Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр замыг улс төрөөс ангид байлгахыг хүслээ


Б.МЯГМАРЖАВ


УБТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос УБТЗ-ын удирдах албан тушаалтанд мэргэжлийн бус томилгоо хийж буй талаар мэдээллээ. Хувь нийлүүлэгчдийн хурлаас УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны Монголын талын гишүүнээс  Монголын төмөр замын инженерүүдийн холбоо­ны тэргүүн Ч.Сүрэнхор­лоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд, Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв нарыг чөлөөлж, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр, Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нарыг томилсон билээ.

Ийнхүү УБТЗ-ын Ерөн­хий хорооны Монголын талын гурван гишүүнийг шинэчлэхдээ мэргэжлийн бус хүмүүс томилсонд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонынхон сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Тиймээс Ерөнхий сайдад хандан уг томилгоог Оросын талтай зөвшилцөн эргэн харах боломж байгаа эсэхийг албан бичгээр лавлажээ.

Тэд Ерөнхий хорооны гишүүдийг төмөр замын ажлын туршлагатай, мэргэжлийн хүмүүс байх ёстой гэж үзэж, өнөөдөр /өчигдөр/ Москва хотноо шийдэгдэх Төмөр замын даргын асуудалд улс төрийн нөлөө оруулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нараас хүсч буй аж. Түүнчлэн, УБТЗ-ын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс дуулдах болсон. Ялангуяа УИХ-ын гишүүн асан Д.Загджав төмөр замын даргыг томилох асуудлыг хэлэлцэх багт багтаж, ОХУ руу ниссэн нь УБТЗ-ын даргын томилгоо улс төртэй хутгалдаж буйн тод жишээ гэлээ.

Мөн төмөр замд улс төрийн томилгоо хийгдэж, мэргэжлийн бус хүнээр удирдуулснаар ажилчдын эрх ашиг хохирч байна гэсэн юм. Энэ талаар УБТЗ-ын суудлын вагон депогийн хорооны дарга Х.Чинбат “Төмөр зам нь Монгол Улсын тээврийн салбарын хамгийн нүсэр бүрэлдэхүүн. Гэтэл энэ салбар улс төртэй хутгалдсанаар олон асуудал орхигдсон. Тухайлбал, мэргэжлийн ажилчдын нийгмийн асуудал орхигдсон. Жишээ нь, манайх 1500 гаруй ажилчинтай. Нийгмийн асуудал дээр ямар бэрхшээл гарч байна вэ гэвэл бид ажилчдын өвчлөлийн судалгааг өнгөрсөн онд гаргасан. Нийт ажилчдын 38,7 хувь нь ямар нэг суурь өвчтэй гэж  гарсан. Энэ нь  дарга ажилчдын нөхөн сэргээх эмчилгээний газрыг татан буулгасантай шууд холбоотой гэж үзэж байна. Намын даалгавраар энэ ажлын байрыг байхгүй болго, өөрчилнө гэсэн байдлаар ханддаг. Нийгмийн асуудал доройтно гэдэг нь ажилчдын хөдөлмөрлөх чадвар буурна” гэсэн үг хэмээв.

Нөгөө талаар төмөр замын хөгжлийн асуудал  хөсөр хаягдлаа гэсэн юм. Энэ тухай УБТЗ-ын татах хэсэг буюу зүтгүүрийн депогийн хороон дарга Б.Наранхүү “Бид дэлхийн төмөр замын хөгжлийг гүйцэхэд хэцүү болсон. Техникийн шинэчлэл технологийн өөрчлөлтийг гаргахгүйгээр төмөр замын хөгжлийг ярих хэрэггүй. Уг нь, бид төмөр замын ирээдүйг эергээр харж байсан. Харамсалтай нь, мэргэжлийн бус хүн удирдсанаар  энэ боломжууд алдагдаж байна. Ерөнхий хорооны гурван гишүүн нь  мэргэжлийн бус байгааг бид эсэргүүцэж, ийн мэдэгдэл гаргахад хүрлээ. Ядаж төмөр замчдыг төлөөлөх тэднийг ойлгодог, гал тогоонд нь хамт байсан хүнийг оруулах хэрэгтэй” гэсэн юм.

Б.Баяраа: Бид мэргэжлийн удирдлагатай болмоор байна

Дээрх асуудалтай холбогдуулан Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Баяраагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Эрх баригч намаас хийж байгаа томилгоог эсэргүүцэж буй болохоор та бүхнийг АН-ын зүгээс даалгавар авсан хэмээн зарим хүн хардаж байгаа байх?
-Манай холбоо  60 жилийн түүхтэй. Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг болон МТЗҮЭХ эвлэлдэн нэгдсэн 15 мянган гишүүнийнхээ хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгэмлэгийнхээ хөгжлийн төлөө үйл ажиллагааг зорилго болгон явуулдаг. Манай холбоо аль нэг нам эвсэл улс төрийн хүчин нийгэм эдийн засгийн сонирхол бүхий бүлэглэлээс хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг” гэдгийг хэлсэн юм. Биднийг улс төртэй холбох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол их байна.

-Тухайлбал?
-Өнөөдөр /өчигдөр/ болох хэвлэлийн хурлын мэдээллийг цахим орчноор Төмөр замчид МАН-аас хийж байгаа хууль бус томилгоог эсэргүүцэж мэдээлэл хийнэ гэж заавал нам эвсэлтэй холбож мэдээлсэн. Бид улс төрөөс ангид байж, төмөр замчдын эрх ашгийг хамгаална. Төмөр замчдад халдсан тэднийг буруутгасан, эрх ашгийг нь хохироосон ямар ч үйлдлийг эсэргүүцэж төмөр замчдаа гэсэн сэтгэлтэй хүмүүстэй эвлэлдэн нэгдэх болно. Бид улс төрөөс ангид байж, мэргэжлийн удирдлагаар удирдуулах юм бол бүтээлчээр ажиллах боломжоор хангагдах юм.

-Төмөр замд бүтцийн өөрчлөлт оруулж эхэлсэн гэсэн. Тухайлбал, ямар албанд ямар өөрчлөлт оруулсан бэ?  
-Бүтцийн өөрчлөлт хийхдээ дандаа удирдлагын бүтцийг нэмсэн. Зарим газар дарга нь нэмэгдсэн гэсэн үг. Энгийн ажилчдын орон тооноос хассан. Тухайлбал, тэтгэвэрт гарч байгаа ажлаас халагдаж байгаа хүмүүсийн оронд хүн авч болохгүй гээд орон тоог нь цомхотгож байна.

-Хоёр орны 1949 оны гэрээгээр энэ жилээс аль улс нь төмөр замыг удирдах эрхтэй юм бэ?
-Энэ гэрээгээр төмөр замын даргаар хоёр тал ээлжилнэ гэсэн заалттай. Гэхдээ гэрээн дотор хоёр талын төлөөлөгчид  хуралдаж, дийлэнх олонхийн саналаар тухайн үед өөрчлөгдөж ирсэн байдаг. Үүнийг цаг үеийн шалтгаанаар авч үзэх ёстой.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан