Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд гадаадын банкны удирдлагуудтай уулзах нь ихсэв


2016.08.12
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Ф.Ломмэнтэй уулзав. Ерөнхий сайд энэ үеэр Монголын хувийн хэвшлийнхэнд АХБ-наас бизнесийн зээл олгохыг хүсэв.

2016.09.26
Олон улсын вальютын сангийн Суурин төлөөлөгч Нэйл Сакертай уулзав. Энэ үеэр Ерөнхий сайд Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр ОУВС-тай цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.

2016.09.26
Ерөнхий сайд Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирал Берт Хофмантай уулзав. Уулзалтаар ямар асуудал ярилцсаныг дэлгэрэнгүй мэдээлсэнгүй.

2016.09.26

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны  дэд ерөнхийлөгч Филип Беннеттэй уулзлаа. Ерөнхий сайд энэ үеэрээ тус банк Засгийн газрын зээл болон баталгаатай зээлийн төсөл хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийлжээ. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллана гэдгээ хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сүүлийн өдрүүдэд гадна, дотны төлөөлөгчид, тэр дундаа банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүдтэй удаа дараа уулзах болжээ. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын вальютын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг хүчирхэг, олон улсад үйл ажиллагаа явуулдаг банкны удирдлагуудтай ямар шалтгаанаар уулзаж, юу ярьж, ямар асуудалд анхаарч байгаа нь олны сонирхлыг татах болов. Хэдийгээр эдгээр банк, вальютын сан Монголд анхлан орж ирж байгаа биш ч эдийн засаг хүндэрсэн үед ямар байдлаар хандаж, Ерөнхий сайд юу хүсч байгаа нь дотоодын эдийн засгийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой юм. Тиймээс эхлээд уулзалтаас ямар үр дүн гарч байгааг ерөнхий байдлаар харуулъя.         
 
Азийн хөгжлийн банк

Энэ банктай Монгол Улс хамтран ажиллаад 25 жилийн нүүр үзэж байна. Ардчилалд хөл тавьсан цагаас эхлээд тус банкны хөрөнгө оруулалт, дэмжлэгээр жижиг дунд бизнес эрхлэгч, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарынхан хөлөө олсон гэхэд болно. Харин Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын хувиар энэ банкны төлөөлөлтэй уулзахдаа, хувийн хэвшлийнхэнд бизнесийн зээл олгохыг хүссэн.

Харин банкны зүгээс Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөдрийн хүндрэлийг эртнээс мэдэж байсан гэдгээ хэлсэн бөгөөд эдийн засгийн хямралыг даван туулахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх, банкны зүгээс ажлын хэсэг ирүүлж, зөвлөх боломжтой гэсэн юм. Мөн өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлэхээр болсон ч, эцэслэн шийдээгүй, эхлүүлээгүй төслүүдийг хөдөлгөх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж олоход эерэг нөлөөлтэй гэдгээ тус банкныхан Ерөнхий сайдад сануулсан. Гэхдээ Ерөнхий сайд тусламж авах талаарх болоод ажлын хэсэг ирүүлэх саналд ямар нэг хариу өгсөн талаар түүний хэвлэлийн албанаас мэдээллээгүй байна.

Харин тус банк өнгөрсөн онд Монгол Улсад 305.5 сая ам.долларын санхүүжилт баталсны дотор 275 сая ам.долларын дүн бүхий Засгийн газрын дөрвөн зээл, найман сая ам.доллартай тэнцэх худалдааны санхүүжилт болон зургаан сая ам.долларын хоёр буцалтгүй тусламжийн төсөл, 16.5 сая ам.долларын 15 технизийн туслалцааны төслүүд багтаж байгаа юм. Харин энэ онд тус банк Монгол Улсад 287 сая ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг батлаад байна.

Олон улсын валютын сан

Энэ сан гишүүн орнуудынхаа мөнгөний ханшийн бодлогод тогтмол ажиглалт явуулж, шардлагатай бол техникийн тусламж, яаралтай зээл олгох замаар төсвийн тогтвортой бодлогоо хэрэгжүүлэхэд нь тусалдаг. Мөн энэ сан бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, бага, дунд орлоготой орнуудад олгох стандарт буюу жирийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Харин манай улс бага дунд орлоготой орны ангилалд багтдаг ч тухайн улсын хүсэлт, ОУВС-гийн ажлын хэсгийн дүгнэлт, эдийн засгийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж, зээлийн хэлбэр өөрчлөгдөж болдог байна. Бид тус сангаас таван удаа зээл авч байсны хоёр нь Стандбай хөтөлбөр байсан юм.

Харин энэ долоо хоногт Ерөнхий сайд Олон улсын вальютын сангийн Суурин төлөөлөгч Нэйл Сакертай уулзах үеэрээ “эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр ОУВС-тай цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа” зарлалаа. Үүнийг одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаас харвал бид Стандбай хөтөлбөрт хамрагдахад бэлэн байгаа гэвэл буруудахгүй.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк

Тус банк 2014 оны байдлаар 2.6 сая еврогийн 17 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн  байна. Тус банк Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа 2006 онд нээснээс хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түлхүү хувийн хэвшлийн салбарт чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж, дэмжлэг үзүүлдэг. Өмнөх Засгийн газар тус банкийг Засгийн газрын бүтээн байгуулалт буюу дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байсан. МАН-ын Засгийн газар ч гэсэн тус банкийг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах сонирхолтой байгаа юм.

Эдгээр олон улсын байгууллагын үйл ажиллагаа, уулзалтаас харвал манай улс эдийн засгийн тусламж хүсч байгаа нь тодорхой байгаа юм. Гэхдээ аюултай гэгдэж байгаа нь Олон улсын вальютын сангийн зээл. Учир нь, зээлийг авснаар эдийн засаг, төсвөө агшааж, сангийн зарим болзлыг биелүүлэх шаардлагатай болдог. Гэхдээ УИХ энэ зээлийг авах, гэх эцсийн шийдвэрийг гаргадаг тул дан ганц Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогоор явдаггүй.

Хэрвээ энэ зээлийг авах юм бол эдийн засгийг бүтэц, цаашид хийх ажил, эдийн засгийн талаар авах арга хэмжээг зөвхөн Олон улсын вальютын сангийн заавраар хийж эхэлдэг байна. Жишээ нь, нийгмийн халамж танах, үнэ чөлөөлөх зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэгч, иргэдэд халгаатай гэгддэг юм. Харин Сангийн яамны төсвийн ил тод байдлын мэдээлэлд, Стандбай хөтөлбөрийн өмнөх хэрэгжилтийн талаар дурдсанаас үзвэл, хөтөлбөрт хамрагдаж нэг удаа амжилттай хэрэгжүүлж байсан байна. Ямартай ч, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх яриа ирэх сард чуулганы хуралдаан нээгдсэнээр ил тод болох нь.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан