Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 ам.метр хүртэл талбайтай байр авч буй иргэд Ипотекийн зээлд хамрагдах боломжтой



Б.МЯГМАРЖАВ


Ямар нэгэн барилга барихад зураг төслөөс гадна түүнийг дагасан олон асуудал үүсдэг. Тэгвэл барилгын үндэс суурийг тавьдаг архитекторуудыг чадваржуулах, мэргэшүүлэх тэдэнд боломж олгох талаар Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр тэдэнтэй уулзаж ярилцсан юм. Тэрээр уулзалтын эхэнд “Барилгын салбар гэдэг их сайхан. Иргэдийн жаргалтай амьдрах орон байрыг бэлдэж өгдөг. Тиймээс би барилгачидтайгаа уулзахдаа  баяртай байдаг. Дэлхийн хот, улсууд хэрхэн хөгжөөд байна вэ гэвэл авторын хяналт хатуутай учраас. Авторын хяналтаар бүх зүйлийг зохицуулдаг. Өнөөдөр бид өөрөө барилга барьчихаад магадлан хийлгэх хүн хайчихсан явдаг. Болохгүй бүтэхгүй зүйлээсээ салахын тулд Архитекторуудын холбоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөрөнгө мөнгийг нь чадах чинээгээр тавьж өгнө” гэсэн юм.

Жилдээ 80 тонн нүүрс шатааж байдаг нийслэлийнхний агаарын бохирдлыг бууруулахын тулд барилгажуулах хэрэгтэй байгааг хэн бүхэн мэднэ. Өнгөрсөн дөрвөн жилийн  хугацаанд барилгын салбарт 1.1 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэ бол чамлахаар мөнгө биш. Одоо үр дүнг нь гаргатал ажиллах хэрэгтэй.  Буянт-Ухаа 1, 2 хорооллын орон сууцнаас гурван өрөөтэй байр нь борлогдоогүй, түрээслэгдээгүй байна. Учир нь, өмнөх Засгийн газар 30-50 ам.метр бүхий орон сууцыг зээлд хамруулна гэсэн нь ийнхүү гурван өрөө орон сууцнуудыг үлдэхэд хүргэжээ. Тиймээс өчигдрийн /уржигдар/ Засгийн газрын хуралдаанаар 100 ам.метр хүртэл талбайтай орон сууцыг хамруулах боломжтой болгож өгсөн аж. Иймээс Монголын татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр баригдсан учраас борлогдоогүй байгаа орон сууцны асуудлыг шийднэ гэв. Өнгөрсөн хугацаанд ТОСК-д тэд 318 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж  санхүүжүүлсэн гэнэ.

Г.Мөнхбаяр: Монголбанк зөвшөөрөх эсэхээс үл хамаарч ипотекийн хөтөлбөр хэрэгжинэ

Дээрх асуудалтай холбогдуулан Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Ипотекийн зээлд 100 ам.метр хүртэл талбайтай орон сууц худалдан авч буй иргэд хамрагдах боломжийг нээж өгсөн гэлээ. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Одоогоор ипотек зогсчихсон, иргэдийн дунд хүлээлт үүсчихсэн байна?
-Ипотекийн зээлд 80 ам.метр гэж хязгаар тогтоосноос зарим нь хамрагдаж чадахгүй байсан. Иймээс шинэ Засгийн газраас ярилцаж байгаад  100 ам.метр хүртэл  болгож нэмэгдүүлсэн. Журам хамтарсан яамдын тушаалаар батлагдсан. Эхний ээлжинд 100 ам.метр гэсэн журмыг хэрэгжүүлээд дараа нь үүнээс дээш талбай бүхий орон сууцанд олгох талаар судална. Ямар ч байсан энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед эх үүсвэрийг нь шийдвэрлэх  боломж байна уу?
-Засгийн газраас ажлын хэсэг гарч, зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр найман хувийн зээлд хамрагдах орон сууцны талбайн дээд хязгаарыг  тогтоосон. Мэдээж эх үүсвэрийн асуудал хүнд байна. Гэхдээ мөнгө чухал биш. Засгийн газраас 100-гаас бага ам метр бүхий орон сууц худалдаж авч байгаа иргэнийг ипотект хамруулж, түүнээс дээш талбайтай бол арилжааны банкны нөхцөлөөр иргэн өөрөө төлөөд явах боломжийг нээлээ. Ингэснээр бүх иргэнээ зээлд хамруулах боломж гарч байгаа юм.

-Монголбанк үүнийг эсэргүүцэж байгаа шүү дээ?
-Монголбанк иргэдийнхээ төлөө ажиллах ёстой. Монголбанк зөвшөөрөх эсэхээс үл хамаарч хөтөлбөр хэрэгжинэ. Валютынхаа нөөц бололцоог нэмэгдүүлэх эсвэл  шинэ боломж  хайх байх. Тиймээс ч бид энэ шийдвэрийг гаргасан. Манай яам хөрөнгө санхүүгийн асуудлыг шийддэг газар биш. 

-Зах зээлд борлуулаг­дахгүй байгаа хэдэн мянган орон сууц байна. Танд статистик мэдээллээр хэд гэж ирсэн бэ?
-32 мянган орон сууц ямар нэгэн байдлаар борлогдоогүй байна гэсэн. Тэр ч бүү хэл ТОСК-ын шугамаар 300 тэрбум төгрөгийг өнгөрсөн дөрвөн жил орон сууцны зориулалтаар гаргаад орон сууц барьсан юм билээ. Буянт-Ухаа 1, 2 гэж байгаа. Эндээс 300 орон сууц борлогдоогүй, түрээслэгдээгүй байна. Үүнийг хотод өгөөд хот хэрхэн зохицуулахаа шийднэ.

-Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш дахин төлөвлөлтийг цааш үргэлжлүүлэхгүй гэсэн яриа бий. Энэ талаар хариулт өгөөч?
-Дахин төлөвлөлт хүссэн хүсээгүй явагдаж байгаа. Одоо хамгийн түрүүнд Гандан орчмын айлуудыг дэд бүтэцтэй холбох  шаардлагатай. Хот суурин хөгжөөд байхад хотын төвдөө хашаа бариад 00-ынхоо нүхийг ухаад амьдармааргүй байна. Нэг хүний эрх дараагийн хүний эрхээр хязгаарлагддаг орчинд бид амьдарч байна. Хот төлөвлөлт хатуу бодлогоор явагдах ёстой. Газраа чөлөөлж өгөх ёстой бол чөлөөлж өгөөд хийгдэх ажлыг нь хийлгүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш хот хөгжих гээд байхад манайх газраа өгөхгүй гээд суугаад байж болохгүй. Гэхдээ шууд танай газар дээр  орон сууц барина гэхгүй. Иргэдийн саналыг авна.


Д.Баярмаа: Манай холбоо мэргэшсэн архитекторуудыг бэлтгэнэ

Монголын архитекторуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.  

-Манайхан архитекто­руудад өндөр ач холбогдол өгч хүлээж авдаггүй. Гэтэл барилгын үндсийг боловс­­руулдаг хүмүүс байдаг. Хууль эрхзүйн орчин нь энэ салбарт хэр байдаг юм бэ?
-Монголд манай салбарт хууль гэх зүйл байхгүй. Иймээс архитекторуудтайгаа хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэх талаар ярилцах хэрэгтэй. Яамны зүгээс бидэнд ач холбогдол өгч байгаа болохоор байдал өөрчлөгдөх байх аа.

-Барилгыг батлагдсан зураг төслөөр нь барихгүй байна. Үүнээс болж  асуудал гардаг. Барилгын зураг нь ямар учраас өөрчлөгдөөд байдаг юм бэ?
- Зурган дээр тусгасан зүйл бодит байдалд өөрчлөгдөх нь бий. Нэгдүгээрт, захиалагчийн хөрөнгөтэй холбоотой байж болно, хоёрдугаарт тухайн зөвшөөрлийг өгч байгаа албан тушаалтнуудаас болдог. Түүнээс бусдаар зурагдсан зургийн дагуу л баригдаж байна.

-Манай архитекторууд дэлхийд биш юмаа гэхэд Азидаа хүлээн зөвшөөрөгдөж чаддаг уу?
-Одоогийн нөхцөлд бид Монголдоо 20  давхар барилгыг  барьчихаж байгаа. Харин томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын тусламж дэмжлэг авдаг. Ялангуяа А зэрэглэлийн таван одтой буудал гэхээр ихэвчлэн гаднаас мэргэжилтэн оруулж ирдэг. Энэ нь нэг талаас захиалагч монголчууддаа итгэдэггүйтэй холбоотой. Мөн манай архитекторуудыг туршлага багатай гэдэг. Манай архитекторуудын түвшин дэлхийд өрсөлдөх чадваргүй байна гэсэн үг. Дэлхийд битгий хэл Монголдоо томоохон төслүүд дээр ажиллах чадваргүй байгаа хэрэг. 

-Бид мэргэшсэн, ядаж Азидаа хүлээн зөвшөө­рөгдсөн архитек­торуудыг бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй юм бэ?
-Үүнийг сайжруулах цаг аль хэдийнэ болсон. Ингэхийн тулд мэргэжлийнхэн бид л анхаарч ажиллах хэрэгтэй.

-Ер нь, төр хувийн хэвшил хоёр  уялдаа хол­боогүй ажиллаж байгаа­­гаас асуудлыг шийдэж чадахгүй байна гэдэг. Танай холбооны хувьд яам, Засгийн газартай хэрхэн холбоотой ажиллаж байна вэ?
-Барилга хот байгуулалтын сайд өнөөдөр /өчигдөр/ Г.Мөнхбаяр бидэнтэй уулзаад мэргэшсэн архитекторуудыг бэлтгэх эрхийг манай холбоонд өгнө гэсэн. Ингээд хариуцсан эзэнтэй босон болохоор бид ярилцаж байгаад архитекторуудынхаа мэргэжил, чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар ажиллана.

0 Сэтгэгдэл
100 квм урд нь өндөр хүүтэй зээлд хамрагдсан хүмүүс одоо 8% д хамрагдах уу
Хамгийн их уншсан