Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Солонгосын цэрэг Өмнөд рүү оргожээ


Б.БАДРАЛ


Хойд Солонгосын цэргийн албан хаагч хоёр улсыг зааглагч шугамыг даван орж ирсэн тухай Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлж байна. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгч нь “Хойд Солонгосын цэрэг зааглагч шугамыг даван манай талд бууж өгсөн” гэжээ. Одоо Хойд Солонгосын цэрэг ямар сэдэл, шалтгаанаар зааглагч шугамыг даван орж ирсэн болохыг тодруулж байна.

Хоёр Солонгосыг заагладаг шугам нь 38 дугаар өргөргийн дагууд байдаг дөрвөн км-ийн өргөнтэй зэвсэггүй бүсийн дундуур өнгөрдөг. Хамгийн сүүлд Хойд Солонгосын цэргийн албан хаагч 2015 оны зургаадугаар сард хил даван Өмнөдийн нутагт орж ирж бууж өгч байсан юм.

Энэ хооронд Их Британийн цэргийн нисэх хүчин Өмнөд Солонгост явагдах гэж байгаа БНСУ ба АНУ-ын хамтарсан “Invincible Shield” хээрийн сургуулилтад анх удаа оролцохоор болсон тухай “Ренхап” агентлаг мэдээлж байна.

Тус хээрийн сургуулилт нь арваннэгдүгээр сарын 4-10-ны дрүүдэд Сөүл хотоос өмнө зүгт 70 км-ийн зайтай байрладаг Осан цэргийн нисэх хүчний бааз дээр явагдана. Хээрийн сургуулилт нь Хойд Солонгосын байлдааны объект ба удирдлагынх нь эсрэг агаараас цохилт өгөх хойдуудын сөнөөгч онгоцуудыг угтан сөнөөх чадварыг сайжруулах зорилготой гэдгийг Өмнөд Солонгосын цэргийн нисэх хүчний төлөөлөгч онцолжээ.

Хээрийн сургуульд Их Британи нь “Eurofighter Typhoon” сөнөөгч онгоц, алсын зайны “Voyager”, ачаа тээврийн C-17 “Globemaster” онгоцуудаа оролцуулах бол АНУ ба БНСУ нь “F-15K”, “KF-16”, “F-16” сөнөөгч онгоцуудаа оролцуулах аж.
Өмнөд Солонгос болон Америкийн жил болгон хамтран явуулдаг энэ мэт хээрийн сургуулилт болгоныг Хойд Солонгосын удирдлага нь өөрийн улсынх нь эсрэг чиглэсэн бодит байлдааны ажиллагаа гэж тусган авдаг бөгөөд тухай бүрт халдлага хийвэл цөмийн цэнэгт хошуутай пуужингаар цохилт өгч газрын хөрснөөс устгана гэсэн мэдэгдэл хийдэг. Олон тооны пуужин харваж, цөмийн туршилт явуулах зэргээр дургүйцлээ илэрхийлдэг.

Тухайлбал, есдүгээр сарын 5-нд Хойд Солонгосын хөөргөсөн гурван ширхэг баллистик пуужин Японы агаарын довтолгооноос хамгаалах хүчний бүсэд орж хоорондоо ганц км-ийн зайтай унасан нь ихээхэн дуулиан тарьсан. Хойдууд ингээд ч зогссонгүй есдүгээр сарын 9-нд цөмийн зэвсгийн ээлжит удаагийн туршилт явуулсан юм. Энэ бүхний хариуд тус бүс нутаг дахь Өмнөд Солонгос ба АНУ, Японы цэргийн хүчний идэвх эрс нэмэгдсэн. Түүгээр ч зогсохгүй АНУ нь Өмнөд Солонгост 28 цэргийн албан хаагчаа тогтмол байршуулдаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан