Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХСҮТ зарим иргэдэд элэгний эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ


Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөл нийт хавдрын 40 хувийг эзэлж, нас баралтын тоогоороо зүрх судасны өвчлөлийн дараа орж байна. Харин илрүүлэлтийн 70 гаруй хувь нь хожуу үедээ орсон байдаг нь харамсалтай. Гэвч энэ төрлийн өвчний үед хэрэглэх тоног төхөөрөмж, хөрөнгө санхүүжилт хангалтгүй байдаг. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд  тэрбум төгрөгийн өртөг бүхий элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг ХСҮТ-д  шилжүүлэн өгөхөөр болсон юм. Тус төвд элэг шилжүүлэн суулгахад хэрэгтэй  14 нэр төрлийн хагалгааны тоног төхөөрөмж шаардлагатай байгаа аж.

 Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  “Монголчуудын дунд хамгийн түгээмэл өвчлөл бол элэгний хорт хавдар. Тиймээс иргэдээ хамгаалах, аврах хэрэгцээ шаардлагад үндэслээд бүрэн эрхийн хүрээндээ тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэхүү тоног төхөөрөмжөөр   ХСҮТ  энэ оны эцэс, ирэх оны эх гэхэд эхний хагалгаагаа хийхээр төлөвлөж байна. Цаашид бид хамтын ажиллагаагаа хавдрын эрт илрүүлэлт,  анхан шатны оношлогоог дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд хийх бололцоог хангах, ХСҮТ-ийн ачааллыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглүүлнэ” хэмээн ярьсан юм.

Энэ тухай  тус төвийн Элэгний тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн “Монгол Улсад элэгний хорт хавдраар өдөрт дөрвөөс таван  хүн нас барж байна гэсэн статистик тоо бий.  Нийт өвчлөлийн 30 хувь нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг. Энэ санхүүжилт иргэдийн хувьд асар том боломжийг нээж өгч байна. Бид энэ мөнгөөр олон тоног төхөөрөмж авна. Эрдэнэт хүний амь аварна. Эмчилгээний шинэ түвшинд хүрнэ. Гадагшаа урсах мөнгөний урсгал хумигдана гээд бидэнд болон улс орны хэмжээнд  ач холбогдолтой шийдлийг гаргалаа” гэсэн юм.  

Хэдийгээр сүүлийн арван жилд хорт хавдрын өвчлөл тогтмол өсөлттэй байгаа ч манай улсын хувьд вирусын асуудлыг шийдсэн, элэг шилжүүлэн суулгах хагалгааг Улсын нэгдүгээр төв  эмнэлэгт хийж байгаа гээд амжилт, ололт ч байгаа гэдгийг хэлсэн. Мөн манайд тохиолдож буй элэгний өвчлөл дэлхийн  дундажаас зургаа дахин их байгаа бол өнгөрсөн онд 2160 хүн элэгний анхдагч өмөнгөөр өвчилж үүний 1658 нь хорвоог орхижээ. Түүнчлэн ХСҮТ-ийн  өргөтгөл аравдугаар сард ашиглалтад орж, хагалгааны хоёр  том вакум танхим нээгдэх юм байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд  бүх шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох бүрэн эрхтэй гэж заасан байдаг аж.  Энэхүү заалтын хүрээнд  хотын дарга дээрх санхүүжилтийг шийдсэн гэнэ. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тэдний  дунд түгээмэл байгаа  элэгний хатуурал, хорт хавдраас  урьдчилан сэргийлэх, эмчлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах “Санамж бичиг”- байгууллаа.  Санамж бичгийн хүрээнд ХСҮТ нь нийслэлийн зорилтот бүлгийн иргэдэд элэгний өвчлөлийн оношлогоо, эмчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хийх юм. Мөн  иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийн мэргэжил мэдлэгийг  дээшлүүлэх гээд олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ж.Чинбүрэн: Жилийн дотор 160 гаруй  иргэн
гадаадад хагалгаанд орсон

Дээрх асуудалтай холбогдуулан ХСҮТ-ийн Элэгний тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Одоо хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжтэй болсноор танай тасагт гарах хамгийн эхний өөрчлөлт ололт ямар ажил байх вэ?

-ХСҮТ элэг шилжүүлэх тоног төхөөрөмжтэй болсноор анагаах ухааны том ололтыг Монгол иргэн эх орондоо хүртэх боломжийг эдгээр тоног төхөөрөмж олгоно. Бид төвийнхөө эмчилгээ үйлчилгээ тэр дундаа эрчимт эмчилгээний чадамжийг сайжруулж, шинэ түвшинд хүргэх болно. Мөн Монгол Улсаас гадагш урсах мөнгөний урсгалыг сааруулж эдийн засгийн өгөөжөө өгч, энэ өвчний улмаас айл гэр санхүүгийн хямралд орохгүй байх боломж нээгдэж байна.

-Ер нь гадаад улсад эмчлүүлэхээр явж байгаа иргэд ойролцоогоор хэдэн төгрөгийн зардал гаргадаг вэ. Эх орондоо элэг шилжүүлэн суулгах мэс ажлыг хийснээр эдийн засагт ямар хэмнэлт гарах вэ?

-Сүүлийн нэг жилийн хугацаанд ийм оноштой 160 гаруй иргэн Энэтхэг, БНСУ-д хагалгаанд орсон. Зөвхөн хагалгааны зардалд эдгээр өвчтөн нэг нь л гэхэд 11-15 мянган ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий. Хорт хавдрын өвчлөл Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэж өгч байгаад талархаж байна. Засгийн газрийн зүгээс иргэдийн дунд түгээмэл  элэгний өвчлөлийг бууруулахаар  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталсан. Энэ  хүрээнд элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх,  орон нутгийн хэмжээнд оношлогооны чадавхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

-Элэгний хорт хавдрыг эрт илрүүлбэл эмчлэгдэх боломжтой өвчин гэдэг. Нийт өвчлөгсдийн 70 хувь нь хожуу шатандаа илрүүлж байна гэсэн. Үүнээс хэд нь хорвоог орхиж байна вэ?

-Өнгөрсөн онд хожуу үедээ оношлогдсон хүмүүсээс 150 орчим нь яаралтай элгээ солиулах шаардлагатай байгаа ч солиулж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзэж байгаа. элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн эмчилгээний нэг төрөл болох түлэх эмчилгээг хийлгэхэд маргааш нь эмнэлгээс гарч, хэвийн амьдрах боломжтой байдаг. Харин эрт оношлогдсон тохиодолд эл эмчилгээг хийх ёстой. Харамсалтай нь нийт оношлогдож буй иргэдийн 15 хувь нь л энэ төрлийн эмчилгээг хийлгэдэг гээд бодохоор ийм бага хэмжээний иргэд эрт илрүүлэлтэд ордог гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан