Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол “Нора” Д.Нацагдоржийн гэргий Пагмадулам болно

УДЭТ-ын 85, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан театрын хамт олон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” зохиолоор их зохиолчийн амьдрал уран бүтээлээс нь сэдэвлэсэн шинэхэн жүжгээ өргөн барихаар ажиллаж байна. Уг уран бүтээлийн найруулагчаар Ч.Түвшин ажиллаж, театрын залуу уран бүтээлчид оролцон тоглож байгаа билээ.

Жүжгийн гол дүр болох их зохиолч Д.Нацагдоржид залуу жүжигчин Б.Шинэбаяр тоглох гэж байгаа бол зохиолчийн хайрт гэргий Д.Пагмадуламын дүрийг жүжигчин Н.Баярмаа бүтээх юм.

Жүжгийн сургуулилтын үеэр залуу жүжигчин Н.Баярмааг онцлон бүтээж буй шинэ дүрийнх нь талаар хөөрөлдсөн юм. Жүжигчин хүн дүрдээ орно гэдэг хамгийн чухал. Дүрдээ орохын тулд дүрээ судална. Амьдрал, ааш араншин, үзэл бодол бүх зүйлрүү нь нэвт шингэсэн байх ёстой. “Нора” жүжгийн Норагийн дүрээр өөрийн авьяас чадвараа харуулсан түүнээс Д.Пагмадуламын дүр дутахааргүй хөдөлмөр шаардах нь мэдээж.  Энэ хоёр дүрийн адилхан чанар нь тэд нөхрийнхөө төлөө явсаар нэг насны амьдралаа барж буй зоригт эмэгтэйчүүдийн тусгал юм.

Их зохиолчийн дэргэд түүнээс ч дутахаагүй гэрэлтэн асч, шатаж бас харамсалтайгаар харвасан од бол мэдээж түүний гэргий Д.Пагмадулам. Тэдний хайрын түүх уярам. Тэр хэрээрээ хагацал нь ч гунигтай. Амьдралынхаа хугацаанд хамгийн тодоороо гэрэлтэж чадсан тийм нэг монгол эмэгтэйн төлөөллийг хэрхэн амилуулж байгаа талаараа жүжигчин Н.Баярмаа ярихдаа “Хөрш айлынх нь бяцхан охины дүрсэлж буйгаар Д.Пагмадулам нь өндөр, гуайлаг, намбалаг эгч. Харин их зохиолчдын дүгнэлтээр өндөр боловсролтой нэгэн.Их зохиолч Д.Нацагдоржоос нэг насаар эгч байсан Д.Пагмадуламтай холбоотой баримт, материалууд цөөнгүй. Гэхдээ эдгээр баримтын дийлэнх нь түүнийг язгууртан угсаатны тайж гаралтай, олон хэлтэй оюунлаг эмэгтэй байсныг гэрчилнэ. Түүний хувьд бүр бага байхдаа манж, хятад хэлийг сурчихсан байсан. Улмаар их зохиолч нөхрийнхөө хамт ОХУ, Германд суралцаж байсан гэх.

“Эрчүүд шүлэг хэлэлцэж байхад эмэгтэйгээс ганцхан Д.Пагмадулам л тэдэнтэй эн тэнцүү ном, шүлэг хаялцдаг байсан” гэж Д.Нацагдорж гуайтай хамт байсан зохиолчид хүүрнэсэн байдаг юм билээ. Мөн Монголын түүх судлалаар мэргэшсэн олон талын эрдэм боловсролтой эмэгтэй байсныг түүх гэрчилж байна. Өөрөөр хэлбэл, Д.Пагмадулам бол тухайн цаг үедээ баймгүй өндөр боловсролтой, биширмээр эмэгтэй байсан” хэмээн ярив.

Мөн тэрээр “Магадгүй тэд оюунлаг байдлаараа биенийгээ илүү мэдэрч нэг гэр бүл болсон байх. Тэдний хайр сэтгэл үнэхээр чин сэтгэлийн, үнэн хайр байсан гэдэг утгаараа маш их зовлон жаргалыг хамтдаа туулсан. Үхэн үхтлээ нэг нэгнийхээ төлөө байсан гэдэг нь олон баримтаас харагддаг. Дөнгөж 30 насыг элээсэн хүмүүс гэхэд насандаа ахдахаар маш их зовлон бэрхшээлийг туулсан өрөвдмөөр түүхтэй юм билээ. 17-хон насандаа бүжгийн талбайд нэгэндээ анхны харцаар дурлаад л эргэлт буцалтгүй шийдэж нэг гэрт орсон. Их хэлмэгдүүлэлт, хэцүү бэрх он жилүүд тэднийг хүчээр салгасан ч тэд зүрх сэтгэлээрээ салаагүй. Улс орны ороо бусгаа үед тусдаа амьдарч байсан тэднийг хааяахан шөнө оройн цагаар нууцхан уулзаад салдаг байсныг олон хүн гэрчилдэг юм билээ” хэмээн үнэн хайрын тухай ярьсан юм.

Хүнд хэцүү амьдрал туулсан талаар нь “Хүн л болсон хойно төгс байна гэж байхгүй. Амьдралын хүнд хэцүүг туулж, арай гэж нутагтаа ирж сайхан амьдрая гэж байсан ч энэ их боловрол мэдлэгтэй хүмүүсийг эх орон нь хэн ч биш болгосон. Алс холын Герман улсад хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаад нутагтаа ирсэн Д.Пагмадуламыг хайрттайгаа амьдрах боломжгүй нөхцөл байдал эх оронд нь угтаж авсан. Хань Нацагдоржийг нь төмрийн заводын ажилчин болгож, харин Пагмадуламыг Хятад гудамж руу “цөлсөн” гэх. Цагаан гэх хятад айлын хашаанд нэг хэсэгтээ л нам жим, анир чимээгүй амьдарсан Пагмадулам энэ цагаас хойш маш их доройтсон байдаг. Муу зуршлуудтай болж, хүн амьтнаас далд, нэгэн байшинд бүгдэг болсон юм гэдэг.  Зан ааш нь ч өөрчлөгдөж их хурц, ширүүн болсон юм билээ. Тэр их зовлон бэрхшээл, хатуу хөтүү нөхцөлд хүн л юм чин өөрчлөгдөж, “нурна” шүү дээ” хэмээн дүрийнхээ талаар яриад тэрээр хэсэг бодол хийв.

Тэгснээ “Хайртай хүнтэйгээ өдрийн цагаар хамт байж болохгүй тийм хүнд хэцүү цаг үе тэднийг асар хурдан хорвоог орхиход нөлөөлсөн болов уу гэж би хувьдаа дүгнэсэн. Учраад 11 жил болоход энэ хоёр хүний амьдрал маш долгионтой, адармаатай байсан. Нуугдсан, золиослосон, хайрласан гэдэг үгээр л энэ эмэгтэйг тодотгоё доо” хэмээн хэлснээр бидэнд олдсон жүжгийн завсарлагааны дундуурх цөөн хором өндөрлөв. Дэлхийн сонгодгийг өөрийнхөөрөө бүтээсэн түүнээс Монголын нэгэн сонгодог эмэгтэйн дүрийг хэрхэн бүтээхийг харах л үлдлээ. “Жаргаагүй нар” жүжиг ирэх сард тайзнаа амилна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан