Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Батболдын мөрийн хөтөлбөр сонгуулийн амлалтаасаа урвасан явдал болжээ


Б.ШИРНЭН

С.Батболд хотын даргаар, Ц.Сандуй нийслэлийн ИТХ-ын даргаар томилогдсоноор ирэх дөрвөн жил “хөл хэрээтэй, хүзүү холбоотой” ажиллах ёстой удирдлагууд болсон. Үүнээс хойш гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байхад 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр гээч юм байхгүй, нохойд спираль тавих, шөнийн цэнгээний газрыг шөнө дундтай зэрэгцэн хаах зэрэг аар саар асуудлыг ээрсээр өчигдрөөс л нийслэлийн иргэд хотын дарга ямар чиг баримжаатай ажиллах гээд байгаа юм гэдгийг зах зухаас нь мэдэж авлаа.
С.Батболдын нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан мөрийн хөтөлбөр нь ямартай ч, иргэдэд өгсөн сонгуулийн амлалт буюу “Аз жаргалтай хот” гэсэн нэрээ хадгалж үлджээ. Таван бүлэг 90 зорилттой энэ хөтөлбөрт тусгаснаар баруун, зүүн дөрвөн зам олон түвшний уулзвартай болж, төв замаар тусгай замын автобус эрээлжилж, Дамбадаржаа, Яармаг, Дэнжийн мянга гэсэн бүсүүд хотын дэд төвүүд болох юм байна. Улаанбаатар хотод ямар ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй бөгөөд цэцэрлэгийн насныхны 85 хувь нь боловсролын системд бүрэн хамрагдана... гээд түүний мөрийн хөтөлбөрт онцлох ажлууд олон байна. Энэ бүхнийг хийхэд хотын удирдлагууд санхүүгийн асуудлыг өөдрөгөөр төсөөлсөн нь хэрэгжүүлэх боломжтой гэх дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм байна. Засгийн газрын найдвар нь тасарсан төсвөөс хотын төсөв харьцангуй дээр байдаг нь мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд эдийн засгийн хүндрэлгүй гэх төсөөлөлд хөтөлж болох л юм. Ямартай ч, С.Батболд болоод Ц.Сандуй нарт 2020 он хүртэлх үйл ажил­лагааны мөрийн хөтөл­бө­рөө хэрэгжүүлэх хугацаа бий. Тэр болтол Улаанбаатарыг Лас Вегас шиг болгоно гэсэн ч бид үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүй. Гэхдээ хийхгүй бол айсан ч ойчно, алцайсан ч ойчно гэдгийн үлгэрлэл болох нь гарцаагүй.

Харин тэр болтол мөрийн хөтөлбөр хэр зөв боловс­руулагдсан бэ, гэдгийг үнэлэх арга бий. Энэ нь улсын хэм­жээнд ялалт байгуулсан намын мөрийн хөтөлбөртэй хэр уялдаж байгаагаас хараг­дана. Мөрийн хөтөлбөр гэдэг тухайн намын ирэх дөрвөн жилд баримтлах хамгийн том баримт бичиг болдог. Бас иргэдэд хийнэ гэж ам­лаж, мөрийн хөтөлбөрөө танил­цуулж санал авсан тул энэ баримт бичгээс хаашаа ч зайлах аргагүй юм. Гэтэл анхнаасаа энэ хөтөлбөр нь иргэд, сонгогчдод өгсөн амлал­таас буруу, зөрүү хийгд­сэн гэх шүүмжлэл гарч, нийслэ­лийн АН-ын бүлэг мөрийн хөтөлбөрөө тат гэлээ. Учир нь, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө-2030 он хүртэлх хөгжийн чиг хандлагад нийцэх, нийслэлийн МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт зэрэгт нийцээгүй гэж үзсэн юм.


Д.Баттулга: Хэрэгжиж байгаа сайн хөтөлбөрийг тэр чигээр нь л явуулах ёстой

(Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч)

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үйл ажил­ла­гааны мөрийн хөтөл­бөрөө танилцуулж байна. Гэхдээ АН-ын бүлэг дэмжих боломжгүй гэж үзлээ. Яг ямар шалтгаануудаар дэмжихгүй байгаа юм бэ?
-Ард түмэн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг сонгуулиар баталчихсан. Юу гэвэл, нийслэлийн МАН-ынхан 2016 оны зургадугаар сард “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцож, сонгогдсон. Энэ бол иргэд түүнийгээ л хэрэгжүүл гэж байгаа хэрэг. Гэтэл мөрийн хөтөлбөрөөс нь 25 зүйл заалт дутуу эсвэл гуйвуулсан, огт дурдаагүй байдлаар орж ирлээ.
Тиймээс буцаагаад, дахиад оруулж ирээ л гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, аливаа мөрийн хөтөлбөр хэрэгжихдээ өөрийн гэсэн хэмжих нэгжтэй байх ёстой. Жишээ нь, нэг хүнд ногдох ногоон байгууламж өнөөдөр ийм байна. Бид тэдэн жилийн дараа тийм болгоно гээд тодорхой байх ёстой. Ингэж байж мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг дүгнэж чадна.

-АН-ын хэрэгжүүлж байсан “Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоосон. Зарим хөтөлбөрийн нэрийг нь өөрчлөөд МАН-ын мэтээр оруулж ирсэн гэх мэдээлэл бас бий.
-Нэр өөрчилж, өөрийн болгох хэрэггүй, тийм ч шаардлага байхгүй шүү дээ. Хэрэгжиж байгаа сайн хөтөлбөрийг тэр чигээр нь л явуулах ёстой. Жишээ нь, бичил бизнесийн зээлийн нэрийг өөрчлөөд “Итгэлийн зээл” нэрээр үргэлжлүүлэх гэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг “Гэр хорооллын зөв шийдэлтэй дахин төлөвлөлт” гэсэн нэрээр үргэлжлүүлэх гэж байна.
Нэр өөрчилснөөр ажил явна гэдэг утгаар биш хийсэн ажлынх нь аль нь зөв байсан бэ, алийг нь өөрчлөх ёстой вэ, гэдгийг л ард түмэн харна. Түүнээс АН-ын хийсэн ажлын МАН-ынхан үргэлжүүллээ гэж ард түмэн ярихгүй шүү дээ.

 -Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хуралдаанд ирсэнгүй. Түүнийг гэмт хэрэгт яллагдагчаар татсан гэх албан ёсны мэдээлэл бий.
-С.Зоригийн хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл олон гарсан. Би хувьдаа Э.Бат-Үүл хэзээ ч тийм зүйл хийх хүн биш гэж хэлмээр байна. Хэзээ ч тийм зүйл хийхгүй. Би итгэлтэй байгаа. Хууль, хяналтын байгууллага удахгүй Э.Бат-Үүлийн буруугүй гэдгийг батлах байх. Би түүнтэй 1990-ээд оноос хойш бараг 30-аад жил хамт тэмцсэн. Сүүлийн дөрвөн жил мөр, мөрөө зэрэгцэн ажилласан.  

Нийслэлийн АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүгээс бүлэг яагаад мөрийн хөтөлбөрийг нь дэмжээгүйг тодруулаа. Тэрээр дараах байдлаар дүгнэлтээ хэлэв.
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн өгүүлбэр нэг бүр нь нийслэлийн иргэдийн ажил, амьдралтай холбоотой байдаг. Тиймээс нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ач холбогдол өгч, анхааралтай судалж, хэлэлцсэн. Ингээд дараах дүгнэлтийг гаргасан.
Нэгд, Төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, нийслэлийн иргэдийн дэмжлэгийг хүлээж байсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Монгол соёл, зан заншил, Монгол наадмыг Монгол туургатны Их наадам болгох зорилготой “Монгол наадам цогцолбор” зэрэг зарим нэг төсөл арга хэмжээг үргэлжүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Бид бизнесийг том, жижиг гэж ялгалгүй тохирсон зөв бодлогоор дэмжих зарчмыг баримтлан ажилласан. 152 хороонд хэрэгжиж эхэлсэн бичил бизнес, дэлхийгээр нэг тойрон яваа жуулчдын урсгалыг татах зорилготой “Найрсаг Улаанбаатар” зэрэг томоохон төсөл хөтөлбөрийн нэр хаягийг өөрчилсөн байна. Эсвэл хэрэгжих эсэх нь бүрхэг болж. Аль нэг нам нь олонхи болохоор өмнө нь хэрэгжиж байсан ажлуудыг харлуулах, эсвэл нэр хаягийг нь өөрчлөх нь буруу жишиг. Дэлхий нийт биднийг нэг мон­гол, нэг Улаанбаатар хот л гэж харна.

Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх суурь шинэчлэлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүд нь тодорхойгүй байна.

Гуравт, Нийслэлийн МАН-ын 2016 оны нийслэлийн иргэдийн хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан 25 төсөл, үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгалгүй сонгуулийн амлалтаасаа ухарсан байна. Үүнийг бид ард иргэдээ хуурсан үйлдэл боллоо гэж харж байна. Тухайлбал, нэг өрх-нэг орон сууц хөтөлбөр, залуучууд, залуу гэр бүлд зориулсан бүх талбайг ашиглах төлөвлөлт хэрэгжилт бүхий нэг өрөө орон сууцны барилга барих эрх зүйн орчныг бүрдүүлэх, хямралын улмаас зогссон үйлдвэрлэл үйлчилгээг сэргээж, ажлын байр бий болгох, үндэсний үйлдвэрлэгчдийн 400-гаас доошгүй автобусаар парк шинэчлэл хийх гэх мэт сонгогчдын хүлээж байсан амлалтуудаа орхигдуулсан.
Дөрөвт, Аливаа хөтөлбөр нь хэрэгжиж дууссаны дараа биелэлтийг нь үнэлж, дүгнэх боломжтой байх ёстой. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтүүд, түүнийг хэмжих нэгж, суурь түвшин болон зорилтот түвшин огтхон ч дурдагдаагүй байна. Тиймээс НИТХ-д өргөн барьсан Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь нийслэлийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан  амлалтуудаасаа буцсан, бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх, шинэчлэлийн бодлого, зорилго тодорхойлон хүрэх үр дүн, хэмжих нэгж нь ойлгомжгүй байгаа тул буцаах ёстой гэж үзсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан