлзүйн эрин үед ч өнгө төрх, үнэ цэнээ алдаагүй цаасан сониныг шинэ мянганы технологийн дэвшил ч сэтгүүлзүйн талбараас түлхэн унагаж чадсангүй. Монголын сэтгүүлзүйн гал тогоонд ч өдөр тутмын сонин хэвлэл өөрийн гэсэн орон зайг дархлаад уджээ.

103 жилийн түүхтэй манай сэтгүүлзүйн салбарын “дархлаа” болсон өдөр тутмын сонинуудын нэг бол өнөө жил түүхт 20 жилийн ойтойгоо золгож буй “Өнөөдөр” сонин билээ. Өндөр хөгжилтэй улс орнуудад өдөр тутмын сониныг өглөө босоод нүүрээ хардаг тольтой адилтгадаг.

“Хэн сэтгэж байна түүнд зориулав” уриатай “Өнөөдөр” сонин ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийгэм, олон нийтийн толь байсаар ирэв. Түүхэн цаг үеийн залгамж халааг тодоос тод  бичилцэж ирсэн “Өнөөдөр” сонины хамт олон 1996 оны есдүгээр сарын 29-нд анхны дугаараа өлгийджээ. Тус сонины  гэрэл зурагчид сониныхоо ойн баярт зориулан ““Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид” хэмээх үзэсгэлэнгээ Үндэсний түүхийн музейд үзэгчдийн хүртээл болголоо.
Өдөр тутмын сонинд үйл явдлыг мянган үгээр хүүрнээд ч ганц зурагны энд хүрэхгүй үе гэж бий.

Угаас ганц зураг мянган үгний хүчтэй ч гэдэг. Түүнчлэн, “Нэг өнөөдөр хоёр маргааштай тэнцэнэ” гэдэг. Магадгүй мянга мянган маргааш байгаад ч сольж боломгүй тэр “өнөөдөр”-ийг гэрэл зурагтай жишиж болмоор. “Өнөөдөр” сонинд  үе үеийн шилдэг гэрэл зурагчид ажиллаж, тэр хэрээр тогтмол хэвлэлийн хамгийн том гэрэл зургийн албатай сонин хэмээгдсээр ирсэн.

Соёлын гавьяат зүтгэлтэн  Р.Чулуунаар ахлуулсан “Өнөөдөр”-ийн гэрэл зурагчдын үзэсгэлэнд 14 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл дэлгэгджээ. Тус сонины зурагчид хэлэхдээ “Өнөөдрийн үзэсгэлэнгийн үндэс суурь, “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч Балдорж агсантай салшгүй холбоотой. Бидэн дунд Балдорж агсныг дагаж гэрэл зургийн ертөнцөд хөл тавьж, үсэг нүдэлсэн нь ч бий. Тэр хүний ач буянаар хорвоо ертөнцийг огт өөр өнцөг, өнгө гэрлээр харах болсон залуус өдгөө Монголын сэтгүүлзүйн салбарт гэрлээр түүх бичилцэж явна. Бие биеэ нөхөж, нэг нэгнээсээ суралцаж, залгамж халаа, залуу үеэ бэлтгэсэн амь нэгтэй хамт олон болсон” хэмээж байв. Хэвлэлийн гэрэл зураг буюу баримтат гэрэл зураг гэдэг элдэв хачир чимэггүй ч эгэл үнэнийг хүүрнэж чаддагаараа онцлог.

“Өнөөдөр”-ийн гэрэл зурагчдын үзэсгэлэнд үзүүштэй олон сайхан бүтээл дэлгэгдсэнээс өдгөө “MPA” агентлагт ажиллаж буй гэрэл зурагчин Б.Бямба-Очирын “Орчин цагийн хөтөлгөө” нэртэй уран бүтээл эрхгүй хараа булаасан юм. Тэрээр “Хүмүүс сонин, сэтгүүл уншдагтай адил гэрэл зурагчид хүний нүдэнд шууд өртөхүйц уншууртай зураг авахыг эрмэлздэг. “Орчин цагийн хөтөлгөө” зургаа хөдөө ажлаар явж байгаад авсан юм.

Жуулчдад үзүүлэх зорилгоор тэмээг машины цонхоор хөтлөн яваа дүр зураг монголчууд бид даяаршилтай хөл нийлүүлэх гэж хэрхэн түүртэж байгааг илэрхийлэх шиг санагдсан” гэсэн юм. Хүнд камер хэрэгсэл үүрч явдгийн хувьд гэрэл зурагчны ажил мэргэжил эмэгтэй хүнд эрхгүй ахадмаар санагддаг. “Монцамэ” агентлагийн гэрэл зурагчин Т.Чимгээтэй энэ сэдвээр хэдэн хором ярилцсан юм. Тэрээр “Мэрэгжилдээ хайртай болохоор ямар ч хэцүү бэрхийн өмнө төвөгшөөдөггүй.  Би өдөр тутмын сонины үйл явдлын агшин бүр гэрэл зургаар уншигдах ёстой гэж боддог. Зураг авах ёстой л бол гал, ус руу ч орохоос буцахгүй.
Цаг хугацаа өнгөрөх тусам гэрэл зургийн үнэ цэнэ өссөөр байдаг. Одоогоос 20-иодхон жилийн өмнө  хэвлэлийн гэрэл зургийг  хальсны аппаратаар авдаг байсан бол техник технологи хөгжсөн өнөө үед тогтмол хэвлэлийн гэрэл зураг сайжирч, бичвэрийг өнгөлж өгч байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан