Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амлалт, ажил хоёр нь зөрсөн “МАН”-ын төсөв


Монголчууд урд нь эдийн засаг гэхээр их хүнд сэдэв, ойлгоход хэцүү надад хамаагүй гээд тойрч дөлдөг байв. Харин өнөөдөр хүн бүр хямрал ярьж, эдийн засаг гэдэг үг орсон бүгдийг сонирхдог боллоо. Арга ч үгүй биз энэ хоёр үгний цаана хоногийн хоол, аяганы хийц, халаасан дахь хэд нь нуугдаж байгаа юм чинь. Уг нь, улсын төсөв гэдэг бол улс орны эдийн засгийн толь байдаг гэсэн үг бий. Гэтэл аль засаг төрийн үед төсвөө өөдрөг төсөөлж,  өндөр алдагдалтай баталж өнөөг хүрчээ. Энэ жил ч зарчмаасаа хазайсангүй. УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ирэх оны төсөв бас л тодотгол гэсэн дагуултай байх байх нь тодорхой болов.

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн төсөлд нийт орлого таван их наяд 974 тэрбум, зарлага нь найман их наяд 564 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Мөн алдагдал нь  хоёр их наяд 589  тэрбум төгрөг гэж төлөвлөөд байгаа. Эндээс орлогыг нь харвал энэ оны тодотгосон төсөвөөс 626 тэрбум төгрөгөөр илүү байна. Өнөөдөр төсвийн орлого бараг 20 хувиар тасраад байхад нэмж тооцох нь хэт өөдрөг төсөөлөл юм.

Улсын төсөвт гол орлого бүрдүүлэгч нь яах аргагүй уул уурхайн салбар. Хэдийгээр сүүлийн жилүүдэд ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд унаж байгаа ч тус салбарын татвар, хөрөнгө оруулагч, экспорт монголчуудын хоногийн хоол, халаасанд орох мөнгийг шийддэг хэвээр. Эдийн засагтаа өөрчлөлт хийсэн ч ирэх хорь, гучин жилд Монголын эдийн засагт жин дарах болно гэдгийг судлаачид  хэлж буй. Тэгвэл ирэх онд нэг тонн цэвэр зэсийн үнэ  4599 ам.доллар байна. Иймд зэсийн баяжмалаас олох орлого төсвийн орлогын гурван хувиас давна гэж үзжээ.  Эдүгээ нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ дэлхийн зах зээлд 4726 ам.доллар болсон. Харин өнгөрсөн онд 5500 ам.доллар байв. Нэг жилийн хугацаанд тонн тутамдаа 774 ам.доллараар хямдарчээ. Үнийн энэ уналт үргэлжилнэ. Өсөх тал ажиглагдахгүй байгаа. Зарим судлаачид 4000 орчим ам.доллар болох төсөөлөл хийсэн ч дэлхийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал түүхий эдийн үнийг тооцоход улам түвэгтэй болгож байна гэсэн. Мөн алт тушаалт өсч байгаа тул Монголбанк энэ онд 20 тонн алт худалдаж авна. Ирэх онд Монгол Улс 14.7 тонн алт экспортолно гэж төсвийн төсөлд тооцлоо. Тэгвэл нэг унци алтны үнэ 1256 ам.доллар байна. Хэрэв дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ өсвөл бидний аз. Харин өнөөгийнхөөс буухгүй байгаасай. Өсгөж тооцсон орлого нь бүрдээсэй.

Ирэх оны төсвийн төсөлд  зарлагаа  нэг их наяд 130  тэрбум төгрөгөөр бууруулсан гэв.  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  “Эдийн засгийн хямралыг давахад бүгд бүсээ чангалж илүү зардлаа хасах ёстой” гэж уриалга гаргасан. Гэвч Ерөнхий сайд илүү зардал, тэвчиж болох бүгдийг танаж чадсангүй. Тухайлбал, 520 гаруй өрхтэй сумын төвүүдийн соёлын төвийг барих, албан байгууллагын засвар, бичиг хэргийн зардал, албан томилолтын зардал хасагдаагүй.  Төсвийн төсөөллөөс харвал зөвхөн боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны салбарын барилгын их засварт таван тэрбум 550 сая, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 10 тэрбум төгрөг тус тус төлөвлөөд байна. Мөн Гандантэгчинлэн хийдийн өргөтгөлийн барилгын тохижилт, тоног төхөөрөмжид нэг тэрбум төгрөг төсөвлөөд байна. Тэгэхээр зөвхөн эндээс 16 тэрбум 550 сая төгрөг хэмнэж чадах байж. Учир нь хямралын үед бусад улс орнууд дээр дурдсан зардлуудыг хамгийн түрүүнд танадаг. Харин манай улсын Мэргэжлийн засгийн газар чадсангүй. Ингээд тоочоод байвал их урт жагсаалт, чамгүй мөнгө хэмнэх тооцоо гарна.

Харин танаж хассан зардлыг нь аваад үзвэл хүүхэд, оюутан, иргэдийнхээ халаасанд гар дүрж тэдэнд очих ёстой мөнгийг хумслав. Сар тутам хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг олгодог байсан. Ирэх онд энэ мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор тогтлоо. Ингэснээр 61 тэрбум төгрөг хэмнэж буй. Энэ нь хүүхдийг алагчилж эрхэнд нь халдсан үйлдэл гэж хэлж болох юм. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн мөнгийг хасав. Үүнд 5.6 тэрбум төгрөг л шаардлагатай байсан билээ. Уг нь хямралаас гарах ганц гарц нь төсвийн илүү зардлаа танаж нийгмийн халамжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх  гэж эдийн засагч, судлаачид хэлээд байгаа.

Ирэх жилийн төсөвийн алдагдалыг  нэг их наяд 756  тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцож хоёр их наяд 589 тэрбум төгрөг хэмээн тооцсон гэж байгаа. Гэтэл энэ оны төсвийн тодотголд алдагдал нь 1.7 их наяд төгрөг  хэмээн баталсан. Эрх баригчид төсвийн алдагдал хасагдах бус нэмэгдсэнийг “ирэх онд ашигт малтмалын үнэ өсөхгүй гэсэн төсөөллөөр тооцсон” гэж тайлбарлав. Уг нь өнөөгийн хямралын үндэс нь олон жил алдагдал өндөр төсөвтэй явж ирсэн явдал гэдэг. Гэтэл хямралд хөтөлсөн бурантагаасаа салж чадахгүй нь.

Монголчууд “Ямааны мах халуун дээрээ” гэж хүний хэлсэн ярьсан, хийсэн  зүйлд үнэлэлт дүгнэлт өгдөг жамтай.  Ингээд эрх баригчид ажлаа хүлээж аваад юу гэж хэлж байсаныг эргэн саная. Сангийн сайд Б.Чойжилсүрэн томилогдоод удаагүй байхдаа Монголын эдийн засаг, төсөв санхүү ямар хүнд байдалд орсон тухай халаглан мэдэгдсэн. Төд удалгүй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай зэрэгцэн суугаад “Аливаа мэдээллийг үнэн бодитой хүргэх нь цаашдын ажлаа төлөвлөхөд тустай. Статистикаа буруу тодорхойлох бол эргээд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд муу. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчмаас хазайх эрх байхгүй. Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их орсон. Бидний хамгийн эхэлж хийх ёстой ажил 12-18 сарын Макро эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх юм. Дараа нь эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэж үзэж байна” гэж чихэнд чимэгтэй хүлээлт үүсгэсэн мэдэгдэл хийж байв. Тэгээд манай улсад нэг хүндрэл байгаа нь маш сайхан зүйл ярьдаг ч огт хийдэггүй. Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуурах нь хэнд ч ашиггүй. Хэзээ ч бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг, ард түмнээ хуурч чадахгүй. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ хэмээн ёстой л “Улсын эзэн, сумны гичэр” шиг үг хэлж байлаа. Харин өнөөдөр УИХ-аар баталуулхаар өргөн барьсан төсвийн төслийг нь хархад эдийн засгаа аврах, улсын төсөвөө эрүүлжүүлэх эмчилгээний жор нь алга. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь зөржээ.

Уг нь төсвөө танасан шиг танаж алдагдалаа улам бууруулж чадвал мөнгөний бодлого суларна. Ингэснээр дотоодын бүх бизнес мөнгө санхүүгийн гачаалаас бага ч атугай гарч ажлын байр нэмэгдэнэ. Мөн 60-70 мянган хүн ажилтай, орлогтой үлдэх юм. Бизнес сэргэж иргэд ажлын байртай, орлогтой байх нь эдийн засгийн өсөлтөө дэмжиж хямралыг сөрөх зөв зам дээр гарна гэсэн үг. Өнөөдөр ажилгүй болсон, хямралд өртсөн иргэд хэнд итгэж юунд найдах учраа олохгүй мөнгө, орлого мөрөөдөхөөс хэтрэхгүй байна. Ийм ч учраас сошиал ертөнцөөр алт, мөнгө хураасан, эвлүүлж тавьсан зургууд урьд урьдийнхаас илүүтэй тэнүүчлэх болсон. Үүнийг таалж “бурзайдаг” сэтгэгдэл ч хөвөрч байгаа. Энэ нь сүсэг бишрэл, гэнэн итгэл, оюуны хоосрол гэхээсээ эдийн засгийн хямрал улам гүнзгийрч иргэдийн түрийвч өдрөөс өдөрт нимгэрсээр байгаагын илрэл гэж хэлж болно.

0 Сэтгэгдэл
МАН АН-ыг их өндөр үнэлж байжээ. Амлалтаа хэрэгжүүлчих мөнгө үлдээсэн гэж бодож л дээ.
Хамгийн их уншсан