Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Пүрэв: Анхдагчдын төгөл, үзэсгэлэн хоёр ахмадууддаа барьж буй бидний бэлэг


А.АКЭРКЭ

Ардчиллын анхдагчдын төгөл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д бууриа зэхэж, нэг га газарт өнгөрсөн тавдугаар сард хашлага болгон 1680 хайлаас суулгасныг бид мэдээлсэн. Энэхүү төгөлийг орчин үеийн хэв маягаар тохижуулах ажлыг Монголын Ардчилсан холбооны Ахмад зүтгэлтнүүдийг дэмжих сан зохион байгуулж буй юм. Төгөлдөө тун удахгүй дахин мод тарихаар болжээ. Энэ талаар Ахмад зүтгэлтнүүдийг дэмжих сангийн тэргүүн Л.Пүрэвтэй ярилцлаа.

-Ардчиллын анхдагчдын төгөл байгуулах санааг анх таныг гаргасан гэж сонссон?
-1990 оны ардчилсан хувьсгалыг манлайлсан Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын оюутны холбоо, Монголын Ардчилсан холбооны хүмүүс өнөөдөр ахмадууд болжээ. Бид залуу үеийнхэндээ сургаалиа хайрлаж, үлгэрлэх ёстой юм. Ах нь уг нь авто инженер мэргэжилтэй, Ардчиллын ордны хойд талд залгаа оршдог Залуу байгальчдын төв станцад техникийн багшаар ажилладаг байлаа. Тэр үеэс л мод, ургамал, цэцэгний талаар бага сага гадарладаг, хэзээ услах ёстой юм, ямар мод нь ашигтай талаар мэддэг болсон хэрэг. Тиймээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д Ардчиллын анхдагчдын төгөл байгуулах санаа төрж, гишүүдээ уриалахад бүгд дэмжиж хүлээж авсан.

-Энэ насны заавал үйлдэх гурван буяны нэг нь мод тарих юм гэнэ лээ. Нөгөө талаас нь авч үзвэл харагдах нь ганц мод байвч түүгээр дамжуулан тунгалаг агаар, цэвэр хөрс, чандмань усыг үр ачдаа үлдээх юм даа?
-Ер нь бол манай улсын агаар цэвэр байх нь Зүүн Азийн орнуудын уур амьсгалд ч их нөлөөдөг юм. Тийм болоод ч тэр үү манайхныг цэвэр агаартай байлгахын тулд ямар ажил хийх бол гэж харж, хүлээдэг. Манай орны цэвэр уур амьсгалыг зөвхөн гол мөрөн дээр ярихад л Бурхан халдун уулын баруунаас Онон, зүүнээс Хэрлэн гол эх авдаг. Онон голоос салбарлаад Орхон, Орхон гол Амур мөрөнд цутгадаг. Цаашлаад Номхон далай руу цутгадаг. Ингээд үзэхээр эх нь манай улсад байгаа. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг бий. Тэгэхээр би монгол хүн гэж дэмий цээжээ дэлдэж байхаар мод тарих хэрэгтэй. Мод тарья, цэцэг ногоо ургуулъя гэхээр сайхан ажил хийх гэж байна гээд нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачихдаг гэмтэй. Тарих нэг хэрэг, тарьсныхаа дараа арчлах нэг хэрэг болчихоод байна.

-Мод тарих нэг хэрэг, арчилж ургуулах нь чухал гэлээ. Ингэхэд өнгөрсөн хавар тарьсан хайлаас ургасан байна уу, хэрхэн арчилж байв?
-Бидний хувьд М.Даш захиралтай “Ногоон хэрэм“ үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвтэй гэрээ хийсэн байсан л даа. Бид тариад өгье, харин та нар арчлаад яваарай. Хэрэв бидний тарьсан мод ургаагүй байвал хариуцлага тооцно гэсэн. Хаа хаанаа хариуцлага алдаагүй болохоор хайлааснууд маань их сайхан ургасан. Үүнд нь ч бид урамтай байгаа.  

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан?
-МоАХ-ны ахмадууд Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор хавар, намартаа мод тарьдаг. Ирэх сарын 7-нд өөрсдийн төгөлд мод тарьж, албаны хүмүүст нь хүлээлгэж өгнө. Мэргэжилтэнтэй давхар гэрээ хийсэн, тэр хүн бидний тарьсан модыг ургуулж, арчилна гэсэн үг. Энэ нь ардчиллын анхдагчид үр хойчдоо үлдээж байгаа нэг том бүтээн байгуулалт юм. Энэ удаад хавар суулгасан хайлаасын дотор талаар нохойн хошуу тарина. Мөн монос тарихаар болсон. Нохойн хошуу чинь их сайхан ягаан цэцэгтэй. Харин монос цагаан цэцэгтэй шүү дээ. Тэгэхээр гадна талаасаа шаталсан маягтай хэрнээ цэцгүүд нь ч гэсэн хослоод их сайхан харагдах болов уу.

-Дотор талынх нь бүтээн байгуулалт өөр өөрсдийн гэсэн утга учиртай болох нь зурагнаас нь л харагдаж байна?
-Тэгэлгүй яахав. Бид төгөлдөө зөвхөн мод тариад зогсохгүй олон ажил хийхээр төлөвлөсөн. Төглийн голд гурван талаас нь тольдож болох МоАХ-ны бэлэг тэмдэг байрласан усан оргилуур сүндэрлэх юм. Оргилох бүрт нь “Хонхны дуу” эгшиглэнэ. Харин эргэн тойронд нь ахмадуудад зориулсан шатрын талбай, сүүдрэвч, гимнастикийн иж бүрэн төхөөрөмжтэй талбай байна. Мөн 1990 оны улс төрийн өлсгөлөнд оролцсон хүмүүст зориулж баримал хийнэ. Бүгдэд нь зориулж хөшөө босгоно гэвэл шарилын газар шиг болчих байлгүй. Тухайн үед талбай дүүрэн хүн байсан шүү дээ. Тэр дундаас илүү оролцоотой байсан өөрөөр хэлбэл манлайлсан хүмүүсээ алдаршуулах юм. 

-МоАХ-ны парти­зануу­даа алдаршуулна гэсэн үг үү?
-Манайхан партизан гэж их ярих дуртай. Миний хувьд тэдний тоонд ордог. Гэхдээ ах нь энэ үгэнд үнэхээр дургүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж “Партизан гэж хаанаас гарсан үг болохыг би мэддэггүй гэж” хэлсэн нь бий. Зориг муутай, эх оронч сэтгэлгээгүй хүмүүсийг партизан гэдэггүй байх л даа. Гэхдээ миний хувьд партизан биш зоригтнууд гэж хэлнэ. Дээрээс нь үзэл бодолдоо өдийг хүртэл урваж, шарвалгүй тууштай явж ирсэн болохоор баатрууд ч гэж хэлж болохоор. Ерөөсөө манай ардчилалд ухаантан, зоригтон, зальтан гэж гурван төрлийн хүмүүс байдаг. Үнэндээ ухаантан, зоригтон, зальтан гэж ямар хүмүүс байдгийг өнгөрсөн 26 жилийн хугацаанд үзлээ. Одоо бол ерөөсөө л зоригтнууд нь үлдчихлээ. Тэд албан тушаал гуйсангүй, эд мөнгөний хойноос шуналтсангүй. Ерөөсөө ярьдаг зүйл нь л эх орон. Тиймээс хүүхэд, залууст үлдэцтэй, дээрээс нь түүх болж үлдэнэ гэж төгөл байгуулж буй хэрэг. Энэ дотроо музей байгуулна. Тэр музейд тухайн үед эдэлж хэрэглэж байсан зүйлсийг тайлбартай нь тавина. Тухайлбал, саяхан бурхан болсон Ганболд маань өлсгөлөнд оролцохдоо ганцаараа их содон үнэгэн лоовуузтай байсан. Тэр малгайг хүн бүр л мэддэг. Дэлхий дахинд хүртэл түүний зураг тархсан байдаг. Тэгэхээр тэр малгайг нь үзэсгэлэндээ байрлуулж Ганболдынхоо намтар түүхийг нь бичиж тавина гэсэн үг. 

-Эхний ээлжинд модоо тарих нь ойлгомжтой байна. Харин төгөлийн доторх бүтээн байгуулалтын ажил хэдийгээр эхлэх вэ?
-Хөрөнгө мөнгө их шаардлагатай байгаа л даа. Дундуур нь зам тавих гээд төсөв, мөнгийг нь тооцож үзсэн чинь 200-гаад сая төгрөг гарсан. Төсвийн байгууллага биш болохоор жаахан хүндрэл учирч байгаа.
Гэхдээ манай анхдагчид их сэтгэл гаргаж өөрсдийн боломжоороо мөнгө хандивлаж,  зарим нь мод, бордоо гээд чадах чадахаараа тусалж байна. Ямар ч гэсэн сэтгэлээрээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулж байна.

-Төглийн дотор том шатрын талбай байх юм байна. Ямар учир утгатай юм бол?
-Манай Ардчилсан холбооны анхны дарга Зориг шатар сайн тоглодог байсан. Шатрын клуб хүртэл байгуулж байсан. Түүнд зориулж шатрын талбай байгуулъя гэж шийдсэн хэрэг. Аравдугаар сарын 2 болгонд л хөшөөн дээр нь очиж цэцэг өргөдөг. Тэрний оронд алдаршуулж, шатрын талбайн хажуу сандал дээр баримлыг нь сууж байгаагаар хийхээр төлөвлөсөн. Энэ нь түүх болон үлдэнэ шүү дээ. Хүүхдүүдэд Монголынхоо үнэн түүхийг мэдэж авахад ч тус дөхөм болно. Ингээд мөнхжүүлэх нь зүйтэй юм болов уу. Тэгээд ч биднийхээ дунд амьд юм шиг байг дээ.

-Ахмадын сан гэснээс удахгүй Ахмадын баяр болох гэж байна. Хэрхэн баярлахаар төлөвлөсөн бэ?
-Бид жил бүр л ах­мадууддаа талархлын захидал илгээдэг байсан. Харин энэ жил ахмадуудыгаа цуглуулаад баяраа тэмдэглэж гарын бэлэг өгнө. Гэхдээ зүгээр нэг баярлаад өнгөрөхгүй. Тэдэндээ зориулж төглийнхөө талаар мэдээлэл өгнө. Санаа бодлыг нь сонсоно. Мөн үзэсгэ­лэн гаргахаар зэхэж байна. Гэхдээ хүн бүрийн мэддэг зургуудыг тавихгүй. Аль болох хүмүүсийн хүртээл болж байгаагүй зургуудыг үзүүлнэ. Нэг ёсондоо архивт нуугдмал байсан зургуудаа дэлгэнэ. Энэ нь бидний ахма­дууддаа барьж буй нэг бэлэг.

-Иргэдийн дуу хоолойг сонсч, асуудлыг нь шийдвэрлэдэг байсан “1111 төв” татан буугдсан байгаа. Энэ төвийг Ардчилсан хол­­бооны байранд ажил­луулахаар болсон гэв үү?
-”1111 төв”-ийг татан буулгасныг бид буруу гэж үзсэн. Тиймээс 1111 иргэн төв байгуулахаар эрхийг нь авахаар хөөцөлдөж эхэлсэн. Тэгэхээр цаашид “1111 төв” Ардчилсан холбоон дээр ажиллана гэсэн үг. Энэ нь ахмадууд төдийгүй иргэдэд барьж байгаа бас нэг бэлэг байх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан