Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын ганц гялтайх, татвар хөнгөлөх хуулийг хэлэлцэж эхэллээ


Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгааг иргэд өдөр тутмын амьдралаасаа мэдэрч байна. Хэрэглээний сагсны 30 орчим хувийг бүрдүүлдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ хямдарсан ч худалдан авагчгүй, хувийн хэвшлүүд үүнийг нь дагаад мөнгөгүй, 2009 оноос хойш ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр цэгтээ хүрсэн гээд нийгмийн амьдрал сайнгүй л байна. Ингэлээ гээд монголчууд Чингисийн талбай горойлж цалин мөнгө нэм гэсэнгүй. Тэр байтугай үе шаттайгаар цалин нэмэх МАН-ын амлалтыг ч тэвчиж болох “зардал”-даа багтаан дуугүй сууна. Аргаа барсандаа л Засгийн газар нь олон улсаас мөнгө зээлнэ хэмээн нүүрээ улалзуулан байж, өр зээл тавихгүй гэж жадлан эсэргүүцэж байснаа өөрсдөө өнөөдөр амлалт, намын бодлогоосоо бүрэн ухарч эхэллээ. Энэ байдлаараа эрх баригчдаас бид эхний 100 хоногт нь  юм горьдолтгүй нь.

Мөн Засгийн газраас ганц гялтайх хууль өргөн барьсан нь АН-ын угшилтай гэж болохоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хэрвээ, санаж байгаа бол Засгийн газрыг Ч.Сайханбилэг тэргүүлж байхдаа энэ хуульд өөрчлөлт оруулж, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд татварынх нь 90 хувийг буцаан олгоно гэж байсан юм.

 Гэвч, энэ хуулийн төслийг УИХ-ын ажил болгоогүйн улмаас өнгөрсөн сарын сүүлээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар энэ хуулийн “ихрийг” өргөн барьж, өчигдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцэн, дэмжлээ. Өмнөх парламентын хуулийн төслөөс агуулга жаахан гажсан нь,
•    Татварын 90 хувийг буцаан олгоно гэж байсныг
•    Татварын 90 хувийг чөлөөлнө гэж өөрчилснөөс өөрөөр бол өмнөх болоод энэ Засгийн газар хооронд ямар ч ялгаа алга.
Харин ганц гялтайх гэдэг нь энэ хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлэгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид жилийн турш олсон орлогод ногдох албан татвараас 90 хувь хөнгөлөгдөх юм. Одоогийн хууль эрхзүйн орчноор 1.5 тэрбум төгрөг нь жижиг, дунд үйлдвэр үү, эсвэл томоохон хэмжээний компани уу, гэдгийг ялгаж салгаж өгдөг тул хуулийн дээрх өөрчлөлт 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн зарим нэгжид хамаарах юм.

Хуульд ямар төрлийн үйлдвэр, үйлчилгээ хамрагдах вэ


Жижиг, дунд үйлдвэрлэлийг хуульд бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа, жижиг дунд үйлдвэр эрхлэгч, жижиг худалдаа эрхлэгч зэргээр зургаа ангилдаг байна. Харин жилийн орлого нь 250 саяас 1.5 тэрбум, ажилчид нь 9-199 байх ёстой байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл гэх энэ томъёоллоор авч үзвэл 90 хувийн татварын хөнгөлөлтөд бүгд хамрагдахаар байгаа юм.

Гэхдээ Засгийн газраас тодорхой хязгаар тавьснаар энэ удаад
•    Хүнсний үйлдвэрлэл
•    Хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл
•    Барилгын материалын үйлдвэрлэл
•    Газар тариалан
•    Мал аж ахуйн үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дундынхан хуульд хамрагдахаар болж байгаа юм.
Мөн энэ хуулийг баталснаар өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмж, ирэх оны нэгнээс эхлэн хэрэгжихээр байсан хоёр заалтыг хүчингүй болгох юм. Ингэснээр, аймаг, сумын төв нь Улаанбаатар хотоос 550 км-ээс хол, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон татвар төлөгчийг татварт ногдох орлогын албан татвараас 50 хувь, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлөхөөр заагаад байсан нь хүчингүй болох юм.
Мөн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ч ашигт малтмал, архи, тамхи, бензин, эрчим хүч, иргэний нисэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол Засгийн газрын ямар нэг татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй болж байна.

Хэчнээн аж, ахуйн нэгж хэдэн төгрөгийн хэмнэлт гаргах вэ

Дөрвөн төрлийн салбараар ангилан 90 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлэхэд нийт 4678 аж ахуйн нэгж хамрагдах тооцоо байгаа юм байна.
1.    Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 2546
2.    Хүнс хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 958
3.    Нэхмэл хувцас үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 736
4.    Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 438 аж ахуйн нэгж хуулийн шаардлага хангаж байгаа аж.
Эдгээр аж ахуйн нэгжүүдээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу жилд улсын төсөвт 1.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрдөг байжээ. Харин 90 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлснээр 1.3 тэрбум төгрөг улсын төсөвт очихгүй, жижиг, дундынхны гар дээр үлдэх юм байна.
Харин 10 аравдахгүй гэж төрөл бүрийн халамжийг танаж байгаа ч 1.3 тэрбумын татварын орлогыг хөнгөлөлт болгож байгаа Засгийн газрын бодлого нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, зах зээлийн савалгаанд илүү бат зогсоход нь дэмжлэг болно гэж эрх баригчид хэлж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж маш олон аж ахуй нэгж компаниуд далд хөрөнгөө ил болгосон. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг бүр л хариуцлагатай болгохын тулд ил тод байдлыг нь хангаж байна уу, гэдгийг харгалзаж үзвэл дээр. Өөрөөр хэлбэл, шууд л 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлнэ гэхгүйгээр татвараа тушаачихвал 90 хувийг нь буцаалт маягаар олгож болно. Мөн экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлээ татварын бодлогоор ялгаваралгүйгээр дэмжих нь зөв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Жилийн орлого нь 1.5 тэрбумаас бага бол татварын хөнгөлөлт үзүүлнэ гэхээр томоохон компаниуд охин компани байгуулах замаар жижгэрч, задраад байх аюултай. Тиймээс салбар харгалзахгүй жилийн орлого нь 1.3-1.5 тэрбум төгрөг бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нь 50 хүртэл хувиар хөнгөлдөг шатлалтайт тогтоох нь зөв гэж бодож байна. Мөн дөрөвхөн салбар гэлтгүй аялал жуулчлал, үйлчилгээ, технологи, ногоон хөгжил гээд үйл ажиллагааны олон чиглэл хаягдсан байна. Мөн бид бие биендээ бараа зараад баяжихгүй. Тиймээс дэлхийн зах зээл рүү бараагаа гаргах хэрэгтэй. Үүний тулд экспортыг дэмжих чиглэлээр татварын бодлогодоо өөрчлөлт оруулж, энэ тал руу татварын хөнгөлөлт оруулах хэрэгтэй.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Үндэсний үйлдвэрлэл” гэсэн хөтөлбөр байгаа. Үүнд,  Үйлдвэржилтийн 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлнэ зэргээр импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ гэж заасан байгаа. Энэ хөтөлбөртэй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл уяалдаж байгаа. Манайд улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 97.8 хувь нь жижиг, дунд аж ахуйн нэгж байдаг. Татварын аргаар дэмжих энэ бодлого хэрэгжсэнээр дээрх аж ахуйн нэгжүүд том, үндэсний хэмжээний болж өргөжих боломжтой гэж үзэж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан