Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Цэрэнсамбуу: Монголын соёл урлагийг нэг арми гэж үзвэл нэг дИвизийг командлаад явж байна гэж боддог


Б.ЦЭДЭВСҮРЭН

УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуутай өмнө нь ярилцаж байхад “Хүүхэлдэйн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гэсэн хоёр байгууллагатай нэг байранд зэрэгцэн уран бүтээлээ хийгээд 60 шахам жил болчихсон байна шүү дээ. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар Үндэсний урлагийн ордон барихаар төлөвлөсөн талаараа бидэнд дуулгасан. Газрын асуудал нь шийдэгдчих юм бол төсөв нь бэлэн учраас бид өрх тусгаарлах байх аа” хэмээн баяртай ярьж суусан. Гэхдээ энэ бол гурван жилийн өмнө л дөө. Түүнээс хойш энэ асуудал салбар яам дээр чимээгүйхэн дарагдсаар өнөөдрийг хүрчээ. Ирэх сард театрын түүхт 85 жилийн ой тохиож буй. Уг ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд эдгээр арга хэмжээний жагсаалтад “Театрын өргөтгөлийн шав тавих” ёслол гэснийг харав. Театрынхны өмнөөс баярласан ч тэдний баяр жаргалыг хэрхэн гүйцэх билээ. Тиймээс УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуутай ярилцсан юм. Түүний хувьд тус театрын сүүлийн 28 жилийн түүхийг бичилцэж яваа нэгэн билээ.


-УДЭТ-ын түүхт 85 жилийн ой энэ онд тохиож байна. Олон арга хэмжээгээр үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэж байгаагийн хажуу­гаар театрын өргөтгөлийн шав  тавихаар бэлтгэж байгаа юм билээ. Энэ ажлын талаар яриагаа эхлэе гэж бодож байна?
-Аливаа байгууллага, хамт олон хөгжлийн хөтөлбөртэй байх ёстой. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжлээ. Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр аль болох бусдаас хоцрохгүй алхахын тулд одоогийн хэллэгээр зөв менежменттэй байх ёстой. Манайх Удирдлагын академи зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтраад урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж, түүнийхээ дагуу ажилладаг. Энэ дагуу 2008 онд боловсруулсан хөтөлбөрөө 2009-2016 оныг дуустал хэрэгжүүлж байна.  Энэ хөтөлбөртөө хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслах, ажиллах орчин нөхцөлөө сайжруулах гэх зэргээр зургаан чиглэлд ажлаа төлөвлөн ажиллаж байна.
Театрын барилгын хувьд 1950-иад оны сүүлээр ашиглалтад орж, сүүлийн 60 гаруй жилд  мэргэжлийн урлагийн гурван байгууллага энэ байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо энэ  байранд гурван байгууллагын 400 гаруй хүн ажиллаж байна. Манай театрын хувьд ҮДБЭЧ-тай  нэг тайзыг дундаа ашигладаг учраас уран бүтээлийн тоглолт, сургуулилтын явцад хүндрэл гарах нь цөөнгүй. Тиймээс энэ цаг үед театрын өргөтгөл зайлшгүй хэрэгтэй болоод байна. Ийм учраас л мини театр барихаар шавыг нь тавих гэж байна даа. Уг нь манай театрын газар их том, залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байхаар анх бодож төлөвлөсөн юм билээ. Харин энэ газрын асуудлыг хуулиараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохицуулагддаг. Бид театрын хашаан дахь тэр том газрыг биднийх л гэж бодож байсан боловч захирамж, шийдвэр гарч өндөр өндөр барилга баригдаж эхэлсэн төдийгүй театрын урдах талбай нь хүртэл машины зогсоол болчихсон байж байна даа. Бид тухай бүрт нь эсэргүүцэж тэмцэл хөдөлгөөн хийгээд ч үр дүнд хүрээгүй. Тиймээс театрын хамт олон яагаад өөрсдийн эзэмшлийн газраас ашиглаж болохгүй гэж үзээд “Мини театр” барих төсөл боловсруулсан. Гэвч үүнийг барих мөнгө бидэнд байхгүй, төрөөс дэмжлэг үзүүлэх ч боломжгүй. Тиймээс бизнесийн байгууллагатай хамтран энэ төслөө хэрэгжүүлэхээр болсон юм. “Мини театр” маань 200 хүний суудалтай байхаар төлөвлөгдсөн. 2017 онд баригдаж дуусаад ашиглалтад орох байх  гэж найдаж сууна. 

-УДЭТ их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит театр. Энэ онд театрын 85, их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ой давхцаж байна.Тиймээс түүний амьдралаас сэдэвлэсэн шинэ уран бүтээл хийхээр бэлтгэл ажилдаа ороод буй. Энэ ажил хэр ахицтай явна вэ?
-Чи анзаардаг уу, нэг болон зургаагаар төгссөн онуудад түүхэн тэмдэглэлт, тэгш ойнууд цөөнгүй бишээр давхцдагийг. Энэ онд л гэхэд Их Монгол Улс байгуулагдсаны 2225, Ардын хувьсгалын 90 жилийн ой, манай театрын 85, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Д.Нацагдоржийн 110 жилийн ойг тэмдэглэх тухай салбарын сайдын тушаал, шийдвэр  гарч ажлын хэсэг томилогдож хийх ажлын төлөвлөгөө батлагдан ажил ид өрнөж байна. Харин театрын 85 жилийн ойн хувьд жил гаруйн өмнөөс бэлтгэл ажил эхэлсэн. Улс орны эдийн засаг хүнд байдалд байгааг бид ойлгож төрөөс төдийлөн дэмжлэг туслалцаа хүсэхгүйг хичээжбайгаа. Тиймээс театрын удирдлага хамт олон, өөрсдийн нөөц бололцоог ашиглан, урлагт элэгтэй сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэг туслалцаатайгаар энэ түүхт ойгоо тэмдэглэхээр ажиллаж байна даа. Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын биелэлт одоогоор 80 гаруй хувьтай явна. Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” шинэ уран бүтээлийн бэлтгэл, сургуулилт одоо ид үедээ явж байна. Ирэх сарын 4-нд нээлтээ хийнэ. Энэ шинэ уран бүтээл нь Д.Нацагдоржийн 110 жил, театрын 85 жилийн ойг тохиолдуулж манай хамт олноос үзэгч олон түмэндээ барьж байгаа оюуны бэлэг байх болно.

-Сүүлийн үед жүжгийн зохиолын хомсдол бий болоод буй. Тиймээс Нацаг­доржийн тухай жүжгийн зохиолын уралдаан зарлаж байсныг санаж байна. “Жаргаагүй нар” жүжгийн зохиолыг зохиолч Гүрбазар тус уралдаанд ирүүлсэн юм уу?
-Зохиол бол тайз, дэлгэ­цийн бүтээлийн гол түүхий эд. Зохиолгүйгээр бид юу хийх билээ. Тиймээс түүхэн жүжгийн зохиол, орчин үеийн сэдэвтэй жүжгийн зохиолын уралдаан зарлаад байгаа нь жүжгийн зохиолын нөөц сантай болох зохиолын хомсдлоос гарах,  зохиолчдын оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмжийг буй болгох зорилготой зохион байгуулагддаг үйл ажиллагаа.  Гэвч амжилт, үр дүнд хүрэх юм байна, хүрэхгүй ч юм байна. Бид энэ жил Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн жүжгийн зохиолын уралдааныг 5 сард зарласан, дүгнэсэн. Тооны хувьд 30 гаруй бүтээл ирсэн ч хараахан тайзны бүтээл болгох шаардлага хангасан зохиол ирээгүй нь харамсалтай. Тиймээс зохиолчид болон Нацагдорж судлаачидтай санал солилцоод Ш.Гүрбазарт энэ жүжгийн зохиолыг захиалан бичүүлж хамтран ажиллаж байна.
Нацагдоржийн зохиолоор “Учиртай гурван толгой”, “Би биш”, “Их авхай” гээд жүжиг манай театрын тайзнаа тоглогдсон байдаг. Нацагдоржийн нэрэмжит театрын хувьд манай урын санд түүний уран бүтээл байхгүй байж болохгүй шүү дээ. “Жаргаагүй нар” жүжиг түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэгдэн бүтээгдэж байна. Түүний амьдрал ч баялаг түүхтэй, онцгой сайхан уран бүтээлүүдийг ч хойч үедээ үлдээсэн арвин их сан хөмрөгтэйг та бид мэднэ.  Тиймээс ч уул жүжгийн зохиолын уралдааныг зарлахдаа амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн гэж тодотгосон юм.

-Ойгоо угтаж дээрх хоёр ажлаас гадна олон ажил хийхээр төлөвлөсөн юм билээ. Тэдгээр ажлынхаа талаар товчхон танилцуулаач?
-Өнгөрсөн оны аравдугаар сард тушаал, шийдвэр гаргаж ой тэмдэглэх ажлын хэсэг томилж, хөтөлбөр, төлөвлөгөө баталсан. Үүнийхээ хүрээнд л ажиллаж байна. “Монголын драмын урлагийн хөгжлийн чиг хандлага” гэж эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Ер нь ой тэмдэглэнэ гэдэг өчигдөр юу болж өнгөрөв, өнөөдөр юу болж байна, маргааш юу болох энэ гурван асуултанд  хариулах хариулт .   
Манай театрт 85 жилийн хугацаанд үндэсний зохиолчдийнхоо маш олон жүжгүүдийг тайзны бүтээл болгосон. Тэдгээр жүжгүүд театрын урын санг тухай бүрдээ баяжуулж ирсэн гэхээсээ илүү нийгмийн хөгжлийн толь болж, үзэгч олонд сэтгэл оюуны хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бүтээлүүд байдаг. Иймээс тэдгээр бүтээлээс түүвэрлэсэн түүвэр зохиолын эмхтгэл ном хийхээр төлөвлөж байна
Мөн театрынхаа ерөнхий зураач Т.Ганхуягийн хийсэн бүтээлүүдээр “Сценографи-85”  үзэсгэлэн, “Театр-85” фото зургийн үзэсгэлэн, “Театрт 21 дүгээр зуунд” гэрэл зургийн цомог,  “Театр шинэ үе-залуучууд” шоу зэрэг хийхээр төлөвлөсөн, хэрэгжүүлж байгаа ажлууд их байна. Уг нь энэ бүхнийг хэвлэлийн хурал хийж зарлах ёстой юм. Гэтэл чи урьдаад энэ талаар мэдээлэл авчихлаа даа.

-Таны хувьд театрын сүүлийн 28 жилийн түүхийг бичилцэж байгаа юм билээ. Анх энэ театрын босгоор алхаж орсон тухайгаа болон ажил амьдралынхаа түүхэн замналаас хуваалцаач?    
-Би 1985 онд Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Тухайн үеийн соёлын яамны шийдвэрээр Баянхонгор аймгийн театрын даргаар томилогдон тэндээ гурван жил ажилласан. 1988 оноос Улаанбаатарт шилжин  ирж өнөөдрийг хүртэл театрын дэд дарга, захирлын ажлыг 28 жил хийж байна даа.  Би чинь гурван төрийн нүүр үзсэн гэдэг шиг миний өмнөх театрын гурван даргатай хамтран ажилласан. Намайг анх ирэхэд Монголын театр урлагийн домог түүх болсон театрын даргаар 32 жил ажилласан Соёлын гавьяат зүтгэлтэн Авирмэдийн Таяа гэж хүн тосож авч байлаа. Үүний дараа өөрийн багш нэрт найруулагч, жүжигчин Доржсамбуу багш маань театрын даргаар томилогдон ирж нэг хэсэг багштайгаа хамтран ажиллах хувь тохиож билээ. Багшийн дараагийн дарга нь театр судлаач, эрдэмтэн Зориг гуай томилогдон ирж  2001 оныг хүртэл хамт ажилласан.Театрын үе үеийн удирдлагууд, театрын ахмадууд, хамт олноосоо би их зүйлийг сурч мэдэж ажил амьдралдаа хэрэгжүүлсээр явна. Мөн би залуучуудаас суралцах, тэднээс шинэ соргог мэдээлэл авах дуртай. Яагаад гэвэл залуу насыг дайраад өнгөрсөн учраас тэднийг их дэмжинэ. Шинэ бүхэн залуу оюунаас гарч байдаг шүү дээ.
Театрынхаа 60, 70, 80 жилийн түүхэн тэгш ойнуудыг театрынхаа хамт олон, үзэгч олон түмэнтэйгээ хамтран тэмдэглэжээ. Мэдээж олон жил ажилласнаар туршлага хуримтлуулна. Мөн энэ хугацаанд би өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж үзсэн учраас их сургуулийн хуулийн анги, Удирдлагын академид суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлсээр л байна. Би өөрөө хөгжиж байгаагийн хэрээр хамт олон маань дагаж хөгждөг. Аливаа удирдагч хүн бүх талын мэдлэгтэй байхыг энэ цаг үе маань шаардаж байна. Монголын урлагийг нэг арми гэж үзвэл би өөрийгөө нэг двизийг нь командлаад явж байна гэж бодож бахархдаг ч энэ театрын зарц аятай ажиллах гэж хичээдэг. Уран бүтээлчид, хамт олныхоо ажиллаж амьдрах хэвийн орчин нөхцөлийг хангах, үзэгч олон түмэнд үйлчилгээний ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх гээд л театрын даргад  өдөр шөнөгүй санаа зовохгүй, хариуцахгүй ажил гэж байдаггүй юм аа.

-Таныг Доржсамбуу найруулагчийн анхны шавь нарын нэг гэсэн. Багштайгаа хэрхэн учирч байсан бэ?
-Багш маань Багшийн дээд сургуульд ажиллаж байхдаа өөрийн гарын шавь нараа бэлтгэнэ гээд 1981 онд Кино драмын ангийн ээлжит элсэлтийг авах зөвшөөрөл авсан юм билээ. Тэгээд хөдөө орон нутгаар явж сонгон шалгаруулалт хийсэн хэрэг л дээ. Тухайн үед би “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрт токарчин хийж байсан. Техник мэргэжлийн сургууль төгсчихөөд тэнд хуваарилагдаж илгээлтээр очиж ажиллаж байсан юм. Гэтэл нэг өдөр Багшийн дээдийн Кино драмын ангид элсэлт авна гээд зарлал гарчихсан байсныг олж үзээд л элсэлтийн шалгалтанд орсон хэрэг. Бараг 300 гаруй хүүхэд, залуучууд шалгуулаад одоогийн Ааяа буюу жүжигчин Алтанцэцэг, Сүнжид багшийн дүрд тоглодог Сараа болон манай ангийн Бат-Өлзий нар 10 жилийн сургуулиас “Загийн алим” киноны Хүдэрт тоглодог Батбаяр тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн гал командад гал сөнөөгчөөр ажиллаж байсан залуу бид тав Эрдэнэтээс тэнцэж байсан. Дөрвөн жил суралцаад 1985 онд сургуулиа төгсөж байсан. Өнгөрсөн жил төгсөлтийнхөө 30 жилийн ойг манай ангийнхан сайхан тэмдэглэсэн. Манай ангиас таван гавьяат төрсөн шүү.

-Та тэгвэл токарьчин мэргэжлээсээ илүү урлагийн авьяастай, сонирхолтой байжээ?
-Манай гэр бүл ер нь урлагийн авьяастай хүмүүс гэж боддог. Аав маань сайхан дуулна, ээж экил тоглоно. Бид бүгдээрээ л биелнэ, дуулна. Төрсөн ах маань Увсын театрт мэргэжлийн бүжигчин хийж байсан л даа. Би Эрдэнэтэд ажиллаж байхдаа нийслэлд улс төрийн дууны уралдаанд хүртэл оролцож явсан. Үйлдвэрийн дэргэдэх “Күма” гэж хамтлагт дуулдаг байсан. Сайн дурын уран сайханч юм даа.

-Доржсамбуу найруулагч анх таныг жүжигчин болгохоор сонгож аваад дөрвөн жил хичээл заасан. Гэтэл шавь нь удирдах ажил хийгээд явчихаар хэрхэн хүлээж авч, юу захиж байсан бэ?
-“Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байхдаа намд элсэж хамт олон, ажилчин залуусаа манлайлж залуучуудын гавшгайч бригад байгуулан ажиллаж байсан. Тухайн үед намын гишүүн гэдэг чинь нэр хүндтэй байсан юм шүү дээ. Эрдэнэтээс ирээд оюутны дотуур байранд орсон чинь л байрны зөвлөлөөс давхрын даргын ажилд томилсон жишээний. Тэгээд болоогүй анхны ангийн хурлаар Доржоо багш намайг “Энэ намын гишүүнээр ангийн дарга хийлгэнэ” гээд л шийдвэр гаргачихсан.  
Оюутны дөрвөн жилийн хугацаанд жүжигчний мэргэжил эзэмшихийн зэрэгцээ Багшийн дээд сургуульд дээр дурдсанчлан олон сонгуульт ажлуудыг хийсээр сургуулиа төгсөж аль нэгэн театрт жүжигчний томилолт биш Баянхонгор аймгийн театрын даргаар томилогдсон нь түүх дурсамж болж үлджээ. Би айж сүрдээд Баянхонгор аймаг руу хоёр сар гаран яваагүй юм. Тэр үед намын гишүүн л бол гаргасан шийдвэрийг нь дагахгүй байж болохгүй дүрэм журамтай байсан болохоор аргагүй эрхэнд л явсан даа. Гурван жил ажилчихаад ирэхдээ ажил төрөл олдох болов уу гэж бодож байсан ч Баянхонгороос сайн ажилласан гэсэн тодорхойлолттой ирж, театрын дэд даргаар ажилд орж байлаа. Нэг курсийн 25-30 хүүхдээс хоёр, гурван л жүжигчин төрдөг тийм бичигдээгүй хууль байна. Ер нь ч практикт тийм л байдаг. Үлдсэн нь урлагийн амьдралыг ойлгодог, урлагт хайртай үзэгч болдог. Театр соёл урлагийн зүтгэлтнүүд болсон түүх намтартай хүмүүс ч олон бий дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан