Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Амьдралын бэлэг”-нээс амсч, амттай яриагаар хачирласан өдөр


Б.СОНОР


“Харанга” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиогч Чука буюу Ц.Чулуунбат өөрийн бие даасан зургаа дахь тоглолтоо үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ. Тэрээр тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхөөр бэлтгэлийн байрандаа хэвлэлийнхнийг урьсан юм. Дуутай, яриатай хэвлэлийн хурал өчигдөр болов.

“Би 1973 онд Барилгачдын соёлын ордны дэргэдэх “Залуус”, “Соёл” хамтлагт гоцлол дуучнаар ажилладаг байлаа. 1989 оноос “Харанга” хамтлагт орсноор дуулах ажлыг зөвхөн Лхагваадаа даатгасан. Түүнээс хойш дуулахгүй явсаар бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн” хэмээн яриагаа эхэлсэн тэрээр тоглолтынхоо тухай “1994 онд “Үгүйлэн санана” тоглолтоо хийж байсан. “Санана даа” дууныхаа үгээр нэрлэсэн. Энэ дуу маань тухайн үедээ хит болж байсан. Дараа нь 2000 онд “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” гэж бүх ододтой хамтарсан тоглолтоо хийж байлаа. 2003 онд “Чи миний амьдрал” тоглолтоо хийсэн. Дуугаараа нэрлэсэн концерт. Дараа нь “My street” гэж нэрлэсэн тоглолтоо хийсэн. Миний үнэхээр дуулахыг хүссэн, хүмүүст хэлэхийг хүссэн санаагаа дуугаараа дамжуулан хэлж чадсан концерт. Хамгийн сүүлд 2013 онд “Содон аялгуу” тоглолтоо үзэгчдэд хүргэснийг санаж байгаа байх. Тоглолтууд маань хоорондоо олон жилийн зайтай болсон байгаа биз” хэмээн ярьсан.

Харин энэ удаагийн тоглолтынхоо талаар ““Амьдралын бэлэг” гэж яруу найрагч Ж.Мөнхбатын шүлгээр бүтсэн дуугаа найзуудынхаа санаачилгаар дүрсжүүлээд цацсан. Өнөөдрийг хүртэл чартуудад амжилттай явж байна. Тиймээс энэ дуугаараа тоглолтоо нэрлэсэн байгаа. Хүн энэ хорвоо дээр төрөхдөө л аав, ээждээ бэлэг болж ирдэг. Өдөр тутамдаа л бэлгэн дунд амьдардаг. Амьдрал минь үргэлжилсээр нэг л өдөр дээшээ нисэхээс цааш энд байх хугацаандаа дуу хууран дунд сайхан амьдаръя гэсэн санаа агуулж энэ дууныхаа аялгууг зохиосон. Миний дуунууд хэдий өөр өөр агуулга, утга санаатай ч хүмүүст арай өөрөөр сонсогддог юм болов уу гэж боддог. Хүмүүст халуун дулаан сэтгэл, хайрыг өгч чадаж байна” хэмээн тодотгов. Зуун хувь амьд тоглолтыг тодотгож хөгжмийн найруулагч, зохиолч, продюсер Н.Халиун “Монголын анхны рок поп хамтлагууд бичлэг гэж мэддэггүй байсан учраас амьд хөгжимтэй, амьдаар дуулдаг байлаа. Сүүлийн үед ч мөн адил амьд хөгжимтэй дуулах болж. Моод эргэж байна л даа. Амьд хөгжимд аялгуулаг, агуулгатай дуу нийцдэг. Чука ахын зохиосон дуунууд ийм байж чаддаг учраас амьд хөгжимтэй дуулахад хүний чихэнд хүрч чаддаг юм болов уу” хэмээн ярив.

Гэртээ хүрэх зам дэндүү хол
Гэм хийсэн мэт аньсага минь нойтон
Гэзэг үс минь хэзээний хэв маягаараа
Гэнэхэн зангийн ая харц нь илхэн... хэмээн тэрээр хөгжимчдийн хамт дуулав. Сэтгүүлчдийн саналаар “Санана даа...” дуугаа ч дууллаа. Тоглолтод уг дууг нь дуучин Маралжингоо дуулах гэнэ. Хамгийн сүүлд тэрээр “Сүүлчийн бодрол” хэмээх дуугаа хүргэлээ. Энэ дуу нь төр нийгмийн зүтгэлтэн, нэрт удирдагч Ю.Цэдэнбалын тухай өгүүлэх аж. Ийнхүү түүний шинэхэн тоглолт болох “Амьдралын бэлэг”-ээс хэсэгхэн амталж, сонирхолтой яриагаар хачирласан хэвлэлийн хурал өндөрлөсөн юм. Ирэх сарын 7, 8-нд болох тус тоглолтыг хүлээх л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан