Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН ХАЛАА, СЭЛГЭЭ ХИЙЛЭЭ



Б.БИЛГҮҮН


Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ажлаа өгчээ. Түүний оронд “Женерал Электроникс” компанийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Түмэнцогтыг томилсон байна. Тэрээр 2007-2011 онд Дэлхийн Банкны дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн багийн удирдагч, түүнээс өмнө Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал Москва хотод өнгөрсөн 27-ны өдөр хуралдлаа. Энэ хурлаар УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Үүнээс гадна  Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Д.Жигжиднямааг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргаар томилсон байна. Ингээд Улаанбаатар төмөр замыг Д.Жигжиднямаа удирдах боллоо.

Д.Жигжиднямаа нь Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсч, 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч даргаар ажиллажээ. Мөн  1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл Улаанбаатар төмөр замын Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргын албыг хашиж байжээ.

Өчигдөр мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга нарыг чөлөөлж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, хурандаа П.Батбаатар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын I газрын дарга, хурандаа М.Лувсандорж нарыг томиллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан