Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Тэнгис: Монгол Улсад бизнесийн итгэл хэрэгтэй байна



Н.БАТ

“Эрнст энд Янг ТМЗ” ХХК-ийн захирал О.Тэнгистэй ярилцлаа. Тэрээр “ Татварын зөв засаглал буюу оффшороос оншор руу, бүртгэлгүй эдийн засгаас хяналттай эдийн засаг руу” сэдвээр илтгэл тавьж салбарын эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

-Дэлхий нийтээр офф­шор бүст компани бай­гуулаг­садтай тэмцэж эхэл­лээ. Оффшор компани­тай улстөрчдийг дэлхий ний­­­­­­­­­­­­­­­­­­­­­­тээр ил болгож, зарлаж байна?
-Дэлхий нийтээрээ татва­раас зугатагсадтай тэмцье гэсэн уриан дор ажиллаж байна. Манай улс ч энэ уриалгад нэгдэх хэрэгтэй. Татвараас зугатагсадтай тэмцье гэхээр татвараа нэмж, хорьж цагдана гэсэн үг биш шүү. Хууль ёсны дагуу татвараа хүн бүр төлдөг болгоё л гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, татвараа төлөөгүй, нуугддаг нөхдийг дэлхий нийтээрээ барих сүлжээ байгуулсан гэсэн үг. Одоогоор манай улс тэр сүлжээнд нэгдээгүй байна.
Европын хамтын ажил­лагааны байгууллагаас боловсруулж буй тэрхүү төслөөс гаргасан зөвлөмж дээр дэлхийн бүх улс орон дотоодынхоо татварын системийг нэг стандарттай болгоё гэсэн. Өөр өөр байгааг далимдуулаад компаниуд ашиг шилжүүлэлт хийдэг.Татвараас зугтааж байна гэсэн үг. Хууль бус уу гэвэл биш. Хуулийн дагуу ч татвар төлөхөөс зайлсхийдэг. Тухайн төр нь хуулиа сайн баталж чадаагүй учраас л ашгаа шилжүүлсээр байгаа юм. Мөн олон улсын давхар татвараас зайлсхийх гэрээнүүдээ нэг стандарттай болгож, мэдээл­­­лээ солилцох нээлттэй боломжийг бүрдүүлж, олон улсын хэмжээний компаниу­дын тайланг ил болгоё гэдэгт нэгдэж байна. Дэлхий даяар энэ системд шилжихэд бэлэн болчихож. Манай улс ч нэгдэх хэрэгтэй. Энэ талаар ажиллаж эхлэх байлгүй дээ. Үүнд нэгдэж чадахгүй бол Монгол Улс татварын хар жагсаалтад орж болзошгүй.

-Татваргүй гэдэг утгаа­раа оффшорт нуугдаж, тат­ва­­раас зугатагсдад ха­риуц­­­­­­­лага ногдуулах ямар ч боломж байдаггүй. Тэгэ­хээр таны яриад байгаа татварын зөв засаглалыг бий болговол, хариуцлагыг тогтолцоо бүрдэх боломж байна уу?
-Оффшор нь хяналтгүй байна гэсэн үг. Тэгэхээр хяналтгүйг эхлээд хяналттай болгоё. Хэрэв хяналттай болгочихвол хариуцлагын тогтолцоо дагаад ороод ирнэ. Хяналтгүй гэдэг маань хэн нэгэн бизнес хийсэн ч түүнийгээ тайлагнахгүй татвараа төлөхгүй яваад байхад төр мэддэггүй гэж ойлгож болно. Үүнийг чинь л далд эдийн засаг гэж нэрлээд байгаа юм. Монгол Улсын хүрээнд оффшор буюу хяналтгүй эдийн засаг байна гэсэн үг. Оншор гэдэг нь хяналттайг нь хэлээд байгаа юм. Тэгэхээр далд, мөрдөгдөхгүй байгаа эдийн засгийг хяналттай болговол оншор болно гэж томъёолоод байна. Хэрэв тухайн компанийн гүйлгээ, орлого, зарлагыг бүртгээд байвал татвар ногдуулахад ч асуудалгүй болно. Монгол Улсад үйлчилж байгаа хуулийнх нь дагуу татвараа авна. Энэ чинь хариуцлагатай болж байна гэсэн үг. Өнөөдөр Монголын төр хянаж чадахгүй, бас нуулаа гээд хариуцлага нэхэж чадахгүй учраас нуугаад  байж болдог юм гэсэн ойлголт олон компани, иргэдэд суучихсан. Нууж явсаар Өршөөлийн хууль, Ил тодын хууль батлагддаг юм. Тэгэхээр өргүй болчихно, гарчихна гэж боддог хүн олон байна. Нэгэнт нуусан юмыг нь өнөөдөр шууд илрүүлж чадахгүй учраас илчилж чаддаг системийг нь үндэс сууриар нь бий болгох хэрэгтэй.
Өнөөдөр бизнес эрхлэгчдийнхээ бизнест нөлөөлөхгүй, тэдэнд харин ч тусалсан байдлаар орлого зарлагыг нь хянаад байх сайн туршлага дэлхий нийтэд бий болчихсон. Монгол Улс суралцаж нутагшуулах л ажил үлдэж. Үнэндээ нэг хэсэг нь  шударгаар татвар төлж байхад нөгөө хэсэг нь нуугдаад амьдраад л байдаг.  Нуугдсан 30-50 хувийг ил гаргаж чадвал Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэнэ. 3 сая хүнд чинь хэрэгтэй шүү дээ.

-Манай өнөөдрийн татварын орчин дээр хэрэгжих боломжтой сайн жишээ тэгвэл юу байна вэ?
-Олон бий. Наад зах нь манайд өнөөдөр нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг хийж чадахгүй компани гэж алга. IT компаниуд маш сайн хийж байна. Тэр системийн ард төр өөрөө байгаа, зардлыг нь гаргасан учраас хянах боломжтой шүү дээ.

-Манай улсын хувьд татварын тогтворгүй орчинтой.  Ийм нөхцөлд татварын зөв засаглал гэж  юуг хэлээд байгаа юм бэ?
-Зөв гэдэг нь итгэл бий болгосон засаглал. Монгол Улсад бизнесийн  итгэл хэрэгтэй байна. Чи Монгол Улсад мөнгөө оруулчихаад дараа нь авч чадна гэх итгэл байхгүй бол хэн мөнгөө оруулах билээ дээ. Тэгэхээр манай улсын хувьд татварын хэмжээгээ байнга өөрчилсөөр тэр итгэлийг гадаад, дотоод аль ч орчинд үгүй хийчихсэн. Зөв засаглал гэдэг итгэл бий болгодог,татварын засаглал.  Үнэндээ гэнэт нүдээ нээж байгаа мэт “за өндөр цалин авч байгаа хүмүүсээс 25 хувийн татвар авна аа” гээд хэнбугай ч орлогоо нууна уу гэхээс ил гаргахгүй. Өнөөх оффшор руу л тэмүүлэх байдал нэмэгдэнэ. Төр гэдэг чинь бизнес эрхлэгчдэдээ уул шиг түшигтэй байж гэмээнэ гадаад дотоодын мөнгөтэй хүмүүсийг татна биз дээ.

-Таны яриад байгаа тэр зөв стандартыг бий болгох боломж байгаа гэдэгт итгэлтэй байна уу?
-Улсаас олон тэрбум төгрөг гардаг бол мэдээж хэцүү. Гэтэл өнөөдөр тэр дэд бүтэц нь хийгдчихсэн байна. Интернэт, мэдээлэл хадгалах бааз гээд бэлэн байгаа. Төрийн агентлагууд дээр мэдээллийн бааз байна. Банкны төлбөр тооцооны систем байна. Мөн НӨАТ-ын урамшууллын систем байна. Хуулиа гаргаад энэ бүх системээ холбовол нэг их зардал гарахгүйгээр хийнэ дээ. Энэ талаар би судалгааны ажил хийж байна. Төрийн зүгээс хэрхэн хийх вэ гэдэг асуулга явуулбал Монголд эрдэмтэд хангалттай бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан